| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00055/И |
| Дугаар | 305/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2025/00104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Ж овгийн Я-ын Х-ийн нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч Я.Х нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт ээж, ах, эгч, дүүгийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Я овогтой Х миний бие 1975 оны 01 дүгээр сарын 29-нд *** суманд төрсөн. Би 8-р анги төгсөөд мал дээр гарч ээж, ах эгч дүүгийн хамт мал маллах болсон. Ах Я.Б дээр малаа тоолуулж бид хамтдаа амьдарч байсан. Би 2003 онд гэрлээд тусдаа гарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1995 оны малын А данс өрхийн тэргүүний буюу ах Я.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01дүгээр сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Гүү бариач багт ах эгч дүү ээжийнхээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн *** сумын 4-р багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн ам тооллогын лавлагаа,
-Х-ийн Т-ийн төрсний гэрчилгээний хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаартай архивын лавлагаа,
-Я-ын Х гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай архивын лавлагаа, 1991-1995 онуудын малын А дансны архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт,
-Я-ын Х гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-С-ийн Я-ын нас барсны бүртгэлийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Я-ын Х нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Я.Х нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай “...Тус аймгийн *** сумын Гүү бариач багийн малчин, өрхийн тэргүүлэгч Я-ын Б-ийн мал маллаж байсан хугацаа (1991-1995 он) хүртэлх” гээд 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1991-1995 онуудын малын А дансны архивын хуулбар,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-06/689 дугаартай 2000 оны хүн ам тооллогын лавлагаагаар Я-ын Т тэргүүлэгч өөрөө, 1980 оны 12 дугаар сард төрсөн, 19 настай, Я-ын Х эгч, 1974 оны 01 дүгээр сард төрсөн 25 настай, эмэгтэй, Г-ын Ю эх, 1936 оны 09 дүгээр сард төрсөн, 63 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаартай “...БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар зарлигаар *** сумын харъяат Гомбын Юманхүүг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/ гэжээ. Г-ын Ю нөхөр Я хүүхдүүдэд: Д 10 настай, Ц 16 настай, Б 10 настай, Х 4 настай, З 2 настай гэж бүртгэгджээ” гэх архивын лавлагаа, эх баримтын архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “…Я-ын Х (***) нь 1981 онд тус сургуулийн 1-р ангид элсэн суралцаж, 1989 онд 8-р анги төгссөн нь үнэн болно” гэх тодорхойлолт,
Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “…Я-ын Х (***) нь 1981 онд тус сургуулийн 1-р ангид элсэн суралцаж, 1989 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарсан нь үнэн болно гэх тодорхойлолт,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн CVL2582000001000237 дугаартай С-ийн Я 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нас барсныг Говь-Алтай аймгийн Бугат сумын 65-рт 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2582010001000016 дугаартай Я-ын Х гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэргээр тогтоогдож байна.
5. Я.Х гийн “аав С-ийн Я нь 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нас барснаар ах Я.Б-ийн малын А данс бүртгэгдсэн…” гэх тайлбар нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Я.Х нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх Говь-Алтай аймгийн *** сумын *** багт ээж, ах, дүү нарын хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Иймд Ж овгийн Я-ын Х г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овгийн Я-ын Х-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ