| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2017/0139/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/128 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/128
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч Б.Б,
хохирогч К.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох 1713000000075 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ж.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт Ж-н А, .... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн ... сумын .. дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, РД:....................
Шүүгдэгч Ж.А-н холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.А нь тус аймгийн Ө сумын 9 дүгээр багт байрлах гэртээ 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед эхнэр К.Х-ийг согтуугаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь тус аймгийн Ө сумын *** дүгээр багт байрлах гэртээ 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед эхнэр К.Х-ийг согтуугаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Ж.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би согтуудаа эхнэрийн дух болон ам руу нь цохиж авсан юм. Эрүүл бол юу гэж эхнэртээ гар хүрэх билээ, архины гай болж байгаа юм. ... Мэдээж миний буруу, би буруугаа хүлээж байна. ... 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуугаар эхнэрээ зодсон маань үнэн. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид хоорондоо эвлэрсэн. Би дахин ийм зүйл болохгүй гэдгийг амлаж, итгэлтэй хэлж байна” гэх мэдүүлэг / хх-ийн 33 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч К.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... шууд намайг барьж аваад аманд болон хамар тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, тэр үед гадагш гарч зугтахад араас ирж барьж авч газарт унагааж авч толгой тус газарт гараараа удаа дараа цохиход цагдаа дуудсан болно. ... Нөхөр маань архи ууж намайг зодсон нь үнэн. Би нөхрөө уучилсан. Дахин ийм асуудал гаргахгүй гэдэгт нь итгэж байна. Нөхөрт маань хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Би хүүхэд харах хүнгүй учир ажил хийж чадахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч К.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд би хүргэн ах эгчид гар хүрч цохисон талаар сонсоод буцаад гэрийн гадаа гарсан. Тэр үед хүргэн ах эгчийг минь алгадаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 421 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ж.А-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ж.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овогт Ж-н А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 270 /хоёр зуун далан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.А нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ж.А-н иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д