Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0891

 

 

 

 

 

      2024        11           12                                      128/ШШ2024/0891

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н. /ШТЭҮД:/

Хариуцагч: улсын байцаагч Б.*******, Ш.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н*******, Б.*******

Маргааны төрөл: Татварын маргаан

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн төлөөлөгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч Б.*******, Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, Б.******* нарыг оролцуулан, “*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.*******, Б.******* нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нарт холбогдуулан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274,323,995.46 төгрөгийн зөрчилд 27,432,399.55 нөхөн татвар, 10,972,959.82 төгрөгийн торгууль, 8,305,981.93 төгрөгийн алданги нийт 46,711,341.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

1.1.Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар актаар (цаашид "нөхөн ногдуулалтын акт" гэх) 603,205,845.47 төгрөгийн зөрчилд 104,049,552.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274,323,995.46 төгрөгийн зөрчилд 27,432,399.55 нөхөн татвар, 10,972,959.82 төгрөгийн торгууль, 8,305,981.93 төгрөгийн алданги нийт 46,711,341.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Тус компани нь хяналт шалгалт хийсэн татварын жилд улсын сургууль, цэцэрлэгийн засварын төсөвт ажлууд хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажилд зарцуулагдсан материалын худалдан авалтад бэлтгэн нийлүүлэгчид төлсөн зардлыг "...хий бичилттэй худалдан хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “НӨАТ-ай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан..." зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин тус байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нөхөн ногдуулалтын актаар төлбөр төлүүлэхээр тогтоохдоо "Зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх хуулийн шаардлага хангаагүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дэх хэсгийг зөрчсөн" гэж татварын байцаагчид үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Товчхондоо огт материал гаргалгүйгээр улсын сургууль цэцэрлэгийн засварын ажил хийж Улсын комисс хүлээлгэн өгсөн гэж ойлгогдохоор байна. Барилгын ажилд зарцуулсан материалын тоо, үзүүлэлт, чанар нь бусад нотолгооны хэрэгслээр бүрэн нотлогддог.

Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд татварын ногдлыг тодорхойлох боломжгүй үед жишиг үнийн аргыг хэрэглэхээр хуульчилсан. Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 294 тоот тушаалаар "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баталсан. Гэтэл татварын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийг тогтоож нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо мөн хамтад нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шууд хамааруулан ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан тодорхой байх, шударга байх зарчим, мен хуулийн 36 дугаар зүйл, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2.8.4., 3.2.7, 5.4.3. дэх хэсэг, Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг зөрчсөн гэж татвар төлөгчийн зүгээс үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Нийслэлийн Татварын газрын дэргхоих Татварын маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 33 дугаар тогтоол гаргасан. Гэхдээ Татварын маргаан таслах зовлолоос ихсэжлэгчийн гомдлын үндэслэл болгосон Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолохоор хуульчилсан талаарх асуудалд дүгнэлт хийгээгүй. Түүнчли Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгчээс шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байдаг. Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан зураг, төсвийн дагуу хийгдсэн ажлуудад орсон барилгын материалын үнэ болон тоо хэмжэний бодит зарцуулалтыг хөндлөнгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах хүсэлтийг огт хангаагүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274,323,995.46 төгрөгийн зөрчилд 27,432,399.55 нөхөн татвар, 10,972,959.82 төгрөгийн торгууль, 8,305,981.93 төгрөгийн алданги нийт 46,711,341.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч нар нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2524200960 тоот томилолтоор хялбаршуулсан-хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн байх ба улмаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 60,320,584.56 төгрөгийн нөхөн татвар, 24,128,233.82 төгрөгийн торгууль, 19,600,733.75 төгрөгийн алданги, нийт 104,049,552.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

3.“*******” ХХК-аас дээрх актын холбогдох хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор шийдвэрлэж, маргаан бүхий актыг хэвээр үлдээж, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тогтоолыг хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч “*******” ХХК маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 30 дахь хоногтоо багтжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэл нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.*******, Ш.******* нар 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаартай актаар 603205845 төгрөгийн зөрчилд 104049000 төгрөгийн төлбөр ноогдуулах акт тогтоосны аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 247323000 төгрөгийн зөрчилд 27439000 төгрөгийн нөхөн татвар 10972000 төгрөгийн торгууль 8305000 төгрөгийн алданги нийт 46711341.30  төгрөгийн нөхөн татвар оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү. Тус компани нь хяналт шалгалт хийсэн татварын жилд Улсын цэцэрлэгийг шинээр баригдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба барилгын ажилд зарцуулагдсан материалын худалдан авалтад бэлтгэн нийлүүлэн төлсөн зардлыг хий бичилттэй хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтаар авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин тус байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох нөхөн ногдуулалтын албан татварыг төлүүлэхээр тогтоохдоо зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох гүйлгээгээр баталгаажсан байх хуулийн шаардлага хангаагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар бууруулах эсэхийг зөрчсөн гэж татварын байцаагчийн үндэслэлд шийдвэрлэсэн байна. Товчхондоо цэцэрлэгийг материал гаргалгүйгээр хийсэн гэж үзсэн байна. Барилгын ажилд зарцуулсан материалын тоо үзүүлэлт чанар бусад нотолгооны хэрэгслээр үндсэндээ нотлогддог. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд татварын ногдлыг тодорхойлох боломжгүй жишиг үнийн аргыг хэрэглэхээр хуульчилсан сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг баталсан. Гэтэл татварын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг тогтоох, нөхөн ногдуулалтын акт тогтоох, мөн хамтад нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шууд хамруулан ноогдуулсан Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан тодорхой байх, шударга байх зарчим мөн хуулийн 36 дугаар зүйл, маргаан таслах зөвлөлийн журмын 2.8.4, 4.2.7, 10.4.3 дахь хэсэгт тус тус татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг зөрчсөн гэж татвар төлөгчийн зүгээс үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн гомдлыг хянан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоол гарсан. Гэтэл татварын маргаан таслах зөвлөлөөс нэхэмжлэлийн гомдлыг үндэслэл болгосон. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ноогдлыг жишиг үнийн аргаар тооцоолохоор хуульчилсан талаарх асуудалд дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгчээс шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй. Тодруулбал төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан зураг төсвийн дагуу хийгдсэн ажлуудад орсон барилгын материалын үнэ болон тоо хэмжээний бодит байдлыг тодорхойгүй байхад хөндлөнгөөс шинжээч томилохыг огт хангаагүй болно. Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар тогтоолыг тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 274320000 төгрөгт ноогдох зөрчлийн 274320000 нөхөн татвар,10972000 төгрөгийн торгууль 8305000 төгрөгийн алданги нийт 46711341.30 төгрөгийг нөхөн татвар ноогдуулсныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 2 өөр хуулиар зохицуулагддаг 2 өөр татвар байдаг. Нэхэмжлэгчийн хувьд улсын төсөвт ажлууд буюу орлого, зарлага нь урьдчилан барилгын яамнаас болон бусад эрх зүйн актаар тогтоогдчихсон. Тендерийн тухай хуулийн дагуу тендерт ороод ирчихсэн ийм ажил байдаг. Гаргаж байгаа нөхөн ногдуулалтын акт дээр 270 сая төгрөгийн зардал бодитой зардал гарчхаад байгаа боловч энэ зардлыг маань хасаж тооцсонгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын цаад байгууллага нь системд нотолж чадаагүй гэдэг шалтгаанаар 274 сая төгрөгийн миний зардлыг хасаж өгөөгүй гэсэн агуулгатай байгаа. Өмгөөлөгчийн хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу орлогоосоо зардлыг нь хасдаг үлдсэн хэмжээнд нь татвар ногдуулах хуулийн заасан зарчмын дагуу миний үйлчлүүлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг дэмжиж оролцоно. Нөхөн ногдуулалтын актын тодорхой хэсэг буюу хавсралтын 3-д заасан 27432399.5 төгрөгийн нөхөн татвар болон түүнд ногдох торгуулийн алдангийг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр оролцож байна.” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ““*******” ХХК-ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, телөлтийн байдалд хялбаршуулсан-хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2524200960 дугаар томилолтоор 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нар гүйцэтгэж НА-2524000086 дугаар нөхөн ногдуулалтын актаар 603,205,845.47 төгрөгийн зөрчилд 60,320,584 56 төгрөгийн нөхөн татвар, 24,128,233.82 төгрөгийн торгууль, 19,600,733.75 төгрөгийн алданги, нийт 104,049,552 13 төгрөгийн төлбөр ногдуулсан.

“*******” ХХК нь 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 274,323,995.46 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27,432,399.55 төгрөгийн нехен татвар 10,972,959.82 төгрөгийн торгууль 8,305,981.93 төгрөгийн алданги нийт 46,711,341.30 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Татвар төлөгчийн 5567319 дугаартай "*******" ХХК-аас 2021 оны 12 дугаар сард 4121691879 дугаартай төлбөрийн баримтаар 27,505,454.55 төгрөгийн 4121682486 дугаартай төлбөрийн баримтаар 77,868,540.91 төгрөгийн 4121682485 дугаартай төлбөрийн баримтаар 57,727,272.73 төгрөгийн 4121682484 дугаартай төлбөрийн баримтаар 111,222,727.27 төгрөгийн нийт 274,323,995.46 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж, төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан мөн дээрх төлбөрийн баримтыг ААНОАТ-ын татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцон хасч татвар ногдуулах орлогыг бууруулан тайлагнасан.

“*******” ХХК нь "*******" ХХК-иас авсан нийт 274,323,995.46 төгрөгийн тайлант оны үйл ажиллагаатай холбоотой бараа, ажил үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй мөртлөө тайланд хасагдах зардлаар тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь нотлогдсон болно.

Түүнчилэн татвар төлөгч дээрх үнийн дүн бүхий баримтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр төсөвт төлөх албан татварыг бууруулсанаа хүлээн зөвшөөрч Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлээгүй нь бодит ажил гүйлгээ хийгдээгүйг баталж байна.

Иймээс "*******" ХХК-аас 2021 оны 12 дугаар сард нийт 274,323,995.46 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй төлбөрийн баримтаар татвар

ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн

13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага

13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:

13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;

13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;

13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; гэсэн заалтыг зөрчсөн учир нөхөн татвар торгууль, алданги тооцсон нь хуульд нийцэж байгаа тул татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавсралтаар “*******” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар ногдох орлогоос хасагдах зардлын мэдээ, худалдан авалтын ибаримтын мэдээг хүргүүлэв” гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн татварын ногдол төлөлтийн байдалд хянан шалгалт хийгээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ба Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хариуцагчид олгосон байгаа зөрчилд тооцож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс зөвшөөрөхгүй байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл дээр албан татвараас ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхой тусгаж өгсөн. 13.1.2-т албан татвар төлөгчдийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх ёстой шаардлага нь байгаа. 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн арван гуравдугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан ба 13.1.4-д бараа, ажил, үйлчилгээний зардал нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, хяналтын бараанд ноогдох болон ногдол төлсөн тухай баримтаар баталгаажсан байхыг хуульчилж өгсөн. Албан татвар ноогдох орлогоос хасагдах зардлыг хуульд заасан эдгээр шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд аль нэгэнд биш, нэгэн зэрэг хангасан тохиолдолд хасаж төлөх татварыг бууруулахыг хуульд тодорхой заасан. Албан татвар төлөгчийн татвар ноогдох орлого үйл ажиллагаатай шууд холбогдон гараагүй зардлыг бол хасаж төлөх татварын хэмжээг бууруулсан гэж зөрчилд тооцсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй Фокус металл майнинг гэдэг компаниас төлбөрийн баримтыг худалдан авч татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тусгасан нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар төлөгчийн тайлангаар нотлогддог. Тайлангаар нотлогдсон тул Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоод нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй, үндэслэлгүй юм. Иймд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардал буюу 13 дугаар зүйлийг үндэслэж тавьсан нөхөн ногдуулалтын актын зөрчил нь зөв юм.” гэв.

5.2Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*******” ХХК-ийн 2021 оны тайланг харахад 516.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой 494.1 сая төгрөгийн зардалтай тайлагнасан байгаа. Зардлынх нь баримт нь и-баримтаа баталгаажсан байх ёстой гээд тооцоолол хийгээд үзэхлээр нэхэмжлэгчийн тайланд тусгасан 494.1 сая төгрөгийн зардлынх нь баримтгүй байх зардал гэдэгтэй нь цалин хөлс болон түүнтэй адилхан орлогоос суутгасан татвар, эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл үл хөдлөх хөрөнгийн татвар гээд 56.9 сая төгрөгийн татвар байгаа баримтгүй зардал нь үүнээс татвар төлөгчийн тайлагнаснаар 494.1 саяас 56.9 саяын баримтгүй зардлаа хасахад, 437.2 сая нь баримттай байвал зохих зардал гэж тооцоолол гарч байгаа юм. 437.2 сая төгрөгийн зардлынх нь 274.3 сая нь болохоор Фокус металл майнинг ХХК-иас авсан зардал нь шивэгдчихсэн байгаа учраас энийг зөрчил гэж авч үзсэн. Татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж тайлагнах үүрэгтэй. Үүний дагуу өөрсдөө тайлагначихсан татварын тайлан дээр бид нар шинжилгээ хийгээд зөрчил ногдуулсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274,323,995.46 төгрөгийн зөрчилд 27,432,399.55 төгрөгийн нөхөн татвар, 10,972,959.82 төгрөгийн торгууль, 8,305,981.93 төгрөгийн алданги, нийт 46,711,341.30  төгрөгийн нөхөн татвар оногдуулсныг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            1.1.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тодруулахад акт хүчингүй болгуулах шаардлага биш, харин захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгуулах буюу маргаан бүхий Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар актаар тогтоосон нийт 104,049,552.13 төгрөгийн төлбөрөөс 46,711,341.30 төгрөгийн төлбөрийг багасгуулах шаардлага гарган маргаж байгаагаа илэрхийлсэн болно.

            2.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч хэрэг маргааныг дараах байдлаар шийдвэрлэв.

            3.Маргааны үйл баримтын тухайд:

            3.1.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ш.******* нар нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж/Хэргийн 41 дэх тал/, 2524200960 тоот томилолтоор/Хэргийн 61 дэх тал/, хялбаршуулсан-хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн байх ба улмаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын акт/Хэргийн 4-6 дахь тал/-аар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 60,320,584.56 төгрөгийн нөхөн татвар, 24,128,233.82 төгрөгийн торгууль, 19,600,733.75 төгрөгийн алданги, нийт 104,049,552.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

            3.2.Нэхэмжлэгч компани уг актын Тэмдэглэх хэсгийн 3-т заасан “2021 оны 12 дугаар сард татвар төлөгчийн 5567319 дугаартай “*******” ХХК-аас 4121691879 дугаартай төлбөрийн баримтаар 27,505,454.55 төгрөгийн 4121682486 дугаартай төлбөрийн баримтаар 77,868,540.91 төгрөгийн 4121682485 дугаартай төлбөрийн баримтаар 57,727,272.73 төгрөгийн 4121682484 дугаартай төлбөрийн баримтаар 111,222,727.27 төгрөгийн нийт 274,323,995.46 төгрөгийн хий бичилттэй төлбөрийн баримтаар хийсэн худалдан авалтыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч маргана.

3.3.Харин “... 2020 оны 12 дугаар сард татвар төлөгчийн 5567319 дугаартай “*******” ХХК-аас 4101542983 дугаартай төлбөрийн баримтаар 54,557,854.55 төгрөгийн хий бичилттэй худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварын бууруулсан ...”, “... 2021 оны 12 дугаар сард татвар төлөгчийн 5567319 дугаартай “Фокусметалл майнинг” ХХК-аас 4121691879 дугаартай төлбөрийн баримтаар 27,505,454.55 төгрөгийн 4121682486 дугаартай төлбөрийн баримтаар 77,868,540.91 төгрөгийн 4121682485 дугаартай төлбөрийн баримтаар 57,727,272.73 төгрөгийн 4121682484 дугаартай төлбөрийн баримтаар 111,222,727.27 төгрөгийн нийт 274,323,995.46 төгрөгийн хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж, тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан ...” зөрчлүүдийг хүлээн зөвшөөрчээ.[1]

3.4.Нэхэмжлэгчээс актын 3 дахь заалтад заасан зөрчлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... огт материал гаргалгүйгээр улсын сургууль, цэцэрлэгийн засварын ажил хийж улсын комисст хүлээлгэн өгсөн гэж ойлгогдохоор байна. Барилгын ажилд зарцуулсан материалын тоо, үзүүлэлт, чанар нь бусад нотолгооны хэрэгслээр бүрэн нотлогддог. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд татварын ногдлыг тодорхойлох боломжгүй үед жишиг үнийн аргыг хэрэглэхээр хуульчилсан. Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 294 тоот тушаалаар "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баталсан. Гэтэл татварын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийг тогтоож нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо мөн хамтад нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шууд хамааруулан ногдуулсан. Жишиг үнийн аргыг хэрэглэж, хасагдах зардлыг тогтоогоогүй.” гэж тайлбарлах бөгөөд

харин хариуцагч нар “... татвар төлөгч дээрх үнийн дүн бүхий баримтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр төсөвт төлөх албан татварыг бууруулснаа хүлээн зөвшөөрч Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлээгүй нь бодит ажил гүйлгээ хийгдээгүйг баталж байна. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хуульд заасан эдгээр шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд аль нэгэнд биш, нэгэн зэрэг хангасан тохиолдолд хасаж төлөх татварыг бууруулахыг хуульд тодорхой заасан. Албан татвар төлөгчийн татвар ногдох орлого үйл ажиллагаатай шууд холбогдон гараагүй зардлыг бол хасаж төлөх татварын хэмжээг бууруулсан гэж зөрчилд тооцсон.” хэмээн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Хууль хэрэглээний тухайд:

4.1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.29.““татварын тайлан” гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг;”, 28 дугаар зүйлийн 28.1.“Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Энэ хуулийн 5.3[2]-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно.” гэж тус тус хуульчилжээ.

4.2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2021 онд 516,266,307.27(тайлангийн 6 дахь мөр) төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 494,195,590.81(тайлангийн 17 дахь мөр) төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 22,070,716.46 төгрөгийн татвар ногдуулах орлогод 2,207,071.65 төгрөгийн албан татвар ногдуулан тайлагнасан нь түүний ТТ-02 Аж ахуйн нэгжийн албан татварын тайлан/Хэргийн 25-27 дахь тал/-аар тогтоогдож байна.

4.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.“Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдох гарсан байх; 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх; 13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал; 13.1.4.б.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал, 13.1.5.зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн эсхүл төлөхөөр тайлагнасан байх.” гэж тус тус зохицуулснаас үзвэл хуульд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд л зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг тодорхойлох учиртай.

4.4.Энэ нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.“Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;” гэж заасны дагуу хэрэгжих салаа утгагүй хууль зүйн ойлголт мөн байна.

5.Гэтэл нэхэмжлэгчээс жишиг үнийн аргыг хэрэглэх ёстой гэж маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй.

5.1.Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.“Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ.”, 36.2.“Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно:36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй; 36.2.2.татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн; 36.2.3.татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан; 36.2.4.татвар төлөгчийн тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татвар ногдол дутуу тодорхойлогдсон байгаа нь илт байгаа; 36.2.5.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй.” гэж жишиг үнийн аргыг хэрэглэх үндэслэлийг хуульд нэрлэн заажээ.

5.2.Ийнхүү жишиг үнийн аргаар татварыг тодорхойлон ногдуулах зохицуулалтын үндсэн нөхцөл нь мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11.“"жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг;”, 28 дугаар зүйлийн 28.3.“Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.” гэх зохицуулалтуудаас эхэлж байгаа нь хуулийн бүтцээс буюу нэг болон зургадугаар бүлгээр тодорхойлогдож байна. 

5.3.Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татварын тайлангаа өөрөө тайлагнаж үнэн зөвийг нь хариуцах үүрэгтэй бөгөөд нэгэнт “*******” ХХК нь орлого болон хасагдах зардлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны 4 дүгээр улирлын тайландаа тайлагнасан, гэвч түүний тайлагнасан хасагдах зардлын зарим хэсэг нь бодит бус ажил, гүйлгээний төлбөрийн баримтад үндэслэсэн нь тогтоогдсон бөгөөд үүнийгээ ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул түүний нөхцөл байдал нь “... татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдол ...” биш байна.

5.3.1.Хуулийн зохицуулалтыг уялдаа холбоотойгоор тайлбарлан хэрэглэхгүйгээр зөвхөн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлд нэхэмжлэгчийн нөхцөл байдал шууд хамаарч байна гэж үзэж энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй бөгөөд маргаан бүхий татварын ногдлыг тодорхойлох харилцааг нарийвчлан зохицуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар ямар тохиолдолд зардлыг хасахгүй талаар тодорхой зохицуулалт байхад татварын ногдлыг тодорхойлох жишиг үнийн аргыг хэрэглээд “хасагдах зардалд хамааруулж болох” хууль зүйн боломж байхгүй.

5.3.2.Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.“Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт, давуу үйлчилнэ.” гэж заасныг баримталвал хууль хэрэглэх эрэмбийн тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь нарийвчилсан зохицуулалт бүхий хууль юм.

5.3.3.Тодруулж тайлбарлавал, нэхэмжлэгч “*******” ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж, сургууль цэцэрлэгийн төсөвт ажил гүйцэтгэхдээ барилгын ажилд материал зарцуулсан буюу зардал гаргасныг шүүх үгүйсгээгүй, харин хуулийн тодорхой зохицуулалтаар хуульд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд л хасагдах зардалд тооцохоор байна. Хэрэв тайландаа дутуу, буруу тайлагнаж бодит бус үнэ хэрэглэж хасагдах зардлыг хэт өндөр, эсхүл хэт доогуур үнээр тогтоосон байх юм бол үүнийг татварын байгууллага хянан шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоон, жишиг үнийн аргаар татварын ногдлыг тодорхойлох[3](зөвхөн хасагдах зардлын тухайд) байжээ.

5.4.Иймд хариуцагч татварын улсын байцаагч Б.*******ын “Татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж тайлагнах үүрэгтэй. Үүний дагуу өөрсдөө тайлагначихсан татварын тайлан дээр бид нар шинжилгээ хийгээд зөрчил ногдуулсан.” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

6.Түүнчлэн нэхэмжлэгч талаас “Эрх зүйн нэг зөрчилд нэг удаа шийтгэл оногдуулах эрх зүйн зарчим байдаг. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд татвар төлөгч шийтгэлээ эдэлсэн. Зөвхөн нөхөн ногдуулалтын актаас гадна алданги тэр байтугай торгуулиа төлчихсөн.” гэж өөр нэг үндэслэлээр актыг эс зөвшөөрөн маргасан.

6.1.Хэргээс үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнаж, төлөх үүрэгтэй, аль нэгийг нь тайлагнаж төлснөөр нөгөө татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ТТ-02, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-3 тайланд тус тус хий бичилттэй төлбөрийн баримтаар хийсэн худалдан авалтыг хасагдах зардалд оруулан тайлагнасантай холбоотой зөрчлүүдэд хариуцагч татварын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт тавьжээ.

6.2.Нэхэмжлэгч талаас “*******” ХХК-ийн төлбөрийн баримт буюу ижил баримтаас шалтгаалан Нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан зөрчилд хариуцлага хүлээсэн учир дахин шийтгэл хүлээлгэн ёсгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайландаа “*******” ХХК-ийн бодит бус төлбөрийн баримтыг хасагдах зардлаар тусгасан зөрчил нь Аж ахуйн нэгжийн албан татварын тайланд мөн “*******”-ийн бодит бус төлбөрийн баримтаар зардлыг хассан буюу бууруулсан зөрчлийг үгүйсгэх үндэслэлийг бий болгохгүй.

7.Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хуульд үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хариуцагчдын нөхөн ногдуулалтын актын улмаас хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.1.29, 28 дугаар зүйлийн 28.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-аас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.*******, Ш.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн НА-******* дугаар актаар тогтоосон нийт 104,049,552.13 төгрөгийн төлбөрөөс 46,711,341.30 төгрөгийн төлбөрийг багасгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.УРАНГУА

 

 

[1] Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхэд маргаж буй үндэслэл нь зөвхөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан зөрчилд оногдуулсан төлбөрийн хэмжээг багасгахтай холбоотой байна.

[2] 5.3.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;

5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.

 

[3] татвар ногдох орлогыг мөн бодит бус үнэ хэрэглэж тодорхойлсон гэж үзвэл мөн жишиг үнийн аргаар тодорхойлно.