2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01398

 

2025          02          14                                    191/ШШ2025/01398                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ************, ************* тоот хаягт байрлах, “И.***************” ХХК /РД:********/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж*****-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “И.***************” ХХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

“Ц.О****** би “И.***************” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг ба манай компани орон сууцны барилга барих хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Иймээс би орон сууцны барилга барих зорилгоор 2022 оны 01 сарын 27-ны өдөр С.Ж*****-той “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр 2018 оны 02 сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн С.Ж*****-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ***********, ************ тоотод байрлах, ***** м2 талбай бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар, 15 жил эзэмшүүлэхээр олгосон, **** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү газрын эзэмших эрхийг 550,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохирч, гэрээ байгуулсан өдөр 50,000,000 төгрөг, харин үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. Иймээс би хэдийгээр Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг өөрийн нэрээр байгуулсан ч “И.***************” ХХК-ний үйл ажиллагаанд зориулан авсан тул 2022 оны 01 сарын 27-ны өдөр “И.***************” ХХК-ийн данснаас 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөрийг цар тахлын улмаас компанид үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас хугацаандаа төлж чадахгүй байсан. 

Харин 2022 оны 02 сарын 16-ны өдөр С.Ж*****-оос гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл ирсэн боловч өнөөдрийг хүртэл манай компаниас авсан 50,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул С.Ж*****-оос нэхэмжилж байгаа болно. Мөн Г.Г******* нь 2022 оны 07 сарын 04-ний өдөр 2022 оны 01 сарын 27-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний зүйл болох дээрх газрын төлбөрт 7,000,000 төгрөг төлөх шаардлагатай байна хэмээн 7000,000 төгрөг авсан.  

Анх С.Ж*****-той гэрээ байгуулах үед түүний ээжийнх нь дүү гэх Г.Г******* хамт ирсэн бөгөөд гэрээний нөхцлийн талаар түлхүү ярьж, дүүгийнхээ газрын эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдэхэд нь туслах гэж хамт ирсэнээ Ж*****-ы хажууд тайлбарлаж байсан. Иймээс би түүнд итгэсэн ба 2022 оны 01 сарын 27-ны өдөр С.Ж*****-той байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж ойлгосон. Гэвч би газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй байгаагаас гадна энэхүү газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах зорилгоор шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг С.Ж***** буцаан шилжүүлээгүй байна. Иймээс С.Ж*****-оос 50,000,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 сарын 18-ны өдөр 183/Ш32024/22251 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Уг захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч И.*************** ХХК нь хариуцагч С.Ж*****-ы хаягийг тодруулан, түүний оршин суугаа газрын шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эсхүл Иргэний хэрэг нгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүслэтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй” гэж заасан. Иймд И.*************** ХХК нь С.Ж*****-ыг эрэн сурвалжлуулж өгнө үү.” гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “И.***************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч С.Ж*****-ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №************** дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Нэгж талбарын ************ дугаартай кадастрын зураг, Иргэний газар эзэмших эрхийн ************* дугаартай гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ү-************* дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, С.Ж*****, Г.Х********** нарын иргэний үнэмлэх, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №********** дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, “Х*******” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2024/22251 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/04891 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн С.Ж*****-ы Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “И.***************” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн С.Ж*****-ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “И.***************” ХХК нь ***************, ************* тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ******** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.Ж*****-ы оршин суух хаяг тодорхойгүйн улмаас гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №**************** дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Нэгж талбарын ************** дугаартай кадастрын зураг, Иргэний газар эзэмших эрхийн *************** дугаартай гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ү-*************** дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №************ дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, “Х*******” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар С.Ж***** нь хүсэлт гаргагч “И.***************” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/04891 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн С.Ж*****-ы Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд болон С.Ж*****-ы иргэний үнэмлэхэд  тодорхойлсон ****************, ************** тоот хаягт С.Ж***** нь оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2024/22251 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, С.Ж*****-ы оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ****** овогт С.Ж***** /РД: **********/-ыг / эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.Ж*****-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “И.***************” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*****, утас: ********/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА