Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/658 

 

 

 

    2023            06             29                                        2023/ДШМ/658                                           

С.Ш -т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Ш -, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч С.Ш -, түүний өмгөөлөгч Л.Амартогос, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ш -ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208029870296 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр торгох ялыг 80 хоногоор хорих ялаар сольсон,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр торгох ялыг 66 хоногоор хорих ялаар сольсон.

Шүүгдэгч С.Ш - нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах “В -” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч С.Б -тай үл ялих зүйлээс маргалдан хэвлийн тус газарт нь хоёр удаа хутгаар хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Ш -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ш -ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш -т 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.Ш -аас 2.548.300 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохиролд төлөхөөр тус Шүүхийн тамгын газрын төрийн сан дахь 100900005407 тоот дансанд байршуулсан 449.900 төгрөгийг хохирогч С.Б -т гаргуулж олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ш - давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд, хохирогч С.Б - нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өөрчилсөн, зөрүүтэй, худал мэдүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан олон баримтаар нотлогддог. ... Б - надтай тэр орой 3 удаа тааралдаж уулзсан байдаг. Уулзах бүрт ямар нэгэн маргаан, зодоон болоогүй бөгөөд С.Б -ын хамт явж байсан Дашка буюу Б -үүнийг гэрчилнэ. С.Б - нь анхны мэдүүлгээрээ өөрийг нь хутгалж биед нь гэмтэл учруулсан хүнээ намайг биш гэдгийг шууд хэлсэн. Хохирогч С.Б -ын мэдүүлэг гэрч М-ын мэдүүлгээр няцаагддаг.

Хохирогч С.Б -ын “... Би Ш -ын ардаас барьж авах гээд чадаагүй, нойлын өрөөнөөс намайг гарч байхад” гэх мэдүүлэг нь гэрч М-ын “... би баарныхаа нойлын өрөө рүү орсон чинь манай найз Б - ганцаараа 00-д зогсож байсан ...” гэх мэдүүлгээр няцаагддаг. /хх 21/. Б -ын “М, Ш -ын ардаас гараад барьж авч чадаагүй Ш - алга болсон” /хх 25/, гэрч М-ын “... би баарны ойр орчимд С.Ш гэх хочтой залууг хайсан боловч олоогүй” /хх 27/ гэх мэдүүлгүүд нь гэрч М-ын өгсөн “... уул нь би нойлоос гараад ажлын гадаа гарч харахад С.Ш - баруун тийш KFC түргэн хоолны газар руу явж байсан ...” гэх мэдүүлгээр няцаагддаг бөгөөд миний уг хэрэгт холбоогүй тус баарнаас гарч зугтаагүй зэргийг эргэлзэхгүй нотлож байгаа юм. 

С.Б - нь “... би Ш -т хандаж хоёулаа гарч тамхи татах уу” гэж мэдүүлдэг бөгөөд анхны мэдүүлэгтээ “Шинээ надад хандаж хоёулаа нойл орох уу” гэж хэлсэн гэж эсрэг зөрүүтэй худлаа мэдүүлдэг. Мөн “Бид хоёр яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна” гэж 2 удаа мэдүүлсэн нь бидний дунд ямар нэгэн маргаан болоогүй ч, муудалцсан гэж үзэх нь баримтгүй худал гүтгэлэг болохыг нотлодог. Мөн анхны мэдүүлэгт “гараад явсан” гэж мэдүүлсэнээ, дахин өгсөн мэдүүлэгтээ “гараад гүйсэн” болгож өөрчилсөн. Хохирогч С.Б -аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд /хх 21/ үг, утгын хувьд намайг шууд буруутай мэтээр өөрчилж, мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд хамгийн ноцтой эргэлзээ төрүүлсэн зүйл бол энэхүү өдрийн мэдүүлэг, материалууд дээрх хохирогчийн гарын үсэг хавтаст хэрэгт авагдсан бусад гарын үсгүүдээс тэс өөр байдаг.

Гэрч М-ын мэдүүлгүүд, “Хархорин гүүрний хойд талд С.Б - нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгалуулсан” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх 9/, “СХД-ийн 16 хороо В - баарны үүдэнд манай найз хутгалуулсан” гэх гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх10/, гэрч Б.М-ын “яг хаана хутгалуулснаа хэлээгүй” /хх 27-28/ гэх мэдүүлэг, гэмтэл авсан гэх газрууд зөрүүтэй байдаг бөгөөд шинжээчийн тогтоолд хохирогч С.Б -ын тайлбарт “... В - баарны урд талд гүүрний хажууд зүс таних хүнд хутгалуулсан” гэсэн байдаг. Гэрч М-ын “... зүс таних Б - гэж мэдүүлсэн нь” худал бөгөөд түүний өгсөн “манай гэрт С.Б - байж байгаад хөдөө ямаа самнахаар явсан ...” гэж мэдүүлсэн, манай найзыг хутгалчихлаа гэж дуудлага өгсөн зэргээс Мөнхбат, Б - нар дотно найзууд гэдгийг харж болно.

Гэрчээс 2022 оны 8 дугаар сарын 26-нд дахин мэдүүлэг авахад “... зүс таних С.Ш - танихгүй нэг залуутай явж байсан ...  С.Б - гэх манай нэг найз явж байсан ...” /хх 27-28/ гэж мэдүүлсэн бөгөөд байцаагчийн хоёрхон асуултны дараа С.Ш -, С.Б - нарын хэнтэй явж байсан талаар асуухад “мэдэхгүй байна” гэж хариулсан байдаг. Мөнхбат нь тухайн шөнө Д-тай хамт 103-ын машинд Б -ыг суулгаж явуулсан гэж мэдүүлсэн нь тэр шөнө Б -байсныг гэрчилнэ. Гэрч М “би С.Б -ыг С.Ш - хутгалж байхыг харж байгаагүй” гэж мэдүүлдэг. Б -нь тухайн орой С.Б -тай хамт В - бааранд согтуу явж байсан бөгөөд надтай С.Б - уулзахад хамт байсан. Бидний дунд ямар нэгэн маргаан муудалцаан гараагүй гэдгийг нотлох цорын ганц гэрч. Гэвч гэрч болох Д-аас мэдүүлэг аваагүй нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Мөрдөгчийн “Яаралтай тусламжийн тасагт очиход хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд эмчийг эсэргүүцэж, ямар нэг эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахгүй, хагалгаа хийлгэхгүй, миний бие зүгээр байна, намайг ийм болгосон хүнтэй би өөрөө учраа олно, та нар ямар ч хамаа байхгүй, би тэр хүнийг та нарт хэлэхгүй гэх зэргээр ажилд саад учруулж байв” гэсэн тэмдэглэл, Цэргийн төв эмнэлэгийн эмч Ж.С-аас хохирогчийн биеийн байдлыг асуухад “архи уучихсан байгаа болохоор хагалгаа хийлгэхгүй гээд хэцүү байна. Ар гэрийнхэнтэй нь ярих гэхээр намайг тоох хүн байхгүй гээд байгаа гэсэн. Үүний дагуу хохирогчийн ээжтэй холбоо барихад “наад хүн чинь надад хамаагүй би очих боломжгүй гээд утсаа салгасан бөгөөд дахин залгахад холбогдох боломжгүй болсон байв. ...” гэх тэмдэглэлээс харахад хохирогчийн согтолт, ар гэрийн харилцаа болон түүний бусадтай харилцах харилцааны асуудал, хэргээ үнэн зөв мэдэхгүй, хариулж чадахгүй зэргийг харж болно. Мөн хэргийн газарт үзлэг хийгээгүй, камерын бичлэгийг аваагүй, ганцхан Мөнхбатыг гэрч гэж үзсэнээс гадна, тухайн өдөр эмнэлэг хамт явсан Д, ... баарны зөөгч, бармен зэргээс огт мэдүүлэг аваагүй.  Шүүх хуралдаанд хохирогч Б -ыг оролцуулах саналыг удаа дараа гаргасан боловч ирээгүй. ... хуралд ороогүйгээс үзэхэд худал мэдүүлэг өгч, бусдыг гүтгэсэн үйлдлээ ухамсарлаж, хариуцлагаас зугтсан үйлдэл гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 1.7, 1.8, 1.14, 1.15, 7.2, 7.5, 9.6, 16.3, 31.8.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн тухайд, зөвхөн нэг талыг барьж, яллах талын нотлох баримтыг цуглуулж, цагаатгах талын нотлох баримтыг орхигдуулан цуглуулаагүй. Байцаалт авахын тулд миний бэртэл авсан биеийн байдал зэргийг үл хайхран эрүүлжүүлэхэд хонуулж саатуулсан. ... мөрдөгчийг хорино гэж хэлэхэд нь сэтгэл санааны хямрал, айдас зэргээс болж тухайн өдрийн асуулт, хариулт зэргийг ойлгохгүй, хэргийн бодит байдал, цаашид гарах үр дагаврыг ухамсарлах чадваргүй байхад хэрэг тулгаж, хөтөлж, Б -тай муудалцсан мэтээр тэмдэглэж байцаалт авсан. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулаагүй. Өмгөөлүүлэх боломж нөхцөлийг тайлбарлаж, өмгөөлөгчтэй оролцох боломжтойг хэлж ойлгуулаагүй. ... Гэрч, хохирогч нартай нүүрэлдүүлэн байцаалт өгөх хүсэлтийг хангаагүй. Хавтас хэрэгтэй танилцаалаагүй. ... шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс хохирогчид 450.000 төгрөг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 5 жилээс бага ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй нь эрх зүйн байдлыг дордуулсан. Хавтаст хэргийн 9-12, 17, 20-23, 23-28, 35, 36,44-48, 68, 101-102, 112, 124-127, 144-147, 150-151 талд авагдсан баримтуудыг шинжлэн судлуулах хүсэлттэй байна. ... Хохирогч С.Б -ын өгсөн худал мэдүүлгийг батлах гэж мөрдөн шалгах ажиллагаа эхнээсээ явагдсан болох нь эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлүүдээс харагдаж байна. Миний хувьд хохирогчтой маргаагүй, маргаан үүсэхээс болгоомжилж, согтуу хүнээс холдож явсан гэх утгатай өгсөн мэдүүлгийг гуйвуулж, зугтсан, муудалцсан, маргасан мэтээр бичиж тэмдэглэсэн. ... Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, эргэлзээтэй байхад  шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг бүрэн дүүрэн нотлох баримтаар заавал тогтоох үүрэгтэй бөгөөд цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Хохирогч болон гэрч нарын  мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Ш -ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч талаас хохирогч С.Б -ыг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэтэл шүүх хүсэлтийг хангаагүй, хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Шүүгдэгч давж заалдах журмаар гомдол гаргах явцад түүний ар гэрээс хохирогчтой уулзсан, мөн хохирогчийн бичиж өгсөн хүсэлтийг давж заалдах гомдолд хавсаргаж өгөөч гэсэн. Үүний дагуу гомдолд хавсаргуулахаар анхан шатны шүүхэд өгөхөд хүлээж аваагүй, “та давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх нь зүйтэй” гэсэн. Тиймээс хохирогч С.Б -аар бичүүлж авсан гэх энэхүү бичгийг гаргаж өгч байна. Давж заалдах шатны хэргийг бүхэлд нь хянан үзэж, С.Ш -ын гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

 Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан хохирогч С.Б -ын хоёр удаагийн мэдүүлгээр өөрийг нь С.Ш - хутгалсан талаар тогтвортой мэдүүлсэн. Учир нь, хохирогч шүүгдэгчийг таньдаг, багаасаа нэг байранд өсөж торнисон болохоор хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн. Мөн энэ байдлаа хохирогч “В -” баарны хамгаалагчид хэлсэн байдаг бөгөөд гэрч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Ш - нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах “В -” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч С.Б -тай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хэвлийн тус газарт нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны бага махиаг гэмтээн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд 300.0 мл цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судласан дараах нотлох баримтууд:

          хохирогч С.Б -ын “... Ш - надад хандаж “хоёулаа 00 ороод юм ярих уу” гэхээр нь би зөвшөөрч, түүнтэй хамт В - баарны 00-руу орсон. Тэгтэл Ш - бид хоёр яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, Ш - надад уурлаж, миний гэдэс рүү хоёр удаа хутгалаад 00-ийн өрөөнөөс гараад гүйсэн. Би Ш -ын ардаас гүйж барьж авах гэсэн боловч барьж авч чадаагүй 00-ын өрөөнөөс намайг гарч байхад манай найз болох М миний өөдөөс орж ирээд юу болсон талаар асуухад нь би түүнд хандаж Ш - намайг хоёр удаа хутгалсан гэж хэлэхэд М, Ш -ын ардаас гараад барьж авч чадаагүй, Ш - алга болсон. Удалгүй М буцаж над дээр орж ирээд намайг дагуулаад эмнэлэг рүү явсан. Би нэг мэдсэн чинь ухаан алдаад эмнэлгийн орон дээр сэрсэн ...” /хх 20-22/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11966 дугаар “... С.Б -ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны бага махиаг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт 300.0 мл /2022.08.25-ны мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ...” гэх дүгнэлт /хх 45-46/,

гэрч Б.М-ын “... 2022 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө ажил дээр байж байхад зүс таних Солонгын Ш - танихгүй нэг залуутай явж байсан ба манай баараар үйлчлүүлсэн. Тэр үед бас С.Б - гэх манай нэг найз ганцаараа манай баараар үйлчлүүлээд явж байсан. ... 02 цагийн үед баарны үүдний сандал дээр сууж байхад үл таних эмэгтэй ирээд надад хандаж ахаа танай баарны 00-д нэг хүн цусаа гоожуулаад зогсож байна гэж хэлсэн. Тэр үед би баарныхаа 00-н өрөө рүү явж орсон чинь манай найз Б - ганцаараа 00-д зогсож байсан. Тухайн үед би Б -аас юу болсон талаар асуухад “С-ын Ш буюу Ш - намайг хутгалсан” гэж хэлсэн. ...” /хх 25-28/ зэргээр тус тус нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо зөрүүгүй байх бөгөөд гэрч, хохирогч нарын  мэдүүлгийг үгүйсгэсэн болон мөрдөгчөөс шүүгдэгч С.Ш -т хилсээр хэрэг тулгаж хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Ш -аас “... хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, эргэлзээтэй ... хохирогч, гэрч нарын  мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Хохирогч С.Б -ын хэрхэн хохирсон талаарх мэдүүлэг болон эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр “... С.Б -ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны бага махиаг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт 300.0 мл”  гэмтэл тогтоогдсон байх ба энэ хүнд гэмтэл нь шүүгдэгч С.Ш -ын хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тусгасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тусгасан.

          Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч С.Ш - нь хохирогч С.Б -тай “В -” баарны ариун цэврийн өрөөнд орсон, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалсан талаар хохирогч С.Б -ын “... Ш - надад хандаж “хоёулаа 00 ороод юм ярих уу” гэхээр нь би зөвшөөрч, түүнтэй хамт В - баарны 00-руу орсон. ... бид хоёр яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, Ш - надад уурлаж, миний гэдэс рүү хоёр удаа хутгалаад 00-ийн өрөөнөөс гараад гүйсэн. ...” гэсэн мэдүүлгийг гэрч Б.М-ын “ ... 02 цагийн үед ... би баарныхаа 00-н өрөө рүү явж орсон чинь манай найз Б - ганцаараа 00-д зогсож байсан. ... Б -аас юу болсон талаар асуухад “С-ын Ш буюу Ш - намайг хутгалсан” гэж хэлсэн.” гэж хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба хохирогч, гэрч нарын энэхүү мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.   

Мөн шуурхай удирдлагын тасгийн “манай найзыг хутгалчихлаа” гэх дуудлагын лавлагааны хуудас, Цэргийн төв эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “гэмтсэн шалтгаан: хэвлийд хутгалагдсан, ирэх үеийн зовиур: хэвлийгээр өвдөнө, хэсэг газрын үзлэгт: хэвлийн зүүн хэсэгт 1 см орчим гүн хатгагдсан 2 ширхэг шархтай” гэх яаралтай тусламжийн хуудас, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн мэс заслын “Хэвлийн дотор эрхтнүүдийг шалгахад ходоодны бага махиа хэсэгт 5-6 см орчим зүсэгдсэн шархтай ... хажуу хэсэгт 1.0 см зүсэгдсэн шарх байсныг оёж сэргээв. ...” гэх тэмдэглэл зэрэгээс үзэхэд хохирогч С.Б - нь хэвлийн тус газартаа хутгалуулж, эмнэлэгт хүргэгдсэн болох нь тогтоодож байна.

Тодруулбал, шүүгдэгч С.Ш - нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч С.Б -тай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр түүний биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна түүний хутгалсан үйлдлийн улмаас хохирогч С.Б -ын эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны бага махиаг гэмтээн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд 300.0 мл цус хуралдалт” бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11966 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Э.Баасанжавт хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон тул хохирогч С.Б -ын биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч С.Ш -ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Эдгээр байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч С.Ш -ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

          Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.Ш -т 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материалтай болон прокурорын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2208029870296 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолыг танилцуулсан байхаас гадна мөрдөгч М.Жанчив нь С.Ш -аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарлахад тэрээр “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэсний дагуу түүнээс мэдүүлэг аваагүй байна.   

          Улмаар шүүх 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаар тогтоол /хх 170/-оор түүний өмгөөлөгч авах тухай хүсэлтийг нь хангаж, өмгөөлөгч Л.Амартогосыг томилж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ш -ын “хэргийн материал танилцуулаагүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй” гэх гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ш -ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ш -ын 2023 оны 05 дугаар сарын 08-наас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/561 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ш -ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш -ын 2023 оны 05 дугаар сарын 08-наас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЧ

                    ШҮҮГЧ                                                                  Т.Ш -

                      ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН