Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00255

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  тоот хаягт оршин суух, С******* овогт Ц*******ий Ц******* /РД:Т*******/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ц.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дурсахбаяр оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан хотын Залуучууд театрт салхивчийн техникчээр ажилд ороод 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Гэтэл тухайн үеийн ажлаас чөлөөлсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйгээс тэтгэвэрт гарахад ажилласан жил маань тогтоогдохгүйд хүрээд байна. Иймд Ц.Ц******* миний Дархан хотын Залуучууд театрт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилласан байдлыг холбогдох баримтуудад үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архиваас Дархан-Уул аймгийн Соёл урлагийн хүрээлэнгийн ерөнхий захирлын 1996.07.10-ны өдрийн 47 дугаар Ээлжийн амралт эдлүүлэх, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дарханы цахилгаан станцын 1986.07.07-ны өдрийн 216 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 89 дугаартай тушаал, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 314 дугаартай тушаал, Дархан хотын залуучууд театрын 232 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн хүрээлэнгийн захирлын 94 дугаартай тушаал, №070953 дугаартай Ц.Ц*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Ц.Ц*******ийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт болон хаягийн хуудаст өөрийн мэдээллийг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг,

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас шимтгэл төлөлтийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Төрийн архиваас Дархан-Уул аймаг дахь Залуучууд театрын даргын тушаал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 1997.04.08-ны өдрийн 68 дугаар Соёл урлагийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай захирамж,

Дархан-Уул аймгийн Соёл урлагийн хүрээлэнгийн ерөнхий захирлын 1996.05.09-ний өдрийн 33 дугаартай Цалингүй чөлөө олгох, ажлаас чөлөөлөх, ажилд авч ажиллуулах тухай тушаал, мөн захирлын 1996.7.10-ны өдрийн 47 дугаартай Ээлжийн амралт эдлүүлэх, ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн захирлын 1997.10.01-ний өдрийн 60 дугаартай Ажилд түр хугацаагаар авч ажиллуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас зэргийг нотлох баримтаар гаргуулсан.

Д.Э*******, Б.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Ц.Ц******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан хотын Залуучууд театрт салхивчийн техникчээр ажилд ороод 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үеийн ажлаас чөлөөлсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйгээс тэтгэвэрт гарахад ажилласан жил маань тооцогдохгүйд хүрээд байгаа тул ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж тодорхойлов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

 

4. Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Дархан хотын Залуучуудын театрын даргын 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаар тушаалаар Ц.Ц*******ийг салхивчийн техникчээр 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулсан болох нь:

- Дархан хотын Залуучуудын театрын даргын 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаал,

- Ц.Ц*******ийн хөдөлмөрийн дэвтэр дэх 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан хотын Залуучуудын театрт салхивчийн техникчээр авч ажиллуулав. 199 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож, 123604 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов. гэх бичилт,

- БНМАУ-ын хүн амын регистрийн карт дахь 1987 оноос Залуучууд театрт дулааны техникчээр ажиллаж эхэлсэн гэх бичилт,

- гэрч Д.Э*******ын ...Би 1987 онд Дарханы Политехникум сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 1994-1995 онд Техникийн дээд сургуулийг дулааны инженерээр төгссөн. 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дулааны техникчээр анх ажилд орсон...Ц.Ц******* 1988 онд дулааны техникчээр ажилд орсон. Бид одоог хүртэл хамт ажиллаж байна... гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- гэрч Б.Б*******ы ... Би 1989 онд Залуучууд театрт дагалдан бүжигчнээр ажилд орсон. Тухайн үед Ц.Ц******* сангийн слесарьчнаар ажиллаж байсан. 1994 он хүртэл бид хамт ажилласан. 1994 онд цэргийн албанд татагдсан. 1995 онд цэргийн албанаас халагдаж ирээд 11 сард Залуучууд театрт бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ц.Ц******* сангийн инженерээр ажиллаж байсан. Уг байгууллагаас би 2002 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас надад ажлын санал тавьсан учраас Улаанбаатар хот руу шилжсэн. 2008 онд буцаад Дархан-Уул аймаг руу шилжин ирсэн. Тэгэхэд Ц.Ц******* Залуучууд театрт маркетингийн менежер хийж байсан... гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

5.2. Улмаар хүсэлт гаргагч Ц.Ц******* нь 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн соёл урлагийн хүрээл******* ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Соёл урлагийн хүрээлэнгийн 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авч ажиллуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн соёл урлагийн хүрээлэнгийн ерөнхий захирлын 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай Цалингүй чөлөө олгох, ажлаас чөлөөлөх, ажилд авч ажиллуулах тухай тушаал, 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай Ээлжийн амралт эдлүүлэх, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай Ажилд түр хугацаагаар авч ажиллуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, №123604 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

5.3. Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 4 жил 8 сарын хугацааг нөхөн тооцуулсан болох нь №0163605 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх №1915000398 дугаартай Баталгаажилтын хуудас-аар тогтоогдож байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгоход түүний зорилгыг зааж, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтыг олж авах болон сэргээх боломжгүй болсныг нотолсон баримтыг хавсаргаж ирүүлэхээр зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, хүсэлт гаргагч Ц.Ц******* нь Дархан хотын Залуучуудын театрт салхивчийн техникчээр 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүй, хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, Дархан хотын Залуучуудын театрын нэр, тамга тэмдэг өөрчлөгдсөнөөс түүний ажилласан байдлыг захиргааны журмаар тогтоох боломжгүй болсон байх тул шүүх уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй.

 

Харин Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу хүсэлт гаргагч Ц.Ц*******ийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил 8 сарын хугацаагаар тооцож, захиргааны журмаар ажилласан байдлыг тогтоосон байх тул хүсэлт гаргагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоох шаардлагагүй юм.

 

Иймд хүсэлт гаргагч Ц.Ц*******ийг 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын Залуучуудын теарт салхивчийн техникчээр ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан С******* овогт Ц*******ий Ц******* /РД:Т*******/-ийг 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын Залуучуудын теарт салхивчийн техникчээр ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар хүсэлт гаргагч Ц.Ц*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ