Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/507

 

2023                05               11                                      2022/ДШМ/507

                                                      Ч.Б -д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

       Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

хохирогч Б.О -, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,

шүүгдэгч Ч.Б -, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б -, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2005031831294 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

Шүүгдэгч Ч.Б - нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Б.О -ийн нэр дээр “гурил аваад, удахгүй мөнгийг нь өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “УГ” ХХК-иас 8 удаагийн үйлдлээр 51.505.000 төгрөгийн гурилыг зээлээр авч, мөнгийг буцааж өгөлгүй хохирогч Б.О -д их хэмжээний буюу 50.505.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Б -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “ ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б -ээс 50,450,000 төгрөг гаргуулан хохирогч Б.О -д олгож, хохирогч Б.О - нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б - гаргасан давж заалдах гомдол болон  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Б.О -ийн зөвшөөрлөөр УГ ХХК-иас 8 удаагийн тээвэрлэлт хийж, 51.505.000 төгрөгийн үнэ бүхий гурлыг зээлээр авч, 1.000.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хохирол 50.505.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Б.О -д гурилын төлбөр 51.505.000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах өөрийн үйлчилгээний төвийн дээврийг засварлаад бусдаас авах 120.000.000 төгрөгийг аваад төлөх талаар мэдэгдэж байсан, надад өртэй хүн одоо болтол зээлсэн мөнгө өгөхгүй байгаа тул төлбөрийг төлж чадаагүй юм. Түүнчлэн өөрийн буруу бодлого, санхүүгийн сахилга алдаж, хохирогч Б.О -д хохирол учруулсандаа гүнээ харамсаж байна. Миний бие Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлчилгээний төвийг түрээслэж 2 сая гаруй төгрөгийн орлого олдог бөгөөд торгуулийн ял шийтгэлийг төлж барагдуулах боломжтой, уг төвийн түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч Ч.Б - намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хохирлоос цагдан хоригдож байх хугацаандаа төлсөн зэргийг харгалзан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлэн шүүгдэгч Ч.Б - надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг сольж, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхээс шүүгдэгч Ч.Б -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн болно. ... шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх боломжтой байсан. ... Мөн Ч.Б - нь торгуулийн ял шийтгэлийг төлж барагдуулах боломжтой, ажил эрхэлдэг, түрээсийн орлоготой гэдгийг нотлох баримтыг хэрэгт хавсаргасан болно. Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ч давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ч.Б -ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал, хохирогчид цагдан хоригдох хугацаандаа хохирлоос төлсөн, түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх санхүүгийн баримт зэргийг харгалзан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг хөнгөрүүлэн, 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ч.Б -ийн өмгөөлөгч Ч.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүх Ч.Б -ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 2 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Харин түүнд оногдуулсан ял шийтгэлийн талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, Ч.Б - нь хувийн харилцаатай байсан Б.О -ийн зөвшөөрөлтэйгөөр зээлээр гурил авч борлуулж, борлуулсан мөнгөө бусад зүйлд оруулж, түүнээс түргэн хугацаанд ашиг олж, олсон мөнгөөрөө гурилын үнийг төлнө гэж хөнгөмсгөөр найдаж мөнгөө алдсан үйлдэл нь түүнийг буруутгах үндэслэл болсон. Энэ хугацаанд давагдашгүй хүчин зүйл таарч 2 жилийн хугацаанд хохирол төлөх ямар ч боломжгүй болсон. Ч.Б - нь анхнаасаа бусдыг залилан мэхлэх сэдэл санаа байгаагүй. Тэр тусмаа өөрийн дотно харилцаатай хүн, ялангуяа компанид ажилладаг Б.О -ийг хүнд байдалд оруулна гэж бодоогүй байсан. Залилан мэхлэх гэмт хэргийн сэдэл санаа нь мөнгийг анхнаасаа буцаан өгөхгүй гэсэн санааг агуулж байдаг. Гэтэл Ч.Б - нь өөрт байгаа бүх зүйлээрээ төлөх санал тавьж байсан болон хохирогчид үл хөдлөх хөрөнгө санал болгосон ч аваагүй. Мөн хохирогч үл хөдлөх хөрөнгө авахгүй гэсэн нь түүнийг буруутгах арга болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн хэлбэр ёсоор өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Гэтэл Ч.Б -д тийм санаа сэдэл байгаагүй. Харин өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршигт хүргэсэн. Энэхүү үйлдэл нь санаатай бус юм. Тийм учраас гэм буруугийн хэлбэрээс шалтгаалж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Ч.Б - нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо барагдуулах чин эрмэлзэлтэй байгаа. Өмнөх үеэ бодвол эрхэлсэн ажил нь амжилттай явагдаж, хохирол төлөх боломж бүрдсэн. Тодруулбал, Дорноговь аймаг дахь объектоо нэг компанид сарын 1.200.000 төгрөгөөр, 16 иргэн, аж ахуйн нэгжид нэг сарын 180.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж байгаа. Үүнээс харахад хохирлыг нэн даруй барагдуулах боломжтой. Мөн бусадтай хамтран ажиллахаар өгсөн хөрөнгө мөнгө амжилттай болбол хохирол түргэн хугацаанд барагдана. Ч.Б - нь анх удаа санамсаргүйгээр тохиолдлын шинж чанартай хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хоригдож байгаа ч 10.000.000 төгрөг төлж барагдуулсан, 61 настай, эмэгтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү. Мөн хоригдож байх хугацаандаа хохиролд нийт 9.000.000 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгч байна.” гэв.

Хохирогч Б.О - тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 жилийн хорих ял шийтгүүлснээс хойш надад 9.000.000 төгрөг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ч.Б -ийг өөрийн өмчлөлийн объектоо түрээслэж байгаа, хохирол барагдуулна гэж байгаа боловч надаас гадна хоёр компанид 800.000.000 гаруй төгрөгийн өртэй, уг өрөөс нэг ч төгрөг төлөөгүй, хэзээ төлж дуусах нь эргэлзээтэй. Миний хувьд маш их гомдолтой байна. 9.000.000 төгрөг өгөхөөр нь “ашгүй дээ” гэж бодож байтал 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш одоо хүртэл өгөөгүй. Ч.Б - нь хохирол төлөх магадлал тун тааруу, бүх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь “УГ” ХХК-д барьцаанд байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.О -ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О -ийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас оролцсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирол төлбөрөө авч чадахгүй явсаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 9.000.000 төгрөг авсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Ч.Б - нь Б.О -ээс мөнгө авах үед “УГ” ХХК-д 500.000.000 гаруй төгрөгийн өртэй байсан. Энэ бодит байдлаа нуун дарагдуулж 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулах хугацаандаа 5 дугаар сарын 2-ноос 5 дугаар сарын 8-ны хооронд 7 удаагийн үйлдлээр “УГ” ХХК-иас гурил авсан байсан. Хэргийн 66 дахь талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамжаас “УГ” ХХК-д 561.499.250 төгрөгийн өртэй болох нь тогтоогддог бөгөөд энэ өр барагдуулах ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдэж байгаа. Түүнээс гадна “УӨГ” ХХК-д 230.412.000 төгрөгийн өртэй. Энэ нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд авсан гурилын мөнгө юм. Эдгээр гурилын мөнгөөр одоо яригдаж буй Дорноговь аймаг дахь объектыг худалдаж авсан байдаг. Ч.Б - нь Б.О -ээс авсан 8 машин гурилын мөнгийг буцааж өгөх санаа зорилготой байсан бол өгчих байсан. Учир нь, гурил худалдсан хүмүүсээс бүгдээс нь гурлын мөнгийг авсан хэрнээ тэр мөнгөө өөрийн худалдаж авсан объектынхоо засвар үйлчилгээнд зарцуулсан талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд наймаа хийж эрсдэлд орсон, бусдад өгч алдсан мэтээр худал зүйл ярьж байна. Гэм буруугийн талаар маргаагүй, гэмшиж байсан бол ийм зүйл ярих ёсгүй байсан. Гурилаа бусдад өгч алдсан гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд бусадтай наймаа хийсэн зүйлгүй, энэ талаар гэрчлэх гэрч ч үгүй. Торгох ял биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 791.912.075 төгрөгийн өртэй, бусдад түрээсэлж байгаа гэх объект нь битүүмжлэгдсэн, дуудлага худалдаанд орж өрийг барагдуулах хэмжээнд байгаа, мөн эрхэлсэн ажилгүй, 5 жилийн хугацаанд хохирол төлбөрөө барагдуулаагүй хүн торгох ял оногдуулбал өрийг төлөх мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн хохирогчид газар, үл хөдлөх хөрөнгө өгье гэсэн боловч аваагүй мэтээр ярьж байна. Богд ууланд болон Эрдэнэт хотод байрлалтай газрууд үзүүлсэн боловч бусдын өмчлөлд бүртгэлтэй байсан. Бусдын нэр дээрх газруудыг өгье гэсэн үйлдлийг удаан хугацаанд гаргасан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Б - нь гэм буруугаа хүлээгээгүй, цагаатгах байр сууринаас оролцсон. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээж байна гэж дурдсан байх боловч шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал харагддаггүй. Ч.Б -ийн үйлдэл нь 2018 онд үйлдэгдсэн, залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан учраас анхан шатны шүүхээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд шүүгдэгч нь “УГ” ХХК болон “УӨГ” ХХК-иудтай 791.912.075 төгрөгийн өр авлагын асуудалтай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа явагдаж байх үедээ хохирогчтой уулзаж 51.505.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн торгох ял биелэгдэх боломжтой байх ёстой. Ч.Б -ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүд бүгд битүүмжлэгдсэн, түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олдог гэх боловч өмнөх 791.912.075 төгрөгийн өрийг уг мөнгөөрөө төлдөг болох нь хэрэгт авагдсан тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ч.Б - нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Б.О -ийн нэр дээр “гурил аваад, удахгүй мөнгийг нь өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “УГ” ХХК-иас 8 удаагийн үйлдлээр 51.505.000 төгрөгийн гурилыг зээлээр авч, мөнгийг буцааж өгөлгүй хохирогч Б.О -д их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.О - нь шүүгдэгч Ч.Б -д “УГ” ХХК-иас 51.505.000 төгрөгийн үнэ бүхий гурилыг зээлээр авч өгөх болсон шалтгаан, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Б.О -ийн “Б - нь УГ ХХК-иас миний нэрээр 51,450,000 төгрөгийн гурил 2018 оны 5 дугаар сард аваад төлбөр тооцоогоо хийгээгүй тул би арга буюу уг төлбөрийг төлөөд өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй хохирч байна. Б - миний нэрээр 2018 оны 5 дугаар сард “У” гурил ХХК-иас гурил авчихлаа гэсэн. Тухайн үед би нэг машин гурил авсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Гэтэл 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 8 удаа 51,450,000 төгрөгийн үнэ бүхий гурил авч, ачуулж явсан болохыг мэдсэн. Уг авсан гурилаа Барс худалдааны төвийн Бизнес төвийн борлуулагч Г, Ц-, С- нарт өгч, бэлэн мөнгийг нь тухайн үедээ авсан боловч УГын үйлдвэрт тушаагаагүй, надад ч өгөлгүй завшсан. ... Миний нэрээр авсан гурилын төлбөр тооцоогоо мөнгө нь орж ирэнгүүт өгчихнө, Дорноговь аймгийн Сайншанд суманд том объект байгаа, түүнийг зарах гээд зар тавьсан. Зөндөө хүн үзэж байгаа гэх мэтээр удахгүй төлнө гээд хуурсаар 2 жил гаруй болсон. ... Б - дээрх гурилны үнэ 51,450,000 төгрөгөөс одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй. ... 1997 оноос Барс зах дээр гурил будаа зардаг байсан. Тэгээд “УГ” ХХК-ийн гэрээт борлуулагчтай болоход бид хоёр борлуулагч хийдэг болсон. ... Энэ олон жил борлуулагч хийж байхдаа бид нэг нэгэндээ гурил будаа, мөнгө төгрөг зээлдүүлэх асуудал байсан. Гэхдээ тооцоогоо хийгээд байдаг болохоор би өнөөдөр яаралтай гурил хэрэг болоод мөнгийг нь өгнө гэхэд нь итгэсэн. ... Тухайн үед Б - надад ойлгуулахдаа “УГ” ХХК-д цөөхөн хэдэн төгрөгийн өртэй гэж хэлж байсан. Дараа нь мэдэхэд “УГ” ХХК болон “ӨГ-” ХХК зэрэгт маш их өртэй гэж гарсан. Надаас авсан гурилаа бэлэн мөнгөөр болон урьд тавьсан өрөндөө өгсөн байсан юм. .... Б - нь надаар өрөө төлүүлэхийн тулд миний итгэлийг ашиглаж санаатайгаар өрөнд оруулсан. ... Надад 51,505,00 төгрөгийн бодит хохирол учирсан. Үүн дээр би гэм хорын хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би Б -ийн авсан гурилын хөлсийг төлөхийн тулд Хаан банкаас зээл авч гурилын тооцоог барагдуулсан. Хаан банкны зээлийн сар бүрийн хүү болох 875,000 төгрөгийг одоо болтол төлж байгаа. Б - нь авсан гурилныхаа мөнгөнөөс гадна 14,148,750 төгрөг надад өгнө гэсэн гар бичмэл хийж өгсөн. Энэ нь би “ӨГ-” ХХК-д өгөх ёстой мөнгөө “УГ” ХХК-д өгснөөс болж “ӨГ-” ХХК-ийн мөнгийг төлж чадахгүй байснаас “ӨГ-” ХХК-д миний төлөөгүй мөнгө дээр тооцсон алдангийн мөнгөн дүн юм. Би “УГ” ХХК-ийн өрийг дарсаны дараа “ӨГ-” ХХК-д учир байдлаа хэлж орлогын мөнгөнөөс төлж барагдуулдаг байсан. Энэ талаар Б -д хэлэхэд авсан гурилны мөнгөө болон алдангийн мөнгийг хамтад нь төлж барагдуулна гэж надад гар бичмэл хийж өгсөн ... 4 жилийн хугацаанд миний мөнгийг төлж барагдуулаагүйд маш их гомдолтой байна. ...” /1 хх 165-168, 170-171, 173/,

гэрч Б.Н-ийн “... Бүх гэрээт борлуулагч нар нь надад утсаар болон мессэжээр захиалгаа өгч, авах гурилын хэмжээ болон очиж авах автомашины дугаар, жолоочийн дугаар, нэртэй явуулдаг. Б.О -ийн захиалгын дагуу 2018 оны 5 дугаар сард ирсэн автомашинд нь зарлагын падаан бичиж, гурилыг нь ачиж явуулсан. Би зарлагын падааныг нь жолоочид нь өгч явуулдаг. ... 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд О - нь надтай өөрийнхөө бүртгэлтэй дугаараас холбогдсоных нь дагуу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 58-51 дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 тонн гурил буюу 1,760,000 төгрөгийн, ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 тонн гурил буюу 10,800,000 төгрөгийн гурил, ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 тонн гурил буюу 11.800.00 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тонн гурил буюу 4,500,000 төгрөгийн, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 тонн буюу 10,945,000 төгрөгийн, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 тонн гурил буюу 2,640,000 төгрөгийн, ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тонн гурил буюу 4,600,000 төгрөгийн, ... -улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тонн буюу 4,400,000 төгрөгийн гурилын падаан бичсэн. Миний бичсэн падааны дагуу агуулахын няравууд ачигч нар гурилыг нь ачиж өгч явуулдаг. Би О -ийн өгсөн захиалгын дагуу нийт 51,450,000 төгрөгийн гурилын падаан бичсэн. О - нь надад өөрөө гурил ачих автомашины дугаараа ачих гурилын тоо жинтэй нь явуулсны дагуу би падааныг бичиж агуулахын няравт хүргүүлдэг. Би захиалагчийнхаа захиалгын дагуу падаан бичдэг болохоор өөр хэн нэгний өмнөөс падаан бичиг, гурил авна гэсэн асуудал байхгүй.” /1хх 194-195, 197/,

гэрч Б.Б-ийн “ ... Ч.Б - нь 2002 оноос хойш “УГ” ХХК-тай үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан У хот дахь гэрээт борлуулагчаар ажилласан ба гэрээгээ жил болгон сунгаж явдаг байсан юм. Хамгийн сүүлд Ч.Б - нь “УГ” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 234 дугаартай үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл байгуулсан байдаг. Б - нь “УГ” ХХК-иас зээлээр бараа бүтээгдэхүүн аваад төлбөр тооцоогоо сарын эцэс юм уу, сарын эхэнд тооцоогоо хийж төлбөрөө төлөөд явдаг байсан юм. Б - нь 2017 оны 6 дугаар сарын төлбөр тооцоогоо дуусгаад гэрээний хугацаа дуустал буюу 2017 оны 7, 8 дугаар сард нийт 440,000,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан байдаг. Ингээд 7, 8 дугаар сарын зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг төлөхгүй Б - дээр 440,000,000 гаруй төгрөгийн авлага үүссэн тул маргаан үүсч, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б - “УГ” ХХК-тай төлбөр тооцон дээрээ эвлэрч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06732 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан. Ингээд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 07720 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхэлсэн. Одоо болтол Б - нь төлбөр тооцоогоо “УГ” ХХК-нд төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. ...  2018 оны 5 дугаар сард О - харилцагчийн нэр дээр зээлээр гурил олгох боломжтой байсан. О - авсан гурилаа цаашаа Б -д өгч байгаа эсэхийг хянах боломжгүй. Яагаад гэхээр О - авсан гурилынхаа төлбөр тооцоог өөрөө хариуцдаг. Өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо бүрэн төлөөд явж байгаа. Б - өөрөө манай агуулах дээр очоод О -ийн нэр дээр гурил авъя гээд шууд авах ямар ч боломж байхгүй. Суваг хариуцсан менежертэй О - өөрөө утсаар холбогдож захиалга өгөх боломжтой байдаг юм. ...” /1хх 199-200/,

гэрч Д.Ц-ын “ ... Борлуулагч О -ийн зөвшөөрөлгүйгээр нэг ч ширхэг гурил үйлдвэр гаргаж борлуулах боломжгүй байдаг. Ч.Б - нь О -ийн зөвшөөрөлгүй үйлдвэрээс гурил гаргах ямар ч боломж байхгүй. Би “УГ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан тул борлуулагчийн үйл явцыг сайн мэддэг. ...” /1хх 183-184/,

гэрч Ч.Ж-ийн “... Манай компани нь гэрээт борлуулагч О -ийн зөвшөөрөлгүйгээр ямар ч хүн ирсэн байсан ч агуулахаас гурил гаргах боломжгүй юм. Борлуулагч О - нь захиалгаа өөрөө аваад ямар автомашинтай, хаана хүргэж өгөх талаар хэлж мэдэгдсэний үндсэн дээр агуулахаас гурил гаргах боломжтой. ...” /1хх 191-192/,

гэрч Б.Б-ын “... Би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б - гэдэг “УГ” ХХК-ийн борлуулагчаас 4,660,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг бэлэн мөнгө өгөөд авсан. Б - нь тухайн үед “У” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан болохоос биш Б - гэдэг хүнээс өрөндөө гурил аваагүй. ...” /1хх 186/,

гэрч Д.Г-ийн “... Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 24 тонн буюу 22.600.000 төгрөгийн гурил, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10,495,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг бэлнээр мөнгийг нь өгч авсан. Өрөндөө авсан зүйл байхгүй. Тухайн үед “УГ” ХХК-д борлуулагчаар Б - нь ажиллаж байсан юм. ...” /1хх 188-189/,

яллагдагчаар Ч.Б -ийн “Би 2018 оны 5 дугаар сард О -ээс гурил зээлээр авъя гэж хэлсэн. Тэгтэл О - зөвшөөрөөд “УГ” ХХК-ийн 51,450,000 төгрөгийн гурилыг надад өгсөн. Би тухайн гурилыг 8 удаа автомашинд ачуулж авч явсан ба авсан гурилаа хүмүүст зарж борлуулсан. Би О -д надад хөдөө явуулах гурилны хэрэг байна, чи надад гурил зээлэх үү гэж асуусан. Тэгтэл О - зээлье гэж хэлсэн ба би мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө шүү гэж хэлж байсан. Гурил авахын тулд би О -д тэдэн шуудай гурилыг ийм автомашинд ачна шүү гээд шуудай гурилынхаа тоог, автомашины дугаартай хэлэхээр О - нь цаашаа УГ-ын кассын хүнд хэлдэг. Би тэнд очих ямар ч шаардлагагүй байдаггүй юм. О - нь ач гэж хэлэхгүй бол “УГ” ХХК-иас гурилыг гаргахгүй. Тэгэхээр О - өөрөө хэлж утсаар ярьж байж тухайн гурилыг автомашинд ачуулдаг. Би О -тэй зах дээр хамт зогсож байгаад танилцаж байсан ба бид хоёр олон жил хамт ажилласан. Бид “УГ” ХХК-иас гурил авч худалдан борлуулдаг байсан. Би “УГ” ХХК-иас 2017 оны 9 дүгээр сард 250,000,000 төгрөг зээлж байсан ба тэр мөнгөө өгч чадаагүй учраас “УГ” ХХК надад гурил өгөхгүй байсан. ... Би Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлалтай 380 мкв талбайтай үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах гэж байсан болохоор тэрний засварын ажилд мөнгийг нь зарцуулсан. ... О -д хүнээс мөнгөө авчих юм бол чамайг хохиролгүй болгоноо гэж хэлж байсан. ... Би өөрийн авсан гурилын мөнгийг төлж барагдуулна, илүү мөнгө төлж барагдуулж чадахгүй. ...” /1хх 213-214/ гэх мэдүүлгүүд болон “УГ” ХХК-ийн Зарлагын падаан /2хх 173-180/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б -ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

Залилах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б -ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Ч.Б -, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нараас “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөөгүй, хохирлыг хэрхэн төлөх талаар гаргасан баримтууд нь /2хх 215-250/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд түрээслэдэг гэх Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, ... -тоотод байрлах 96 м2, 380 м2 үл хөдлөх хөрөнгийг өөр хүний өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь төрийн мэдээллийн сангаас гаргасан лавлагаа /2хх 241/-гаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

             Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б -, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Ч.Б -ийн 2023 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 84 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б -, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б -ийн 2023 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН