Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00143

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж Э Б К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02375 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-ийн хариуцагч Ө.Х-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 67 694 666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ө.Х-ын зээл олгох тухай хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж, 2018 оны 04 сарын 06-ны өдөр ЗГ0302180054 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс 18 сараар сунгасан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 26 дугаар байрны 25 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206030798 дугаартай, 94.55 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 26/27 дугаар байрны зоорины 130 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206030796 дугаартай, 18.48 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул зээлдүүлэгчийн зүгээс эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч, боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч Ө.Х- нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн болон үндсэн хүү, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Ө.Х-тай 2018 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ0302180054 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 11 694 666 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 56 000 000 төгрөг, нийт 67 694 666 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 56 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүд нэхэмжилсэн 11 694 666 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлхий нийтэд Коронавирус халдварт өвчин тархаж, Монгол улс хил хаасны улмаас хариуцагч Ө.Х-ын бизнес нь доголдсон. Засгийн газар болон Монгол банкнаас бүх банк, банк бус санхүүгийн байгууллагыг зээлийн эргэн төлөлт болон хуримтлагдсан хүүг төлөхгүй хойшлуулах шийдвэр гарсан байгаа. Хэрэгт авагдсан дансны хуулганаас үзвэл Ө.Х-ын орлого зээл авах үеийнхээс буурсан нь харагдаж байна. Иймд 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг хасаж өгнө үү. Зээлийн гэрээний 10.2.2-т зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн бол зээлдүүлэгч хугацаанаас нь өмнө гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан байгаа. Ноцтой зөрчлийг гэрээний 2.1.-т зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг хэлнэ гэж заасан байна. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан уг үүргээ санаатайгаар биелүүлээгүйн улмаас хүүгийн хуримтлал үүсгэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Х-аас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 694 666 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь зээлдэгч Ө.Х- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй бөгөөд талууд энэ тухайд хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Зээлээ хугацаандаа төлөх талаар хариуцагчтай холбогдоход төлж барагдуулна гэдэг байсан бөгөөд 2020 оны 04 сарын 08-ны өдөр манай компанид ...Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон иргэн, аж ахуй нэгжүүдийг дэмжих үүднээс засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу зээлийн эргэн төлөлт, хүүг царцаах зогсоох, зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлж чадахгүй байгааг харгалзан зээлийн гэрээг цуцлах хүсэлт гаргаж байна. Миний бие танай байгууллагаас урьд нь ч зээл аваад хугацаандаа төлж байсан, өнөөдрийг хүртэл авсан зээлийн хүү, зээлийг бүрэн төлж танай байгууллагыг хохиролгүй болгоно. Гагцхүү цаг хугацааны хувьд асуудалтай байгаа учир миний хүсэлтийг хүлээн авч зээлийн эргэн төлөлт, хүүг зогсоож огно үү гэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрөө зээлийн хүүг зогсоолгох, гэрээг цуцлах хүсэлтийг манай компанид гаргасан. Зээлийн гэрээний 10.2.2-т зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцална, 2.1.9-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ө.Х- нь зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан тул зээлийн гэрээг дангаар цуцлах эрх манай компанид үүссэн.

Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийг анхаарч үзээгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийг цааш төлөх боломжгүй тул зээлийн хүүг зогсоолгох, гэрээг цуцлах хүсэл зоригтой байсан. Энэ нь ч түүний бичиж өгсөн хүсэлтээс тодорхой байдаг. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар мэдэгдэл хүргүүлээгүй байх тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэжээ. Зүй нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, 226 дугаар зүйлийн 226.1.1-т ямар нэгэн үр дун гарахгүй болох нь илт бол, 226.1.3-т хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол гэж заасан байдаг.

Хариуцагч Ө.Х- нь гэрээг цуцлах хүсэлтийг өөрөө гаргасан бөгөөд манай тал хүлээн авч, зөвшөөрсөн тул шүүхэд гэрээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Энэ нөхцөл байдалд зээлдэгчид нэмэлт хугацаа олгох буюу зээлээ төлөх мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэж байна. Ийнхүү мэдэгдэл хүргүүлснээр ямар ч ач холбогдолгүй бөгөөд хариуцагчийн хувьд хугацаа алдалгүй яаралтай хүүгээ зогсоолгох нь л ач холбогдолтой байсан. Тиймээс бид шүүхэд гэрээ цуцлуулах нэхэмжлэл гаргаснаар хүүг зогсоосон. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр дахин нэмж хүү тооцож нэхэмжлэх боломжийг бий болгож байгаа юм.

2020 оны 03 сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл-ийн хурлаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн сан-д ангилал бууруулж мэдээлэхгүй байх талаар зохицуулсан. Харин зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан бол зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой байна. Шүүхийн шийдвэр гарч гэрээг цуцалснаар хүүг зогсоох боломжтой. Шүүх зээлдэгч Ө.Х- нь зээлийн төлөлтийг хойшлуулах бус хүүг зогсоож, гэрээг цуцлах хүсэлт өгсөн болохыг анхаарч үзээгүй байна.

Талууд аль аль нь гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагчийн зүгээс зөвхөн ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үеийн хүүг төлөхгүй талаар тайлбар гаргасан байдаг. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.3-т заасан нөхцөл байдал бүрдсэн тул гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэн, хууль хэрэглээний алдаа гаргасан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК нь хариуцагч Ө.Х-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, уг гэрээний үүрэгт үндсэн төлбөр 56 000 000 төгрөг, хүүд 11 694 666 төгрөг, нийт 67 694 666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч зарим хэсгийг нь буюу хүүгийн 11 694 666 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 38, 70/

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн болон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, 2018 оны 04 сарын 06-ны өдрийн ЗГ0302180054 дугаар зээлийн гэрээ, ЗБ0302180054 дугаар барьцааны гэрээ, 2019 оны 11 сарын 15-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл, Ө.Х- нь 2018 оны 04 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас бизнесийн зориулалтаар 80 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаснаар /хх 11-13/ зээлдүүлэгч нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр зээлдэгч Ө.Х-д 80 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьд заасан хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Улмаар зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг дахин 18 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдож байна. /хх 6-9, 11-21, 24/

 

Дээрхээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлага хангажээ.

 

Анхан шатны шүүхийн хариуцагч Ө.Х-ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин зээлдүүлэгч нь зээлдэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас зээлийн гэрээг дангаар цуцлах эрхгүй гэх агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

 

Тодруулбал, зээлдэгч Ө.Х- нь нэхэмжлэгч байгууллагад хандан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон тул 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүртэлх зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх, түүнээс хойш хугацааны хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцлах агуулгаар хүсэлт гаргасан байгааг шүүх анхаараагүй байна. /хх 25/ Мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулж байгааг зээлдэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөнтэй адилтган үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч талын татгалзал, тайлбарт дурдсан үндэслэлээр түүнийг хүүгийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр төлөхийг шаардах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүгийн төлбөр хуримтлагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүйн улмаас гэрээний хугацааг 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, улмаар 2020 оны 04 сарын 08-ны өдөр гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 05 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө ашигласны төлбөр хүүгээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ө.Х-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 56 000 000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 11 694 666.666 төгрөг, нийт 67 694 666 төгрөгийг шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь уг гэрээний үүрэг шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэл болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд хариуцагч маргаагүйн гадна барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан тул Ө.Х- нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шаардлагыг хангав.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ө.Х-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 67 694 666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д олгосугай гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ө.Х- нь нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д 67 694 666 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 26 дугаар байрны 25 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206030798 дугаартай, 94.55 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 26/27 дугаар байрны зоорины 130 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206030796 дугаартай, 18.48 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 636 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 636 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР