Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 119

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Л.Атарцэцэг

                                                  Д.Мөнхтуяа

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:           Д.Долгордорж   

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актаас үүссэн үр дагаврыг арилгуулж, Ж.Д миний ТҮЦ-ийг Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0076 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “н”, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг тус тус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.6, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0076 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актаас үүссэн үр дагаврыг арилгуулж Ж.Д миний түргэн үйлчилгээний цэгийг Монгол Улсын Их сургуулийн номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол       

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0076 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Ж.Д миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн А/324 дугаар захирамжийн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Д миний ТҮЦ-ийг МУИС-ийн номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломж олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5. Гэтэл анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдаг.

6. Тухайлбал миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...Сүхбаатар дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагатай газар ашиглах гэрээг 1999 оноос хойш он дараалан байгуулж ирсэн байдаг бөгөөд үүнийг нотлох 2001 оны Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2006 оны Газрын төлбөр тогтоох тухай акт, 2009 оны Газрын төлбөр тогтоох тухай акт №6/18, 2014 оны Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт №6/18 зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн, энэ нь хэргийн материалд тодорхой тусгагдсан байгаа, үүнийг анхан шатны шүүхээс үнэлээгүй, дүгнээгүй гэсэн байхад энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй байна.

7. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан хэргийг хянан шийдвэрлэх үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

8. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа гаргасан тайлбартаа хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/324 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн талаар хууль зүйн үндэслэлээ тайлбарласан.

9. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ талаар дүгнэж шийдвэрлээгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

10. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-01-06/157 дугаар актыг хүчин төгөлдөр болохыг дурдаад уг акттай хэргийн оролцогч маргаагүй болох нь тогтоогдож байна гэж хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийжээ.

11. Учир нь нэхэмжлэгч Ж.Д миний бие нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаар захирамжийн талаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаснаас хойш хариуцагчийн төлөөлөгчөөс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр анх удаа уг захирамжийг шүүхэд ирүүлсэн бөгөөд харин улсын байцаагчийн дээрх актыг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлэхдээ хавсралтгүйгээр ирүүлсэн байдаг.

12. Улмаар хариуцагч нь анхан шатны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралд дээрх улсын байцаагчийн актыг хавсралтын хамт гарган өгсөн.

13. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх улсын байцаагчийн акт, түүний хавсралттай анх танилцсан бөгөөд уг актыг зөвшөөрөх боломжгүй талаарх хууль зүйн тайлбарыг анхан шатны шүүх хуралд тайлбарласан байтал хэргийн оролцогч маргаагүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

14. Нөгөө талаас давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр гэж үзэж буй Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-01-06/157 дугаар актын талаар, түүгээр эрх ашиг нь хөндөгдөж байж болзошгүй нэхэмжлэгч Ж.Д нь огт мэдээгүй явсан болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

15. Ер нь Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-01-06/157 дугаар актыг үндэслэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаар захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

16. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0076 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

18. Нэхэмжлэгчээс “...Миний бие зохих зөвшөөрөлтэйгөөр ТҮЦ ажиллуулж байсан бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэргүйгээр, урьдчилан надад мэдэгдэлгүйгээр, миний өмч ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь 2017 оны байдлаар зохих зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж тус ТҮЦ-ийг иргэн Э.Б-т түрээсэлж байсан...Ингэхдээ нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын орлогчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2/1737, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/2012 тоот нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх тухай хугацаатай албан мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй...МУИС-ийн Номын сангийн өмнөх автобусны буудал байрлах газар нь Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн газар биш” гэж тус тус маргажээ.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь 1998 оноос эхлэн зохих зөвшөөрлийн дагуу Түргэн үйлчилгээний цэг байгуулан ажиллуулж ирсэн, зохих төлбөр хураамжуудыг цаг тухайд нь төлж байсан гэж байгаа боловч МУИС-ын автобусны буудал дээрхи түргэн үйлчилгээний цэг байрлаж байсан маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх, ашиглуулах талаар эрх бүхий этгээдээс ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

20. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн газрын төлбөрийг төлж байсан, газрын төлбөрийн акт тогтоон эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байсныг гэрээ гэж үзэж байгаа гэх тайлбараар тухайн газрыг хууль ёсоор ашиглаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

21. Нэгэнт газрыг хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан үндэслэлээр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж буруутгах боломжгүй.     

22. “...Газрын төлбөрийг тодорхойлох тухай актын үндсэн дээр газрын төлбөрийг төлж, тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ-ийн зориулалтаар газар ашиглаж байсныгаа газар ашиглах зөвшөөрөл олгосон хэрэг гэж марган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн шүүхүүдийн дүгнэлт зөв байна.  

23. Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн сонсох, сонсох ажиллагаа явуулаагүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлээгүй талаар зарим зөрчил байгаа боловч энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй юм. Харин мэдэгдэх, сонсох зэрэг зарим ажиллагаа хийгдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/1737 тоот албан бичиг, тус тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн тухай жагсаалт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/2012 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, тус тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн тухай жагсаалт, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл, зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.  

24. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0076 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН