Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/760

 

 

 

     2023            7             26                                         2023/ДШМ/760

 

Ш.Ж -д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхбуян,

хохирогч З.Р-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

хохирогч Э.Г-ын түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

хохирогч “С” ХХК болон иргэний хариуцагч “УГ” ХХК- ийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Ш.Ж -, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Г-, хохирогч “С” ХХК болон иргэний хариуцагч “УГ” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Ш.Ж -, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ж -д холбогдох 2009001720235 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

Ш.Ж - нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УГ” ХХК-ийн охин компани болох “С” ХХК-ийн борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, компанийн хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авахыг үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэдэд ойлгуулж, хохирогч Д.Б -аас 14.881.000 төгрөгийг, Ж.Г -аас 20.000.000 төгрөгийг, Г.А -аас 8.000.000 төгрөгийг, Э.Г-аас 20.000.000 төгрөгийг, Т.Б -ээс 43.622.000 төгрөгийг, Т.Б -аас 147.365.000 төгрөгийг, З.Р-гаас 18.000.000 төгрөгийг тус тус С ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлдэг нутаг дэвсгэр болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Юү би Веста хотхоны... - байрны 1 давхарт байрлах борлуулалтын албаны өрөөнд байхдаа шилжүүлэн авч нийт 271.868.900 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

мөн “С” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллах дээрх цаг хугацаанд орон сууцны захиалгын гэрээг уг компани болон “НСО” ХХК-ийн нэрийг ашиглан иргэдтэй гэрээ хийж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын мөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг агуулж, итгэл төрүүлэх аргаар компанийн эзэмшлийн 2 байрны өмчлөлийг иргэн Т.Б -, Т.Б -нарт шилжүүлж 159.439.730 төгрөг, Д.Б -ын худалдан авсан байрны үлдэгдэл мөнгө болох 14.881.000 төгрөгийг залилан авч нийт 174.320.730 төгрөгийн хохирол “С” ХХК-д учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Ж -гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Ж -г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж -гаас нийт 270.868.900 /хоёр зуун далан сая, найман зуун жаран найман мянга, есөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч “С” ХХК-д 243.868.900 төгрөг, хохирогч Э.Г-ад 20.000.000 төгрөг, хохирогч Г.А -ад 7.000.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие С ХХК-ийн орон сууц худалдан борлуулах зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах ... -хотхонд очиж үзэхэд тухайн компанийн орон сууцны борлуулалтын ажилтан Ш.Ж - гэх хүн байсан ба тус хотхоны талаар асуухад худалдан авч болно гэсний улмаас тус хотхоны ... -тоот 26.66 мкв 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, гэрээ байгуулан урьдчилгаа 20.000.000 төгрөгийн төлбөрийг төлж, орон сууцандаа орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ. УГын захирал О нь Ш.Ж -г 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс бизнесийн борлуулалтын менежерээр, 2019 онд борлуулалтын ахлах мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан С ХХК-ийн барьсан орон сууцыг худалдан борлуулах ажлыг хийлгэж байсан нь хэрэгт авагсан баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “... гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хувь хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуулчилсан ба анхан шатны шүүх иргэний хариуцагчаар УГ-ыг тогтоосон байдаг. Гэвч шүүх Г- намайг орон сууц худалдан авах гэрээгээ анзааралгүй, илэрхий зөрүүтэй байхад гэрээ байгуулсан гэж дүгнэж, намайг давхар хохироож 6 жилийн ял авсан Ж -гаас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Миний бие Ш.Ж -тай хувийн журмаар буюу өөрийнх нь барьсан орон сууцыг худалдаж авч, тухайн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдраагүй. Харин тус компанийн барьсан орон сууцыг тус компаний борлуулагч Ш.Ж -гаар дамжуулан худалдан авч, гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрөө төлж, орон сууцандаа орсон болохоос биш Ж -гийн санаа зорилгыг мэдэх боломж надад байгаагүй. Мөн УГ болон түүний охин компани болох С ХХК нь өөрийн ажилтны үйл ажиллагаа болон үл хөдлөх хөрөнгийн гэрээ, хийж буй ажил болон тухайн орон сууцанд орсон иргэдийн төлбөр тооцоог хянах үүргээ биелүүлээгүйгээс өөрийн ажилтан Ш.Ж -д бусдыг залилах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Мөн Ш.Ж -гийн буруутай үйлдлын улмаас иргэнд учруулсан хохирлыг тухайн ажил олгогч компани хариуцахаар хуульчилсан байтал Ш.Ж -гаас хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг УГ ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч “С” ХХК болон иргэний хариуцагч “УГ” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор “... шүүгдэгч Ш.Ж -гаас 270.868.900 төгрөгийг гаргуулж хохирогч “С” ХХК-д 243.868.900 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь Ш.Ж - нь УГ ХХК-ны борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий “НСО” ХХК-ийн нэр дээр “СС” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороололд баригдсан ... -хотхоны ... -тоот, 70.51 мкв орон сууцыг Торгууд овогт Б -тай хуурамч орон сууц захиалгын гэрээ байгуулж, улмаар төлбөрийг “НСО” ХХК-ийн нэхэмжлэлээр хүлээн авч, тооцоо нийлсэн актыг Ш.Ж - нь өөрийн хамаарал бүхий “НСО” ХХК-иар хийж, уг баримтыг үндэслэж Улсын бүртгэлд Т.Б -гэгчийн нэр дээр ... -тоот, 70.51 мкв орон сууцны улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч, байгууллагыг залилсан. Мөн Торгууд овогт Б -тэй өөрийн хамаарал бүхий “НСО” ХХК-ийн нэр дээр “СС” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороололд баригдсан ... -хотхоны ... -тоот, 25.66 мкв орон сууцыг Торгууд овогтой Б -тэй хуурамч орон сууц захиалгын гэрээ байгуулж, улмаар төлбөрийг “НСО” ХХК-ны нэхэмжлэлээр хүлээн авсан, уг хуурамч орон сууц захиалгын гэрээ болон төлбөр төлсөн актыг Улсын бүртгэлд бүртгүүлж, Б -ийн нэр дээр ... -тоот, 25.66 мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч, “С” ХХК-ийг залилсан үйлдэл тогтоогдсон байдаг. ... Ш.Ж - өөрийн хамаарал бүхий “НСО” ХХК-ийг ашиглаж Т.Б -, Т.Б -нартай хуурамч орон сууц, захиалгын гэрээ байгуулж, тэдгээрт итгэл төрүүлэхийн тулд “НСО” ХХК-ийн нэр дээр төлбөр төлсөн баримт үйлдэх, тооцоо нийлсэн акт үйлдэх зэргээр итгэл төрүүлж мөнгийг нь авсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Ш.Ж - нь “НСО” ХХК-тай байгуулсан хуурамч орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, Улсын бүртгэлийн газар өгөх компанийн тодорхойлолтыг хуурамчаар хийж, “С” ХХК-ийн бланк, тамга тэмдгийг ашиглаж, “С” ХХК-ийн захирлын гарын үсгийг дуурайлган зурж, Улсын бүртгэлийн газар өгч Б -, Б -нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Энэ үйлдлээ шүүгдэгч Ш.Ж - нь өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээс тухайн байгууллагын хууль ёсны өмчлөлийн 2 орон сууцыг хохирогч байгууллага болох “СС” ХХК-д олгохоор шийдвэрлээгүйд гомдолтой байна. Хохирогчоор тогтоогдсон гэх Б -, Б - нар нь анхнаасаа Ж -д бэлнээр болон түүний хувийн харилцах данс руу мөнгө шилжүүлж, “НСО” гэдэг компанитай гэрээ байгуулж, “НСО” компанийн нэртэй нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт зэргийг авсан байдаг. Манай байгууллагын зүгээс төлбөрийг байгууллагын дансаар авдаг бөгөөд хувь хүний дансаар авах зохицуулалт байхгүй юм. Түүнчлэн тухайн үед ... -хотхоны орон сууцны 1 метр квадратын үнийг 1.990.000-2.090.000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. ... -хотхоны ... -тоотод байрлах 25.66 мкв бүхий 1 өрөө орон сууцыг 51.063.400 төгрөгөөр худалдан борлуулагдаж байсан. Гэтэл хохирогч Б - нь тухайн 1 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур буюу 1 мкв-ыг 1.700.000 төгрөгөөр тооцож 43.622..000 төгрөгөөр авсан байдаг.

Тухайн үед манай орон сууцны борлуулалтын үнэ нь нийтэд илэрхий хүн болгон мэдэж байсан. Хохирогч Б - нь 1 өрөө орон сууцны төлбөрийг төлөхдөө 10 сая төгрөгийг Ш.Ж -д бэлнээр өгсөн гэдэг. Гэтэл тухайн 10 сая төгрөгийг Б - нь өгөхдөө Ш.Ж -д 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг Ш.Ж -гийн хувийн харилцах данс руу бага багаар цувуулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч Б - нь борлуулалтын үнээс хямд байр авахын тулд Ш.Ж -гийн хувийн харилцах данс болон бэлнээр мөнгө өгсөн байдаг. Ж - нь мөнгө төлсөн баримтыг үйлдэхдээ “НСО” ХХК-ийн нэртэй тамга тэмдэгтэй баримтыг хохирогч Б -, Б -нарт өгсөн байдаг. Уг үндэслэлгүй хуурамч баримт болох “НСО” ХХК-ийн нэхэмжлэх, мөнгө төлсөн баримт, хуурамч “НСО” ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээ, “С” ХХК-ийн бланк, тамга тэмдгийг ашиглаж, хуурамчаар үйлдсэн байгууллагын тодорхойлолтыг үндэслэж Б -, Б -нарын нэр дээр манай байгууллагын 2 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байдаг.

Үүнээс үзэхэд Ш.Ж - нь “С” ХХК-ийн 2 орон сууцыг анхнаасаа залилж бусдад шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан нь харагдаж байгаа болно. Мөн хохирогчоор тогтоогдсон Г -а, Р- нартай манай компанийн зүгээс гэрээ байгуулаагүй бөгөөд Ш.Ж - нь хохирогч гэх Г -а, Р- нартай авто зогсоолын хуурамч гэрээ байгуулж, захирал болон нягтлан бодогчийн гарын үсгийг дуурайлган зурсан байдаг. Манай байгууллагын хувьд орон сууцны гэрээ болон авто зогсоолын гэрээ нь эхлээд санхүүгийн хэлтсээр ороод төлбөр төлсөн баримтаа аваад тухайн нягтлан бодогчийн гарын үсэг болон төлбөр төлсөн баримтаар баталгаажуулаад дараа нь хуулийн хэлтсээр орж хянагдаж гэрээний дугаар авна. Үүний дараа гүйцэтгэх захирал дээр орж танилцуулагдаж гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж албан ёсоор баталгаажуулдаг.

Гэтэл дээрх гэрээнүүдэд гэрээний дугаар авагдаагүй, санхүүгийн хэлтэс болон хуулийн хэлтсээр хянагдаагүй, Ш.Ж - нь Р- болон Г -атай байгуулсан гэрээ нь хуурамч гэрээ байдаг. Түүнчлэн Г -атай авто зогсоолын гэрээ байгуулсан гэх боловч Орон сууцны захиалгын гэрээ гэсэн нэртэй гэрээг хуурамчаар байгуулсан байдаг. Манай байгууллагаас дээрх Г -а, Р- гэдэг хүмүүстэй авто зогсоолын гэрээ байгуулж төлбөр авсан асуудал байдаггүй. Ш.Ж - нь Р- болон Г -а гэх хүмүүсийг залилж мөнгийг нь авч хувьдаа зарцуулсан байдаг. Гэтэл шүүхээс шүүгдэгч Ш.Ж -гийн уг хэргийн хохирогч Б -, Б -, Г -а, Р- нартай байгуулсан хуурамч гэрээг хууль ёсны гэрээ гэж үзсэнд гомдолтой байна. ... Иймд СС ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1- р хороололд баригдсан ... -хотхоны ... -тоот 70.51 мкв 3 өрөө, тус байрны ... тоотод байрлах 25.66 мкв бүхий 1 өрөө орон сууцыг “С” ХХК-д олгохоор, мөн Г -а, Р- нарт учирсан хохирлыг шүүгдэгч Ж -гаар төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Ж - гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2020 оноос эхлэн тус хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, өөрийн хийсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн оролцож байсан. Одоогийн байдлаар хохирогч Г.А -ад 7 сая төгрөг, хохирогч Э.Г-ад 20 сая төгрөгийг тус тус төлсөн бөгөөд хохирогч “С” ХХК-д учруулсан хохирол болох 243.868.900 төгрөгийг өөрийн төрсөн дүү болох Ш.З-ийн нэр дээр бүртгэлтэй “... -” ХХК-ийн хувьцааг бүрэн шилжүүлж,  мөн “С” ХХК-тай давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө харилцан тохиролцож, хохирол гомдлыг барагдуулах болно. ... хохирогч нарт сэтгэл санааны болон ажиллаж байсан байгууллагынхаа хүлээлгэсэн итгэлийг эвдэн их хэмжээний хохирол учруулсандаа туйлын их харамсаж гэмшиж байна. Миний бие эхнэр болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань бага насны 4 хүүхдээ асарч, би ганцаараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг. Сод-Монгол групп ХХК-ийн бөөний борлуулалтын менежер, “...” - ХХК-ийн ерөнхий менежер албан тушаалтайгаар тус тус ажилладаг. Миний хөдөлмөр эрхлэлтийн байдал, ар гэрийн байдал, хохирол гомдол, төлбөрийн төлөх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Миний бие сайн эцэг, халамжит хань, үнэн ч шударгаар хөдөлмөрлөж, улс эх орныхоо төлөө нийгэмдээ тустай хүн байх болно.” гэв

Шүүгдэгч Ш.Ж -гийн өмгөөлөгч С.Чинзориг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ш.Ж - нь анхнаасаа өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй, хохирогч нарын хохирол гомдлыг барагдуулах тал дээр хангалттүй ажилласан боловч энэ нь ковидоос шалтгаалсан, хилийн хаалттай байдлаас шалтгаалан бизнес хийх, ашиг олох, мөнгө босгох, боломж тун хомс байсан гэдгийг онцгой анхаарах нь зүйтэй. Гэсэн хэдий ч манай үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулах тал дээр маш сайн анхаарал тавьж ажилласны дагуу хохирогч А -а, Г- нарын хохирлыг бүрэн төлж, С ХХК-д учруулсан хохирол төлбөрийг гэрээ байгуулан эд хөрөнгө буюу Альфард маркийн автомашин 1 ширхэгийг 8 сая 500 мянган төгрөгт тооцон шилжүүлсэн, мөн тус компанид барилгын вакум цонх нийлүүлэх, хар цагаан замаск нийлүүлэхээр харилцан тохиролцож шүүх хуралдаанаас өмнө гэрээ байгуулан бүрэн төлж барагдуулахаар төлөвлөн ажиллаж байна. Иймд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж шийтгэж өгнө үү.” гэв.

Хохирогч З.Р- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би худалдан авсан авто зогсоолоо өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна. Өөр хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч З.Р-гийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирогч З.Р-тай холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч З.Р- нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-тай гэрээ байгуулж, 18.000.000 төгрөгийг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “С” ХХК-ийн захирал Одбаяр, ерөнхий нягтлан бодогч О- нартай авто зогсоол захиалгын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 3.2-т 18.000.000 төгрөгийг бүрэн төлсөн болохоо илэрхийлсэн. 2018 оны 9 дүгээр сард хохирогч З.Р- авто зогсоолыг авсан бөгөөд одоог хүртэл ашиглаж байна. Миний үйлчлүүлэгч З.Р- нь эхнэртэйгээ хамт гэртэй хувцас оёж, Хархорин зах дээр худалддаг учраас бараа, материалаа авто зогсоолдоо хийж хадгалдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын эх үүсвэртэй нь холбоотой асуудал юм. Хохирогч З.Р- нь худалдан авсан орон сууцныхаа доор байрладаг авто зогсоолыг худалдан авсан. 2018-2020 он хүртэл хоёр жилийн хугацаанд орон сууцны гэрчилгээ гаргуулах асуудлыг тухайн компанийн удирдлага буюу О- төлбөр төлсөн болохыг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, 2 жилийн хугацаанд энэ талаар ямар нэгэн асуудал үүсгэж байгаагүй. Гэтэл 2020 онд гэнэт мэдсэн мэтээр гомдол гаргасан. Мөн орон сууц өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулахаар иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл иргэний хэргийн шүүх хуралдаан болохын өмнө мөрдөгчөөс “иргэний хариуцагчаар татсантай холбогдуулж хэргийг Эрүүгийн журмаар шалгаж байгаа юм байна” гэж иргэний хэргийг хойшлуулсан. Гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар “С” ХХК-ийн удирдлагатай уулзахад маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Г-ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Э.Г- нь тухайн орон сууцандаа амьдрах хүсэлтэй байгаа. Иймд хохирлыг “УГ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна” гэв.

Прокурор Н.Энхбуян тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Ж.Г-, З.Р- нар нь авто зогсоол худалдан авах гэрээг, хохирогч Д.Б -, Т.Б -, Т.Б -нар нь орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээг “С” ХХК-тай тус тус байгуулсан. Анхан шатны шүүхээс “С” ХХК-д 243.868.900 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Ш.Ж -гаас “хохирол, төлбөрийг төлж барагдуулахын тулд ажиллаж байгаа тул хорих ялын хугацааг багасгаж өгнө үү” гэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Иймд шүүгдэгч Ш.Ж -д анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Мөн анхан шатны шүүхээс Т.Б -, Т.Б - нарын тухайн орон сууцыг худалдан авсан үнээр “С” ХХК-д учирсан хохирлыг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Ш.Ж - нь “С” ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа “С” ХХК-ийн нэрээр байгуулсан гэрээгээр хохирогч нараас мөнгө авсан. Өөрөөр хэлбэл, “С” ХХК-д хохирол учирсан тул тухайн 2 орон сууцыг компанид шилжүүлэн өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ш.Ж - нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УГ” ХХК-ийн охин компани болох “С” ХХК-ийн борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд орон сууц цахиалах болон, авто зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус байгуулж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан иргэдээс төлөх төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авахыг ойлгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Б -, Ж.Г -, Г.А -а, Э.Г-, Т.Б -, Т.Б -, З.Р- нараас нийт 271.868.900 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан,

мөн борлуулалтын менежерээр ажиллах дээрх цаг хугацаанд “С” ХХК болон “НСО” ХХК-ийн нэрийг ашиглан иргэдтэй орон сууцны захиалгын гэрээг хийж, тус компанийн эзэмшлийн 2 байрны өмчлөлийг иргэн Т.Б -, Т.Б -нарт шилжүүлж 159.439.730 төгрөг, Д.Б -ын худалдан авсан байрны үлдэгдэл төлбөр 14.881.000 төгрөгийг залилан авч, нийт 174.320.730 төгрөгийн хохирол “С” ХХК-д учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоодож байна.

Хохирогч Д.Б -, Ж.Г -, Г.А -а, Э.Г-, Т.Б -, Т.Б -, З.Р- нар нь шүүгдэгч Ш.Ж -д мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Г.А -ы “... “С" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “...” хотхонд орон сууц худалдаж байгаа талаарх зар байршуулсан байсан. Тэгээд зарын самбар дээр байсан утас руу нь залгаад асуухад уг байрныхаа 1 давхарт оффисын байр нь байгаа гэж хэлсэн. Ингээд ороод уулзах үед борлуулалтын албаны ажилтан Ж - гэдэг залуу 2 хүний хамт сууж байсан. Ингээд Ж -гаас байрны мэдээлэл авсан. Энэ үед 11 давхарт 1 өрөө байр байна гэж хэлээд бид хоёр ярилцсан бөгөөд надад байраа үзүүлэн төлбөрийн нөхцөлийг тайлбарлан өгч ярилцсан. Ингээд Ж - нь урьдчилгаа төлбөрийг 2-3 хуваан өгч болно, үлдсэн төлбөрт 8 хувийн нөхцөлөөр зээлд хамруулан өгөх боломжтой. Мөнгө чинь бэлэн бол одоо ч гэсэн байрандаа орж болно гэж таатай нөхцөл хэлсэн. Ингээд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн уулзсан өдрөө АТМ-ээс мөнгө авч өөрт байсан мөнгөө нэмээд 8 сая төгрөгийг борлуулалтын албаны өрөөнд Ж -д хүлээлгэн өгсөн. Энэ үед эрэгтэй, эмэгтэй хоёр ажилтан нь байсан юм. Ингээд Ж - нь намайг ... -тоотод оруулан байраа хүлээлгэн өгсөн. Тэгтэл Ж - нь миний урьдчилгаа болгон өгсөн мөнгийг цаад байгууллагадаа тушаагаагүй бөгөөд энэ талаар “С" ХХК нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Ингээд бид “С” ХХК-ийн шахалтаар байрнаасаа гарсан учир хохироод байна. Тухайн үед “...” хотхоны борлуулалтын менежер ажилтай байсан, бүх зүйлийг энэ хүн мэдэж байсан тул би итгээд өгсөн юм. Тэрнээс уг байгууллагын ажилтан биш байсан бол яасан гэж өгөх вэ дээ. Тэгээд ч уг барилгынхаа 1 давхарт борлуулалтын албаны оффисын өрөөндөө Ж - бас 2 ажилтны хамт сууж байсан тул энэ хүн борлуулах эрхтэй юм байна гэж итгэл төрсөн юм. Мөн уг байранд ороод 1 жил гаран амьдарч байх хугацаанд С ХХК-ийг төлөөлөн Ж -гаас өөр хэн ч ирж уулзаагүй. Гэтэл өнөөдөр Ж -гаасаа мөнгөө ав гэж хэлж байгаа нь шударга бус гэж үзэж байна. “С” ХХК нь Ж - гэдэг хүнд орон сууцаа борлуулах эрх өгөөгүй байсан бол бид энэ хүнд мөнгө өгч хохирохгүй байсан Байрны урьдчилгаанд төлсөн 8 сая төгрөгийн хохирол учраад байна Мөн уг байранд 1 жилийн хугацаанд амьдарсан. Гэтэл нэг өдөр С ХХК-ийн ажилтан нар орж ирсэн. Урьд нэг ч удаа орж ирж байгаагүй. Ингээд олон удаа шаардсан тул бид нар байрыг нь чөлөөлөн өгөхөөс өөр аргагүй болсон. Тэр цаг хугацаанаас хойш түрээсийн хотхоны 34 тоот байранд сарын 500.000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Жилийн төлбөр нь 6 сая төгрөг болж байна. Бид нар энэ мөнгийг байрныхаа төлбөрт нэмж төлсөн байсан бол нэмж хохирол учрахгүй байсан. Мөн эхлээд гарах үедээ хашаа, байшин 7 сарын хугацаанд сарын 200.000 төгрөгөөр түрээсэлсэн түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг болж байна. Хугацааг нь бол санахгүй байна, өмнө олон удаа мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэгт хугацааны талаар хэлсэн. Харин мөнгөө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “...” хотхоны 57 А байрны 1 давхарт байрлаж байсан борлуулалтын албаны өрөөнд Ш.Ж -д бэлнээр өгсөн..." /2хх204, Зхх171, 4хх109/,

хохирогч Ж.Г -ы “...Миний бие 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1 дүгээр хороолол Москва гудамж “...” хотхоны ... -тоот байрыг худалдан авсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган өгсөн. Энэ худалдан авах ажиллагааг “С” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Ж -тай хийсэн. Мөн үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээг Ж - гарган өгсөн. Ингээд удалгүй Ж - нь та граж худалдан авахгүй юм уу гэж асуусан учир би худалдан авахыг зөвшөөрсөн. Ингээд худалдан авахаар болоход Ж - нь данс өгсөн бөгөөд би байгууллагад тушаана гэж хэлсэн. Тийм учир би Ж -гийн данс руу шилжүүлсэн. Гэтэл Ж - нь гражийн 20 сая төгрөгийг дансаараа авсан боловч байгууллагадаа тушаагаагүй байсан талаар сүүлд мөнгө өгснөөс хойш жилийн дараа мэдсэн юм. Ж - нь борлуулалтын албаны бүх ажпыг хариуцдаг байсан Мөн миний худалдан авсан байрны гэрчилгээг хүртэл гарган өгсөн учир би итгэж энэ хүнд мөнгө өгсөн. Ж - өөрөө надад байгууллагад тушаана гэж хэлсэн. Ж -тай граж худалдан авахдаа төлбөрийн нөхцөлийг тохирсон бөгөөд 14.500.000 төгрөгг Приус авто машин өгөөд үлдсэн мөнгийг төлөхөөр болсон. Ингээд 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд Ж - энэ мөнгийг авахдаа борлуулалтын ажлын өрөөндөө байсан бөгөөд тэнд байсан хүмүүс буюу ажилтан нартаа цалинг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би болдог юм байна л гэж бодсон. Үлдсэн төлбөрийг дансаар шилжүүлсэн. Ер нь бол “... -” хотхонд борлуулагч Ж -гаас өөр мэдэх хүн байдаггүй байсан. Бүх л зүйлийг Ж - хариуцдаг байсан. Тийм учир энэ хүнд өгөхөд ямар ч асуудал байхгүй гэж бодсон Тэрнээс борлуулагч биш өөр хүнд өгөхгүй байсан. Мөн Ж -гийн ажилд хяналт тавьдаг гээд өөр хүн хамт ажилладаг байсан бол өгөхгүй байх байсан. Гэтэл Ж -гаас өөр хариуцан ажиллаж байгаа хүн байдаггүй байсан. Надад 20 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ мөнгийг би Ж -д итгэмжлэл өгсөн “С” ХХК-аас нэхэмжлэх хүсэлтэй байна Эсхүл гражийн гэрчилгээг гаргуулан авах хүсэлтэй байна. Одоо би гражаа ашиглаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ямар ч асуудал гаргахгүй байх гээд граж авах саналыг зөвшөөрсөн Граж худалдан авах болж гражийн төлбөрт гаалиар шинээр орж ирсэн Приус-20 маркийн машиныг 14.500.000 төгрөгт бодож Ш.Ж -д Баянзүрх дүүрэг 13 дугаар хороололд байх Нотариатын газарт очин гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Үлдсэн 5.500.000 төгрөгийг худалдан авсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо ... -тоот гэрээсээ Ш.Ж -гийн данс руу шилжүүлсэн...” /2хх 207, 4хх 105/,

хохирогч З.Р-гийн “.. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо ... хороолол ... байрны ... тоот байрыг худалдан авсан. Мөн уг байрнаас авто машины зогсоол худалдан авсан. Ингээд авто зогсоолын төлбөр 13.000.000 төгрөгийг “С" ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 55-2018-СОМ тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт захиалагч нь энэхүү гэрээний төлбөр тооцоог 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 100% төлж дуусгасан гэж заасан бөгөөд энэ гэрээг “С” ХХК-ны захирал О, нягтлан бодогч О- нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээ байгуулах үед төлбөр дууссан байсан. Орон сууц авахдаа төлбөрийн мөнгийг төлсөн байсан. Уг зогсоолыг одоо хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Мөн СӨХ-ийн төлбөрийг төлж байгаа. Одоо 18 м.кв 5 тоотод байрлах авто машины зогсоолын үл хөдпөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Байрны төлбөрөө ипотекийн зээлээр шууд “С” компанид төлсөн. Тэр үедээ авто машины зогсоолын төлбөрөө С ХХК-ийн борлуулалтын ажилтан Ш.Ж - гэдэг хүнд өгсөн. Нэмж хэлэхэд Ж -д өгсөн гэдгийг захирал Одбаяр, О- нар мэдсэн бөгөөд сүүлийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 55-2018-СОМ тоот гэрээг байгуулсан. Зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна...” /Зхх164/,

хохирогч Д.Б -ын “... “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “...” хотхоны ... - тоот орон сууцыг худалдан авсан. Байрны төлбөрийг борлуулалтын албаны ажилтан Ж - гэдэг хүнд дансаар шилжүүлэн өгч байсан. Ингээд төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба Ж - нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн. Миний зүгээс байрны үндсэн эзэмшигч болсон. Гэтэл Ж - нь байрны төлбөрөөс цаад “С” ХХК-даа 14.881.000 төгрөгийг төлөөгүй, дундаас нь авсан байсан. Өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Надад бол учирсан хохирол байхгүй. Учир нь борлуулалтын албаны ажилтан Ж -д байрны төлбөрийг бүрэн төлж үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан авч одоо уг байрандаа амьдарч байна. “С” компанийн зүгээс Ж -гийн байгууллагадаа тушаагаагүй мөнгөний асуудлыг өөрсдөө учраа олох ёстой гэж үзэж байна...” гэсэн /2хх216/, мөн түүний эхний мэдүүлэгт “...Ш.Ж - гэх борлуулалтын менежер байсан. Түүнтэй анх уулзаж уг байрыг худалдан авсан. Үлдэгдэл 50 хувийн төлбөрөөс зарим хэсгийг нь түүний данс руу шилжүүлдэг байсан. Анх бид компанийн дансанд мөнгөө шилжүүлдэг байсан ч Ж - нь компанид мөнгө хэрэг болоод байна, тиймээс төлбөрөө яаралтай миний ... -тоот данс руу шилжүүлэх боломжтой юу гэж асууж байсан. Нийт төлбөрөө төлөөд уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй байхгүй, уг мөнгийг компани нь Ж -гаас нэхэмжлэх байх ...” /1хх39/,

хохирогч Э.Г-ын “... би өмнө гэрч болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэхэд “С" ХХК-ийн борлуулалтын ажилтнаас орон сууц худалдан авсан. Төлбөрийн нөхцөлийг Ж - борлуулагчтай ярилцсан бөгөөд байрны урьдчилаа төлбөр 20 сая төгрөг төлчих гэсэн. Ингээд борлуулалтын албаны ажилтан Ж -гийн данс руу мөнгөө шилжүүлсэн. Ж - нь “манай байгууллага татварын асуудалтай байгаа тул надад өгчих өө би цаашаа байгууллагад өгнө гэж” хэлсэн. Тийм учраас би байгууллагын ажилтан нь юм чинь болох юм байна гэж бодоод өгсөн юм Гэтэл Ж - нь миний урьдчилгаа болгож өгсөн 20 сая төгрөгийг байгууллагадаа өгөөгүй байсан...одоо С ХХК-аас гэрчилгээгээ гаргуулан, үргэлжлүүлэн ипотекийн зээл хөөцөлдөн байрандаа оршин суух хүсэлтэй байгаа. С ХХК нь Ж - гэдэг хүнд итгэмжлэл өгч борлуулалтын албаны ажилтан болгосон тэр хүн нь дундаас нь мөнгө идсэн асуудалд иргэн хохирох учиргүй байгууллага төлөх ёстой гэж үзэж байна ...” /2хх209/,

хохирогч Т.Б -ын “... би С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “...” хотхоны ... -тоот 3 өрөө байрыг худалдан авсан. Анх уг байрыг худалдан авах талаар бодоогүй байсан бөгөөд зүгээр үзэж байсан Үзэж байгаад борлуулалтын албаны ажилтан Ж - гэдэг залуутай уулзсан. Ингээд тухайн үед би ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байна. Танай компанитай төлбөрийн нөхцөл тохироод авч болох уу гэж асуухад болно, та байрны урьдчилгаа 30-40 сая төгрөг өгч үлдсэн төлбөрт нь компанитай төлөх нөхцөлөө тохирч болно гэж ярилцсан. Хэсэг хугацааны дараа Ж - өөрөө залгаад байраа авах уу гэж асуусан. Ингээд ярилцаж байгаад урьдчилгаа 30 сая төгрөг өгсөн. Үүний дараа үлдсэн төлбөрөө хуваан төлж барагдуулсан. Эхлээд мөнгө өгөөд тэгээд үлдсэн төлбөрөө хэсэгчлэн төлөх талаар ярилцсан. Ингээд би мөнгө өгөх болгондоо Ж -тай уулздаг байсан бөгөөд төлбөр төлсөн талаар баримт авдаг байсан юм. Би хоёр ч удаа Ж -гийн ажлын байр буюу борлуулалтын албаны өрөөнд орж өгч байсан. Намайг ороход 2-3 хүн суудаг байсан. Тэдгээр нь мөн л борлуулалтын албаны ажилтан гээд л хүмүүс байдаг байсан юм. Орон сууц захиалгын гэрээ байгуулсан, төлбөрийг Ж - над руу шилжүүлчих би өөрөө дамжуулан өгнө, би худалдан борлуулж байгаа юм чинь надад өгч болно би компанитайгаа тооцоо хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд өгөхгүй компанид чинь өгнө гэж хэлж чаддаггүй юм байна лээ. Мөн тэр хүн чинь компанийг төлөөлөн ажиллаж байгаа учраас итгээд өгдөг юм байна лээ. Би сүүлийн төлбөрөө уул компанид нь өгнө гэж бодсон бөгөөд компани руу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн авсан. Тэгээд компани чинь хаана байдаг юм бэ, байр авсан төлбөрийн үлдэгдэл төлбөрөө хийх гэсэн юм аа гэж асуусан. Тэгтэл компанийн үндсэн байраа зааж өгдөггүй юм байна лээ. Тэгээд эргээд Ж - над руу залгаад нөгөө л Ж -тай уулзахаар болсон. Ингээд би Ж -д үлдсэн төлбөрөө төлсөн. Харин уг байрны эзэмшлийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэрчилгээг Ж - гарган өгсөн. Миний хувьд илүү төлөлт хийсэн байна, учир нь “С” ХХК-ны зүгээс хуулийн зөвлөх өөр хүмүүс хяналт шалгалт хийж яваа гэсэн бөгөөд манайхыг төлбөр төлөөгүй гэж хэлсэн Тийм учир манай эгч Б - борлуулалтын албаны хүмүүстэй уулзсан. Тэгээд төлбөр төлсөн талаарх мэдээлэл нь компьютерт нь байсан бөгөөд байрны үнийг нь харсан чинь 120 сая төгрөгийн үнэтэй байр байсан юм байна лээ. Тийм учир би уг байрыг 147.365.900 төгрөгийг төлж авсан. Гэтэл 120 сая төгрөгийн үнэтэй байрыг 147 саяар авсан байна. Иймд 27.365.900 төгрөгийг төлсөн байгаа учир би илүү мөнгө төлсөн. Нэмж хэлэхэд “С” ХХК нь ямар ч хяналт байхгүй бөгөөд байранд нь хүмүүс ороод байхад мөнгө нь хаашаа оров, яагаад хүн ороод байна вэ гэдгийг хяналт тавиагүй байгаа нь өнөөдөр ийм байдалд хүрэх нөхцөлд хүргэсэн байна. Тийм учир энэ нь компанийн буруу гэж үзэхээр байна. Би мөнгөө одоо худалдан авсан байгаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “...” хотхоны... - байранд байхдаа борлуулалтын албаны өрөө 1 давхарт байрладаг байсан өрөөнд өгч байсан. Өмнө нь энэ талаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Хугацааны хувьд яг хэлж мэдэхгүй байна. Хамгийн сүүлд өгсөн 60 гаран сая төгрөг 65 сая байна уу даа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “...” хотхоны... - байрны урд талд төв зам дагуу байдаг Хаан банкин дээр очоод Ш.Ж -гийн данс руу шилжүүлэн өгсөн. Би уг мөнгийг өгөх явцдаа 6 сая биш 60 гаран сая учраас С ХХК-ийн төв оффис дээр нь өгөх бодолтой байсан бөгөөд “...” хотхоны... - байран дээр байсан борлуулалтын албаны ажилтан нараас танай оффис хаана байдаг юм бэ гэж асуухад надад хэн ч хэлээгүй. Ингээд надад хэлж өгөхгүй байсан учир “С” ХХК-ийн борлуулалтын алба гэсэн утсыг олж аваад нэг дугаар руу залгах үед нэг эмэгтэй авсан бөгөөд “С” ХХК-ийн төв оффис хаана байдаг талаар асуухад хэлж өгөхгүй байсан. Ингээд удаагүй Ш.Ж - над руу ярьсан. Ш.Ж -гаас өөр надтай “С” ХХК-ийг төлөөлж харилцах хүн огт байгаагүй юм” /2хх220, 4хх111/,

хохирогч Т.Б -ийн “... Миний бие “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “...” хотхоны... - байрнаас ... -тоот 1 өрөө орон сууцыг 43.622.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан мөнгийг “С” ХХКийн борлуулалтын албаны ажилтан Ш.Ж -д төлсөн, хэсэгчилсэн байдлаар төлөөд төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Ингээд Ш.Ж - нь манай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн. Миний зүгээс уг байрны албан ёсны өмчлөгч болж 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ү2201057251 дугаартай гэрчилгээ гарсан. Манай дүү Б -нь мөн байр авсан бөгөөд тэгээд би байр үзэхээр болсон юм. Тэгээд борлуулалтын албаны ажилтан Ж -тай уулзахад надад байр үзүүлэн сонголт хийлгэсэн Ингээд би байр худалдан авахаар болсон бөгөөд Ж -гаас бэлэн мөнгөөр авах юм бол хэдий хугацаанд гэрчилгээ нь гарах вэ гэж асуухад нээх удахгүй гэсэн. Тэгэхээр нь би танай дарга зөвшөөрөх юм бол авна гэж хэлсэн. Ингээд би байрны урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн бөгөөд удалгүй Ж - нь манай дарга зөвшөөрч байна гэж хэлсэн. Тэгээд энэ ондоо төлбөрийн мөнгө өгөх юм бол хурдан гарна гэж байна гэж хэлсэн. Тийм учир би ондоо багтаан төлбөрөө төлсөн. Тухайн үед Ж - нь би борлуулалтын албаны ажилтан байгаа юм бүх юм надаар дамжиж байгаа гэж хэлсэн учир би итгэсэн. Би төлбөрөө төлсний дараа Ж -г асуухад өөр газар ажилтай байгаа гэх мэтээр хэлдэг байсан бөгөөд би Ж -д хариу өгье гэдэг, удалгүй Ж - ярьдаг байсан. Тэгээд гэрчилгээ юу болж байгаа талаар асуухад удахгүй гэдэг байсан юм. Ер нь бол “С” ХХК нь Ж -гүй юм байдаггүй байсан. Бүх л зүйлд Ж - явдаг байсан. Тэгээд байр хүлээн авахад СӨХ-ийн ажилтан хүртэл байр хүлээлгэн өгч байсан. Тийм учир итгэхгүй байхын аргагүй байсан юм. ” /2хх218/,

хохирогч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ын “... 2019 онд би УГ-ын дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд мэдээллээр гэнэтийн шалгалт оруулсан бөгөөд шалгалтын явцад Ш.Ж нь манай байгууллагад ажилд ороод 25, 26 хоногийн дараа Б -гэдэг хүнээс 40.000.000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авсан байсан нь тогтоогдсон Үүнтэй холбогдуулан дахин шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд дахин зөрчил илэрсэн Энэ , шалгалтаар одоо үүсээд байгаа асуудал гарч ирсэн. Ш.Ж - бол бүх үйлдлээ хүлээн зөвшөөрдөг юм. Манай аудитын газарт бүх тайлбараа бичиж өгсөн. Манай байгууллагад нийт 213.310.300 төгрөгийн хохирол учраад байна. Үүнд Г.Б -ын орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 14.881.00 төгрөг, Б -ын 147.365.900 төгрөг, Б -ийн нэг өрөө байрны 51.063.400 төгрөгийн хохирол учраад байна. Тухайн үед 1м2 нь байршил болон давхраасаа шалтгаалан 1.990.000-2.090.000 төгрөгийн үнээр зарагдаж байсан бөгөөд одоо нэхэмжилж байгаа Б -ын ... -тоотыг 2.090.000 төгрөгөөр 70.51 м2 3 өрөө нь 147.365.900 төгрөг, ... -тоот 1 өрөө 25.66м2 байрыг 1.990.000 төгрөгөөр, Б -ийн байрыг 51.063.400 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Нийт 213.310.000 төгрөгийн хохирол учраад байна. Л.Б -ын гэрээ албан ёсны бүртгэлтэй харин Т.Б -, Т.Б - нарын гэрчилгээ бүртгэлгүй байсан бөгөөд “НСО” ХХК гэсэн нэрээр гэрээ байгуулсан байсан. Гэхдээ Т.Б -, Т.Б - нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн байсан. Л.Б -ын хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган өгсөн албан ёсны байгуулсан гэрээтэй харин үлдэгдэл төлбөр л байсан. Манай байгууллагын зүгээс Т.Б -, Т.Б - нараас байраа нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Учир нь эдгээр хохирогч нар нь манай байгууллагатай албан ёсны гэрээ байгуулаагүй шударга бус өмчлөгч нар юм ...” /Зхх169/ гэсэн мэдүүлгүүд нь:

гэрч Б.М-ын “... “С” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг юм. 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 84 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулан худалдан борлуулж эхэлсэн юм. Ингээд 2018 оны 3 дугаар сараас эхлэн Ш.Ж - нь борлуулалтын ажилтнаар манай байгууллагад ажилд орж, орон сууц борлуулах ажиллагааг хариуцан ажиллаж эхэлсэн. Ж - ажиллаж байх хугацаандаа уг 84 айлын орон сууцнаас борлуулсан бөгөөд борлуулалтын мөнгөнөөс өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авч завшсан үйлдэл тогтоогдож байгаа юм. Борлуулалтын ажилтан Ш.Ж - нь борлуулалтын гэрээг өөрөө боловсруулан “С” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр гэрээгээ хянуулдаг. Гэрээг болж байна гэж үзсэн тохиолдолд санхүүгийн албан дээр очин гэрээн дээр гарын үсэг зуруулдаг. Үүний дараа гүйцэтгэх захиралд хянуулан гарын үсэг зуруулан эргээд хуулийн хэлтэс дээр ирж гэрээний дугаар авч гэрээгээ бүртгүүлдэг юм. Ингээд гэрээгээ бичиг хэргийн ажилтан дээр очиж тамгалуулан гэрээ хүчин төгөлдөр болно. Гэтэл Ш.Ж - яасан гэхээр борлуулалтын гэрээг өөрөө хийсэн бөгөөд хуулийн хэлтсээр хянуулалгүй шууд санхүү рүү орж гарын үсэг зуруулан цаашаа гүйцэтгэх захирал дээр орж гарын үсэг зуруулсан бөгөөд эргээд хуулийн хэлтэс дээр ирж гэрээг бүртгүүлэн дугаар авах ёстой байтал гэрээгээ бүртгүүлээгүй өөрөө дур мэдэн дугаар олгосон бөгөөд тэгээд бичиг хэрэг дээр очиж тамгалуулан худалдан авагчид өгсөн байсан юм. Одоо “С” ХХК-д Г-, Р- нарт борлуулсан авто зогсоолын гэрээ бүртгэлгуй байгаа. Харин хуурамч гэж үзэх гэрээ нь худалдан авагч талд байгаа юм. С ХХК нь УГ ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд /охин компани/ бөгөөд Ш.Ж -гийн хөдөлмөрийн гэрээ нь УГ ХХК-д байгаа бөгөөд хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй юм...” /1хх33-34/,

гэрч Б.О-ийн “... С ХХК-д нягтлан бодогчоор 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Орон сууц худалдан борлуулах үед төлбөрийг бэлэн бусаар компанийн дансаар шилжүүлэн авах ёстой байдаг. Эхлээд борлуулалтын албанаас санхүүгийн хэлтсийн холбогдох хүмүүст албан хүсэлт ирдэг бөгөөд харилцагч болгон дээр тооцооны хуудас байдаг. Төлбөрийн мөнгийг нөхөн төлсөн талаар санхүүгийн тооцооны хуудсыг хэвлэн авч гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулан борлуулалтын хэлтэст өгдөг. Хэлтэс үүнийг үндэслэн дараа дараагийн шатны ажлыг гүйцэтгэн явдаг юм. Ш.Ж -гийн хувьд бид нараас ямар ч албан бичиг аваагүй, борлуулалтын албанаас уг хоёр тоот байрны төлбөр төлөгдсөн эсэх талаарх лавлагаа авахаар хандсан зүйл байхгүй. Хэрхэн ямар бичиг баримт бүрдүүлэн гэрчилгээг гаргасан талаар мэдэхгүй байна. Санхүүгийн хэлтсээс албанаас тооцооны хуудас гарган өгөх бөгөөд энэ хүн төлбөр нь төлөгдсөн эсэх талаарх мэдээлэл гарч ирдэг юм. Тооцооны хуудас дээр хариуцаж байгаа нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн хэлтсээс баталгаажуулсан тамга дарах бөгөөд энэ баримтыг үндэслэн дараагийн шат дамжлага эхэлнэ. Ш.Ж -гийн хувьд уг хоёр тоот байрыг шилжүүлэн өгөхдөө санхүүгийн хэлтсээс ямар ч бичиг баримт гаргуулан аваагүй. Аудитын дүгнэлт гарсан. Миний мэдэх зүйл бол хоёр тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан өгөхдөө санхүүгийн хэлтсээс ямар нэг баримт бичиг гаргуулан аваагүй гэдгийг хэлэх байна...” /1хх241/,

гэрч О.О-ын “... Миний бие УГ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 02 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. УГ ХХК нь доороо олон охин компанитай бөгөөд тэрний нэг нь “С" ХХК байгаа юм. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нь охин компанийнхаа захирлыг давхар хийж байсан учраас яг хэзээнээс эхлэн “С” ХХК-ийн захирлын албан тушаалд ажиллаж байсан талаар сайн санахгүй байна. 2017 оны 02 сард УГийн захирал болох үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа В хотхоны гадна пасад болон заслын ажил хийгдэж байсан. Үүний дараагаар ашиглалтад орсон юм. 2019 оны 11 сард би өөрийн биеэр санхүү бүртгэлийн албанд борлуулалтын хөрөнгүүдийг тоолох үүрэг өгч ажлын хэсэг гарган 12 сард ажиллуулсан. Тус ажлын хэсгийн тооллогоор 2 граж, 1 байрны асуудал гарч ирсэн. Ингээд Ш.Ж - нь байр худалдан борлуулах нэрээр байгууллагын хөрөнгүүдийг завшсан асуудал гарч ирсэн. Тэрнээс өмнө энэ асуудпыг огт мэдээгүй байсан Саяны үзүүлсэн гэрээнд дээр байгаа Од гэсэн нэрийн доор байгаа гарын үсэг нүдээр харахад минийх байх магадлалтай харагдаж байна. Үүнд тайлбар хийхэд УГ ХХК-ийн охин болон хараат 12 компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг энэ үед өдөр тутам тус компаниудтай холбоотой албан бичиг, гэрээ, тайлан гэх мэт асар олон зүйл дээр гарын үсэг зурдаг юм. Ийм учраас зарим нэг гэрээнд гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй юм Надаар гарын үсэг зуруулахаас өмнө хуулийн алба, санхүүгийн алба, борлуулалтын албаар тухайн гэрээ баталгаажин орж ирдэг учраас тэр болгон шалгаад байхгүй. Бусад албаны ажилтан нарт итгэж гарын үсэг зурах үе байдаг юм. Гэрээнд гарын үсэг зурахдаа би голчлон мөнгөн дүн, хүлээн авах дансны дугаарыг л хардаг. Компанийн данс мөн эсэхийг өдөр тутмын үйл ажиллагаанд нь борлуулалтын албаны дарга нь хариуцах ёстой..." /1хх242-243/,

“НСО” ХХК, Э.Г-тай нарын хооронд хийсэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууцны захиалгын гэрээ”, Э.Г-аас “2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1.700.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.700.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөгийг Ш.Ж -гийн ... -дугаарын дансанд шилжүүлсэн” Хаан банкны дансны хуулга, орон сууцны захиалгын төлбөрт 20.000.000 төгрөгийг бэлнээр болон Ж -гийн ... -дугаарын дансанд шилжүүлсэн талаарх гар тэмдэглэл, кассын орлогын баримт /1хх 61-66/,

“С” ХХК, З.Р- нарын хооронд хийсэн “Авто зогсоол захиалгын гэрээ”, З.Р-аас 18.000.000 төгрөгийг Ш.Ж -гийн ... -дугаартай дансанд шилжүүлсэн баримтын хуулбар хувь /1хх 69-74/,

“С” ХХК, Ж.Г нарын хооронд хийсэн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалга, авто зогсоолын гэрээ”, Ж.Г -аас “2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-нд 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг Ш.Ж -гийн ... -дугаарын дансанд шилжүүлсэн” Хаан банкны дансны хуулга /1хх 77-88/,

“НСО” ХХК, Т.Б -нарын хоород хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, Т.Б -аас “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 22.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18.000.000 төгрөг төлсөн” кассын орлогын баримт, “2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 40.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 67.365.900 төгрөгийг Ш.Ж -гийн ... -дугаарын дансанд шилжүүлсэн” Хаан банкны дансны хуулга, “147.365.900 төгрөгийг төлж барагдуулсан” тооцоо нийлсэн акт, орон сууц хүлээлцсэн акт, /1хх 102-103, 104-108, 152/,

“С” ХХК, Д.Б - нарын хооронд хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний хуулбар, /1хх 248, 2хх 2/,

Т.Б -ээс “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг,  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 33.622.000 төгрөгийг Ш.Ж -гийн ... -дугаарын дансанд шилжүүлсэн” Хаан банкны дансны хуулга, орон сууц хүлээлцсэн акт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,  /1хх 113-114, 173/,  

З.Р-гаас “2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 18.000.000 төгрөгийг  Ш.Ж -гийн ... -дугаарын дансанд шилжүүлсэн” Хаан банкны дансны хуулга /1хх 166/,

“Дамно” Хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-22-381 дугаартай үнэлгээний тайлан /3хх 183-199, 4хх 112-125/,

            УГ ХХК нь Ш.Ж -г 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх 13-18/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ш.Ж -г зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

             Хохирогч Э.Г-аас “ ... учирсан хохирлыг “УГ” ХХК-иас гаргуулах ... ”, хохирогч “С” ХХК болон иргэний хариуцагч “УГ” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “... Ш.Ж -гийн хохирогч нартай байгуулсан хуурамч гэрээг хууль ёсны гэрээ гэж үзсэнд гомдолтой байна ...  “СС” ХХК-ийн өмчлөлийн хоёр орон сууцыг “С” ХХК-д олгож, Ж.Г -а, З.Р- нарт учирсан хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх ... ”, шүүгдэгч Ш.Ж -, түүний өмгөөлөгч С.Чинзориг нараас “... ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгөхийг” хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Ш.Ж -гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

          Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Ш.Ж -гийн урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тус шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч Г.А -ад 6.900.000 төгрөг, хохирогч Э.Г-ад 16.000.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Гэмт этгээд өөрийн албаны эрх мэдэл, эсхүл тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй, шилжүүлэх эрх олгоогүй эд хөрөнгийг өөрийн болон бусдын мэдэлд шилжүүлэх, эсхүл шилжүүлэхээр амлаж, итгэл төрүүлж бусдаас бэлэн мөнгө, эд зүйл авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн залилах гэмт хэргийн үндсэн шинж юм.

Гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Ж - нь “УГ” ХХК-ийн охин компани болох “С” ХХК-ийн борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд нэр бүхий хохирогчид нь шүүгдэгчийг тухайн компанид ажилладаг хэмээн итгэсний улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгийг өгсөн, тодруулбал хохирогч Ж.Г -аас авто зогсоол худалдан авсан төлбөрт 20.000.000 төгрөг, хохирогч Г.А -аас орон сууцны урьдчилгаанд 8.000.000 төгрөг, хохирогч Э.Г-аас орон сууц худалдан авах урьдчилгаанд 20.000.000 төгрөг, хохирогч З.Р-гаас авто зогсоол худалдан авсны төлбөрт 18.000.000 төгрөг, хохирогч Т.Б -аас орон сууц худалдан авах төлбөрт 147.365.900 төгрөг, хохирогч Т.Б -ээс орон сууц худалдан авах төлбөрт 43.622.000 төгрөг, хохирогч Д.Б -аас нь орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөрт 14.881.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөртөө шилжүүлэн авч нийт 271.868.900 төгрөгийн хохирол, мөн компанийн эзэмшлийн 2 байрны өмчлөлийг иргэн Т.Б -, Т.Б -нарт шилжүүлж 159.439.730 төгрөг, Д.Б -ын худалдан авсан байрны үлдэгдэл мөнгө болох 14.881.000 төгрөгийг залилан авч нийт 174.320.730 төгрөгийн хохирол “С” ХХК-д учруулсан болох нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч буюу “С” ХХК-ийн зүгээс их дүнтэй гүйлгээний баримтыг тогтмол хянаж байх, ажлын байранд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өдөр тутмын санхүүгийн баримтын тулгалт, шалгалт хяналтаар шүүгдэгчийн хууль бус үйлдлийг эрт илрүүлэх боломжтой байсан боловч хяналт тавиагүйн улмаас энэхүү хэргийн хохирогч болон хохирлын хэмжээ ихсэх боломж нөхцөлийг бий болгосон байна.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг баримтаар нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн гэж үзлээ.

          Тодруулбал, шүүгдэгч Ш.Ж - нь “УГ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа “С” ХХК-ийг төлөөлөн дээрх нэр бүхий хохирогч нартай “Орон сууц болон авто зогсоол худалдах, худалдан авах /захиалгын/ гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу хохирогч нараас өгсөн мөнгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан байх тул шүүхээс “хохирогч Ж.Г -а, З.Р-, Т.Б -, Т.Б - Д.Б - нарын “С” ХХК-тай байгуулсан гэрээг албан ёсны бөгөөд өмчлөх эрхийг шударгаар олж авсан” гэж дүгнэж, тэдэнд учирсан нийт 243.868.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.Ж -гаас гаргуулж, “С” ХХК-д олгосныг буруутгах үндэслэлгүй.

          Учир нь, хохирогч Ж.Г -, З.Р-, Т.Б -, Т.Б - Д.Б - нар нь шүүгдэгч Ш.Ж -тай “Орон сууц болон авто зогсоол худалдах, худалдан авах /захиалгын/ гэрээ”-г зохих журмын дагуу байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан “С” ХХК-иас нэр бүхий хохирогч нартай байгуулсан “Орон сууц болон авто зогсоол захиалгын гэрээ”, хохирогч, шүүгдэгч нарын Хаан банкны дансны хуулга, кассын орлогын баримт, тооцоо нийлсэн акт, орон сууц хүлээлцсэн акт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх 69-74, 77-88, 102-108, 113-114, 152, 166, 173, 248,  2хх 2/ зэрэг нотлох баримтуудаар тогооодсон байна.

          Түүнчлэн “НСО” ХХК, Э.Г-тай нарын хооронд хийсэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууцны захиалгын гэрээ”-г “С” ХХК-тай байгуулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Хэдийгээр шүүгдэгч Ш.Ж - нь “С” ХХК-ийн борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус компанийг төлөөлж, хохирогчтой дээрх гэрээг байгуулсан хэдий ч гэрээнд “... -” ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан болох нь тогтоогдсон байх тул шүүхээс хохирогч Э.Г-, Г.А -а нарт учирсан хохирлыг шүүгдэгч Ш.Ж -гаас гаргуулсан нь үндэслэлтэй.

            Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч “С” ХХК болон иргэний хариуцагч “УГ” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогч Э.Г-, шүүгдэгч Ш.Ж -, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Ж -гийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ноос 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ж -д 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ж -г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Хохирогч “С” ХХК болон иргэний хариуцагч “УГ” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогч Э.Г-, шүүгдэгч Ш.Ж -, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж -гийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ноос 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 97 /ерэн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б. ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН