Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 305/ШШ2025/00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р багт оршин суух, Я-ийн Н-ын  нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэлийн шаардлага: 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б  сумын Т хоршоололд машины засварчнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бороожуулагчаар, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авто слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Янсан овогтой Нямжав миний бие нь 1964 оны 10 дугаар сарын 13-нд Б  сумд төрсөн. 1981 оноос 1984 оны хооронд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн авто засварчин, слесарийн ангийг төгссөн. 1984 оноос 1985 оны хооронд үндсэн мэргэжлээрээ 1 жил ажилласан. 1985 оноо 1988 оны хооронд цэргийн албанд татагдаж 3 жилээр хугацаат цэргийн алба хаасан байгаа. 1988 оноос 1994 оны хооронд ажилласан хугацааг тус тус тогтоож өгнө үү. 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б  сумын Т хоршоололд машины засварчнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бороожуулагчаар, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авто слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08/2190 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,

-Я-ийн Н-ын  төрсний бүртгэлийн лавлагаа,

-Я-ийн Н-ын  098156 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 лны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай “Зарим хүмүүсийн ээлжийн амралт олгож ажилд томилох тухай” тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Б  сум дахь Хөдөө аж ахуйн нэгдлийн “Т” хоршооллын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16б дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Я.Н  нь 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б  сумын Т хоршоололд машины засварчнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бороожуулагчаар, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авто слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ. 

2.1. Я-ийн Н  нь 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Т хоршоололд засварчнаар, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Б  сумын Биж бригадад Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай “Зарим хүмүүсийн ээлжийн амралт олгож ажилд томилох тухай” ...ХААУ газрын шийдвэрээр томилогдон ирсэн Я.Н-ыг 1984 оны 08 дугаар сарын 09-нөөс эхлэн засварчнаар ажилуулж батлагдсан орон тоогүй учир хийснээр нь цалинжуулсугай гэх тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” ...1984 онд тус хоршоололд засварчнаар томилогдон ирсэн Я.Н  нь би бригадад шилжиж мал маллаж байгаад цэргийн албанд явах хүсэлт гаргасан бөгөөд тус хоршоололд засварчны орон тоо байхгүй тул Я.Н-ыг хүсэлтээр нь 1985 оны 03 дугаар сарын 15-наар тасалбар болгон засварчны ажлаас чөлөөлж Би бригадад хоньчноор шилжүүлжсүгэй гэх тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08/2190 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны “...Я-ийн Н  БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1985.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 013 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.06.18-ны өдөр 580377 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

2.2. Я-ийн Н  нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бороожуулагчаар, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авто слесариар тус тус ажиллаж байсан болох нь:

-Я-ийн Н-ын  *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувийн 8-9 дүгээр хуудсанд Т хоршооллын даргын 1988.08.01-ний өдрийн 16 тоот тушаалаар 1988.08.01-нээс цэргээс халагдаж ирсэн учраас бороожуулагчаар авч ажиллуулав гэж, 10-11 дүгээр хуудсанд Т хоршооллын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26-р тушаалаар 1989.10.26 Бороожуулагчийн ажлаас чөлөөлж, слесариар авч ажиллуулав гэж, Т хоршооллын даргын 1991.07.01-ний өдрийн 16-р тоот тушаалыг үндэслэв 1991.07.01-нээс Биеийн эрүүл мэндийн байдлаас болж 2-р группэд орсон тул слесарийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тус тус бичиж Говь-Алтай аймгийн Тэжээл үйлдвэрлэлийн Т хоршоолол гэх тамга дарж баталгаажуулсан,

 -Говь-Алтай аймгийн Б  сум дахь Хөдөө аж ахуйн нэгдлийн “Т” хоршооллын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай “Ажилд авах тухай” ...слесариар Я.Н ыг 1989-10-р сарын 26-наас эхлэн авч ажиллуулсугай гэх тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16б дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” ...Я.Н  нь биеийн эрүүл мэндийн байдлаас болж слесарийн ажил хийж чадахгүй болж 2-р группэд орсон тул сальсерийн үүрэгт ажлаас 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэх тушаалын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

3. Иймд У овгийн Я-ийн Н ыг 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Т хоршоололд засварчнаар, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Б  сумын Биж бригадад Социализмын зам нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Т хоршоололд бороожуулагчаар, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Т хоршоололд авто слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр Я-ийн Н-ын  *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувийн 6-7 дугаар хуудсанд Т хоршооллын даргын 1984-07-15-ны өдрийн 10-р тоот тушаалаар 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ХААУ газрын томилолтыг үндэслэж хоршоололд хөдөө аж ахуйн машины засварчнаар авч ажиллуулав гэж бичиж Говь-Алтай аймгийн Тэжээл үйлдвэрлэлийн Т хоршоолол гэх тамга дарж баталгаажуулсан байгаа боловч шууд анхдагч нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай “Зарим хүмүүсийн ээлжийн амралт олгож ажилд томилох тухай” тушаалаар Я.Н ыг 1984 оны 08 дугаар сарын 09-нөөс эхлэн засварчнаар ажиллуулсан байх тул уг тушаалыг нотлох баримтаар үнэлж Я-ийн Н-ын  Говь-Алтай аймгийн Т хоршоололд томилогдсон хугацааг 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тодорхойлсон болно.

Мөн Т хоршооллын даргын 1985.05.20-ны өдрийн 8-р тоот тушаалаар цэргийн албанд тэнцсэн учраас хоршооллын хөдөө аж ахуйн машины засварчны ажлаас чөлөөлөв гэж бичиж Говь-Алтай аймгийн Тэжээл үйлдвэрлэлийн Т хоршоолол гэх тамга дарж баталгаажуулсан байгаа боловч Говь-Алтай аймгийн Т хоршооллын даргын 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалаар ...Я.Н  нь би бригадад шилжиж мал маллаж байгаад цэргийн албанд явах хүсэлт гаргасан бөгөөд тус хоршоололд засварчны орон тоо байхгүй тул Я.Н ыг хүсэлтээр нь 1985 оны 03 дугаар сарын 15-наар тасалбар болгон засварчны ажлаас чөлөөлж Би бригадад хоньчноор шилжүүлжсүгэй гэх тушаалыг үнэлж 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс засварчны ажлаас чөлөөлөгдсөн болон малчнаар ажилласан хугацааг уг тушаалыг буюу анхдагч нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар У овгийн Я-ийн Н ыг 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Т хоршоололд засварчнаар, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Б  сумын Биж бригадад Социализмын зам нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Т хоршоололд бороожуулагчаар, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Т хоршоололд авто слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ