| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00092/И |
| Дугаар | 307/ШШ2025/00253 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/00253
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 307/ШШ2025/00253 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, И******* овогт Б*******ын О******* /РД:ТА*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Х******* овогт Г*******ын У******* /РД:И*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.О*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х,
Хариуцагч: Г.У*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дурсахбаяр оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагч Г.У*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.О******* би Г*******ын У*******тэй 2015 онд танилцаж, амьдралын эхний жилүүдэдэд бусдын адил сайхан амьдарч ирсэн. Бидний хамт амьдарч байх хугацаанд -ний өдөр охин О.М, -ний өдөр хүү О.М, -ний өдөр хүү О.М нар мэндэлж, бид дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Г.У******* нь намайг хот руу сургуульд явсан хойгуур өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, үр хүүхдээ харж хандахгүй, эх хүнийхээ үүргийг биелүүлдэггүй байсан. Би энэ байдлыг нь 2024 оны 4 дүгээр сарын сүүлээр мэдэж, уг асуудлаас болж бидний хооронд маргаан гарч, амьдралын хэвийн байдал алдагдсан. Намайг 6 сард ээжийндээ ирэхэд Г.У******* миний 3 хүүхдийг ээжид маань хүргэж өгөөд явсан.
Г.У*******ийн энэ байдлаас болж, гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэж, бид тусдаа амьдраад 7 сарын хугацаа өнгөрч байна. Г.У******* нь өнгөрсөн 7 сарын хугацаанд хүүхдүүдээ харж хандаагүй. Би өмнөх алдааг нь уучлаад эвлэрье гэж нэг сар гуйсан. Миний зүгээс болох талаас нь бүх зүйлийг хийсэн. Хүүхдүүд маань надтай амьдарна гэсэн.
Би цаашид Г.У*******тэй хамтран амьдрах боломжгүй учраас насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч Г.У******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.У******* би 2013 онд Б.О*******той танилцаж, үерхэж байгаад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр анхны охин болох О.Мг төрүүлсэн. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү О.М нарыг төрүүлсэн. Б.О******* нь хамт амьдарч байх хугацаанд тогтсон ажил байхгүй, байнга тэмцээн, уралдаан гээд ийш тийшээ явж, гэртээ байдаггүй байсан. Бид Б.О*******ын ээж М.Жтай хамт амьдардаг байсан. Бидний гэр бүлийн амьдралд Б.О*******ын ээж М.Ж оролцож, намайг элдэв үгээр дарамталдаг байсан нь хуримтлагдсаар тусдаа амьдрах шалтгаан болсон.
Б.О******* Дотоод хэргийн их сургуульд суралцаж байгаад ирэхдээ Манай ангийн охин намайг хамт амьдаръя гэсэн. гэж ярьдаг байсан. Үүнээс болж бидний хооронд маргаан гарсан. Би Б.О*******той 2024 оны 6 дугаар сар хүртэл хэд хэдэн удаа эвлэрсэн. Б.О******* намайг хардаж, дарамталдаг байсан.
Би 2024 оны 6 дугаар сарын 01 хүртэл хүүхдүүдээ харсан. Бид хоёр салахдаа Б.О******* 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдүүдээ харахаар тохиролцсон.
Би 2024 оны 9 дүгээр сараас хүүхдүүдээ өөр дээрээ авахаар байсан боловч надад амьдрах газар, гэр орон байгаагүй. Миний бие амьдрах гэр орон байхгүй учраас хүүхдүүдээ авмаар байвч үнэхээр чадахгүй байна. Миний аав Б.Г******* нь 350,000 төгрөгийн үнэтэй уургийг нэг сард 2-3 удаа хийлгэдэг, би түрээсийн байранд амьдардаг.
Иймд насанд хүрээгүй 3 хүүхдээ Б.О*******ын асрамжид үлдээж, 2 жилийн дараагаас хүүхдүүдэдээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөөр Б.Оргилдболдтой тохиролцсон гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, О.М, О.М, О.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, О.М эрүүл өсөж бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хариу тайлбар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.О******* би Г.У*******тэй хамт амьдрах хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин О.М, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү О.М нарыг төрүүлсэн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон туйл насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
3. Хариуцагч Г.У******* шүүх хуралдаанд хүүхдүүдийн асрамжийг эцэг Б.О*******ын асрамжид үлдээхийг зөвшөөрч, 2027 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хүүхдийн тэтгэлэг төлөх тухай тайлбар гаргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
4.1. Нэхэмжлэгч Б.О*******, хариуцагч Г.У******* нар нь 2015 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин О.М, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү О.М нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх4-6/
4.2. Нэхэмжлэгч Б.О*******, хариуцагч Г.У******* нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, тусдаа амьдарснаас хойш насанд хүрээгүй охин О.М, насанд хүрээгүй хүү О.М, О.М нар нь эцэг Б.О*******ын асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь өрхийн эмчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж заасан.
Нэхэмжлэгч Б.О*******, хариуцагч Г.У******* нар нь шүүх хуралдаанд хүүхдүүдийн асрамжийг нэхэмжлэгч Б.О*******ын асрамжид үлдээхээр, түүнчлэн хариуцагч Г.У******* нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэлгийг 2027 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд шүүх талуудын тохиролцооны дагуу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.М, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.М нарын ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөхгүйгээр эцэг Б.О*******ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заасан.
Шүүх насанд хүрээгүй охин О.М, насанд хүрээгүй хүү О.М, О.М нарыг эцэг Б.О*******ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.У******* нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтад Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно. гэж заасан тул нэхэмжлэгч Б.О*******, хариуцагч Г.У******* нарын шүүх хуралдааны явцад байгуулсан О.М, О.М, О.М нарыг нэхэмжлэгч Б.О*******ын асрамжид үлдээх, хариуцагч Г.У*******ээс шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жилийн хүүхдийн тэтгэмжийг авахаас татгалзсан. Тус хугацаа өнгөрсний дараа хууль ёсны дагуу 3 хүүхдийн тэтгэлгийг тус бүрийн хадгаламжийн дансанд хуримтлуулж байхаар тус тус тохиролцов. 2027 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагчаас тэтгэлгийг гаргуулах болно. гэж тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй.
Хариуцагч Г.У******* нь дээрх гэрээний дагуу 2027 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.М, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус бүрт нь сар бүр тэтгэлэг төлөх үүрэгтэйг дурдъя.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.М, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.М нарыг эцэг Б.О*******ын асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Г.У*******ээр 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.М, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.М, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр 2027 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сар бүр, тус бүрт нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О*******, хариуцагч Г.У******* нарт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдаж, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байхыг үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О*******од олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 154,054 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ