Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/556

 

 2023           05            25                                      2023/ДШМ/556

 

Я.Б -т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ, 

хохирогч О.Б -ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, 

шүүгдэгч Я.Б -ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б -ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд  холбогдох 2207000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,

            Я.Б - нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... -гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Б -ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Я.Б -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ягаанцэцэгийн Б -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүргийн ... -тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б -ээс 25.000 төгрөгийг гаргуулан О.Б -д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Я.Б - гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, надад холбогдуулж шалгасан хэргийг шалгаж байх хугацаанд гэрчүүдээс мэдүүлэг аваагүй байхдаа гэрчүүдээс мэдүүлэг авсан мэтээр баримт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, мөн гэрч болох М -тус хэрэгт дахиж мэдүүлэг өгөөгүй алга болчихсон, шүүх хуралдаан дээр О -, Ж - нар намайг хохирогч Б -д гар хүрээгүй, нүүрэн тус газарт цохиогүй гэдгийг тайлбарласаар байтал шүүгч намайг буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч маань шударгаар хэргийг шийдвэрүүлэхийн тулд олон хүсэлт гаргаж, мөн гэрчүүдээс мэдүүлэг аваагүй болохыг хүртэл тогтоолгож чадсан боловч шүүгч нэг талыг барьж шийдсэн.  ... хэргийг шалгасан прокурор надад холбогдуулсан хэргийн үнэнийг олох гэж бус зөвхөн өөрийн хавтаст цугларсан баримтуудаа хамгаалах гэж зүтгэсэн гэж үзэж байна. Тухайн өдөр найзуудтайгаа цэргийн баяр тэмдэглэхээр болж манайд 1 том пиво хувааж уучихаад Ж -ийнд очихоор болсон. Очиход А - танихгүй нилээд согтчихсон 2 залуутай уугаад сууж байсан. Удалгүй Ж - уурлаад тэр 2 залууг хөөгөөд гаргасан. Гаргах болсон шалтгаан нь хохирогч болох Б - А -ын чихэнд нь юм шивнээд эхнэр рүү нь агсаруулаад байсан. Би түүнийг нь болиулаад “чи болиоч, эхнэр нөхөр хоёрыг муудалцуулаад байна” гэж уурлаж хэлсэн. Тэгтэл өөдөөс хохирогч Б - согтуурхаад байхаар нь Ж - гэрээсээ хөөж явуулсан. Тэгээд гэрч М -болон хохирогч Б - нар түрүүлээд гараад явсан. А - эхнэр рүүгээ агсараад байхаар нь би орон дээр хэвтүүлээд унтуулсан. Тэгээд О -ын хамт гэрээс гарсан, араас Ж - “нөхрөөсөө айгаад байна” гээд гараад ирсэн. Бид гэрээс гарахад Б - байсан бөгөөд бид хоёр тухайн үед хоорондоо заамдалцаад хоорондоо үг хэлээр доромжлолцоод салсан. Тэр үед нэг нэгнээ цохисон, зодсон, нүүр рүү нь цохисон үйлдэл огт гараагүй. Гудамжны үзүүрт таараагүй байтал хохирогч болон М -нарын мэдүүлэгт тэгэж яригдсан болохоор намайг буруутай гэж дүгнэж байгаа нь бодит байдлыг буруугаар дүгнэсэн гэж үзэж байна. Би тэр орой Б -ыг үнэхээр цохисон бол түүнийгээ анхнаасаа хүлээн зөвшөөрөөд явах байсан. Бүр эрүүлжүүлэхэд хонож байхад хүртэл цохиогүйгээ ч хэлж байсан. А -аас асуухад “угаасаа үүдэн шүд нь байдаггүй” талаар хэлж байсан. Би ч үүнийгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэтэл шүүх огтоос тоогоогүй, шүүх хуралдаан дээр өмгөөлөгч, гэрчүүдийг биечлэн асуулгах хүсэлт гаргаагүй бол намайг ямар ч үндэслэлгүй баримтуудаар, хуурамч мэдүүлгүүдээр шийдчих байсан. Энэ бүхнийг хэлсэнийхээ төлөө 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болсон шүүх хуралдаанд намайг цохиогүй болох баримтуудыг шалгуулах, тогтоолгох үүднээс тайлбар хэлсэнийхээ төлөө загинуулсан гэж би ойлгосон. Мөн гэрчүүдийг загинаад намайг цохисон болгох гэж улаан цайм асуулт тавьж буй прокурорт ямар ч арга хэмжээ аваагүй. Шаардлага тавьсан өмгөөлөгчтэй маргалдаж, надад ял шийтгэл хүндрүүлж оногдуулсан. Өмгөөлөгч маргасаны төлөө надад байж болох хамгийн хүнд шийтгэл оногдуулсан гэж миний зүгээс үзсэн. Учир нь надад 2 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахдаа зөвхөн оршин сууж байгаа хорооноос гарахгүйгээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр надад прокурор хорооноос гарахгүйгээр шийдвэрлэх ёстой гэж хэлсэн. Түүнийг нь өмгөөлөгчийн зүгээс “ямар ч боломжгүй зүйл, хүний эрхийг зөрчсөн санал байна, эмнэлэгт үзүүлэх, тусламж авах зэрэг олон бэрхшээл гардаг, энэ бүх бэрхшээлийг яаж шийдвэрлэх ёстой” талаар тодруулж, саналаа дүүргээс гарахааргүйгээр гэж тайлбарласан. Миний бодлоор зорчих эрхээс илүүтэйгээр надад нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн торгуулийн ял шийтгэл оногдуулж болохоор байтал яагаад надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг одоог хүртэл ойлгохгүй байна. Намайг маргалдсаны төлөө шийдвэрлэсэн юм уу, эсхүл өмгөөлөгч шүүгчтэй маргалдсанаас болоод тэгэж шийдвэрлэж байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Прокурор тайлбартаа намайг хугацаа их авсан, хуралдаан их хойшилсон, хүсэлт, гомдол гаргадаг гэж тайлбарлаж надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэх ёстой гэж хэлсэнд гомдолтой байна. Би өөрийнхөө буруугүйг өөрөө нотлохын тулд А -, Ж -, О -, М -нарыг бүгдийг нь байлцуулж байгаад л шийдүүлнэ гэдгээ хэлсэн. Гэвч гэрчүүд намайг цохисон, цохиогүй гэж өөр өөрөөр тайлбарлаж байхад би өөрийгөө цохиогүй үйлдлээ баттай тайлбарлаж чадахаар нөхцөл байдал байсаар байтал надад холбогдуулан шалгасан хэрэгт намайг буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Анхнаасаа намайг шууд буруутай гэж шалгаад нотлох баримт, мэдүүлгийг хуурамчаар үйлдчихээд дахин гэрчүүдээс мэдүүлэг авч, дараа нь намайг заавал буруутай болгох гэж бодит үйл явдлыг ойлголгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шударга шийдвэр гаргадаг гэж миний хувьд ойлгодог боловч ийм байдлаар хэргийг шударга бусаар шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Шударга, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөнийхөө төлөө би шийтгэл авч байгаадаа үнэхээр харамсаж байна. Шударгаар шийдвэрлэж надад холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Эсхүл дахин мөрдөн байцаалтад буцааж М -, А - нараас тухайн өдөр юу болсон талаар дахин мэдүүлэг авч хэргийн үнэн мөнийг олж өгөх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Я.Б -ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Я.Б - хохирогч А -ын нүүрэн тус газарт нь цохисон гэдэг үйл баримт тогтоогддоггүй. Гэрч Ж -, А -, О - нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “цохисон талаарх баримт байхгүй. Цагдаа ирэх үед О - гэрийнх нь хойно зогсож байгаад цагдаатай хамт явсан” гэж мэдүүлдэг. Дээрх байдлаас харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа зөрчил гаргасан гэдэг нь харагддаг. Өөрөөр хэлбэл гэрч Ж - мэдүүлэг өгөөгүй байхад түүнээс мэдүүлэг авсан мэтээр нотлох баримт бүрдүүлж оруулж ирсэн. Мөн гэрч О -ыг төрж байхдаа мэдүүлэг өгсөн мэтээр гарын үсэг зуруулж оруулж ирсэн. Энэ байдлыг тодруулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг 30 хоногийн хугацаагаар прокурорын шатанд буцаасан. О -, Ж - нараас дахин өгсөн мэдүүлэгт миний үйлчлүүлэгчийг бусдыг цохисон талаар мэдүүлдэггүй. Гэтэл бодит байдлыг харсан гэрчүүд ийм мэдүүлэг өгсөөр байхад зөвхөн М -ий мэдүүлгийг үндэслэл болгож байгаа бол М -эс дахин мэдүүлэг авч хэргийн эргэлзээ бүхий байдлыг арилгах ёстой. Тухайн үед гаднаас Я.Б -, Ж -, О - гурав А -ын гэрт орж ирэхэд М -согтуу байсан гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс ийм байдалтай байсан хүмүүсийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн яагаад Ж -, О - нарын мэдүүлгийг үнэлээгүй талаараа шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулж шийдвэрлэсэн. Учир нь, миний үйлчлүүлэгч нь арьсны хүнд хэлбэрийн халдварт өвчтэй. Энэ өвчнөө заавал Улаанбаатар хотод ирж эмчлүүлдэг. Гэтэл анх шатны шүүхээс энэ байдлыг нь харгалзаж үзэлгүй зөвхөн өөрийнх нь амьдардаг хорооноос гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хэргийн бодит байдалд нийцээгүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа шинжээ бүрэн тодорхойлолгүй  шүүгдэгчийн үйлдлээс хэтэрсэн шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эргэлзээ бүхий байдал бий болсон учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч О.Б -ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа маш удаан явагдаж мөн нэмэлт ажиллагаа хийгдсэн хэрэг. Хавтаст хэргийн 11-12 дугаар тал шүүгдэгч Я.Б -ийн анхны мэдүүлэгт “барьцалдаж авсан. Өөр хүнтэй маргаан үүсгээгүй” гэх мэдүүлэг. Мөн хавтаст хэргийн 31 дүгээр талд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. О.Б - гэдэг залууд учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд би цохиж, зодоогүй гэж мэдүүлсэн. Хэдийгээр гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзээ бүхий байдал бий болсон ч анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 30 хоногийн хугацаа өгч энэ байдлыг залруулсан. Мөн шүүх хуралдаан болохын өмнөх өдөр нь хэргийн материал  ирсэн нь үнэн боловч шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр болгож хойшлуулсан шүүгдэгчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр нь хангасан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр мэтгэлцээн явагдсанаас биш хэрүүл, маргаан болоогүй. Гэрчүүдийн гарын үсгийн хэв тохироогүй асуудлыг мөрдөн байцаагчтай холбогдуулж тусад нь шалгах асуудал тул энэ шүүх хуралдаанд хамааралгүй гэж үзэж гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж эргэлзээ бүхий байдлыг арилгасан. Гэрч О -аас “шүүгдэгч Я.Б -ийг хохирогч О.Б - заамдалцсан байсныг харсан” гэж мэдүүлдэг. Тухайн хэрэг нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шөнийн 00 цагт болсон. Хавтаст хэргийн 2 дугаар талд дуудлага хүлээн авсан тэмдэглэлд “2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 54 минут, дуудлага очсон хугацааг 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 08 минут” гэж тэмдэглэсэн. Ийм учраас хохирогч О.Б -той зөвхөн шүүгдэгч Я.Б - маргалдаж, барьцалдсан гэдэг нь тогтоогдсон. А -ын гэдэг хүний эхнэр нөхрийгөө агсам тавиад байна гэж цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхэд О.Б - цусаа гоожуулаад зогсож байхад нь таарсан. Мөн энэ талаар А - мэдүүлэхдээ “О.Б - манайхаас гарахдаа зүгээр байсан боловч цагдаа дээр очсон шүд нь унасан байсан” гэдэг. М -гэдэг гэрчийг асуугаагүй гэж хэлж байна. Анхан шатны шүүхээс М -ийг дахин асуух шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, М -ий мэдүүлэгт өөрчлөгдсөн зүйл гараагүй. Ийм учраас хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцээний эрх тэгш байдлыг хангах, хэргийн бодит байдлыг тогтоохоор шүүгдэгч Я.Б -ийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг тухайн бүрд нь хангаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зөрчлүүдийг залруулж шийдвэрээ гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулагдсан энэ хэрэгт ач холбогдол бүхий баримтууд. Шүүгдэгч Я.Б -ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт тохируулан оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргадаг боловч хохирогч, гэрч нарын мэдүүлгээр “тухайн цаг хугацаанд Я.Б -ээс өөр хүн хохирогчтой маргалдаж, муудалцсан” талаар мэдүүлээгүй. Хохирогчийн биед учирсан гэмтэл тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд учирсан, мөн шүүгдэгчийн үйлдэл нь дээрх хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Я.Б -ийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... -гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Б -ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Я.Б -ийг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байх тул яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг дараах үндэслэлээр няцааж дүгнэлээ.

1. Хохирогч О.Б -ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч С.Төгсбуяны мэдүүлэг болон түүний гаргасан дүгнэлтүүд үндэслэлгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч О.Б -ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг анх түүний нүүр хэсгийг авсан гэрэл зургийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 190 дүгээр “О.Б -ын биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь гэрэл зураг авсан гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /1 хх 15/, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар нэмэлт шинжилгээг гаргахдаа дээрх 190 дүгээр дүгнэлт болон “Цэн номин” эмнэлгийн эмчийн үзлэгийн баримт зэргийг үндэслэнО.Б -ын биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоолтой хамт ирүүлсэн “Цэн номин” эмнэлгийн бичигт нэмэлтээр баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдпоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11 52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” /1 хх-19-20/ гэж тус тус дүгнэжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлд шүүх эмнэлэгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагыг хуульчилсан бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг хүний биед хийх шүүх эмнэлгийн шинжилгээ болон хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохоор заасан.

Хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байх ба Гэмтлийн зэрэг тогтоох журамын 1.2.3-т “Шинжилгээний объект” гэж хүн, цогцос (цаашид “шинжлүүлэгч” гэх) болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг; 1.3-т “Эмнэлгийн бичиг баримт /өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг/ эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байхаар зохицуулсан.

Шинжээч нь хохирогч О.Б -ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоож, эхний дүгнэлтийг гаргахдаа хохирогчид бодит үзлэг хийхгүйгээр нүүр, ам хэсгийг авахуулсан гэрэл зургаар, харин нэмэлтээр дахин дүгнэлт гаргахдаа “Цэн номин” эмнэлгийн эмчийн үзлэгийн баримт зэргийг шинжилгээний объект болгожээ.

Гэвч шинжилгээний эх сурвалж болсон “Цэн номин” эмнэлгийн эмчийн үзлэгийн баримтад огноо, дугаар тавигдаагүй, хохирогчийн биед хэзээ үзлэг хийсэн болох нь тодорхойгүй, мөн хохирогчоос “2022 оны 04 дүгээр сарын 18-нд хүнд цохиулж гэмтсэн” гэж эмчийн асуумжид хариулсан нь гэмт хэрэг гарсан цаг хугацаатай тохирохгүй байхаас гадна уг үзлэгийн баримтыг шинжилгээний объектод багтах эмнэлгийн бичиг баримт гэж үзэхээргүй байхад дээрх эргэлзээ бүхий нотлох баримтыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх үнэлэх боломжгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б -оос “гудамжинд явж байтал нэг залуу хүрч ирээд чи хэн юм гэх шиг болоод миний нүүрэн тус газар гараараа нэг цохисон. Тэгтэл миний үүдэн 2 шүд хугараад уначихсан. ...” /1хх 6/ хэмээн анх хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн боловч гэрч Б.А -аас түүний үүдэн шүд нь унасан байсан талаар мэдүүлсний дараа дахин мэдүүлэг өгөхдөө “... би 2017 оны орчимд миний дээд талын үүдэн 2 шүдний баруун талынх нь унаад хиймэл шүд хийлгэчихсэн, тагнайтай салгадаг шүд байсан. 2019 оны орчимд хажуугийн шүдтэйгээ төмрөөр бэхлэгдэж тогтдог, салдаггүй хиймэл шүд хийлгэж зүүсэн. Би цохиулсан үедээ хиймэл шүдтэй байсан. Гэхдээ миний өөрийн нэг шүд бас хамт уначихсан. ...” /хх 166/, гэрч Б.А -ын “О.Б - 2018 оны орчим О.Б - нь зүүн талын 1 үүдэн  шүд нь уначихсан, ... тагнайтай, авагддаг хиймэл шүдтэй байж байгаад авагддаггүй хиймэл шүдтэй болчихсон. Шууд угаадаг шүд гээд надад ярьж байсан. ...”  /хх 160/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч О.Б - хиймэл шүдтэй байсан болох нь тогтоогдож байхад шинжээч нь хохирогчийн биед биечлэн үзлэг хийхгүйгээр хэрэгт авагдсан хохирогчийн нүүр, амны хэсгийн гэрэл зураг, “Цэн номин” эмнэлгийн эмчийн үзлэгийн эргэлзээтэй баримтуудыг үнэлж, дээрх дүгнэлтүүдийг гаргасан нь үндэслэлгүй байхаас гадна хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогчийн хэдэн шүд унасан, хэд нь хиймэл шүд байсан зэргийг нотлон тогтоож чадаагүй байна. 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б , гэрч С.М, Б.А, Н.О нарын өгсөн мэдүүлгүүдийг үнэлэхгүй тухайд,

Тодорхой нэг үйл баримтын талаар өөр, өөр зүйлийг мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал болон хууль ёсны байдлыг нэгэн ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд нэг нотлох баримтыг үнэлсэн тохилдолд бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаж, бодит үнэнийг тогтооход ашигладаг эрх зүйн болон логик дүгнэлтэнд үндэслэсэн дотоод итгэлээр бүрэн дүүрэн үнэлэх ёстой байдаг.

Хохирогч О.Б - нь мөрдөн шалгах ажиллагаанд анх өгсөн мэдүүлэгтээ “... нэг залуу хүрч ирээд миний нүүрэнд тус газарт гараараа нэг удаа цохисон. Миний үүдэн 2 шүд хугараад уначихсан.” /1хх 6/ гэж шүүгдэгчийг огт танихгүй шалтгаангүйгээр цохиулсан мэтээр мэдүүлэг өгсөн боловч дахин өгсөн мэдүүлэгтээ “Б - ... ямар нэгэн зүйл хэлэлгүй миний нүүр, уруул хэсэгрүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би амаа дараад  яаж байнаа гээд хэлсэн чинь уначихсан уу гэхээр нь би уначихлаа гэж хэлсэн. ...миний шүд унасан шууд мэдсэн байх ... цохиулсан үедээ хиймэл шүдтэй байсан. ... миний өөрийн нэг шүд бас хамт уначихсан. ...” /хх 166/ гэж шүүгдэгчтэй харилцаатай байсан талаараа мэдүүлсэн, “Цэн номин” эмнэлгийн эмчийн үзлэгийн баримтад хохирогч нь “2022 оны 04 дүгээр сарын 18-нд хүнд цохиулж гэмтсэн” гэж эмчийн асуумжид хариулсан зэргээс дүгнэхэд хохирогч нь хэнд, хэзээ цохиулсан, хэдэн шүд унасан, үүнээс хэд нь хиймэл шүд байсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний хэргийн үйл баримтын талаар эргэлзээтэй өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй.

Хэдийгээр гэрч С.М -эс “бид 2  Замчингийн  6-43 тоотод хашаанаас гарах гээд явж байтал өөдөөс нэг залуу гарч ирээд Б -ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохичихсон ... тэгтэл Б -ын үүдэн шүд нь уначихсан ...” /хх 8/ хэмээн өгсөн мэдүүлэг нь хохирогчийн анх өгсөн мэдүүлгийг давхар нотолсон боловч хохирогч О.Б -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дээрх мэдүүлгүүд нь зөрүүтэй, бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул тухайн гэрчийн өгсөн мэдүүлэг давхар няцаагдана.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримтат мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцож үзэх учиртай.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.О -аас “... гадаа гараад Б - нэг залуутай маргалдаад зодолдоод байх шиг байсан. ... Би тэр залууг сайн хараагүй болохоор шүдтэй, шүдгүй байсныг мэдэхгүй, Б -тэй маргалдаж байгаад шүд нь унасан унаагүйг мэдэхгүй байна. Би тэр хоёрын хооронд юу болсныг сайн харж чадаагүй. ...” /1хх 163/, “... М -, Б - хоёр гэрээс түрүүлээд гарсан. Араас нь Б -, Ж -, бид гурав гараад хашааны гадаа байх эзэнгүй хоосон хашаанд Б -, Б - хоёр хоорондоо муудалцаад нэг нэгэнтэйгээ заамталцаж аваад зууралдаад байхаар нь Ж - бид хоёр дундуур нь орж салгаад байж байтал цагдаа ирсэн. Миний харснаар бол Б -ын шүд ам нь зүгээр л байх шиг байсан. ...” /2хх 48-50/,

гэрч И.Ж -ээс “... манай найз Я.Б - нөхрийг орон дээр хэвтүүлээд О - тэр хоёр, манай гэрт байсан 2 хүнтэй хамт гараад явсан. ... Я.Б -, О.Б - хоёрын хооронд болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Тэр үед ... гэрээс гараагүй, гадаа болсон асуудлыг огт мэдэхгүй ...” /хх 161/, “... А - уурлаж босож ирээд над руу дайрч намайг түлхээд унагаачихсан. Тэгсэн Б -, М -хоёр манайхаас түрүүлж гарахаар нь араас нь Б -, Б - бид гурав дагаад гарсан. Тэгтэл хашааны гадаа Б -, Б - хоёр муудалцаад барьцалдаж аваад зууралдаад эхэлсэн. ... Би Б -, Б -ыг цохиж зодож шүд амыг нь гэмтээхийг нь хараагүй. ...” /1хх 52-53/ гэж гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн үйл баримт тогтоогдож байхаас гадна 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон анхан шатны шүүх хуралдаанд гэрч М.О -аас “ ... мөрдөн байцаалтын шатанд надаас гэрчийн мэдүүлэг аваагүй, цагдаагийн байгууллагад би очоогүй, гэрт ирж мэдүүлэг авна гэсэн боловч нэг ч удаа ирээгүй, манай найз Ж -иэс ч мэдүүлэг аваагүй ...” гэсэн тайлбар, мэдүүлэг гаргасны дагуу шүүх М.О -, Л.Ж - нарын өмнө өгсөн гэх дээрх мэдүүлэгт зурсан гарын үсгийг үнэн зөв эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч тус захирамжийн биелэлт хангагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... -гудамжинд байрлах Б.А -, И.Ж - нарын гэрт нөхөр Б.А - нь өөрийн найзууд болох хохирогч О.Б -, С.М -болон нэр бүхий 3 хүмүүсийн хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал гаднаас түүний эхнэр И.Ж - найзууд болох шүүгдэгч Я.Б -, гэрч М.О - нарын хамтаар гэртээ ирж, улмаар И.Ж - нөхөртөө хандаж “гэртээ хүмүүс авчирч архи уулаа” гэх хэлж тэд маргалдахад гэрт байсан О.Б -, М -нар нь гэрээс түрүүлэн гарч, араас нь Я.Б -, М.О -, Л.Ж - нар хамт гарч явсан байх бөгөөд гэрийн гадна О.Б -, Я.Б - нар маргалдаж, барьцалдсан боловч Я.Б - хохирогч О.Б -ыг цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.  

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтууд чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг болно.

Мөн энэхүү зорилтын дагуу хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэгдэх ёстой болохыг анхаарч уг ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л  нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нийтлэг үндэслэлийг баримтлах чиг үүргийг шүүх хүлээдэг.

 Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, шүүх Я.Б -ийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож нотлогдоогүй байхад хохирогч О.Б -, гэрч С.О -, Л.Ж - нарын өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийн алийг нь хэрхэн үнэлсэн талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа эргэлзээтэй баримтуудыг үндэслэл болгож, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн хэдэн шүд унасан, хэн цохисон нь тогтоогдохгүй байхад Я.Б -ийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... -гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Б -ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Я.Б -т  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, энэ талаар гаргасан шүүгдэгч Я.Б -ийн “гэм буруутайгаа маргаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Налайх дүүргийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Я.Буянхшигт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2207000000094 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
  3. Шүүгдэгч Я.Б -т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН