Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2023/ДШМ/660 

 

 

 

       2023           06          29                                        2023/ДШМ/660                    

                                                 Т.С -д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Ш -, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Т.С -, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С -ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2303001520152 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

Шүүгдэгч Т.С - нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын урд замд “Тоуоtа аquа” маркийн ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Ш.А -ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.С -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.С -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Т.С -с 1.512.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ш -т тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.С - давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд, Т.С - миний хувийн байдлыг харгалзан үзээд, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Учир нь миний бие урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 2 380 000 төгрөг төлсөн, хохирогчийн цаашид гарах гэм хорын хохирлыг хуулийн дагуу төлөх болно. Нөхөр маань тогтсон ажилгүй, цалин хөлсгүй, сахарын өвчтэй, эм тариа хэрэглэдэг. Хүүхдүүд маань бага насны буюу 1-13 настай, амьдрал маш хүнд байна. Өдрөөс өдөрт юмны үнэ ханш тэнгэрт тулж, нэг кг мах 20 000 төгрөгөөс дээш гараад явчихлаа, би эмэгтэй хүн, эхнэр хүн иймээс хүүхдүүдээ тэжээх, өвчтэй нөхөртээ дэм болох, улмаар хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах зэрэг энэ бүхэнд ганц Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч чадахгүй болох нь өөр дүүрэгт ажил хийж, мөнгө олох амьдрал ахуйгаа залгуулах боломжийг хааж байна. ... дунд хүү маань Эх нялхасын эмнэлэгт уушигны хагалгаанд орсон, сар гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, одоо ч тус эмнэлгийн хяналтанд байдаг. ...  Би кимпаб хийж, ТҮЦ-нд өгдөг, гэтэл Баянзүрх дүүрэгт байрлах ТҮЦ-нүүдийг эхнээсээ нүүлгэх аян зарласан байгаа учраас би цалин орлого тасрах дээрээ тулаад байна. Мөн 13 настай хүү маань шилжилтийн насанд явж байгаа, ангийн хүүхдүүд, найз нөхөд нь байнга манай гэрээр орж гардаг тул хүүгийн найз нараас бас ичиж байна, хүү маань ч цаг зүүнэ гэхэд, наадахаа нуу манай найз нарт та харагдуулав даа гэж хэлж байна. ... Би шүүх хуралдаанд насанд хүрч байгаа хүүхэдтэй тул гав зүүмээргүй байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хэлж байсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж, ялын төрлийг сольж, хуульд заасан хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.С -ын өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Т.С - нь хувийн байдлын хувьд хэцүү байдалд байна. Тодруулбал, түүний нөхөр нь тогтсон ажил, орлогогүй, одоо Хандгайтад хувиараа ажиллаж байгаа бөгөөд Т.С -ын хувьд нялх хүүхэдтэй тул дэм болж цай хоолыг нь хийж, амьдрал ахуйгаа залгуулдаг. Хохирогчийн хохирол төлбөрийг төлөх гэж ажил эрхлэх гэхээр Баянзүрх дүүрэг хязгаарлагдмал, мөн бага насны хүүхэд нь Эх нялхасын эмнэлэгт уушгины хагалгаанд орсон учир байнга үзүүлэх гээд нааш цааш явах зэрэг их ажилтай байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх баримтын тухайд, хэргийн материалд шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ сайн харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагдсан байсан тул түүний 3 хүүхэдтэй болохыг нотолсон төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулснаа гаргаж өгч байна. Хоёр хүүхэд нь ааваараа овоглосон, эхний хүүхэд нь дагавар хүүхэд тул өөр овогтой байгаа. Мөн шүүгдэгч болон түүний гэр бүлийн хүний нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбарууд, нөхөр нь сахартайг нотлох болон хүүхэд нь уушгины хагалгаанд орсон талаарх баримтуудыг өгч байна. Эдгээр баримтуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг болон мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2.232.519 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг харгалзсан. Шүүгдэгч нь өөрийн хийдэг гэх хүнсний бүтээгдэхүүнээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж худалдах нь учир дутагдалтай гэсэн тайлбарыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд гаргаж байсан. Тиймээс түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.С - нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын урд замд “Тоуоtа аquа” маркийн ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Ш.А -ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хууль ёсны төлөөлөгч С.Ш -ын “... хүү Ш.А - нь зам тээврийн осолд орсны улмаас гэмтлийн эмнэлэгт хэвтэн зүүн хөлийн өсөлтийн ясны хагалгаанд орсон ган шөргө суулгуулсан байгаа. Одоогоор хэвтрийн дэглэм сахиад гэртээ байгаа. Хохирлын баримтууд байгаа гаргаж өгнө. Уг ослын улмаас манай хүүхдийн зүүн хөлийн өсөлтийн яс хугарсан. Уг асуудалд маш их гомдолтой байна. ... ” /хх 16/, гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3165 дугаар “Ш.А -ын биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх 31-32/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 410 дугаартай “Явган зорчигч Ш.А - нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Т.С - нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх 89/,

Авто тээврийн Үндэсний төвийн Төрийн өмчит үйлчилгээний газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 39/79425 дугаартай “Тоёота Акуа маркийн ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна ... урд буфер доод хормой хэсэгтээ зүүн талдаа 60 см орчим цуурсан, хойд буфер зүүн талдаа 30 см орчим цуурсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна ... уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт АВЗ тоормосны системтэй байна. Тоёота акуа маркийн ... -маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 1 дүгээр сарын 24-нд оношилгоонд орж тэнцсэн байна” гэх дүгнэлт /хх 37-42/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “... гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А -ын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.512.000 төгрөгийн зардал гарсныг Т.С -ос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 18/,

иргэний хариуцагч Э.У-ын “Би тухайн үед гэртээ байсан, орой 11 цагийн үед гэмтлийн эмнэлгээс гараад явж байна гэж утсаар ярьсан. Нөгөө хүүхдийн хөл нь хугарсан гээд уйлаад байсан. Машин чиний нэр дээр байгаа болохоор эзэмшигчийн ирж мэдүүлэг өгөх ёстой гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна ...” /хх 24/,

яллагдагч Т.С -ын “Тухайн үед буюу осол гарсан өдөр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ сургуулиас аваад цайз 16 автобусны буудлын орчимд зүүнээс баруун зүгийн замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад явган хүний гарцаар гарч өнгөрч байхад миний машины толь хэсэгт түг гэх чимээ гарсан тэгээд би толиндоо харахад газарт 1 хүүхэд доош суучихсан байсан тэгээд би машиндаа автобусны зогсоол руу оруулж зогсоогоод нөгөө хүүхэд дээр очиход тэр хүүхэд алхаж чадахгүй байсан. Тэгэхээр нь би тэврээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд тэр хүүхдийн хөл нь хугарчихсан байна гэж хэлж байсан. Тэгээд аав ээж нь ирээд цагдаад мэдэгдсэн” /хх 56/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.С - “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ш.А -ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Т.С -с “... анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүхээс Т.С -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Т.С -ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан даруйд хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоос тодорхой хувийг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.С -д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэ

мжээний төгрөгийг нэг хоногоор тогтоож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ш -ын зүгээс нийт 6.274.907 төгрөгийг нэхэмжилснээс шүүх бага насны хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 2.232.519 төгрөгийн нотлох баримтыг үнэлж, уг хохирлыг шүүгдэгчийг нөхөн төлсөнд тооцож, шүүгдэгч Н.С -с 1.512.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Харин хохирогч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж өмгөөлөгчтэй тохиролцож гэрээ байгуулж болон байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс болох 1.000.000 төгрөгийг гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.С -ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “шүүгдэгч Т.С -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С -д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тогтоож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,

          5 дахь заалтыг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С -ос 1.512.000 /нэг сая таван зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн санд олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

          2. Шүүгдэгч Т.С -ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ОЧ

       ШҮҮГЧ                                                                Т.ШИНЭБАЯР

                               ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН