| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00056/И |
| Дугаар | 305/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2025/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** дугаар баг, Баянговьд оршин суух, Ж овгийн Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч Б.Б нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Б-ийн Б нь 1968 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Аптай аймгийн *** сумд төрсөн. Миний иргэний үнэмлэх бичиг баримтууд бүгд ээжээр овоглосон бөгөөд 1981 онд миний ээж А-ийн И-тэй гэр бүл болсон. Миний бие 1996 онд тусдаа гарч Ж-ийн Т-тай гэр бүл болсон. Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багийн 1996-2000 оны “А" дансанд миний овгийг аав болох И-ийн нэрээр бичсэн учраас тэтгэвэр тогтоолгоход уг зөрүүг арилгуулах шаардлагатай болсон. Иймд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн ам тооллогын лавлагаа,
-Б-ийн Б, Ж-ийн Т нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-А-ийн И, Н-н Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай архивын лавлагаа, 1996-2000 онуудын малын А дансны архивын хуулбар,
616994 дугаартай Б-ийн Б-ын цэргийн батлахын эх хувь,
-Б-ийн Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б-ийн Б нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Б.Б нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай “Тус аймгийн *** сумын Баянговь багийн малчин, өрхийн тэргүүлэгч И-ийн Б-ын мал маллаж байсан хугацаа (1996-2000 он)” гээд 1996, 1997, 1998,1999, 2000 онуудад бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1996-2000 онуудын малын А дансны архивын хуулбар,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08-799 дугаартай 2000 оны хүн ам тооллогын лавлагаагаар Б-ийн Б, тэргүүлэгч өөрөө, 1968 оны 11 дүгээр сард төрсөн, 31 настай, эрэгтэй, Ж-ийн Т, эхнэр, 1975 оны 03 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Б-ын М, охин, 1997 оны 06 дугаар сард төрсөн, 2 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ийн Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *** регистрийн дугаартай Т овгийн Б-ийн Б, *** регистрийн дугаартай, З овгийн Ж-ийн Т нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн А-ийн И, Н-н Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Учир нь Б-ийн Б нь 1968 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрж эх Б-гаар овоглож төрсний бүртгэл хийгджээ.
Б-ын эх Б нь 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Арслангийн Идэртэй гэрлэлтэй бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Мөн Б-ийн Б нь 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ж-ийн Т-тай гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Дээрх бүртгэлүүдээс үзэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа И-ийн Б-ын 1996-2000 онуудын малын А данс нь Б-ийн Б-ын малын А данс гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Иймд Т овгийн Б-ийн Б-ыг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овгийн Б-ийн Б-ыг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ