Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02357

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02357

 

 

М.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03445 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Эын хариуцагч Ц.Бд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 5 466 824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 12-р хороо Хангайн 15-579 тоотод зам дагуу байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байрны нэгдүгээр давхарт 2 тусдаа үйлчилгээний 150 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулах замаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн ашиглуулж төлбөрийг тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөгч болох Д.Мэндбаяр хариуцан авч ирсэн. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөг болгон өөрчлөх тохиролцоог хариуцагчтай амаар тохиролцож бусад нөхцлийг хэвээр үлдээж эд хөрөнгөө үргэлжлүүлэн ашиглуулсаар 2019 оны 08 сараас эхлэн гэрээнд нэгэнт оруулсан байгаа нэмэлт өөрчлөлтийг бичгээр баталгаажуулах саналыг хариуцагчид гаргасан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид болон уг байрны 2 дугаар давхарт амьдардаг, эд хөрөнгө хөлслөх үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцан байдаг Д.Мэндбаярт урьдчилан мэдэгдэлгүйгээр түүнийг байхгүй байх хугацаанд буюу эмнэлэгт хэвтэж байхад уг байрнаас гарч явсан байсныг олж мэдсэн. Ингэхдээ хариуцагч нь эд хөрөнгө ашигласан төлбөр, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу эд хөрөнгө ашигласан төлбөр, гэрээний 8-д заасан нэмэлт нөхцөлийн дагуу цахилгааны төлбөр зэргийг төлөлгүйгээр өөрийн бараа бүтээгдэхүүнийг авч хариуцагч давхар түрээслүүлсэн байсан эмийн санг үлдээж гарч явсан байсан. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.7-д заасны дагуу хариуцагч Ц.Баас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх эд хөрөнгө ашигласны төлбөрт 4,000,000 төгрөг, гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 21-ний өдөр хүртэлх цахилгааны төлбөрт 1,466,824 төгрөг нийт 5,466,824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Эын нэхэмжилсэн 5 466 824 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан газарт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 17 цаг 59 минутад гал түймэр гарсан. Тухайн гал түймэр гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Түрээсэлж байсан газраасаа гарах болсон үндсэн шалтгаан нь 2019 оны 12 сараас эхлэн тухайн объектын халаалт муу байсантай холбоотойгоор түрээслэхээ больсон. Хүлээлгэж өгөөгүй боловч гал түймэр гарсны дараагаар ашиглах боломжгүй болсон болохоор эргэж холбогдоогүй. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цахилгаан болон хогны мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг үндэслэн хариуцагч Ц.Баас 1 628 114 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 838 709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 41 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: М.Эын нэхэмжлэлтэй Ц.Бд холбогдох 5,466,824 төгрөг гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэсэн БЗДИХАШШ-ийн 2020 оны 10 сарын 06 өдөр 101/ШШ2020/03445 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг дараах байдлаар гаргаж байна. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас цахилгааны төлбөр, 6 хоногийн түрээсийн төлбөр нийт 1,628,114 төгрөгийг гаргуулж, 3,838,709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь шүүх хариуцагчийг 2020 оны 01 сарын 21 хүртэл хугацаанд байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан байна гэж дүгнэсэн хэрнээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21 хүртэлх хугацаа буюу нийт 21 хоногийн түрээсийн төлбөрийг төлөхийг даалгалгүйгээр гагцхүү 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүртэлх 6 /зургаа/ хоногийн түрээсийн төлбөрт ердөө 161,290 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхээс хариуцагч нь уг түрээсийн обьектийг гал гарсан өдөр буюу 2020 оны 01 сарын 21- ний өдөр хүртэл хугацаанд ашигласан байна, гал гарсны улмаас ердийн нөхцлөөр ашиглах боломжгүй болсон тул 2020 оны 01 сарын 21-ээс хойшхи хугацаанд түрээс төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн бол хариуцагчаас түрээсийн төлбөр өгөөгүй, төлөөгүй байгаа хугацаа буюу 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс 2020 оны 01 сарын 21 хүртэл нийт 21 хоногийн 677,419 төгрөгийн түрээсийн төлбөрт, цахилгааны төлбөрт 1,466,824 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун хорин дөрвөн/төгрөг, нийт 2,144,243.34 мөнгө төлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байсан. Иймд Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тооцооны алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Ц.Бд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5 466 824 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбарлажээ.

М.Э, Ц.Б нар нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хүнсний худалдааны зориулалтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн 150 м.кв талбайтай хэсгийг түрээслэх гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 1-2, 8-12/

Хэдийгээр хэрэгт тухайн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй байх боловч энэ талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

Түрээсийн гэрээний 6.1-д түрээсийн хугацааг 2017 оны 5 сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатайгаар тохиролцсон ч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж, үүнийг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцохоор заасны дагуу түрээслэгч 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тухайн обьектод үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Нэхэмжлэгч нь энэ хугацааны түрээсийн төлбөрийг шаардах үндэслэлтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т Хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол тэрээр хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан.

Хэргийн 48-49 дүгээр хуудаст авагдсан 2020 оны 4 сарын 06-ны өдрийн 014/121/228 дугаар Нийслэлийн Онцгой байдлын газар, гал түймэр гарсан тухай актаас үзэхэд 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөд гал түймэр гарч, цаашид ашиглах боломжгүй болсон нь нотлогдсон. Уг хугацаанаас хойшхи буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт холбогдох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Харин түрээсийн гэрээний хугацааг зөв тооцон тогтоож чадаагүй байна. Энэхүү тооцоог хийхдээ 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаагаар бодож 667 000 төгрөг гаргуулах нь зөв. Түрээслэгч ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба түүнээс нийт 1 466 824+667 000= 2 133 824 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

Иймээс, хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 2 133 824 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 628 114.03 гэснийг 2 133 824 гэж, 3 838 709.07 гэснийг 3 313 000 гэж,

2 дахь заалтын 41 000 гэснийг 49 091 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 809 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ