Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0627

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар0221/МА2017/0627

Улаанбаатар хот

“О т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагч гаалийн улсын байцаагч Г.Э, О.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “О т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, Б.О, О.Б, С.Г, Б.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “О т” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Д.А 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Гаалийн улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэрээр:

“Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 249 дүгээр зүйлийн 249.4, 271 дүгээр зүйлийн 271.1.2, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 10.3.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О т” ХХК-ийн “Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“О т” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын корпораци ХК-тай ӨМӨЗО-ны Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламж болон Гвоау I ба II дугаар цахилгаан дамжуулах станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах “О т” ХХК-ийн санхүүжилтээр баригдсан дараах төрлийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

Үүнд Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламж /дэд станц/-ийн тоног төхөөрөмж, Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламжийн хашааны гаднах тоног төхөөрөмж /ногоон бүс, усны шугам, цахилгаан үүсгүүр зэрэг/, Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламжаас О т зэсийн орд хүртэлх 220 кв-н цахилгаан дамжуулах шугам, Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламжаас О т зэсийн орд хүртэлх холбооны шилэн кабель, бусад цахилгаан эрчим хүчний хяналтын модуль, реле хэлбэлзэлт төхөөрөмж, сүлжээний машин, хангамжийн байр зэрэг хамаарна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасны дагуу засвар үйлчилгээний гэрээний зүйл болсон дээрх дэд станц, цахилгаан дамжуулах шугам зэрэг нь эрчим хүчний барилга байгууламж юм. Эдгээр эрчим хүчний барилга байгууламжийн засвар үйлчилгээний зардалд зориулж засвар үйлчилгээний гэрээний дагуу “О т” ХХК нь 2013-2015 онуудад 13,254,642,687 төгрөгийг Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын корпораци ХК-д төлсөн.

Харин Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч нар дээрх эрчим хүчний барилга байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг импортын цахилгааны гаалийн үнэд нэмэгдэх зардал гэж үзэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 дугаар актыг үйлдсэн. Энэхүү актад эрчим хүчний барилга байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг ямар үндэслэлээр гаалийн үнэд нэмэгдэх зардал гэж тодорхойлсон талаараа огт дурдаагүй байдаг.

Гэтэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-10.3.5 дахь хэсгүүдэд заасан гаалийн үнэд нэмэгдвэл зохих зардлуудын алинд ч эрчим хүчний барилга байгууламжийн засвар үйлчилгээний зардал хамаарахгүй байна. Ийнхүү хариуцагч нар хуульд заагаагүй зардлыг гаалийн үнэд нэмж тооцох ёстой байсан мэтээр тайлбарлаж акт үйлдсэний улмаас “О т” ХХК 861,551,774.66 төгрөгийн хохирол хүлээгээд байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар “О т” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламжийн засвар үйлчилгээнд зориулсан зардлыг тээврийн зардал буюу Гаалийн татвар, тарифын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс гэж үзсэн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Гэвч засвар үйлчилгээний зардал нь тээврийн зардал гэж тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “О т” ХХК-ийн төлсөн засвар үйлчилгээний зардлыг тээврийн хэрэгслийн ашиглалтын хөлс буюу гаалийн үнэд нэмэгдэх зардал гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэрийг гаргахдаа шүүхээс эрчим хүчний барилга байгууламж буюу цахилгаан дамжуулах шугам, трансформатор нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл мөн гэсэн дүгнэлтийг хийсэн.

Гэвч Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ зэргээс үзэхэд цахилгаан дамжуулах шугам болон трансформатор нь Гаалийн татвар, тарифын тухай хуулийн 10.3.1.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл биш буюу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Гаалийн татвар, тарифын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын хууль тогтоомж нь Гаалийн тухай хуулиас бүрдэхээр зохицуулжээ. Үүнээс үзэхэд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан нэр томъёо, ойлголтыг тус салбарын суурь хууль болох Гаалийн тухай хуульд зааснаар тайлбарлаж ойлгохоор байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл гэдгийг бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл гэж тодорхойлжээ. Тиймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл гэдгийг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт тодорхойлсон тээврийн хэрэгсэл гэж ойлгож болохоор байна. Гэтэл анхан шатны шүүх энэ хуулийн зохицуулалтыг огт анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасан тодорхойлолтоос үзэхэд тээврийн хэрэгсэл гэдэг нь гаалийн хилээр нэвтэрдэг, барааг хилээр нэвтрүүлсний дараа зайлшгүй буцаж гардаг зэрэг шинжүүдийг агуулсан байх шаардлагатай. Тийм ч учраас дээрх үндсэн тодорхойлолтын хүрээнд Гаалийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгсэл, агаарын тээврийн хэрэгсэл, төмөр зам гэсэн тээврийн хэрэгслийн гурван төрлийг нарийвчлан хуульчилсан /үүнийг анхан шатны шүүх шийдвэртээ хүлээн зөвшөөрсөн/ ба эрчим хүчний барилга байгууламж буюу цахилгаан дамжуулах шугам, трансформатор нь хуульд заасан тээврийн хэрэгсэл, түүний төрөлд огт хамаарахгүй.

Түүнчлэн Гаалийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд тээврийн хэрэгсэл нь гаалийн хилээр тодорхой хугацаагаар нэвтэрдэг байх, гаалийн бүрдүүлэлт хийдэг байх, тодорхой хугацаагаар гаалийн хяналтад байх, хөдөлгөөнтэй байх, зорчих боломжтой байх, тээвэрлэгчтэй байх гэх мэт шинжийг агуулж байна.

Харин цахилгаан дамжуулах шугам, трансформаторын хувьд хуульд заасан дээрх шинжүүд байхгүй учир тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй.

Нарийвчилсан журмын хүрээнд Гаалийн тухай хуулийн 232 дугаар 232.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно” гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын А/80 дугаар “Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих, бүрдүүлэлт хийх журам” тушаалаар цахилгаан эрчим хүчийг импортлохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Уг журмаар цахилгаан дамжуулах трансформаторыг тээврийн хэрэгсэл гэж үзээгүй.

Олон Улсын гэрээ, конвенцын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцүүдад ч цахилгаан дамжуулах шугамыг тээврийн хэрэгсэлд оруулаагүй. Тухайлбал Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын (Киотогийн) конвенцийн тусгай хавсралтын Е-д тээврийн хэрэгсэл гэдэгт чингэлэг, тээврийн вагон, завь, сал, хөлөг онгоц, нисэх онгоц хамаарна гэж заасан. Түүнчлэн Барааг түр хугацаагаар оруулах тухай (Станбулын) конвенцийн тээврийн хэрэгслийн тухай С хавсралтад “тээврийн хэрэгсэл” гэж аливаа хөлөг онгоц /үүнд өөрөө явдаг, эсхүл чирэгдэж явдаг лихтр болон ачааны чирүүл онгоц, түүнчлэн нисдэг завь хамаарна/, хийлсэн агаар дээр хөвөгч онгоц, агаарын хөлөг, хуурай замын моторт тээврийн хэрэгсэл /үүнд моторт дугуй, чиргүүл, хагас чиргүүл, мөн автомашины хослол хамаарна/, мөн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн тухайн тээврийн хэрэгсэлд хамт тээвэрлэж байгаа тэдгээрийн ердийн сэлбэг, туслах буюу дагалдах хэрэгсэл болон тоног хэрэгсэл /үүнд ачаа ачих, буулгах, зөөх, мөн хамгаалах зориулалттай тусгай тоног төхөөрөмж хамаарна/-ийг хэлнэ гэж заасан.

Эдгээрээс дүгнэхэд Монгол улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох гэрээ, конвенцуудын аль ч зохицуулалтаар цахилгаан дамжуулах шугам болон трансформатор нь тээврийн хэрэгсэл биш байна.

Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг зохицуулсан дээр дурдсан эрх зохицуулалтуудыг бус харин Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ыг үндэслэн цахилгаан дамжуулах шугам, трансформаторуудыг тээврийн хэрэгсэл гэж дүгнэсэн. Гэвч энэхүү шүүхийн дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт “...Гаалийн тухай хуулиар тээврийн хэрэгслийн гурван төрлийг хуульчилсан боловч Гаалийн ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тээврийн төрлийн кодыг дээрх 573 дугаар тушаал нарийвчлан зохицуулсан” гэжээ. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дарга дээрх тушаалыг баталсан байна. Үүнээс үзэхэд 573 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар” нь гаалийн мэдүүлгийг зохих зааврын дагуу нөхөх, түүнийг шалгах асуудлыг журамласан ба харин хуульд заасан тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт, түүний төрлийг өргөсгөж /хөдөлгөөнт бус гэх мэтээр/ тодорхойлоогүй юм. Ийм боломж эрх хэмжээ ч Гаалийн ерөнхий газрын даргад байхгүй.

Шүүх дээрх тушаалын 10 дугаар хавсралтад заасан “хөдөлгөөнт бус тээврийн код 70” гэсэн заалтыг үндэслэж цахилгаан дамжуулах шугам, трансформаторыг хөдөлгөөнт бус тээврийн хэрэгсэл гэж үзсэн. Гэтэл Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт нэвтрэх буюу хөдөлгөөнт байх шинжтэйгээр хуульчилсан өөрөөр хэлбэл 573 дугаар тушаалаар цахилгаан дамжуулах шугамыг хөдөлгөөнт бус гэж тодорхойлж байгаа нь түүнийг Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл биш гэдгийг нотолж байгаа юм.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу гаалийн албан татвар нь улсын татварын бүрэлдэхүүн хэсэг ба тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар татварыг бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар зохицуулахаар заасан. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Гаалийн тухай хуулиар цахилгаан дамжуулах шугам, трансформаторыг тээврийн хэрэгсэл гэсэн тодорхойлолт, төрөлд оруулаагүй буюу түүний ашиглалттай холбоотой зардалд гаалийн татвар ногдуулахгүй байхаар зохицуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар Гаалийн ерөнхий газрын дарга 573 дугаар тушаалаараа тээврийн хэрэгслийн төрлийг нарийвчлан тодорхойлсон улмаар энэ нь гаалийн албан татвар ногдох үндэслэл болж байна гэж үзвэл агентлагийн дарга татвар ногдох зүйлийг өөрчлөх, шинээр бий болгох эрхтэй гэж ойлгогдоход хүрч байна.

Гомдлын эхэнд дурдсанчлан гаалийн улсын байцаагчид нь маргаан бүхий 25/16 дугаар актыг ямар нөхцөл, учир шалтгаан хууль зүйн үндэслэлээр гаргасан нь анхнаасаа тодорхойгүй байсан ба “нэмэгдэх зардлыг гаалийн үнэд оруулж тооцоогүй” гэсэн ганц өгүүлбэр актад бичигдсэн.

Хариуцагч нар дээрх байдлаар ерөнхий утгатай акт үйлдсэнээр гаалийн улсын байцаагч нар “зуучлалын хөлс”, “тээврийн хэрэгслийн ашиглалтын хөлс” гэх мэтээр олон янзаар актаа өргөтгөн тайлбарлаж тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгодог. Анхан шатны шүүх хурал дээр хариуцагч нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн аль хэсгийг үндэслэж акт үйлдсэнээ тайлбарлаж чадаагүй.

Үүнээс үзэхэд маргаан бүхий 25/16 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, захиргааны актыг гаргах шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах зэрэг захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй хууль бус акт байна.

Гэвч анхан шатны шүүхээс дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хүлээж аваагүй ба энэ талаар шийдвэртээ огт дурьдаагүй. Ийнхүү анхан шатны шүүх Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг буруу хэрэглэж тээврийн хэрэгслийг тодорхойлсон, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалыг буруу тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй зэрэг хууль хэрэглээний олон алдааг гаргасан гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 121.1.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг үүсгэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн байна.

Цахилгаан эрчим хүчийг дамжуулж буй шугам, трансформаторыг эрчим хүч тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд хамаарна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, хэдийгээр Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 заасан “тээврийн хэрэгсэл” болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1-д заасан “тээврийн зардал”-д эрчим хүчний барилга байгууламжийг шууд хамруулахад төвөгтэй ч цахилгаан эрчим хүчийг ямар ч тээвэрлэлтгүйгээр буюу эрчим хүчний барилга байгууламжгүйгээр импортлох боломжгүй.

Иймд гаалийн улсын байцаагчдын актаар эрчим хүчний барилга байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг тээврийн зардалд адилтган үзэж, түүнд төлсөн төлбөрт ногдох тээврийн зардлыг импортын цахилгааны гаалийн үнэд нэмэгдэх зардалд хамруулсан нь Гаалийн болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нийцжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д зааснаар тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан зардлыг гаалийн үнийг тодорхойлох хэлцлийн үнэд оруулан тооцохоор заасан.

Нэхэмжлэгч “О т” ХХК-ийн тухайд Өвөр монголын Эрчим хүчний олон улсын корпорацитай “ӨМӨЗО-ны Гуохэ 220 кв-ын хувиарлах байгууламж болон Гуохэ I ба II дугаар цахилгаан дамжуулах станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулсны дагуу БНХАУ-ын нутаг дэвсгэрт өөрийн санхүүжилтээр баригдсан цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээний зардлыг тус корпорацид төлсөнтэй талууд маргадаггүй, гагцхүү энэ нь дээрх хуульд заасны дагуу импортийн цахилгааны хэлцлийн үнэд нэмэгдэж тооцогдох хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан тээврийн зардалд хамаарах эсэх талаар маргалджээ.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг;

-3.1.5-д “тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг тус тус ойлгохоор зааснаас үзэхэд цахилгаан эрчим хүч нь “бараа” бөгөөд харин энэхүү барааг ямар ч тээвэрлэлтгүйгээр, цаашлаад тээврийн зардалгүйгээр импортлох боломжгүй.

Цахилгаан эрчим хүчийг бусад биет барааны нэгэн адил авто болон агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэх боломжгүй гэдэг нь хэнд ч илэрхий ойлголт. Тухайлбал Монгол Улсад нефт, нефтийн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн импортлож буй өнөөгийн нөхцөлд тээврийн зардал буюу вагон ашиглалтын хөлс нефтийн бүтээгдэхүүний хэлцлийн үнэд нэмж тооцогддог.

Гэтэл нефтийг зөвхөн төмөр замаар бус байгалийн хийн нэгэн адил сонвейрын буюу хоолойн байгууламжаар дамжуулан импортлох тохиолдолд хөдлөх тээврийн хэрэгсэл бус байнгын шинжтэй энэхүү байгууламжийн ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал нь тээврийн зардалд хамаарахгүй гэж үзэх үү.

Иймд барааны тээвэрлэлттэй холбогдуулан тээврийн зардал гэдэгт зөвхөн авто, агаарын болон төмөр замын тээврийн зардлыг ойлгоно гэж үзэх нь Гаалийн хууль тогтоомжийг хэт өрөөсгөл тайлбарлаж буй хэрэг бөгөөд Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 325/16 тоот актаар нэхэмжлэгчийн эрчим хүчний барилга байгууламжийн ашиглалт, завсар үйлчилгээний зардалд төлсөн 13.254.642.687 төгрөгөөс импортын цахилгааны гаалийн үнэд оруулан тооцох нэмэгдэл буюу тээврийн зардалд ногдох 662.732.134.35 төгрөгийг гаалийн татварт, 198.819.640 төгрөгийг торгуульд, нийт 861.551.774.66 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгчийн хувьд хохирол бус, харин ч хуулийн дагуу төлөх татвар болно.

Гэхдээ гаалийн улсын байцаагч нарын дээрх акт Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэж гарсан, гэтэл уг хуулийн 293.2 буюу гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг болгоомжгүй үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх тухай, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан энэхүү 293.2 дахь хэсгээс гадна Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.2 буюу Гаалийн удирдах төв байгууллагын даргын гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах тухай заалтууд нь Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсон байх бөгөөд энэхүү хууль нь Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль дагаж мөрдөгдсөн буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн байна.

Өөрөөр хэлбэл акт гарсан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Гаалийн тухай хуулийн 293 бус харин одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2931 зүйл хэдий нь үйлчилж эхэлсэн байхад акт гарахаас өмнө хүчингүй болсон хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт баримтлан хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Гаалийн тухай хуулийн “...271 дүгээр зүйлийн 271.1.2, 293 дугаар зүйлийн 293.2,...” гэснийг “...2711 дүгээр зүйлийн 2711.1.2, 2931 дугаар зүйлийн 2931.2,...” гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 10.3.1.1-т...” гэснийг “10 дугаар зүйлийн 10.3.1.1-д...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН