Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2023/ДШМ/657

 

           2023           6              29                                         2023/ДШМ/657

Э.И-, Э.З- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Э.И-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.З-гийн түүний өмгөөлөгч Г.Тамир, П.Ундрах-Эрдэнэ,

нарыг нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.И-, шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч Г.Тамир, П.Ундрах-Эрдэнэ нарын  гаргасан давж заалдах гомдлуудаар 2206052390014 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. ...,

2. ...,

Э.И- нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р байрны ...-тоотын үүдэнд иргэн Э.З-тай “Усны тоолуурын заалтаа өгөхгүй” гэснээс болж маргалдаж гараараа нүүрэн тус газарт нь алгадаж, үсдэж, гар утсаараа нүдэнд нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.З- нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р байрны ...-тоотод оршин суух иргэн Э.И-гийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн орон байранд нь нэвтэрч, хоёр гуянд цус хуралт бүхий гэмтлийг учруулан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Эрдэнэбатын З-, Эрдэнэбаатарын И- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.И-г 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр, шүүгдэгч Э.З-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тус оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.И-, Э.З- нарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.З-гаас 180.000 төгрөг гаргуулж хохирогч Э.И-д олгож, хохирогч Э.И-гийн нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Э.И-гаас 57.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.И-, Э.З- нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Э.И-гийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.З-гийн үйлдлийн улмаас учраагүй. Харин хохирогч Э.И-гийн үйдлийн улмаас түүний баруун чигчий хурууны хумс хугарсан шарх үүссэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хохирогч Э.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... би “чи адилхан эмэгтэй хүн байж хүний сав руу өшиглөлөө” гэж цээж рүү нь түлхсээр байгаад гаргасан чинь буцаж дайрч орж ирж үсдэж толгойн зулай хэсгээр хана мөргүүлэхээр нь би зөрүүлээд салах гээд мөрнөөс нь 2 гараараа татахад баруун гарын чигчий хурууны хумс хугарсан ба бид 2 зууралдсан байдалтай газар байж байхад араас нь 3-4 хүн байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14025 дугаартай “Э.И-гийн биед баруун чигчий хуруунд шарх, хоёр гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хохирогч Э.И -гийн биед учирсан баруун чигчий хурууны хумс хугарсан шарх нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Харин баруун гуяны гадна доод хэсэгт 5.0x4.0 см, зүүн гуянд 5.0х4.0 голчтой хөх өнгийн цус хурсан нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Хохирогч Э.И-гийн гэдэс хэвлий хэсэгт гэмтэлгүй байсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.З-гийн “... тэгсэн чинь уг эмэгтэй намайг хэл амаар доромжилж байгаад над руу дахиж дайраад энгэрээс зулгаагаад хүзүүнээс маажихаар нь би эргүүлж зуураад гэр рүү түлхээд оруулсан. Тэгээд зууралдсан байсан болохоор нь гэр рүү нь ороод дээрээс нь унасан.Тэгтэл уг эмэгтэй миний үснээс зулгаагаад доош нь дарсан. ... Бас миний нүүрнээс маш их маажсан. ...Мөн нүүр, хүзүү битүү хумсны сорви болсон байсан...”, гэрч Э.Э -ын “... З- нөгөө эмэгтэйг түлхэж гэрт нь ороод давхралдаад газар унасан бөгөөд Золоогийн үснээс зулгаагаад, .... би З-гийн араас татаад салгах гэхэд нөгөө эмэгтэй З-гийн баруун дээд хэсгийн үсийг зулга татчихсан ...”, гэрч З.Лхам-Янжингийн “... З- нөгөө эмэгтэйг түлхээд гэр рүү нь ороход нөгөө эмэгтэй газар унасан байсан ба араас нь найз нь явж ороод салгахад нөгөө эмэгтэй үснээс нь зулгаасан чигээрээ татаад босч байгаа харагдсан. ...” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнээд үзэхээр Э.И- нь хаалгаа онгойлгоод Э.З- руу дахиж дайрч энгэрээс нь зулгааж маажихаар нь З- эргүүлж зуураад гэр рүү түлхээд оруулахад Э.И- нь мөрнөөс нь 2 гараараа татаж, мөн Э.З-гийн үсийг зулгаах үйлдэл хийсний улмаас Э.И -гийн баруун гарын чигчий хурууны хумс хугарч Э.И-гийн биед уг гэмтэл учирсан болох нь харагддаг. Миний үйлчлүүлэгч Э.З-гийн үйлдлээс уг гэмтэл учирсан болох нь тогтоогддоггүй. Харин Э.З-гийн үйлдлийн улмаас Э.И -гийн баруун гуяны гадна доод хэсэгт, зүүн гуянд хөх өнгийн цус хурсан байх болов ч шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн өгсөн мэдүүлгээр энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд баруун чигчий хурууны хумс хугарсан шарх нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахаар байна. Иймд шүүгдэгч Э.З-гийн үйлдлийн улмаас Э.И-гийн баруун гарын чигчий хурууны хумс хугарсан шарх үүсээгүй байх бөгөөд Э.З-гийн үйлдлийн улмаас Э.И-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа учраас миний үйлчлүүлэгч Э.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгч Э.З-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... бодит байдалд Э.И- нь Э.З-г алгадаж, үсдэж, гар утсаараа нүдийг нь цохиж нүүрийг битүү маажсаны улмаас Э.З-гийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, эрүү, хацар нүүр бүхэлдээ хөхрөлт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд өөрийн хиймэл урт хумс нь амархан хугарч гэмтэх эрсдэлтэйг мэдсээр байж бусдын нүүрийг маажиж, үсдэн, хуйх үснээс зулгаан татаж чангаан зууралдах явцдаа хиймэл хумсаа хугалсан байдаг. Мөн Э.И- нь “... би зөрүүлээд салах гээд мөрнөөс нь 2 гараараа татахад баруун гарын чигчий хурууны хумс хугарсан ...” гэж мэдүүлдэг боловч бодит байдалд дээрх шарх нь Э.И-гийн Э.З-гийн биед халдсан үйлдлийн улмаас үүссэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.З-гийн зүгээс Э.И-гийн хумсыг санаатайгаар хугалж, гэмтээх үйлдэл огт хийгээгүй бөгөөд Э.И- нь өөрөө бусдын биед халдах үедээ хиймэл хумсаа хугалсан учир Э.З-гийн үйлдлийн улмаас Э.И-гийн баруун чигчий хурууны шарх нь үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Харин харилцан ноцолцолдсоны улмаас Э.И-гийн хоёр гуянд цус хурсан нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, хөнгөн гэмтэлд хамаарахгүй болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболдын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14025 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх Э.И-гийн биед гэмтэл үүсгэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Э.З-гийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.И - гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний хувьд Э.З-д хөнгөн хохирол санаатай учруулах санаа зорилго огт байгаагүй. Тухайн өдөр бага насны 2 хүүхдээ асран гэртээ харж дөнгөж хүүхдээ унтуулаад байсан юм. Гэтэл хаалга нүдэж онгойлоход З- гэх эмэгтэй “тоолуурын заалт авна” гэж хэлсэн. Би “хүлээж байгаарай, зургийг нь дараад ирье” гэж хэлээд хаалгаа хаагаад далд газар байрладаг тоолуурын заалтыг авахаар оролдож байхад дахин хаалга нүдэхээр нь очоод “хүүхэд унтаж байна, хаалга битгий нүдээрэй” гээд эргээд явахаар дахин нүдэж “тоолуурын заалт авъя” гээд уурлаад байсан. Би “хаалга битгий нүдээрэй, хүүхэд унтаж байна гэж хэлээд байна шүү дээ” гэхэд Э.З- “би өөрөө ороод авчихъя” гээд гэрт орох гээд дайрахаар нь цаашаа гээд түлхсэн. Тэр үед Э.З- “чи намайг яагаад түлхэж байгаа юм” гэж хэлээд миний хэвлий рүү шууд тийрч, үсдэж аваад гар, хуруу мушгин цохиж, хөл гуя руу өшиглөж намайг дарж гэрийн үүд хэсэгт унагаасан. Намайг цагдаа дуудахаар утсаар залгах гэхэд миний утсыг булаан авч үүд рүү шидсэн. Энэ үед түүнтэй цуг явсан хүмүүс гэрт орж ирээд түүнийг салгасан, хүүхдүүд маань сэрж уйлалдан ээжээ гээд орилоод байхад “чиний хүүхэд харна гэж юу байдаг юм, үхвэл таарна” гээд чарлаад байсан. Шийтгэх тогтоолд “Э.И- нь Э.З-д хоёр дахь удаагаа халдаж үйлдэл хийсний хойно Э.З- зөрж өшиглөж зодоон эхэлсэн” гэж тодорхойлсонд гомдолтой байна. Би Э.З-д “хүүхэд унтаж байна, хаалга битгий нүдээч” гэж олон удаа хэлж учирлаж байхад 4-5 удаа нүдэж, оруулахгүй гэсээр байхад гэр рүү маань хүчээр дайрч ороод, бага насны хүүхдүүдийн маань дэргэд эхийг нь зодож, хүүхдүүд маань айж орилолдон байхад намайг харааж зүхсээр байсан. Гэтэл гэртээ хүүхдээ хараад байж байсан намайг гол буруутан болгож ялласанд гомдолтой байна. Хэн болохоо надад тодорхой танилцуулаагүй, ажлын үнэмлэх, бичиг баримт огт үзүүлээгүй хүмүүсийг, танихгүй хүн гэртээ оруулахгүй гэсэндээ зодуулсан. Би гэр орон, үр хүүхдээ хамгаалах үүднээс танихгүй хүн гэртээ оруулахгүй гэж хэлж Э.З-г түлхсэн юм. Э.З- тухайн үед тоолуурын заалтыг авахгүй яваад дараа нь авчих боломж байсан атал гэр рүү маань дайрч орон асуудал үүсгэсэнд шүүх дүгнэлт хийгээгүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж явсан мэтээр дурдаж байгаад гомдолтой байна. Шинжээчийн 14025 дугаартай дүгнэлтээр Э.З- надад халдаж тийрч, өшиглөх, цохиж зодох, дарж унах үйлдэл хийж, баруун гарын чигчий хурууны хумсыг бүрэн хуулж гэмтээсэн, баруун, зүүн гуянд хөхрөлт үүсгэн, толгой хэвлийг эмчлүүлэхэд хүргэсэн. Гэтэл өмгөөлөгч нар нь намайг өөрийнхөө хумсыг хугалсан гэж гүтгэж байсан. Э.З- надад халдаагүй, гэр рүү дайрч ороод, намайг тийрч өшиглөж, цохиогүй бол миний хумс бүрэн гэмтэхгүй байсныг анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолыг хянан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.И -гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Э.З- нь “Би Э.И-д гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, би хоёр нялх хүүхдээ хараад байж байсан. Нэг хүүхэд маань өндөр халуунтай байсан. Би хүүхдээ арай гэж унтуулаад байж байхад хаалга хамаагүй нүдэхээр нь аяархан нүдээч, яах гэж байгаа юм гэхэд тоолуурын заалтаа өг гэсэн. Тоолуурын заалт харанхуй өрөөнд харагдахгүй хэсэгт байдаг бөгөөд арай хийж зургийг нь авах гэхээр хаалга дахиад л нүдээд байсан. Би 4 удаа очоод битгий нүдээд бай, хоёр хүүхэд сэрчих гээд байна гээд хэлээд байхад болиогүй. Тэгээд хаанаас яваа хүн бэ гээд асуухаар нэр, ажлын байдлаа ч хэлээгүй. Хамгийн сүүлд 4 дэх удаа очоод яагаад хаалга нүдээд байгаа юм бэ гэхэд би өөрөө орж авна гэсэн. Тэгэхээр нь би танихгүй хүн гэртээ оруулахгүй гээд хаалгаа хаах гэхэд хөлөө хаалганы голд оруулж гацаагаад дайрч орон түлхэж унагаахдаа дарж унаад өшиглөсөн” гэдэг. Э.И-г эхлээд алгадсан гэж ярьж байна. Гэтэл үүнийг харсан хүн байхгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр Э.З- Э.И-г дайрч гэр рүү нь орсон болох тогтоогддог. Э.И- “намайг тийрч өшиглөөд, цохиж зодон дарж унах үед баруун гарынхаа чигчий хурууны хумсыг бүрэн хуулсан. Учир нь намайг хана мөргүүлээд цохиод байхаар нь би салах гэж өмнөөс нь татаад босох гэтэл хумс хууларсан” гэж мэдүүлдэг. Хэрэв миний үйлчлүүлэгчид халдаж, цохиж зодоогүй байсан бол хумс нь хугарахгүй байсан. Э.З-гийн өмгөөлөгч нар хиймэл хумс байсан мэтээр ярьж байна. Гэтэл өөрийнх нь хумс хугарч, мах нь зулгарсан байдалтай зураг хэрэгт авагдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн маш олон удаагийн үйлчлэлээр гэмтэл учирсан, бараан, зүүн гуянд хохирол, няцрал үүссэн байсан. Мөн баруун гарын чигчий хурууны хумс бүтэн хууларсан гэмтэл хууларсан учраас хөнгөн гэмтэл гэж үзсэн. Олон удаагийн үйлдлээр хүнийг зодож цохин, хана мөргүүлээд байхад, мөн хүүхдүүд нь сэрээд “Ээж ээ” гээд орилоод байхад нь “Чиний хүүхэд харна гэж юу байдаг юм, үхвэл таарна гээд хаана мөргүүлээд байсан” гэж мэдүүлдэг. Гэртээ зүгээр байсан хүн гэмт хэрэгтэн болсон. Бусад хүмүүст зүй зохистой шаардлага тавиад араас нь зургийг нь дараад явуулъя гэхэд зөвшөөрөөд явж болох байсан. Гэтэл Э.З- тэгээгүй, хаалгыг нь нүдэж, айл руу дайрч орсон гэдгийг хамт явсан хоёр хүн мэдүүлсэн. Тиймээс Э.З-гий мэдүүлэг үнэн, Э.И-гийн мэдүүлэг худал гэдгийг яаж, юугаар няцааж байгаа нь тодорхойгүй. Шийтгэх тогтоолд хоёр удаагийн үйлдлээр халдсан гэж буруутгаж Э.З- буруутай үйлдэл хийсэн мэтээр дүгнэж торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэтэл Э.И- ямар ч буруутай үйлдэл хийгээгүй, гэр рүүгээ оруулахгүй гэж эсэргүүцэхэд хөлөөрөө хөшиж байгаад намайг дарж унасан байдаг. Дарж унаад зодох үед нь хамт явсан хоёр гэрч ирээд салгасан. Энэ үед доор нь байсан Э.И- Э.З-г зодох боломж байхгүй. Өөрийгөө хамгаалж босох гэсэн үйлдэл хийснийг нь шүүх буруу дүгнэсэн. “Над руу дайраагүй бол миний хумс хугарахгүй байсан, миний хумс маш их зовж байсан эдгэсэн” гэж мэдүүлдэг. Хэрэв миний үйлчлүүлэгчийн гэр рүү дайрч орж, халдаж зодоогүй бол хумс нь хугарч, үр хүүхэд нь ай орилж, янз бүрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтын хувьд Э.З- усны тоолуурын заалт авахаар Э.И-гийн гэрт орохоор хаалгыг нь нүддэг. Э.И- “тоолуурын заалт харах боломжгүй байна, түр хүлээгээч” гэснээс болж хоорондоо маргалдсан. Эхлээд Э.З-тай хамт явсан Э -, Л -нар ирж хаалгыг нь тогшсон. Энэ явцад харах боломжгүй, далд газар байгаад байна гэсэн тайлбарыг хэлээд хаалгаа хаасан байдаг. “Нөгөө айл чинь тоолуурын заалтаа өгөхгүй байна” гэхээр нь Э.З- хоёр найзыгаа доош нь буулгаад өөрөө хаалгыг нь тогшсон. Энэ хугацаанд хэн аль нь хүлээгээгүй, хоёр биенийхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан. Э.З-гийн хувьд заалт харъя, Э.И-гийн хувьд хаалга нүдлээ, хоёр хүүхэд өвдсөн байна гэдгээр маргалдаж Э.З-гийн нүүрийг нь самардаж маажсан. Тухайн үйл явдал эхлэхэд доод шатнаас харсан хоёр гэрч гарч ирсэн. Тэдгээр нь “Э.З-гийн нүүр рүү самардах шиг болсон, дараа нь Э.З- тэр эмэгтэйг гэр рүү нь дараад унах шиг болсон. Тэгээд очоод салгасан” талаар мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр Э.З-, Э.И- нарт хоёуланд нь хөнгөн хохирол учирсан гэж тогтоогдсон боловч шинжээчийг тодруулж “Энэ гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарч байгаа юу, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах уу” гэж асуухад Э.И-гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Гэвч энэ хоёр хүний хувьд хэн алиныхаа халдашгүй байдалд халдсан үйлдлүүдийг хийж, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тухайн цаг хугацаанд үүссэн учраас Э.З-г гэмт хэрэг үйлдээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж хоёулангийнх нь гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тухайн цаг хугацаанд хэн алиныхаа эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, гэмтлийн зэрэг тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Э.И- нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р байрны ...-тоотын үүдэнд иргэн Э.З-тай “Усны тоолуурын заалтаа өгөхгүй, хаалга чанга нүдсэн” гэснээс болж маргалдан нүүрэн тус газарт нь алгадаж, үсдэж, гар утсаараа нүдэнд нь цохих зэргээр эрүүл мэндэд нь “Зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Э.З-гийн “... Би ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвд ус хангамжийн инженер хийдэг юм. Манай байгууллага 13 борлуулалтын байцаагчтай. Би өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим ээлжийн амралтаа авчихсан байцаагчийнхаа оронд хариуцсан хэсэг буюу Баянзүрх дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах green apartment хотхоны ...-р байрны айлуудаар усын тоолуурын заалтанд хяналт тавьж явж байсан. Надтай хамт Л -гэх өөр нэг усны инженер болон манай 2 найз цуг явж байсан. Тэгтэл уг байрны ...-тоотын хаалгыг тогшиход 20 орчим насны эмэгтэй хүн хаалгаа онгойлгохоор нь “усны тоолуурын заалт авах гэсэн юм” гэхэд “за” гээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь би хамт явсан 2 найзыгаа эдний тоолуурын заалтыг авчих гээд хажуу талын айлын хаалгыг тогшоод хүн гарч ирэхээр нь үүдэнд нь хүлээж байгаад утсаа өгөөд оруулсан. Тэгээд хүлээж байгаад манай 2 найз ...-тоотын хүн гарч ирэхгүй болохоор нь хаалгыг нь дахин торшсон. Тэгтэл түрүүн гарч ирсэн эмэгтэй гарч ирээд “хүүхэд унтаж байна битгий хаалга тогшоод бай, энэ заалт чинь харагдахгүй байна. Нэг бол өөрсдөө орж ирээд ав” гэж хэлээд хаалгаа савж хаасан. Тэгэхээр нь би өөрөө очоод 2 найзыгаа доод давхар руу байж бай гэж хэлээд хаалгыг нь дахиад тогштол уг эмэгтэй дахин гарч ирээд түрүүний адил орилж байгаад хаалгаа саваад хаасан. Тэгэхээр нь дахин тогштол гарч ирээд үгийн зөрүүгүй миний зүүн талын хацар руу баруун гараараа алгадсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гээд гэдэс орчим руу нь зөрүүлээд өшиглөсөн. Тэгээд бид 2 хэрэлдээд чанга дуугарч байтал манай найзууд дээшээ гараад ирсэн. Тэгсэн чинь уг эмэгтэй намайг хэл амаар доромжилж байгаад над руу дахиж дайраад энгэрээс зулгаагаад хүзүүнээс маажихаар нь би эргүүлж зуураад гэр рүү түлхээд оруулсан. Тэгээд зууралдсан байсан болохоор гэр рүү нь ороод дээрээс нь унасан. Тэгтэл уг эмэгтэй миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Тэгтэл манай найз дундуур ороод салгаад 2 тийш нь болготол зулгаасан байсан үсээ тавихгүй угз татаад миний хуйхтай үсийг хуу татаж авсан. Тэгээд үргэлжлүүлээд баруун гартаа барьчихсан байсан айфоне утасныхаа булангаар зүүн нүд рүү цохиж хөхрүүлж хавтгасан. Бас миний нүүрнээс маш их маажсан. Зүүн нүд хөхөрч хавдсан маажигдсан. Мөн нүүр, хүзүү битүү хумсны сорви болсон байна. Баруун гарын шуу,  тохой, сарвуу орчимд хөхөрч судас хагарсан байна. ...”,

 “... Би ороод заалтыг нь авъя гээд хэлэхэд “юу гэж чамайг гэртээ оруулж байдаг юм” гэж хэлээд хаалгаа саваад хаачихаар нь би тоолуурын заалтыг авах гээд дахиад хаалгыг нь цохисон чинь шууд гарч ирээд миний баруун талын хацар руу нэг удаа алгадахаар нь би зөрүүлээд хэвлий орчимд нэг удаа өшиглөөд хаалганы үүд хэсэгт 1 хөл ороход “чи миний гэрт дайрч орж ирээд намайг зодлоо” гээд орилоод хашгирахад надтай хамт явсан хүмүүс бүгд ирсэн чинь “та нарыг би гэртээ оруулах ёстой юм уу, харагдахгүй байна гэж хэлээ биздээ” гэж орилж цамнаад онгорхой байгаа хаалгаа гараараа нүдээд байсан. Тэгэхээр нь би “чи заалтаа өгөх нь чиний үүрэг биздээ, чи яасан гэж миний нүүрэнд хүрч байгаа юм" гэсэн чинь цамнаж ирээд миний нүүрний зүүн талын нүдний дээд хэсгээс эрүү хүртэл самардаж маажаад, хоёр гараараа энгэрээс зулгаагаахаар нь би тэр чигээр нь түлхээд гэрт ороод хананд тулаад нөгөө эмэгтэй хүний толгойн баруун урд талын үснээс нь зулгаагаад доош суухаар нь “тавиач” гэж хэлээд бид хоёрыг салгах гэхэд нөгөө эмэгтэй баруун талын үснээс угз татаж зулгаасан. Баруун гартаа барьж байсан утасныхаа булангаар зүүн талын нүдний дээд хэсэгт цохисон. Тэгээд би нүүрээ бариад зогсож байхад цагдаа дууд гэж ээж рүүгээ яриад “чи эмэгтэй юм байж намайг гэдэс гүзээ рүү өшиглөлөө, хумс хугаллаа” гээд хэл амаар доромжлохоор нь би “чи эмэгтэй хүний нүүрийг ингэж саралж болдог юм уу, тоолуурны заалтаа өгөх нь чиний үүрэг биз дээ” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дууд гэхээр нь би ч гэсэн гомдолтой гэж хэлээд өөр айлуудаас заалтаа авахаар явсан. Би тэр айлд зөвшөөрөлгүй нэвтрээгүй. Харагдахгүй бол би ороод авъя гэж хэлсэн. Тэгээд намайг алгадахад би зөрүүлээд өшиглөхөд нэг хөл үүдний хэсэгт нэвтэрсэн. Дараа нь намайг самардаад энгэрээс зулгаахаар нь түлхээд гэрийн үүдний хэсэгт орсон....” /хх-ийн 18-19, 22-23/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14030 дугаар “Э.З-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна..” /хх-ийн 37-38/ гэх дүгнэлт,

гэрч З.Л-ийн “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр усны инженер З-гийн хамт айл өрхүүдээр борлуулалтын байцаагчийн ажлыг шалгаж, тоолуурын заалт авахаар явсан юм. Тухайн үед ажил ачаалал их байсан болохоор З- 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн дуудсан. Тэгээд бид 5 байруудаар явж ажилласан бөгөөд ...-р байрны 12 давхарт гараад 2 жигүүрээр нь салаад явсан бөгөөд 2 найз нь доод давхар руу буугаад ирсэн байсан. Тэгээд З- инженер ганцаараа айлын тоолуурын заалт авахаар үлдсэн гэсэн бөгөөд хүмүүс орилоод явчихаар нь эхлээд би ганцаараа гарч ирэхэд З-гийн баруун хацар нь улайчихсан байхаар нь “яасан юм бэ” гэсэн чинь заалтаа өгөхгүй алгадчихлаа гэсэн бөгөөд нөгөө эмэгтэй үүдэндээ зогсчихоод орилоод “та нар ажлаа олигтой хийгээч, гичийнүүд” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод З-гийн нүүрнээс самардаад авах шиг болсон. Тэгсэн чинь З- нөгөө эмэгтэйг түлхээд гэр рүү нь ороход нөгөө эмэгтэй газар унасан байсан ба араас нь найз нь явж ороод салгахад нөгөө эмэгтэй үснээс нь зулгаасан чигээрээ татаад босч байгаа харагдсан. Тэгээд салгаад гэрээс нь гаргах гэж байхад нөгөө эмэгтэй гартаа барьж байсан гар утсаараа зүүн нүдний дээд хэсэгт цохисон бөгөөд З- гар утсыг нь булааж аваагүй, бид нар шууд З-г аваад  явсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй араас “цагдаа дуудна та нар байж бай” гээд орилоод байхаар нь бид нар ч гэсэн хандцаг газар нь хандана гэж хэлээд явсан. Түлхээд орж байгааг нь харсан. Яг хаашаа нь цохиж зодсоныг хараагүй. З- өөрөө гэрт нь түлхэж орохдоо 2-3 удаа цохисон л гэж ярьсан ба намайг алгадхаар нь гэдэс рүү жийсэн гэж ярьсан. З-г гэрт нь түлхээд орсноос хойш юу болж байгааг айж балмагдаад сайн харж чадаагүй юм ...” /хх-ийн 25-26/,

гэрч Э.Э -ын “... Цэнгэлбаяр бид хоёр 20 орчим минут хүлээнгээ хажуу айлуудын хаалгыг мөн адил цохиод хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд дахиад ...-тоотын хаалгыг тогшиход “энэ чинь харагдахгүй байна, эсвэл та нар өөрсдөө орж ирээд зургийг нь дараад ав” гэж хэлчихээд хаалгаа савж хаагаад түгжчихсэн. Тэгэхээр нь бид 2 дахиад хаалгыг нь нүдсэн чинь нөгөө эмэгтэй гарч ирэхгүй байсан бөгөөд З- хүрээд ирэхээр нь “уурлаад орчихлоо” гэсэн чинь “за, би энэ айлаас авъя, та хоёр доош бууж бай” гэсэн. Тэгээд бид доод давхарын айлуудын хаалга тогшоод хаалгаа онгойлгосон айлуудаас заалтыг аваад явж байтал дээр хүмүүс орилоод хэрэлдээд байхаар нь бид нар доороос гүйгээд гараад иртэл З- нь ...-тоотын гадна талд гар утсаа гартаа барьчихсан хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь бид нар айлуудын тоолуурны заалт аваад явж байгаа юмаа гээд учирлаад хэлсэн чинь өмнө нь хүүхэд унтаж байгаа гэж хэлээгүй мөртлөө “та нарт хүүхэд унтаж байна, байж бай гэж хэлсэн биздээ гэж уурлаад хэрэлдэж байгаад З-гийн нүүрийг самардаад авахаар нь З- нөгөө эмэгтэйг түлхэж гэрт нь ороод давхралдаад газар унасан бөгөөд З-ийн үснээс зулгаагаад харин З нөгөө эмэгтэйн бэлхүүснээс доош гараараа 4-5 удаа цохиж байгаа харагдахаар нь би З-гийн араас татаад салгах гэхэд нөгөө эмэгтэй З-гийн баруун дээд хэсгийн үсийг зулга татчихсан. Тэгээд салгаад З-г гадна гаргаж байтал нөгөө эмэгтэй босч ирээд гар утасны булангаар З-гийн зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон. З- тэр хүний гар утсыг булаах үйлдэл огт хийгээгүй. Тэгээд бид нар гэрийнх нь гадаа байж байтал нөгөө эмэгтэй ээжтэйгээ гар утсаар яриад “ээж та цагдаа дууддаа” гэж хэлээд бид нарыг “байж бай, овоо пизда нар вэ, цагдаа ирж байна, та нар байж бай” гээд орилоод хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь бид нар цагдаа ирэхээр нь дуудчих, бид нар ч гэсэн хэлэх үгээ хэлнэ гэж хэлчихээд үргэлжлүүлээд ажпаа хийсэн...” /хх-ийн 28-29/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг болно.        

          Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.З- нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвд ус хангамжийн инженерээр 2021 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх82/, ажлын байрны тодорхойлолт /хх 92-96/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ажил үүргийг гүйцэтгэж явахдаа Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р байрны ...-тоотод оршин суух иргэн Э.И-гийн гэрээс хэрэглээний усны тоолуурын заалтыг авах зорилгоор хаалгыг нь тогшиход гэрийн эзэн болох Э.И- нь “тоолуурын заалтын зургийг өөрөө дарж өгнө” гэж хэлээд хаалгаа хаасан, улмаар түүнийг “гарч ирэхгүй удаж байна” гэх шалтгаанаар Э.З- нь дахин гэрийн хаалгыг нь удаа дараа тогшсоны улмаас Э.И- нь “хүүхдүүд унтаж байхад хаалга байн байн тогшиж хүүхэд сэрээлээ, тоолуурын заалт чинь харагдахгүй байна” хэмээн маргалдаж, улмаар түүнийг алгадах, маажих, үснээс зулгаах, гар утсаараа нүүр хэсэгт нь цохих зэргээр биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14025 дугаар шинжээчийн дүгнэлт болон гэрч З.Лхамянжин, Э.Э - нарын мэдүүгээр давхар нотлогдон тогтоогджээ.

            Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүйн гадна, дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Э.З- бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.З-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүнд үндэслэн гаргажээ.

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ө.Сарангэрэлд хууль сануулсан, тэрээр шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүйгээс гадна, тус дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Э.З-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.И- хацар руу нь алгадах, маажих, үснээс зулгаах, гар утсаараа нүүр хэсэгт нь цохих зэрэг үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.З-г Э.И-гийн биед хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд үйлдэл, хохирол, хор уршигийн хооронд заавал шалтгаант холбоо байх ёстой.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй үүссэн үр дагавар, хоорондын нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Э.И-гийн “... би зөрүүлээд салах гээд мөрнөөс нь 2 гараараа татахад баруун гарын чигчий хурууны хумс хугарсан ...”, гэрч З.Л-ийн “... нөгөө эмэгтэй З-гийн нүүрнээс самардаад ... үснээс нь зулгаасан чигээрээ татаад боссон ...”, гэрч Э.Э -ын “ ... З-гийн нүүрийг нь самардаад ... үснээс зулгаагаад ... З-гийн баруун дээд хэсгийн үсийг зулга татчихсан. ...”, шүүгдэгч Э.З-гийн “Э.И- урт хумстай байсан учраас зууралдах явцад гэмтэл авсан ...”, шинжээч эмч Ц.Ганболдын “ ... Э.И-гийн биед учирсан баруун чигчий хурууны хумс хууларсан шарх нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна ...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.И- нь ажил үүргээ гүйцэтгэж явсан Э.З-тай зүй бус харьцсан, улмаар анх хэрүүл, маргааныг үүсгэсэн байхаас гадна түүний баруун гарын чигчий хуруунд үүссэн хөнгөн гэмтэл нь Э.З-г үснээс зулгаах, нүүрийг маажих, мөрнөөс нь татах, түлхэх зэргээр биед нь халдах явцдаа уг гэмтэл учирсан байх тул шүүгдэгч Э.З-г Э.И-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Э.З- нь Э.И-тай маргалдах явцдаа түүнийг цохих, өшиглөх зэргээр биед нь халдсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоодсон байх боловч түүний “баруун чигчий хурууны хумс хууларсан” гэх хөнгөн гэмтэл нь Э.З-гийн үйлдэлтэй холбоогүй буюу уг гэмтлийг Э.З- учруулаагүй байхад энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Харин прокуророос Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Учир нь, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн шинжийг тухайн орон байрны оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байхыг, ингэхдээ хүч хэрэглэсэн байвал хүндрүүлэх зүйлчлэхээр тогтоосон байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.З- нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хэрэглэгчийн хэрэглээний усны тоолуурын заалтыг авах зорилгоор Э.И-гийн хаалгыг нь тогшиж тоолуурын заалт авахаа илэрхийлсэн, Э.И- “тоолуурын заалтын зургийг өөрөө дарж өгнө” гэж хэлээд хаалгаа хаасан, улмаар түүнийг “гарч ирэхгүй удаж байна” гэх шалтгаанаар Э.З- нь дахин гэрийн хаалгыг удаа дараа тогшсоны улмаас Э.И- нь “хаалга олон удаа тогшлоо, тоолуурын заалт чинь харагдахгүй байна” гэх шалгаанаар үл ойлголцон маргалдсан болох нь тогтоогдсон ба үүнээс дүгнэхэд шүүгдэгч Э.З- нь хэрэглэгчийн орон байранд хууль бусаар нэвтрэн орох санаа зорилго анхнаасаа байгаагүй буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж хүч хэрэглэсэн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.

Хүн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу гүйцэтгэдгээс гадна бүхий л юмс үзэгдэл, үйл явц тодорхой шалтгааны үр дүнд бий болдог. Дээрх ойлголтууд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох болон гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох, түүнчлэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой.   

Иймд  дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нараас шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/552 дугаар шийдвэрийн Э.З-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 34....-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Залзаяаг цагаатгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх байдлаар зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Сартуул овгийн Эрдэнэбатын З-д холбогдох заалтуудыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34....-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нарын гаргасан “шүүгдэгчийг цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч  Э.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                                  Т.ШИНЭБАЯР

                                  ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН