| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2025/00020/И |
| Дугаар | 305/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2025/00112
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: *** аймгийн Н д газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг, Э ХХК -д холбогдох,
Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 149,922,733.38/нэг зуун дөчин есөн сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун гучин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагач: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 149,922,733.38/нэг зуун дөчин есөн сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун гучин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай.
2.Нэхэмжлэлийн үндэслэл: Э ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь заалтуудыг зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаарлага тавьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хуулийн ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн гэжээ.
3. Хариуцагч тайлбар: Говь-Алтай аймгийн Н д газрын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 149,922,733.38 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөх саналтай байна. 2025 оны 01 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 24,922,733.38 төгрөг. Иймд Говь-Алтай аймгийн Н д газрын нэхэмжлэлтэй Э ХХК -д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Говь-Алтай аймгийн Н газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Э ХХК -тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл 149,922,733.38/нэг зуун дөчин есөн сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун гучин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг хариуцагчаас төлбөрийн барагдуулах график гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Говь-Алтай аймгийн Н д газрын нэхэмжлэлтэй, Э ХХК -д холбогдох, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 149,922,733.38/нэг зуун дөчин есөн сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун гучин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Э ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/25 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Э ХХК -ийн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, хариуцагч Э ХХК нь Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 149,922,733.38/нэг зуун дөчин есөн сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун гучин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг 2025 оны 01 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 24,922,733.38 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Н д газрын Э ХХК -нд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 149,922,733.38 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 907,564 төгрөгийн тал хувь 453,782 төгрөгийг хариуцагч Э ХХК -иас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Н д газрын нэхэмжлэлтэй, Э ХХК -д холбогдох, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 149,922,733.38/нэг зуун дөчин есөн сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун гучин гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 25,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 24,922,733.38 төгрөг тус тус хуваан төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Н газар нь Э ХХК -д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 149,922,733.38 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 907,564 төгрөгийн тал хувь 453,782 төгрөгийг хариуцагч Э ХХК -иас гаргуулж улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ