| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0637/З |
| Дугаар | 128/ШШ2024/1028 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/1028
2024 12 11 128/ШШ2024/1028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К******* ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хэмээн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ын аманд 50549.3 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар К******* ХХК-д ашиглах эрх олгосон.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр К******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “К******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ын амны хязгаарлалтын бүсэд 5 га газар ашиглах эрх авч, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар К******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай гэх агуулга бүхий албан бичгээр мэдэгдсэн бөгөөд манай компанийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус мэдэгдлийг хүлээн авсан болно.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр буюу газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, газрыг дараалан хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар К******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээ хураалгах тухай" албан бичгээр манай компанид мэдэгдсэн болно.
Гэтэл манай компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ын амны хязгаарлалтын бүсэд 5 га газар ашиглах эрхийг олгож, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрээгээ байгуулсан бөгөөд үүнээс хойш дараах ажиллагаануудыг дараалан хийж, тус газрыг ашиглаж байсан болно. Үүнд:
1/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр "Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар бүхий Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийж ирүүлсэн.
2/ К******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/07 дугаар гэрээгээр Э ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ-ын ын аманд байрлах, “Амралт, сувиллын цогцолбор" төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын гэрээг байгуулсан.
3/ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт хийлгэсэн.
4/ К******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг гаргасан.
5/ К******* ХХК нь зураг төслөө хэрэгжүүлж эхлэхийн тулд 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан болно. Гэтэл манай компанитай гуравласан гэрээг байгуулах ажиллагааг огт хийхгүй байсан тул манай компанийн зүгээс дахин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг гаргасан болно.
6/ К******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газарт Амралт сувиллын цогцолборын зураг төслийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг авах хүсэлтийг гаргасан болно.
7/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын дагуу ерөнхий үнэлгээ хийж батлуулсан. Үүний дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэн ажилласан.
8/ Мөн тус газар дээр худаг гаргуулахаар худаг өрөмдөх гэрээг М ХХК-тай байгуулсан болно.
9/ 2022-2024 онуудад манай компани нь төслийн концепц өөрчлөх, зураг төсөл, загвар боловсруулах ажлууд бол хийгдсэн.
10/ К******* ХХК нь Б ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бөгөөд барилгын ажил баригдаж эхлэх ийм чухал үед манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснээр манай тус газарт оруулсан хөрөнгө оруулалт зарцаж санхүүгийн хүнд нөхцөл байдалд орохуйц нөхцөл байдал үүссэн.
Учир нь манай компани нь энэхүү газрын ашиглах эрхийг авснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Мөн түүнчлэн К******* ХХК нь 2021 оноос хойш 2024 оны хүртэл газрын төлбөрт нийт 91,258,905 төгрөгийн төлбөрийг төлсөн болно.
Манай компанийн зүгээс газрын төлбөрийг төлж, тус газар дээр амралт, сувиллын цогцолборыг барихад шаардагдах бүхий л баримт бичгүүдийг бүрдүүлэхийн зэрэгцээ, зураг төсөл боловсруулах, худаг өрөмдөх зэргээр тус газрыг ашиглаж байсан болно.
Гэтэл тус газрыг ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж аваагүй гэх маргаан байхгүй.
Хавтаст хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлаа хийж эхэлсэн. Гэрээний дагуу худаг өрөмдсөн, контейнер байрлуулж газрыг ашиглахаар болж байсан. Хашааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьсан. Худгийг 2023 оны 09 дүгээр сарын 11-15-ны өдөр өрөмдсөн. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг 2024 оны 01 дүгээр сард байгуулсан. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар олговол төслийн барилгын загвар зураг батлуулж даалгавар хэрэгжих боломжтой. 3 жилийн хугацаанд хийж дуусгах байсан. Загвар зураг боловсруулах гэрээ байгуулсан байгаа.
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гарах үед газрын төлбөрийн үлдэгдэл 16,688,180 төгрөгийн үлдэгдэл байсныг төлсөн. Гэрээнд зааснаар жилдээ 71 сая төгрөг. Тооцоо нийлсэн актаар 91,258,905 төгрөг төлсөн байсан.
Хавтаст хэрэг авагдсан бүх баримтуудыг шинжлэн судалсан. Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч компани нь Худаг өрөмдөх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зураг төсөл боловсруулах гэрээ болон байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэрээнүүдийг холбогдох компаниудтай байгуулсан нь нотлогдож байна. Үүний дагуу газрыг ашиглахаар бэлдэж зохих ажлууд хийгдэж хавтаст хэрэгт газрын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэрэг баримтууд авагдсан. Мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн газарт хашаа баригдсан, контейнер байрлуулсан. Худаг өрөмдөх гэрээний дагуу худаг ухсан зэрэг ажлууд хийгдсэн байгаагаас үзэхэд газрыг хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэл няцаагдаж байна. Газрын төлбөрийн үлдэгдэл 16,680,180 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлж газрын төлбөрийн үлдэгдэлгүй болж, газрыг зохих журмын дагуу хоёр жилийн хугацаанд ашиглаж байсан холбогдох ажлуудыг хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Татвар төлж байсан зориулалтын дагуу ашиглаж байсан гэдгээ нотлох баримтуудаа хэрэгт өгсөн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Гомдол хянан шийдвэрлэх зөвлөлийн тушаал нь хүчингүй болгох үндэслэл болсон байсан. Гомдол хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болголоо гэсэн байсан бөгөөд бүртгэгдээгүй актаар хуулийн этгээдийн хууль ёсны эрхэд халдах хууль зүйн боломж байхгүй. Тэгэхээр зөвлөл шийдвэрлэсний дагуу сайд шийдвэрлэсэн юм шиг тушаал байсан. 2 жил ашигласан гэдэг нь компани баримт бичгээ бүрдүүлээд журмын дагуу ажиллагаануудаа хийсэн гэсэн үг. Бид тушаалтай маргаж байгаа учраас тушаалд баримталж байгаа үндэслэл нь хуульд нийцээгүй учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж харж байгаа.
2024 оны дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байгаа. Тухайлбал 2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын газар нутгийн бодлого зохицуулалтын газарт 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр санал хүргүүлсэн. Үүнд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан ганцхан санал байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 10 дугаар хурлын шийдвэрт мөн адил 40.1.6 дахь заалтыг дурдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс сонсох ажиллагаа хийхдээ болон газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах саналдаа төлбөр төлөөгүй гэх үндэслэл огт тавиагүй. Гэтэл 05 дугаар сарын 30-ны өдрийн тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хамгаалалтын захиргааны саналгүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр шууд нэмж үндэслэл болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар үндэслэж сонсох ажиллагаа хийсэн атлаа 40.1.5 дахь заалтаар сонсох ажиллагаа хийгээгүй байж ашиглах эрх хүчингүй болгох үндэслэл болгосон нь шийдвэр гаргах журам зөрчсөн. Компанийн зүгээс газраа зориулалтаар нь ашиглахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Тиймээс газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Газар ашиглах эрхийн хугацаа 2026 онд дуусахаар байгаа. Тиймээс тушаалыг хүчингүй болговол цаашид газар ашиглах эрх нээгдэх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий Богдхан уулын дархан цаазат газарт байрлах 5 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийг төлөхдөө иргэн, аж ахуйн нэгж нь хугацаанд нь төлөх, бүрэн төлөх гэсэн үүргийг хуулиар хүлээдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан. Энэ нь газрын төлбөр төлөгч этгээдийн хэзээ, ямар хэмжээгээр төлөхийг зааж өгсөн нарийвчилсан заалт. Гэтэл нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бодит нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд нэхэмжлэгч компанийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үзвэл 2024 оны байдлаар 16,680,180 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь, бүрэн төлөөгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-т зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь газар дээрээ ямар нэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн, бүтээн байгуулалт хийсэн зүйл байхгүй, газраа ашиглаагүй байгаа нь тогтоогдсон учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
Хамгаалалтын захиргааны саналд хүчингүй болгох үндэслэлээ зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн. Тушаалын үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар хурлаас гаргасан шийдвэр, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн дугаартай албан бичгүүдийг үндэслэж гаргасан.
Эхний 2 жилийн 91,258,905 төгрөгийг төлсөн. 2024 оны үлдэгдэл 16,680,000 төгрөгийг төлөөгүй байсан. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа үлдэгдэл 16,680,000 төгрөгийг төлсөн.
Амралт сувиллын цогцолборын төсөл 2021 онд хийгдсэн бөгөөд анх газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ гаргаж өгсөн хүсэлт юм. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан бүх материалууд нь 2021 оны 11 дүгээр сард хийгдсэн материалууд байдаг. Өөрөөр хэлбэл, гуравласан гэрээ байгуулахдаа бүрдүүлсэн байх ёстой материалууд буюу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны хяналт дүгнэлт, амралт сувиллын цогцолборын төслийг анх ашиглах хүсэлт гаргахдаа л бүрдүүлж өгдөг. Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн албан бичигт тус компани нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэг жилийн хугацаатай батлуулсан. Одоогоор загвар зураг батлуулаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй байгаа гэх албан бичиг 2024 онд ирсэн. Шүүгчээс загвар зургаа батлуулсан юм уу гэдгийг тодруулсан. Үүнд тухайн аж ахуйн нэгжээс загвар зураг батлуулаагүй гэдгийг хэлсэн. Загвар зураг батлуулаагүй байгаа учраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдох боломжгүй. Барилгын ажил эхлэх гэрээ байгуулах ч шаардлага байхгүй. Барилгын ажлын гэрээ байгуулахаас өмнө загвар зураг батлуулах гэрээгээ байгуулсан байх ёстой. Тухайн загвар зургаа эрх бүхий төрийн байгууллагаар батлуулж, зөвшөөрлөө аваад ажлаа эхлэх ёстой. Хашаа барих зөвшөөрлийг ч гэсэн эдгээр үйл явц, дэс дарааллаар явдаг. Нэхэмжлэлд дурдаад байгаа бүх зүйлүүд нь гуравласан гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн ажиллагаанууд бөгөөд гуравласан гэрээнээс хойш ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй. Газраа ашиглах хүсэл зорилго нь нотлогдохгүй байна гэж харж байна. Төлбөрийн асуудалд 16,680,180 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдэгтэй аль аль тал нь маргахгүй гэдгээ хэлчихлээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирсэн материалуудад хяналт дүгнэлт хийнэ. Ямар хууль зүйн үндэслэл байгааг нь тодруулаад газрын төлбөр хугацаандаа төлөөгүй зөрчил байгаа эсэхийг тодруулж, улмаар сайдын тушаал орж ирсэн байна. Тэгэхээр сайдын тушаал үндэслэлтэй.” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нэмэлт хариу тайлбартаа: “К******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай тушаалаар 5 га газрыг ашиглах эрхтэй болсон. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталгаажуулснаар гуравласан гэрээ байгуулагдсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт бөгөөд газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийг төлдөг иргэн, аж ахуйн нэгж нь хугацаандаа төлөх, мөн бүрэн төлөх гэсэн үүргийг хүлээдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэсэн нарийвчилсан хуулийн заалт байдаг Гэтэл тус аж ахуйн нэгж нь нэгдүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудсанд байгаа 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 16 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдлээ төлсөн баримт хавтас хэрэгт авагдсан. К******* ХХК нь хугацаандаа төлөөгүй бөөгнүүлж төлсөн нь Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газраас ирүүлсэн баримтаас харагддаг.
Нэхэмжлэгч компаниас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авсны дараа гаргасан хариу тайлбартаа санхүүгийн гачигдлаас шалтгаалж бөөгнүүлсэн гэдгээ дурддаг. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт бүрэн хангагдаж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тогтоолын 1.10 хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг Газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газартаа гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж бариагүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч компани нь газартаа ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээгүй, бүтээн байгуулалт хийж эхлээгүй, газраа ашиглаагүй.
Хоёрдугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудаст Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр тус аж ахуйн нэгж нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэг жилийн хугацаатай батлуулсан. Гэтэл хугацаа нь өнгөрчихсөн одоогоор загвар зураг батлуулаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй байна. Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг тухайн аж ахуйн нэгж аваагүй. 2022 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэг жилийн хугацаатай батлуулсан. Сая дурдсанчлан сонсох ажиллагааны хариу тайлбартаа яагаад авч чадаагүй гэдгээ тайлбарласан байсан. Газрын төлбөрийг төлж тооцоо нийлсэн акт үйлдээгүй нь улмаас барилга эхлүүлэх зөвшөөрөл авах ажлууд удааширч 2023 оны 12 дугаар сарын сүүлийг хүртэл төслийн ажил санхүүжилтгүй болж зогссон гэх хариу тайлбараа өгсөн. Ийм үндэслэлүүдээр сайдын тушаалын хоёр үндэслэл бүрэн хангагдаж байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тухайн төслөө хэрэгжүүлэхийн тулд аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламжийг барина. Энэ үйл ажиллагааг тухайн аж ахуйн нэгж хэрэгжүүлж эхлээгүй байгаа. Тийм учраас хоёр жил дараалан газраа ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзсэн. Хязгаарлалтын бүсийн дэглэмийн 11.7 дахь аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах гэж заасны дагуу газар ашиглах гэрээ байгуулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаанд хамаарах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ын аманд 50549.3 м.кв газрыг нэхэмжлэгч К******* ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэр/-ын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах эрх авсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн уг газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нь “2021 оноос 2024 он хүртэлх газрын төлбөрийг бүрэн төлсөн, маргаан бүхий газарт амралт, сувиллын цогцолборыг барихад шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлж, зураг төсөл боловсруулах, худаг өрөмдөх гэрээ байгуулан худаг өрөмдүүлэн, хашаа барьж ашиглаж байгаа” хэмээн маргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалын К******* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Захирамж нь үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын үндэслэл бүрээр дүгнэвэл,
1.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлийн тухайд.
Хэрэгт газрын төлбөр төлсөн баримтууд, газрын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн газрын төлбөрийн ногдлын мэдээлэл авагдсан бөгөөд тэдгээр баримтуудыг судлахад тус компани нэгж талбарын дугаартай 50549.3 м.кв газрын төлбөрийн хувьд 2022 оны газрын төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12206000******* нэхэмжлэлийн дугаараар 34,497,645 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12206000******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12206000 нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12206000******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12206000******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2023 оны газрын төлбөрт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 123010******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 123010******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 123010******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 123010******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөг, 2024 оны газрын төлбөрт: 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1240******* нэхэмжлэлийн дугаараар 16,680,180 төгрөгийг тус тус төлсөн байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг К******* ХХК-д хүргүүлж, К******* ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/01-01 дугаартай хариу тайлбартаа газрын төлбөр төлсөн баримтуудыг газрын албатай хийсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын хамт хүргүүлсэн байна.
Дээрх хариу тайлбар болон хавсаргаж хүргүүлсэн баримтуудыг үндэслэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр “К******* ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр цуцлуулах” саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас маргаан бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг хүргүүлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зөрчил гаргасан гэж үзээгүй байхад газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
Иймд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс үндэслэл бүхий гараагүй байна гэж дүгнэлээ.
1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын буюу “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын “ ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ын аманд байрлах ашиглах эрхтэй газрыг хашаалсан, худаг ухуулсан зэргээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар бодитоор бэлтгэсний дээр “амралт сувиллын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, үүнд үндэслэн Хот байгуулалт хөгжлийн газраас аялал жуулчлалын цогцолборын МЗХ2022/******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан зэргээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахад зохих журмын дагуу бэлтгэсэн нь хэрэгт авагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, худаг өрөмдүүлэх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг батлуулж, бодитоор бэлтгэсэн, энэ талаараа сонсох ажиллагаанд тайлбарлаж, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дээрх үндэслэлүүд үгүйсгэгдэж байхад газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцнэ гэж үзлээ.
2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, ”40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан зориулалтын дагуу” гэсэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, зөрчлөө арилгах, тайлбар баримт ирүүлэх хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг К******* ХХК-д хүргүүлж, К******* ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/01-01 дугаартай хариу тайлбартаа газрын төлбөр төлсөн баримтуудыг газрын албатай хийсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын хамт хүргүүлсэн байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.
3. Газар ашиглах эрхийг сэргээлгэх нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үр дагавар, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн тухайн газрыг ашиглах эрх сэргэж газар ашиглах эрхийн гэрчилгээг бичиж олгох үүрэг хариуцагчид үүсгэх бөгөөд нэхэмжлэлийн тусдаа шаардлагаар шийдвэрлэгдэх шаардлагагүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан К******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА