Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 305/ШШ2025/00105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Ж овгийн Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэлийн шаардлага: 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс Уул багийн Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д овогтой Б миний бие 1973 оны 04 дүгээр сарын 04-нд *** сумын *** багт төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн Үнэн нэгдэлд мал маллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаартай архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/65 дугаартай тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Тонхил сумын багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 211 дугаартай тодорхойлолт.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

2. Нэхэмжлэгч Д.Б  нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс Уул багийн Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ. 

3. Д-ийн Б нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс Уул багийн Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаартай “...тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Бүс-Уул бригадад малчин байсан Болормаа нь” гээд 1989онд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай “...Д-ийн Б нь Тонхил сумын 8 жил сургуулийн 8 дугаар ангийг 1989 оны 06 дугаар сарын 15-нд 029228 гэрчилгээний дугаартай төгссөн нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. 

4. Иймд Ж овгийн Д-ийн Б-г 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс Уул багийн Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овгийн Д-ийн Б-г 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс Уул багийн Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ