Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 305/ШШ2025/00108

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын 2-р багт оршин суух, Алтанцэцэгийн Баатарнямын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумд оршин суух, Түвшинбаярын Пүрэвбаярт холбогдох,

хурдан удмын үрээний үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025  оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Баатарням шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Чандмань сумын хэсгийн төлөөлөгч гэх Т.Пүрэвбаяр нь 2024 оны 04 дүгээр сарын 18-нд Английн 50 хувийн цустай хурдан удмын үрээ аваад үнэ өртөгийг нь 7-10 хоногийн дотор өгөхөөр тохиролцоод одоог хүртэл өгөөгүй. Удаа дараа утсаар яриад үрээний үнэ өртөгийг нэхсэн боловч 2, 3 хоногийн дараа гэж хойшлуулаад энэ мэтчлэн худлаа хэлээд одоо болтол явж байна. Уг үрээг Говь-Алтай аймгийн төвөөс Баянхонгор аймгийн Бууцагаан сум дээр хүргэн өгч Т.Пүрэвбаярт хүлээлгэн өгсөн болно гэжээ.

2. Нэхэмжлэгч А.Баатарням шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн А.Баатарням миний бие Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Т.Пүрэвбаярт хурдан удмын үрээ худалдаж өртөг мөнгөө олж авч чадаагүйн улмаас тус аймгийн шүүхэд гомдол гаргаж иргэн Т.Пүрэвбаяртай харилцан тохиролцсон тул уг гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Уг хэрэг нь иргэн Т.Пүрэвбаяртай тохиролцон зарсан үрээгээ буцаан авсан болно. Миний бие Т.Пүрэвбаярт гомдолгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. А.Баатарнямын нэхэмжлэлтэй, Т.Пүрэвбаярт холбогдох хурдан удмын үрээний үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Учир нь нэхэмжлэгч А.Баатарням нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “...Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн А.Баатарням миний бие Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Т.Пүрэвбаярт хурдан удмын үрээ худалдаж өртөг мөнгөө олж авч чадаагүйн улмаас тус аймгийн шүүхэд гомдол гаргаж иргэн Т.Пүрэвбаяртай харилцан тохиролцсон тул уг гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Уг хэрэг нь иргэн Т.Пүрэвбаяртай тохиролцон зарсан үрээгээ буцаан авсан болно. Миний бие Т.Пүрэвбаярт гомдолгүй болно” гэх хүсэлтээр нотлогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тайж овгийн Алтанцэцэгийн Баатарнямын нэхэмжлэлтэй, Манхан овгийн Түвшинбаярын Пүрэвбаярт холбогдох, хурдан удмын үрээний үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОЮУНБИЛЭГ