2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/00830

 

2025          01          30                                    191/ШШ2025/00830                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *************, ************** тоот хаяг торшин суух, ***** овогт Д.Г********* /РД:**********/-ын хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б**********-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Д.Г*********-аас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний төрсөн хүү Г.Б********** нь миний дансанд байсан мөнгө болон одоо амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 23-р гудамж, 270 тоот хаягт байршилтай хашаа, байшингийн гэрчилгээг худлаа хэлж, залилан өөрийн нэр дээр шилжүүлэн аваад сураггүй алга болсон тул шүүхэд хандаж байсна. Г.Б********** нь намайг 2020 оны 02 дугаар сард цус харваад хэвтэрт байхад “ус, түлээгээ зөөж чадахгүйгээс хойш байр түрээслэн 1 өрөөнд нь намайг  нөгөө 2 өрөөнд нь оюутнуудад түрээслүүлэн, 2023 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд миний тэтгэвэр болон асаргааны мөнгийг жил болгон итгэмжлэн авч хэрэглэж байсан бөгөөд миний  хоол унд, ам тариа, байрны түрээсэнд зарцуулагдаж байсан гэж хэлдэг байсан. Гэвч миний дансанд байсан 5 сая төгрөгийг дур мэдэн авч хэрэглээд “удахгүй өгнө” гэж хэлээд надад нэг бичиг хийж өгөөд авсан. Г.Б********** нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байрны түрээсийн хугацаа дууссан тул байрнаасаа гарч байна гэж хэлээд одоо амьдарч байгаа хашаа байшинд минь намайг авчирсан. Үүнээс хойш 10 сард нэг удаа ирж нүүрсний картыг чинь авч өгье хашаа байшингийнхаа гэрчилгээг өгчих, хэрэг болоод байна гэж хэлж авч яваад одоог болтол сураггүй байна. Тухайн үед хашааны гэрчилгээгээ буцааж авъя гэхэд шүүх цагдаагаараа яваад олж аваарай гэсэн. Г.Б********** нь ***********, ********** тоотод хаягтай бөгөөд 2 удаа очиход тийм хүн байдаггүй  гэсэн. Иймд Г.Б**********-ийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж******-гаас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Г.Б**********-ийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай Тодорхойлолт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн Итгэмжлэл, 2021 он 02 дугаар сарын 24-ний өдрийн Итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Итгэмжлэл, Г.Б**********-ийн “Авсан мөнгө өгөх 2023-4-21 2023 оны 6 сард нэхэмжилсэн мөнгийг тооцоо хийж өгч дуусгах болно” гэж бичсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/02400 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Г.Б**********-ийн Ирэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Д.Г********* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Г.Б**********-ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Г********* нь ************, *********** тоот хаягт оршин суудаг болох нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай Тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б**********-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, өөрийн дансанд байсан 5 сая төгрөг, тэтгэвэрийн мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн Итгэмжлэл, 2021 он 02 дугаар сарын 24-ний өдрийн Итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Итгэмжлэл, Г.Б**********-ийн “Авсан мөнгө өгөх 2023-4-21 2023 оны 6 сард нэхэмжилсэн мөнгийг тооцоо хийж өгч дуусгах болно” гэж бичсэн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Г.Б********** нь хүсэлт гаргагч Д.Г*********-ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Г.Б**********-ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтад тодорхойлсон **************, ************* тоот хаягт Г.Б********** нь оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн Магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Г.Б**********-ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ***** овогт Г.Б********** /РД: **********/-ийг эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Г.Б**********ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж****** /утас: *******/-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА