| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0868/З |
| Дугаар | 128/ШШ2024/0856 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:2*******5437/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох, энэхүү хууль бусаар хассан 80 м.кв газрын эзэмших эрхийг “А” ХХК-д нөхөж олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас хууль бусаар хасагдсан 80 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг “А” ХХК-д нөхөж олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох, Б дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж, хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, уг газар нь хууль бусаар хасагдсан газар эзэмших эрхийг “А” ХХК-д нөхөж олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг урьд нь эзэмшиж байсан хэмжээгээр нь нөхөн олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/2******* дугаартай захирамжаар[1] амины автомашины гараашийн барилгыг Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А” зочид буудлын барилгын ард байрлуулан 0,02 га газарт барих барилгын байршлыг зөвшөөрсөн байна.
2.2.Нийслэлийн Засаг даргын 1996 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн тоот шийдвэрээр Нийслэлийн Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.14 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг “А” ХХК-д олгож, 1996 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн дугаар бүхий Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] олгожээ.
2.3.Улмаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор барилга хот байгуулалтын албаны даргын 1996 оны ******* сарын 22-ны өдрийн дугаартай шийдвэрээр[3] Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А” зочид буудлын ард буудлын хэрэгцээнд зориулж хөнгөн тэрэгний 5 машины гарааш барихыг зөвшөөрчээ.
2.4.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тоот Газар эзэмших, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар[4] Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.14 га газрыг 4 жилийн хугацаатайгаар зочид буудал, үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулж, 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг “А” ХХК-д олгож, 2001 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээг байгуулсан байна.
2.5.20******* онд “А” зочид буудлаас “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг болон бусад эд зүйлийн хамт хулгайд алдагдсан, уг хэрэг 2011 онд илэрсэн ч газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг олдоогүй үндэслэлээр “А” ХХК-иас 2011 оны ******* сарын 03-ны өдрийн дугаар бүхий албан бичгээр[5] газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг дахин авах хүсэлтийг Нийслэлийн газрын албанд хандан гаргажээ.
2.6.Нийслэлийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой, дугаар бүхий 1420 м.кв газрыг зочид буудлын үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг[6] нөхөн олгосон байна.
2.7.“А” ХХК-иас Нийслэлийн газрын албанд хандан 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр[7] тус компанийн эзэмшиж буй газрын зүүн хойд хэсгийн 592,25 м.кв хэмжээтэй газрыг өөрийн эзэмшиж буй газар дээр нэмж, шинэчлэн хийлгэсэн кадастрын зургийн дагуу нийт 2012.25 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмших зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлтэд 2011 оны ******* сарын 24-ний өдөр “И*******” ХХК-иар хийлгэсэн 2012.25 м.кв газар болон 578.16 м.кв үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээтэй кадастрын зургийг[8] хавсаргажээ.
2.8.Дээрх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай захирамжаар[9] “А” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээг 1932 м.кв болгон нэмэгдүүлсэн бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* нэгж талбарын дугаартай 1932 м.кв газрын кадастрын зургийг[10] үйлдсэн байна.
2.9.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай захирамжаар[11] “А” ХХК-ийн эзэмшиж буй газрын зориулалтыг үйлчилгээ, орон сууц болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2.10.“А” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/******* дугаартай албан бичгээр[12] Нийслэлийн газрын албанд хандан гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамжаар[13] “А” ХХК-ийн 1932 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2017 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн кадастрын зургийг[14] үйлджээ.
2.11.Б дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар[15] тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах А зочид буудлын баруун хойно 72 м.кв газрыг иргэн С.Нд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар[16] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2012 оны ******* сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар[17] талбайн хэмжээг 104 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.
2.12.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны ******* сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаар[18] газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр захирамжаар[19] газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна.
2.13.Нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар “бусдын газартай давхцуулж, хууль ёсны ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр С.Нгийн давхцаж буй 73 м.кв газрыг хассан бөгөөд С.Нгээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн дугаар бүхий захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2023 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрээр[20] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг хэрэгт гуравдагч этгээдээр “А” ХХК оролцжээ.
2.14.Улмаар “А” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан, Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
2.15.Нэхэмжлэгчээс “...манай компани нь 2011 оны 11 дүгээр сард өөрийн эзэмших эрхийн 1420 м.кв хэмжээтэй газрын зүүн талд нэмж газар эзэмших эрх хүссэн 592,25 м.кв газраас 80 гаруй м.кв багасгаж, 512 м.кв газрын төлбөрийг төлүүлэн олгохоор шийдвэрлэж, манай эзэмших газрын хэмжээг 1932 м.кв болгосон, газрын даамал Д.Нгийн 2012 оны 2 дугаар сард гаргаж өгсөн кадастрын зургаар бидний хүссэн 592,25 м.кв газрыг бүхэлд нь олгосноор дүрслэгдсэн байдаг. 1932 м.кв эзэмших газрын хэмжээнд тааруулж 1994 оноос хойш “А” ХХК-ийн ашиглаж, эзэмшиж ирсэн 1420 м.кв хэмжээтэй газрын баруун хойд хэсгээс 80 м.кв хэмжээтэй газрыг ямар ч үндэслэл, шийдвэргүйгээр хассан нь хууль бус, уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй, ...нэхэмжлэгч компанийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын дагуу 2-3 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх ёстой байтал хариу өгөөгүй, түүнчлэн хэрэгт авагдсан “н.Тын утсаар ярьсан” гэх тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй” гэж тайлбарлан маргаж байна.
2.16.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...“А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Б дүүргийн 19 хороонд зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 1420 м.кв газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулах газрын байршлын схем зургийг одоо байгаа газрын мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зурагтай харьцуулж үзэхэд таарч байгаа боловч 80 м.кв газрыг шийдэхдээ хойд талын болон зүүн талын авто зам дагуу явган хүнийг замыг хасаж, зүүн урд хэсэг дэх кадастрын зургийн зөрүүтэй асуудлыг арилгаж дээрх бүх асуудлыг нэг мөр шийдэх боломжтой, ...Б дүүргийн Н эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд авто зам, явган замын асуудал маш хүндрэлтэй, авто зогсоол байхгүй байгаа нь нийтийн эрх ашгийг хөндөж байгаа асуудал тул нийтийн эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргасан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлаж байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компанийн “А” зочид буудлын барилгад зориулж 1990 оны ******* сарын 18-ны өдрийн Улаанбаатар хотын АДХГЗ /хуучин нэрээр/-ны ******* дүгээр тогтоолын 3-т зааснаар О*******-ны 24 дүгээр хороо одоогийн Б дүүрэг, 19 хороо, , Хотын шүүх /хуучин нэрээр/-ийн ар тал, орон сууцны 55 байрны зүүн талд 400 м.кв газар анх олгосон юм. Улаанбаатар хотын Архитектур төлөвлөлтийн газар /хуучин нэрээр/-аар тус зочид буудлын 12-19176 дугаар шифртэй зураг төсвийг хийлгэж, 1990 оны 11 дүгээр сарын 01-нд “тэг” тэнхлэгийг тавиулсан. Ингээд 1991 оны 01 дүгээр сарын 30-ны “Барилгын ажлыг эхлүүлэх дугаар зөвшөөрөл”-ийг үндэслэн “А” зочид буудлын барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа билээ. Б дүүрэг, 19 хорооны нутаг дэвсгэр дэх “А” зочид буудлын эдэлбэр газрын баталгаат хэмжээг 1994 оны 05 дугаар сарын 06-ны дүгээр актаар тогтоосон. Ингэхэд нийт эдэлбэр газрын хэмжээг 1420 м.кв, барилгын доорх талбайг 418 м.кв, цэцэрлэгжүүлсэн талбайг 470 м.кв, цементэн замын доорх талбайг 532 м.кв гэж баталгаажуулсан байдаг. Үүнийг 1996 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “А” ХХК-ийн эдэлбэр газрын хэмжээг газар дээр нь хэмжилт, зураглал хийж, эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын хурлын ******* протокол, дугаартай схем зургаар тус тус давхар баталгаажуулсан юм. Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газраас 2001 оны 09 дүгээр сарын 27-нд хийсэн “А” ХХК-ийн эдэлбэр газрын экспликацид нийт талбайн хэмжээг 1420 м.кв, барилга доорх газрыг 479 м.кв, бусад газрыг 951 м.кв тогтоож, эдэлбэр газрын схем зургийг үйлдэж, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын 6 дугаар протоколоор баталгаажуулсан. Манай компанийн менежерийн өрөөнд 2009 оны 03 дугаар сарын 31-нээс 2009 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хулгай орж, “А” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг бусад эд зүйлийн хамт алдагдсан. Уг хэрэг 2011 онд илэрсэн ч дээрх баримт бичиг олдоогүй тул бид газрын холбогдолтой баримт бичгийг тогтоосон журмын дагуу хүчингүйд тооцож, алдагдсан газрын гэрчилгээ, кадастрын зураг дахин авах хүсэлтээ 2011 оны ******* сарын 03-ны дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд гаргасан. Гэвч газрын даамал Д.Н нь кадастрын зураг гаргаж өгөлгүй 2011 оны 11 дүгээр сарын 28-ны огноотой газар эзэмших дүгээр гэрчилгээг нөхөн гаргаж өгсөн манай 2001 оны кадастрын зургийг одоо болтол Газрын албанаас гаргаж өгдөггүй. “А” ХХК нь эзэмшиж буй газрынхаа зүүн талын хэсэгт явган болон авто машины засмал зам тавьж, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээг 1991 оноос 20 жил хариуцаж ирсэн ба энэ хэсгийн 592,25 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг 1994 оноос хойш эзэмшиж байгаа 1420 м.кв талбайтай газар дээрээ нэмж авч, эзэмших эрхийн газрын хэмжээгээ 2012.25 м.кв болгох хүсэлтийг 2011 оны 11 дүгээр сарын 07-ны дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад гаргаж, “А” зочид буудал, тус зочид буудлын хойд талд нь орших 6 гараашны байршлын кадастрын зургийн хамт хүргүүлсэн. Нийслэлийн Газрын албанаас манай хүсэлтийг хянаж үзээд нөхөн төлбөрт 2,4*******,000, тухайн газрын дуудлага худалдааны анхны үнийн төлбөрт 8,110,*******0, нийт 10,,*******0 төгрөгийг Улаанбаатар банкны дугаар дансанд тушаалгасан. Бид тухайн үед манай хүсэлтийг бүрэн шийдвэрлэж 592,25 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг олголоо гэж ойлгосон боловч бодит байдал дээр тэс өөр зүйл болж хувирсан.
Манай компанид газар эзэмших эрх нэмж олгохдоо 1994 оноос хойш манай ашиглаж, эзэмшиж байсан 1420 м.кв газрын баруун хойд булангийн хэсгээс 80 м.кв газрыг хууль бусаар хасч, тэнд байгаа 2 хэсэг 6 гараашийг огт байхгүй болгосон кадастрын зургийг тухайн үед газрын даамал байсан Д.Н гаргаж өгсөн. Манай компани нь 2011 оны 11 сард өөрийн эзэмших эрхийн 1420 м.кв хэмжээтэй газрынхаа зүүн талд нэмж эзэмших эрх хүссэн 592,25 м.кв газраас 80 гаруй м.кв багсгаж, 512 м.кв газрын төлбөрийг төлүүлэн олгохоор шийдвэрлэж, манай эзэмших газрын хэмжээг 1932 м.кв болгосон хэрнээ газрын даамал Т.Нгийн 2012 оны 2 сард гаргаж өгсөн кадастрын зургаар бидний хүссэн 592,25 м.кв газрыг бүхэлд нь олгосноор дүрслэгдсэн байдаг. Тэгсэн хэр нь 1932 м.кв эзэмших газрын хэмжээнд тааруулж 1994 оноос хойш “А” ХХК-ийн ашиглаж, эзэмшиж ирсэн 1420 м.кв хэмжээтэй газрын баруун хойд хэсгээс 80 м.кв хэмжээтэй газрыг ямар ч үндэслэл, шийдвэргүйгээр хассан байдаг. Хууль тогтоомжоор бол манай компанийн 1994 оноос ашиглаж, эзэмшиж ирсэн 1420 м.кв хэмжээтэй газарт ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр зөвхөн “А” зочид буудлын зүүн талд 512 м.кв хэмжээтэй газар эзэмших эрх шинээр үүсэх ёстой байсан. “А” ХХК-ийн 1994 оноос хойш ашиглаж, эзэмшиж ирсэн 1420 м.кв хэмжээтэй газрын зүүн хэсэгт 2011 оны 11 сард шинээр эзэмших эрх хүссэн 592,25 м.кв хэмжээтэй газраас 512 м.кв газрын эзэмших эрхийг олгож, 80,25 м.кв газар эзэмших эрх олгоогүй байж ийнхүү кадастрын зургаар будлиантуулсан.
“А” ХХК-ийн 1994 оноос хойш ашиглаж, эзэмшиж ирсэн 1420 м.кв хэмжээтэй газраас 80 м.кв хэмжээтэй газрыг тасалж авч уг газрын эзэмших эрхийг тухайн үед Б Дүүргийн газрын даамлаар ажиллаж байсан Т.Гын эхнэр С.Нд Б дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр болж, С.Н нь газар эзэмших гэрээгээ өөрийнхөө нөхөртэйгөө байгуулсан байдаг. Үүнийг нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Т.Гыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болохыг тогтоосон. Нийслэлийн Засаг дарга нь бусдын эзэмших эрхтэй газрыг давхцуулан С.Нд хууль бусаар олгосон болохыг тогтоож, 2022 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар С.Н нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, С.Нд олгосон газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан. Манай компаниас хууль бусаар хасагдсан байсан 80 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг нөхөн олгох хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга Д.Ст 2023 оны 06 дугаар сарын 30-нд гаргасан боловч өнөөдрийг хүртэл уг хүсэлтийг шийдвэрлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй тул Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж буйг хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд бүрэн хангалттай гэж үзэж байна. Хариуцагч талаас тайлбар дээрээ урд өмнө нь газар эзэмших эрхтэй байсан гэж хэлсэн. Газар дээрээ гарааш барьсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 2012 онд газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо 80 квадрат метр газрыг хассан байна гэдгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хээрийн судалгаа дутуу хийгдсэний улмаас ийм зүйл болсон талаар хэлж байна. Хууль зүйн талаас нь харж үзэхэд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар ярьдаг. Манайх Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газрын маргаантай асуудлын талаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хүсэлтээ гаргасан. Газрын маргааныг нийслэлийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлнэ. Хэрвээ шийдвэрлээгүй бол шүүхэд хандах зохицуулалт байгаа. Хүсэлтээ гаргаснаас хойш 30 хоног хүлээсэн. Манай асуудлыг тухайн үед шийдвэрлээгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан н.Тын үйлдсэн бичиг гэж байгаа. Сүүлд нь нөхөж хийж гал намжаах зүйл хийсэн баримт гэж үзэж байна. Нотлох баримтын хэмжээнд авч үзэх үү, үнэлж дүгнэх үү гэдэг асуудал дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан гэж байгаа. Цахим баримт бичиг хуулбар үнэн дардас дарагдсан байх ёстой. Эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх ёстой. Тамгаар баталгаажсан байх ёстой. Тус шаардлагыг хангаагүй баримтыг гаргаж өгсөн. “А” ХХК-ийн утсаар мэдэгдэж өргөдлийг хаав гэсэн бичиг байдаг. Энэ нь бүртгэлийн дугаар байхгүй. Албан ёсоор бүртгэгдээгүй байна. Баримтын бүртгэл хангаагүй зүйл орж ирсэн. Нотлох баримтыг шүүх үнэлэхдээ шүүх тус нотлох баримтыг анхаараад өгөөрэй гэж хүсэж байна. Нөхөж бичсэн хэн, хаанаас гаргаж өгсөн нь тодорхойгүй байна. Мөн 20******* оны журам байдаг. Журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлэхийг мэдэгдэж хурлыг хаав гэж байгаа. Тус журам дээр газар эзэмших эрхийн харилцаатай холбоотой зүйл байхгүй. Тус журмыг 2023 оны 8 сард тушаалаар шинэчлэн баталсан. Энэ дотор газар эзэмших эрхийг зөрчсөн асуудлыг нөхөн сэргээхтэй холбоотой ямар ч зохицуулалт байхгүй. Тус журам нь манай маргаан бүхий асуудалд хамааралгүй. Тус журмыг баримтлах ёстой гэвэл хуучин мөрдөж байсан журмаар иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтэд 2 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Шинэ журмын зохицуулалтаар бол ажлын 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Энэ талаар огт мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан өргөдөл гомдол хянан шийдвэрлэдэг журмыг бүхэлд нь зөрчиж байна. Хүлээж авсан нь эргэлзээтэй. Сүүлийн 2 удаагийн хурлаар хэлэлцэж явсан байна. Гэтэл хариу мэдэгдэх, шийдвэр гаргах, шийдвэр хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. Хуулийг дагаж мөрдөх ёстой байсан журмыг мөрдлөг болгож үйл ажиллагаа явуулсан нь буруутай болж байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон хууль бус хүчин төгөлдөр бус эрх зүйн акттай холбоотой асуудлаар хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Хүсэлт гаргаад 30 хоногийн дараа гомдлоо гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д тодорхой зааж өгсөн. Албан хэрэг хөтлөлтийн асуудал дээр ярихад хэд хэдэн будилаан явж байгаа. Хуулбар үнэн гэсэн дардастай, албан тушаалтан газрын үсэг зурж тамга дарсан бол хууль ёсны хүчин төгөлдөр баримт гэж үзнэ. Хэрвээ тийм зүйл байхгүй бол хууль ёсны баримт байхгүй. Өөрөөр хэлбэл н.Тын гаргаж өгсөн нотлох баримт нь баталгаажилт байхгүй, карт нь байхгүй, манайд мэдэгдээгүй зүйл юм. Манайд мэдэгдэж Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа явуулсан уу гэвэл явагдаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 2021 оны дугаар тушаалаар баталсан журам байдаг. Тус журамд 2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Эзэмшил газрын хэмжээг өргөсөхийг хориглосон заалт байгаа. Тус заалтыг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар нэмсэн. Журмын 8.9-д нь эзэмшил газрын хэмжээг нь дараахь тохиолдолд өргөсгөж болно гэж байгаа. 8.9.4-т зааснаар гэрчилгээнд заасан талбайн хэмжээг багасгах, газрын хэлбэрийг гэрчилгээнд тусгасан тайлан хэмжээнд тохируулах, өөрчлөх гэж оруулж ирж байгаа. Манай маргаантай холбоотой олон асуудал явагдаж байгаа тул газрын алба өөрсдийгөө хамгаалах заалт оруулж ирсэн байна. 8.9.4-т заасан нь манайх гомдол хүсэлт гаргахаас өмнө, манай газрыг 2012 онд өөрчилсөн. 20******* оны дугаар тушаал байдаг. Газрын харилцаа зураг зүйн газрын даргын тушаал дээр ямар зүйл байгаа вэ гэвэл. 16 дугаар зүйл дээр нь хориглох зүйл гэж байгаа. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлтээс гэмтээх, засварт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж байгаа. Танайх тухайн үед кадастраа аваагүй. Танай буруу гэж бид нарыг буруутгадаг. Тухайн үед мөрдөгдөж байсан журам дээр Нийслэлийн газрын албаны ажилчдын алдаатай үйл ажиллагааны улмаас маргаан үүссэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллагаа дутуу хийгдсэнээр өнөөдрийн байдал үүссэн гэж хэлсэн. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам 20******* оны дугаар тушаалын хавсралт, сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар өөрчлөгдсөн байгаа. Журмын 9.1-д нийслэл, дүүргийн Засаг дарга нар газар эзэмших, ашиглах эрх олгосон иргэн хуулийн этгээд нь энэ журмын 8.9, 8.4-т заасан мэдэгдлийн дагуу гэж байгаа. Тус мэдэгдэл нь нийслэл, дүүргийн газрын алба нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил ашиглалтад оруулсан газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэн тэмдэглэжүүлэх ажлыг кадастрын зурагт үйлдэх тухай мэдэгдэл өгөх ёстой. 2011, 2012 оны үйл баримтын хувьд 20******* оны журам үйлчилж байсан. Хэн ч дур мэдэж кадастрын зурагт өөрчлөлт оруулах эрх байхгүй байсан. Кадастрын зураг газар дээр бэхжүүлэх асуудлыг Газрын алба 8.4-т заасны дагуу манай нэгж талбар эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, мэдэгдэл өгөх ёстой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй. Журмын 9.3-т нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу тодорхой биет байхгүй бол энэ журмын 2 дугаар хавсралт буюу нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг үйлдэж иргэн хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө гэж байгаа. Тус ажиллагааг хийгээгүй. Журмаа зөрчсөн байна. Кадастрын зургаа авах талаар хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Байхгүй болохоор хариуцагч тал дараа нь асуудал гарна гэж бодоод өгөөгүй. Тэр нь маргаан үүсээд явсан. Журмын 9.6.2-т кадастр гэж байгаа. Иргэн, хуулийн этгээд энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл газрын албаны мэргэжилтэн бид нарт мэдэгдэл өгч, бид нар мэдэгдлийн дагуу эрх бүхий кадастрын зураг хийдэг компаниар хил, зааг, цэгийг нь тавиулж актаа авч баталгаажуулж түүнийхээ үндсэн дээр кадастрын зураг мэдээллийн санд орох ёстой. Ажиллагаа хийгдээгүйгээс болж маргаан үүссэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байх шиг байна. Журмын 16.4-т нэгж талбарын хувийн хэрэг болон улсын бүртгэлийн дэвтэрт бичиглэлд засвар хийх, дур мэдэн хуудас нэмж засварлахыг хориглоно гэж байгаа. Манай кадастрын зураг алга болсон. Одоо болтол хуучин кадастрын зураг гарч ирдэггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “А” ХХК 1991 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшиж ирсэн. 1995 онд газар дээрээ гарааш барих эрхтэй болсон нь нотлогдож байна. Гарааш өнөөдрийг хүртэл байгаа. 80 квадрат метр газрыг хууль бусаар, ямар ч үндэслэлгүйгээр эзэмших эрхийг нь хассан. Дээр дурдсан журам, хуулийг зөрчсөн байна. Тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуульд газрын хэмжээ, газар эзэмших эрхийг дур мэдэж хэн ч өөрчлөх эрхгүй байсан. Одоо нийтийн ашиг сонирхлын үүднээс гэж 4-5 үндэслэл байгаа. Хуучин хууль дээр тийм зүйл байхгүй. “А” ХХК тухайн үед газар эзэмших эрхтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараа тодорхой болж байна. Эс үйлдэхүй гаргасан, гаргаагүй гэдэг асуудал байгаа. Эс үйлдэхүй Засаг дарга гаргасан байгаа. Яагаад гэвэл журам болон хуулийг баримталж манайд албан ёсоор бичгээ хүргэж өгөх ёстой байсан. Нэг ч баримт албан ёсоор өгөөгүй. Мөн Захиргааны хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш хурлаар оруулах, бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:“...“А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Б дүүргийн 19 хороонд зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 1420 м.кв газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар 512 м.кв нэмэгдүүлж 1932 м.кв болгож нэмэгдүүлж 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дүгээр сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн.
“А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар Б дүүргийн 19 хороонд зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 1420 м.кв газрын хэмжээг нэмж 1932 м.кв болгож 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр захирамж гарсан. Гэвч уг захирамжийг гаргахдаа 2001 оны дугаартай захирамжаар олгосон 1420 м.кв газрын кадастрын зургийн баруун хойд хэсгээс 80 м.кв газрыг хасаж олгосноор уг маргаан үүссэн байна. “А” зочид буудлын хойд талд байрлах Б дүүргийн Н эмнэлэг (амбулатори) үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, авто зам, явган замын асуудал маш хүндрэлтэй, авто зогсоол байхгүй байгаа нь нийтийн эрх ашгийг хөндөж байгаа асуудал бөгөөд Засгийн газрын дэргэдэх иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс байнга гомдол, санал ирүүлдэг. Цаашид А ХХК-ий дээрх зөрчлийн асуудлаар олон талын байр суурийн эрх тэгш байдлыг хангаж шийдвэрлэх шаардлагатай буюу нийтийн эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар 512 м.кв нэмэгдүүлж 1932 м.кв болгож өөрчилсөн захирамжийг хүлээн авсан байдаг. Гэвч одоо энэхүү гомдол гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа Өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно" гэж заасан хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй тул энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтад заасан "гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хэтрүүлсэн" байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэг.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Б дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж, хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
4.Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаж 2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар 512 м.кв нэмэгдүүлж 1932 м.кв болгож өөрчилсөн захирамжтай холбогдуулан гомдол гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
5.Учир нь нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр захирамжтай маргаагүй, уг захирамжийг мэдсэн байх нь нэхэмжлэгчийн “80 м.кв газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай” хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэрлэсэн эсэхтэй холбоотой энэхүү маргаанд ач холбогдолгүй юм.
6.Хоёр.Б дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж, хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.1-2.4 дэх хэсэгт дурдсанчлан хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 1995 оны А/2*******, 1996 оны дугаар, 2001 оны дугаартай захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор барилга хот байгуулалтын албаны даргын 1996 оны ******* сарын 22-ны өдрийн дугаартай шийдвэр,1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон акт[21], Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн протокол[22], Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эдэлбэр газрын экспликаци[23] зэрэг баримтаар нэхэмжлэгч “А” ХХК нь Б дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж хаягт байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ******* дугаартай, 1420 м.кв талбай бүхий газар болон тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө, 6 автомашины гараашийг 1996 оноос 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашиглах эрхтэй байсан болох нь тогтоогдож байна.
8.Улмаар “А” ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр[24] тус компанийн эзэмшиж буй газрын зүүн хойд хэсгийн 592,25 м.кв хэмжээтэй газрыг өөрийн эзэмшиж буй газар дээр нэмж, 2011 оны ******* сарын 24-ний өдөр “И*******” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургийн[25] дагуу нийт 2012.25 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан, уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай захирамжаар[26] “А” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээг 1932 м.кв болгон нэмэгдүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэгж талбарын ******* дугаартай 1932 м.кв газрын кадастрын зургийг[27] үйлдсэн байх боловч уг кадастрын зурагт нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшиж байсан баруун хойд булангийн 6 автомашины гарааш бүхий талбай хасагджээ.
9.Хэдийгээр маргаан бүхий газрыг Б дүүргийн Засаг даргын 2005 оны *******, 2010 оны , 2012 оны , Нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаартай захирамжаар иргэн С.Н эзэмшиж байсан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн газрын үзлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” тодорхойлох шаардлагыг тус тус хуульчилсан.
11.Нэхэмжлэгч “А” ХХК нь маргаан бүхий 80 м.кв газрыг бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж байсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид үүссэн газар эзэмших “онцгой ашиг сонирхол”-ыг үгүйсгэх боломжгүй, цаашид тухайн газар эзэмших боломжгүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.
12.Иймд Б дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж, хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг нэхэмжлэгч “А” ХХК эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
13.Гурав.Хууль бусаар хасагдсан газар эзэмших эрхийг “А” ХХК-д нөхөж олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг урьд нь эзэмшиж байсан хэмжээгээр нь нөхөн олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
14.Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр[28], түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/35 дугаар албан бичгээр[29] хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хандан газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан байна.
15.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
16.“А” ХХК-ийн хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар хурлаар[30] хэлэлцээд “газрыг 2024 м.кв болгож нэмэх асуудлыг эс зөвшөөрч, хойд талын гарааш буулгаж, явган зорчигч явах нөхцөл бүрдүүлэх, зургийн хэлбэр засах” гэж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр хурлаар[31] хэлэлцээд “...эс зөвшөөрсөн 100%, Газрын тухай хуульд заасны дагуу талбай нэмэх боломжгүй, шүүхийн маргаан эцэслэгдэх хүртэл хэлэлцэхгүй” гэж тус тус шийдвэрлэжээ.
17.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар[32] баталсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 4.5-д “Зөвлөлийн хурлаар зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн, хойшлуулсан гэсэн дүгнэлт гаргах өгөөд зөвшөөрсөн дүгнэлт нь Засаг даргын захирамжийн үндэслэл болж, хойшлуулсан, эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг хурлын тэмдэглэлд заавал тусгана”, 4.9-д “Зөвлөлөөс эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тохиолдолд түүний үндэслэл, тайлбарыг тухайн иргэн, хуулийн этгээдэд 2 хоногийн дотор хариуцсан мэргэжилтэн албан бичгээр хариу өгнө” гэж,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дүгээр тушаалаар[33] баталсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 4.9-д “Зөвлөлөөс эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тохиолдолд түүний үндэслэл, тайлбарыг тухайн иргэн, хуулийн этгээдэд 3 хоногийн дотор хариуцсан мэргэжилтэн албан бичгээр хариу өгнө” гэж тус тус заасан байна.
18.Тодруулбал, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн газар эзэмших, ашиглахтай холбоотой хүсэлтийг хэлэлцээд эс зөвшөөрсөн тохиолдолд түүний үндэслэлийн талаар тухайн иргэн, хуулийн этгээдэд 2 болон 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэхээр байна.
19.Гэвч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн 80 м.кв газар эзэмших хүсэлтийг эс зөвшөөрсөн талаар дээрх журамд заасны дагуу албан бичгээр мэдэгдээгүй эс үйлдэхүй үзүүлсэн байх бөгөөд “шүүхийн маргаан эцэслэгдэх хүртэл хэлэлцэхгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
20.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад байх бөгөөд Засаг даргаас маргаан бүхий 80 м.кв газрыг зэмшүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргаагүй байхад шүүх “А” ХХК-д газар эзэмшүүлэхийг шууд даалгах боломжгүй.
21.Иймд Б дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж, хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газар эзэмших “А” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргад өөрийн бүрэн эрхийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэв.
22.Гурав.“А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.
24.Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхэд “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргаж буй захиргааны акт хэрэгжиж бөгөөд нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байна гэж үзвэл хууль бус байсан болохыг тогтоолгох агуулгаар үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гарган маргах боломжтой.
25.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “А” ХХК-ийн эзэмшиж байсан гэх “А” зочид буудлын баруун хойно байрлах маргаан бүхий 80 м.кв газрыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй.
26.Харин “А” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр гаргасан эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар “А” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 1420 м.кв-аас 1932 м.кв болгон нэмэгдүүлэхдээ өмнө нь эзэмшиж байсан газрын хэмжээнээс хасч, өөр газар нэмэгдүүлэн эзэмшүүлсэн, улмаар 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн , 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар газрын зориулалт, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байх боловч нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрүүдтэй маргаагүй тул шүүх тухайн шийдвэрүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
27.Өөрөөр хэлбэл, энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна.
28.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.5, 106.3.13 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “А” ХХК-д Б дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Д гудамж, хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, уг газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргад өөрийн бүрэн эрхийн хүрээнд “А” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг эцэслэн шийдвэрлэхийг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “А” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох”” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/-2-49 дэх тал
[2] Хх-1-9 дэх тал
[3] Хх-1-13 дахь тал
[4] Хх-1-20 дахь тал
[5] Хх-1-135 дахь тал
[6] Хх-1-130 дахь тал
[7] Хх-1-137 дахь тал
[8] Хх-1-142 дахь тал
[9] Хх-1-117 дахь тал
[10] Хх-1-124 дэх тал
[11] Хх-1-136 дахь тал
[12] Хх-1-158 дахь тал
[13] Хх-1-149 дэх тал
[14] Хх-1-164 дэх тал
[15] Хх-2-188 дахь тал
[16] Хх-3-86 дахь тал
[17] Хх-2-1 дахь тал
[18] Хх-2-181 дэх тал
[19] Хх-1-179 дэх тал
[20] Хх-3-86 дахь тал
[21] Хх-2-147 дахь тал
[22] Хх-2-156 дахь тал
[23] Хх-1-158 дахь тал
[24] Хх-1-137 дахь тал
[25] Хх-1-142 дахь тал
[26] Хх-1-117 дахь тал
[27] Хх-1-124 дэх тал
[28] Хх-2-138 дахь тал
[29] Хх-3-48 дахь тал
[30] Хх-2-250 дахь тал
[31] Хх-3-29 дэх тал
[32] Хх-3-36 дахь тал
[33]Хх-3-36 дахь тал