Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01194

 

Т.Занабазарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2016/00691 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00034 дүгээр магадлалтай,

Т.Занабазарын нэхэмжлэлтэй

Булган сумын Засаг дарга болон түүний Тамгын газар /цаашид ЗДТГ гэх/-т холбогдох

Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 124 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Занабазар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн Тамгын газар нь дуудлага худалдаа явуулж Булган сумын 3-р баг Хайчингийн хөндийн тариан талбайн 1000 га газрыг “Цагаан эрэг трейд” ХХК-д ашиглуулахаар болж сумын Засаг дарга С.Туяа 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Булган сумын ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнчимэг нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 38 тоот тус сумын     3-р багийн нутаг Хайчингийн хөндийн тариан талбайн 1000 га газрыг “Цагаан эрэг трейд” ХХК дуудлага худалдаагаар худалдан авч уринш бэлтгэхээр пойл шатаах хүсэлт ирүүлсний дагуу Булган сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж “хүн хүч дайчлан ажиллуулах тул зөвшөөрөл олгоно уу” гэсэн утгатай албан бичиг үйлдэн Аймгийн байгаль орчин аялал жуучлалын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгчид хандсан. Булган сумын ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнчимэг нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 37 тоот тус сумын 3-р багийн нутаг Хайчингийн хөндийн тариан талбайн 1000 га газрыг “Цагаан эрэг трейд” ХХК-д дуудлага худалдаагаар худалдан авч уринш бэлтгэхээр пойл шатаах хүсэлт ирүүлсний дагуу Булган сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж “хүн хүч дайчлан ажиллуулах тул зөвшөөрөл олгоно уу” гэсэн албан бичиг үйлдэн Аймгийн онцгой байдлын хэлтсийн хурандаа Н.Гантөмөрт хүсэлт гаргасан. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 37, 38 тоот албан бичгүүдийнхээ хариуг авалгүй зөвшөөрөл өгөөгүй байхад Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 14 хүнтэй ажлын хэсэг гарч 2015 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 04 цагийн үед гал тавьж тариан талбайн өвсийг шатааж байгаад өглөөний 07 цагийн орчимд салхи ширүүсэхээр нь уг галыг цурманд оруулсан ч мөн өдрийн 10 цагийн орчимд уг цурамнаас гал алдсан болохыг Б.Соёлчхүү нарт холбогдох 20151100254 дугаартай хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Уг ажиллагааны явцад Булган сумын ЗДТГ-ын дарга н.Мөнгөнчимэгийг иргэний хариуцагчаар татсан байсан. Тариалан эрхэлдэг компаниуд нь тариа талбайн өвсийг шатаахдаа эхлээд зориулалтын өвс хадагчаар өвсөө хяргаж сул өвсөө хураан авч үлдсэн хэсгийг шатаахдаа дүрэм журам баримтлан ажиллуулаагүй нь нотлогдож байна. Булган сумын ЗДТГ нь тариан талбайг шатаах зөвшөөрөл аваагүй байсан. Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүү нарт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсны улмаас хариуцагчаар Булган сумын ЗДТГ-ыг татсан. Уг Тамгын газар нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж гал алдсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 14 хүнтэй ажлын хэсэг тариан талбайн өвсийг шатааж байгаад гал алдсаны улмаас 95 иргэнд эд хөрөнгийн хохирол учирсан нь Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газрын буруутай ажиллагаа шууд нөлөөлсөн байх тул гэм хор учруулсны хохирлыг хариуцна. Булган сумын нутагт гарсан гал түймэр нь 4 дүгээр сарын 29-ний оройн 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Чулуутын ар гэх газарт хүрч, тэнд нутаглаж байсан манай мал гал түймэрт өртөж 25 тугал, 86 үнээ, 50 бяруу, 1 бух, 1 эр үхэр, 2 шүдлэн үхэр буюу нийт 165 үхэр, мөн 1 азарга, 8 гүү, 2 унага, 3 үрээ буюу нийт 14 адуу ба нийт 179 толгой бод мал галд шатсаныг тухайн үеийн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлсэн. Төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа буюу ажиллаж байсан хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2., Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7.-т заасан үндэслэлээр Булган сумын Засаг даргын Тамгын газраас гэм хорын хохиролд 124 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 4 дүгээр сарын 27-ны өдөр би ажил явдалтай байж байгаад 28-ны өдөр ажил дээрээ ирэхэд орлогч “Пойл шатаах гэж байна. Танаас бичиг авах хэрэгтэй байна” гэхэд нь “зөвшөөрөл өгөхгүй” гэдгээ хэлэхэд аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү залгахад мөн зөвшөөрөл өгөөгүй. Урьд нь пойл шатааж байгаад гал алдсан учраас болохгүй гэж хэлсэн ч “Цагаан эрэг трейд” ХХК-аас намайг дарамталж аймгийн Онцгой байдлын хэлтэс болон Байгаль орчны хэлтэс рүү албан тоот бичиг явуулсан. Би тухайн хүмүүст зөвшөөрөл өгөхгүй гэж хэлж байсан. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосныг сая л мэдлээ. Тухайн үед Тамгын газарт хэрэгсэхгүй болгосон тухай тоот ирээгүй ба манай Тамгын газар энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Засаг дарга “пойл шатаах зөвшөөрлийг өгөөгүй” гэдгээ хэлсэн. Тухайн компани “пойл шатаах гэсэн юм, хүн хүч гаргаж өгөөч” гэж Засаг даргад хандсан ч зөвшөөрөхгүй байсан бөгөөд “Цагаан эрэг трейд” ХХК-ийн захирал явна гээд байсан болохоор нь “эрсдэл гарсан тохиолдолд танай компани хариуцна шүү” гэдгийг нь компани байгаа шүү гэдэг үүднээс гэрээ байгуулсан тухайгаа хэлсэн. Уг нь гал түймэр болон онцгой байдал гарсан тохиолдолд Засаг даргын орлогчид тэддүгээр ээлжийн хүмүүсээ аваад яв гэсэн үүрэг чиглэлийг өгдөг байсан. Пойл шатаах ажилд бол ээлжийн хүмүүсийг өгөөгүй. Б.Соёлчхүү өөрөө дур мэдэн хүмүүс цуглуулж явахад нь Засаг дарга хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааварчилгаа өгсөн байсан. Уг хэрэгт Засаг дарга болон түүний Тамгын газарт огт хамаагүй асуудал. Б.Соёлчхүүгээр ахлуулсан баг пойл шатаах ажилд гарах гэж байхад сумын Засаг дарга өрөөндөө дуудаж нэр бүхий хүмүүст аюулгүй байдлын талаар зааварчилгаа өгсөн. Засаг дарга “Цагаан эрэг трейд” ХХК-д пойл шатаах зөвшөөрөл өгөөгүй. Дур мэдэн пойл шатааж цурам алдсанаас гал алдсан. Иймд Засаг дарга болон түүний Тамгын газар, мөн Засаг даргын орлогч, газрын даамал нарын Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад гэм хор учруулсан гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2016/00691 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д тус тус заасныг баримтлан хариуцагч Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 124 100 000 /нэг зуун хорин дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Занабазарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Т.Занабазар нь хариуцагчаа зөв тодорхойлж, хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Т.Занабазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00034 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2016/00691 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас 124 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Занабазарт олгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “2” болгон, мөн заалтын “...дурдсугай“ гэснийг “...дурдаж“ гэсний дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Булган сумын Засаг даргын Тамгын газраас 778 450 төгрөгийг  гаргуулж улсын орлого болгосугай.” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “4, 5, 6” дахь заалтуудын дугаарыг “3, 4, 5” гэж өөрчилж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. “Цагаан эрэг трейд” ХХК нь өөрийн ашиг сонирхлын үүднээс буюу өөрийн эзэмшлийн тариан талбайд тариалалт хийхийн тулд зэрлэг ургамлыг шатааж, устгах зайлшгүй шаардлага бий болж уг ажлыг хийхэд хүн хүч дутагдсаны улмаас Булган сумын ЗДТГ-т хандаж ажилтан авах, гал унтраах явцад гарсан эрсдэлийг бүрэн хариуцах баталгаа гаргаж, хүсэлт ирүүлсэн. /хх-40/ Булган сумын Засаг даргаас амаар зөвшөөрөл хүсэхэд нь “гал унтраадаг болохоос биш гал тавьдаг, мөн зөвшөөрөл өгдөг хүмүүс бишээ, та нар өөр холбогдох байгууллагаас нь асуу” гэсэн хариуг өгсөн. /хх-119/ Булган сумын Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нараас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гал тавих зөвшөөрөл олгосон, хүн хүч дайчилсан, Б.Соёлчхүүг ахлагчаар томилсон тухай нотлох баримт хэрэгт байхгүй, харин зөвшөөрөл олгоогүй, эсэргүүцсэн баримтууд хэрэгт цугларсан байдаг. Тухайлбал хэргийн 119-р талд Булган сумын Засаг дарга Дорнод аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт “...над руу нэг дугаараас залгаад байсан би утсаа аваагүй. Манай газрын даамал н.Энхтайван манай гэрт 20 цаг өнгөрч байхад ирээд тантай хүмүүс уулзъя гээд байна бид нар гэрээ маягийн нэг бичиг гаргачихлаа гэхээр нь ажил дээрээ очсон... би та нарыг явуулахгүй гээд байхад юу яриад байгаа юм бэ, явахаар бол та нар гал түймэр алдвал хариуцлагаа хүлээх юм уу гээд гэрээг нь хариуцлагаа хүлээнэ, онцгой байдлын хэлтэст мэдэгд, мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл ав, ямар нэг эрсдэл гарвал хариуцлагаа бүрэн хариуцна гэж бич гээд гэрээнд нь нэмэлт оруулаад шинэчлэн гаргуулсан. Тэгээд “явна гээд байгаа бол надад хамаа алга” гээд, нөгөө явах хүмүүсийн нэрийг гаргуулаад өөрсдөө амь насаа хариуцна гэж явах хүмүүсээр бичүүлж авсан. Намайг ажлаасаа гарахад үүдэнд явах хүмүүс нь байхаар нь “цаг уураас авсан бичигт 6-11 метр орчим салхитай гэж байна, та нар яагаад явах гээд байгаа юм бэ би та нарт хэллээ шүү гал алдвал өөрсдөө хариуцаарай” гэж хэлчхээд л гараад явсан. Ингээд би хүмүүстэй нь хальт уулзаад “та нарыг гал тавьж болохгүй гээд байхад ямар балай юм бэ” гэхэд нөгөө компанийн залуу “харин тиймээ гэж байсан” ” гэх мэдүүлэг. Б.Мөнхбаатарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг “...20 цагийн орчимд сумын Засаг даргын өрөөнд очиж явах хүмүүстэй уулзаж байсан. тэр үед Засаг дарга явж болохгүй ийм хуурайшилтын үед гал тавьж болохгүй гэсэн санамж зааварчилгыг өгч байсан, бид нарт ямар нэг хүнээс явж цурам тавих үүрэг өгсөн зүйл байхгүй, би хэдэн төгрөгийн хэрэг гэж бодоод өөрөө явах саналаа өгч явсан юм.” гэх мэдүүлэг, Булган сумын Засаг дарга С.Туяагийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “Засаг даргын хувьд гал түймрийн аюулаас үүссэн нөхцөл байдал, хор уршгийг өмнөх жилийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлаж хэлсэн. Хаврын хуурайшилтын үед зөвшөөрөл олгохгүй, цаг уураас мэдээ авах, техник ашиглах, өөр аргаар уриншаа хийхийг зөвлөсөн ч тус компанийн төлөөлөгч нар нь та бидний эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулах эрхийг хаалаа. Танд ер нь ямар хамаатай юм бэ гэж уурлаад Уриншаа яаралтай хийхгүй бол тариалалт оройтлоо гэсэн тайлбар хийсэн. “Цагаан эрэг трейд” ХХК нь өөрсдөө бие даан гарсан хохирол, эрсдэлээ бүрэн хариуцаж, ажлын явцад хяналт хийж, бүх үйл ажиллагааг бид хариуцна гэсэн албан тоот гаргасны дагуу гэрээг баталсан. Ажиллах хүчийг миний хувьд томилоогүй...” гэжээ. Газрын даамал О.Энхтайваны сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-122/-т “...компанийн зүгээс Засаг даргын орлогч бид хоёрыг та хоёр хүмүүсээ удирдаад бид нартай цуг явж ажиллаад өгөөчээ гэсэн хүсэлт тавьсны дагуу явсан. Бид нарт өдрийн 30 000 төгрөгийн хөлс өгнө гээд 2 600 000 төгрөгийг өгөхөөр болсон” гэжээ. Өвс шатаах ажиллагаанд Булган сумаас оролцсон нийт 12 иргэн хэн нэг албан тушаалтны үүрэг, даалгавар болон ажил үүргийн хувьд оролцоогүй. Тэд “Цагаан эрэг трейд” ХХК-аас хөлс өгнө гэсний дагуу өөрсдийн сайн дураар явсан. Хэргийн 123-р талд Х.Хатанзоригийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “манай сургуулийн галч н.Эрдэнэсоёл надад Хайчингийн тариан талбайн хуучин өвсийг шатаах гэж байна, өдрийн 30 000 төгрөгийн хөлс өгнө гэсэн байна явах уу гэхээр нь би ажилгүй гэрт байж байхын оронд явъя гээд зөвшөөрсөн. ...би мөнгө төгрөг өгнө гэхээр нь хэдэн төгрөг олчих санаатай өөрийнхөө саналаар л явсан. Түүнээс биш галч нар яв гэх зэргээр албадсан зүйл байхгүй ээ...”, Б.Мөнхбаатарын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үдийн хойно намайг ажил дээрээ байж байхад манай галч н.Эрдэнэсоёл надад тариалангийн талбайн муу өвсийг шатаана гэнэ, хөлсөнд нь өдрийн 30 000 төгрөг өгнө гэнэ, 4 хоног л явах байх гэхээр нь би ажил зогссон учир хэдэн төгрөг нь хэрэгтэй юм даа гэж бодоод зөвшөөрөөд нэрээ өгсөн.” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх нь Булган сумын ЗДТГ-ыг “Цагаан эрэг трейд” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үүргээ гүйцэтгэхээр гал тавьсан гэж дүгнэсэн. Гэвч тус гэрээг хоёр тал хүлээн зөвшөөрсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. “Цагаан эрэг трейд” ХХК болон Булган сумын ЗДТГ-ын хооронд байгуулсан гэх хамтран ажиллах гэрээнд гэрээг байгуулсан хоёр талын төлөөлөгч нарын гарын үсэг зурагдаагүй бөгөөд гэрээг хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан нь тодорхойгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй. Мөн тус “хамтран ажиллах гэрээ”-ний 6.1-д “Гэрээ нь сумын Засаг дарга эцэслэн баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба ажил эхлэх зөвшөөрөл олгосон өдрөөс ажил гүйцэтгэх хугацааг тооцно” гэжээ. Өөрөөр хэлбэл Засаг даргын зөвшөөрлөөр уг гэрээ нь хэрэгжиж эхлэх байсан. Гэтэл сумын Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө цурам тавих талаар зөвшөөрөл олгосон талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй, харин ч эсэргүүцэж байсан талаарх нотлох баримтуудыг дээр дурдсан байхад Засаг даргын орлогч Б.Соёлчхүү тэргүүтэй хүмүүс нь ямар ч байгууллага, албан тушаалтнаас өвс шатаах зөвшөөрөл олгоогүй, эсэргүүцсээр байхад өөрсдийн дураар, мөнгөний төлөө явж өвс шатаасан байдаг. Гэрээний 3.6-д “Үйл ажиллагааны явцад гарч болох эрсдэлийг бүрэн тооцож, галын болон бусад эрсдэл үүссэн тохиолдолд гарсан хохирол болон хариуцлагыг бие дааж хариуцна” /хх-131-132/ гэсэн захиалагч буюу “Цагаан эрэг трейд” ХХК-ийн үүрэгт дүгнэлт хийсэнгүй. Мөн гэрээний дагуу Булган сумын ЗДТГ нь урьдчилгаанд 1 400 000 төгрөг авсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хуралдаан даргалагч нь гэрч Б.Соёлчхүүгээс “та 1 400 000 төгрөг авсан юм уу” гэхэд “тиймээ” гэсэн, “Та уг мөнгийг яасан бэ” гэхэд “пойл шатаахаар явсан хүмүүсийн унаа хоолны зүйлд хэрэглэсэн”, “1 400 000 төгрөг танай байгууллагын дансанд орсон юм уу” гэхэд “үгүй” гэж тус тус хариулсан. /хх-175/ Мөн бэлэн мөнгөний зарлагын баримтаар /хх-15/ Б.Соёлчхүү нь “Цагаан эрэг трейд” ХХК-аас 1 400 000 төгрөгийг бэлнээр авч ашигласан бөгөөд Булган сумын ЗДТГ-ын дансанд ороогүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг хэм хэмжээнд зааснаар тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан тохиолдолд ажиллуулж буй байгууллага хариуцлага хүлээхээр тусгажээ. Хайчингийн тариан өвсийг шатаахад нийт 14 хүн оролцсон байдаг бөгөөд үүнээс “Цагаан эрэг трейд” ХХК-аас 2 ажилтан, булган сумын ЗДТГ-аас 2 ажилтан /хх-174/. Гэрч Б.Соёлчхүү “...миний бие, газрын даамал Энхтайван нар явсан гэв...”/, Булган сумын иргэдээс 10 хүн оролцсон. Өөрөөр хэлбэл Булган сумын ЗДТГ-аас Засаг даргын орлогч Б.Соёлчхүү, газрын даамал О.Энхтайван нар оролцсон байна. Бусад 12 хүн нь Булган сумын ЗДТГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д хамаарахгүй. Булган сумын ЗДТГ-ын ажилтнууд болох Б.Соёлчхүү, О.Энхтайван нарын Булган сумын ЗДТГ-тай байгуулсан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тариан талбайн хаягдал өвс шатаах талаар нэг ч үүрэг тусгагдаагүй байдаг /хх-139-161/. Иймээс Булган сумын ЗДТГ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. Булган сумын ЗДТГ нь ажилтан, төрийн албан хаагч болох Засаг даргын орлогч Б.Соёлчхүү болон газрын даамал О.Энхтайван нар нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бус хувиараа үйлдэл хийсний улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцах хуулийн ямар ч үндэслэлгүй талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр нь баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Занабазар хариуцагч Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт холбогдуулан төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 124 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “хариуцагч нар “Цагаан эрэг трейд“ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тариан талбайд зэрлэг ургамал шатааж байхдаа аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөнөөс түймэр гаргаж, эд хөрөнгөд хохирол учруулсан” гэсэн үйл баримтанд үндэслэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж, төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх явцад бусдад гэм хор учруулаагүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заажээ.

Тариалангийн тухай хуулиар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь хамгаалахтай холбогдон иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулдаг байх ба тус хуулийн 7.2.6-д зааснаар сумын Засаг дарга тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, услалтын байгууламж барих зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. Маргааны үйл баримт 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон байх ба энэ үед 2004 оны Тариалангийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ.  

Хуулийн энэ хүрээнд Булган сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Цагаан эрэг трейд“ ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр “Цагаан эрэг трейд” ХХК нь 1 000 га талбайг шатаалгахад 2 600 000 төгрөг төлөхөөр тохирч, гэрээний 3.1 дэх заалтын дагуу урьдчилгаа төлбөрт 1 400 000 төгрөгийг шилжүүлжээ. Уг гэрээнд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнчимэг гарын үсэг зурж, Засаг дарга С.Туяа баталсан байна.

Гэрээнд заасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Аймгийн Онцгой байдлын хэлтэс болон Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газруудад хандан “Хайчингийн хөндийн” тариан талбайн 1,0 га газарт уринш бэлтгэхээр пойл шатаахад хүн хүч дайчлан ажиллуулах зөвшөөрөл олгохыг хүссэн 37, 38 тоот албан бичгийг явуулсан боловч хариуг авалгүйгээр /хх-ийн 8, 9 дэх талууд/ Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан сумын 12 иргэн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө үүрээр “Хайчингийн хөндийн“ тариан талбайд зэрлэг өвсийг шатаасан боловч унтраасан цурамнаас түймэр гарч, нэхэмжлэгч Т.Занабазарын 179 тооны бод мал түймэрт шатсан үйл баримт тогтоогджээ. Булган сумын Засаг дарга С.Туяа нь дээрх хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, гэрээний үндсэн дээр Т.Соёлчхүү нь тариалангийн талбайд пойл шатаах ажилд хүмүүсийг дайчилсан болох нь  нэхэмжлэгчийн хүсэлтээр Прокурорын байгууллагаас гаргуулсан эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогджээ.

Б.Соёлчхүү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1.-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байх ба яллагдагч нар үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Прокурорын тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-24-26/,

Эдгээр баримтуудаар хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдлээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон, хариуцагчийн зүгээс дээрх баримтуудыг үгүйсгэж, гэм буруугүй болохоо нотлоогүй байна. 2004 оны Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3.-т зааснаар тариалангийн үйлдвэр эрхлэгч нь тариалангийн газарт өвс, сүрэл шатаах зэргээр хөрсний үржил шим, бүтцийг алдагдуулахгүй байх үүрэгтэй байх ба тариалангийн газарт уринш бэлтгэх зорилгоор зэрлэг ургамлыг шатаах ажиллагаа хуулиар зөвшөөрөгдсөн арга эсэхийг хариуцагч мөн нотлоогүй байна.

Сумын Засаг дарга Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1., 14.1.4.-т заасан “нутаг дэвсгэртээ галын аюулаас урьдчилан сэргийлэх, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх... ажлыг хэрэгжүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.  

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гэм буруугийн талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу болжээ.

Хариуцагч нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тариалангийн үйлдвэр эрхлэгчийн үйлд ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цагаан эрэг трейд” ХХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан нь төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл мөн юм. Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ 124 100 000 төгрөг болох нь мал устгалын акт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, “Аз хийморийн эзэд” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт зэрэг баримтаар нотлогджээ. /хх-19, 21, 84/

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан зохицуулалтыг зав тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Хариуцагчийн зүгээс гэм буруугүй, төрийн албаны үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр маргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 201/ШШ2016/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА