| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2025/00115/И |
| Дугаар | 197/ШШ2025/01599 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01599
2025 03 13 197/ШШ2025/01599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн*******,*******,*******,*******, Баярхүүгийн Цасчихэрт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5.715.038 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01355 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Б.Цасчихэр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: ...зээлдэгч Э.т, Б.Цасчихэр нар нь 2020 оны 08 сарын 28-ны өдөр АХЗГ-341801704167 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан эд хөрөнгө худалдан авах зорилгоор /Dell processor/ 4.500.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Банк гэрээний дагуу зээлийг зээлдэгч Э.тын харилцах дансанд шилжүүлсэн. Барьцаат зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг 2021 оны 08 сарын 02-ноос хойш төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 1.262.775,45 төгрөг, хүүгээс 645.318,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 55.81 төгрөг, нийт 1.908.150 төгрөг төлсөн байна.
Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 3.237.224,55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.159.805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 318.008,52 төгрөг, нийт 5.715.038,17 төгрөгийг Цасчихэрээс гаргуулахаар нэхэмжилж байна. Цасчихэр нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч тул түүнээс нэхэмжилсэн. Үндсэн зээлдэг Э.т нь эхнэр Цасчихэрээс тусдаа амьдарч байгаа гээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан боловч Цагдаагийн байгууллагаас хаяг дээрээ байхгүй байна гэсэн хариуц албан бичгээр манай байгууллагад өгсөн.
Гэрээнд хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул гэрээний үүргийг хамтран зээлдэгчээс нэхэмжилж байгаа юм. хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч Б.Цасчихэр нь Төрийн банкны гаргасан нэхэмжлэлийн дагуу Э.тын зээлийн өр төлбөрийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. т бид хоёр 2010 оноос хамт амьдарсан, дундаасаа үр хүүхэдтэй боловч тын байнгын архины хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл, зан харилцааны таарамжгүй байдлаас 2020 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид нэхэмжлэл гаргасан боловч хагтай байхгүй бүртгэлтэй боловч оршин суудаггүй гээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байгаа.
Гэр бүлийн гишүүн зээлийн гэрээнд хамтрангаар орох ёстой, авсан зээлээ өөрөө төлнө гэж тын гуйсны дагуу итгээд зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болсон. Гэтэл т нь авсан зээлээ төлөөгүй, банк түүний зээлийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Банкнаас удаа дараа над руу холбогдоход очиж уулзан учир байдлыг хэлж, ттой холбоо тогтоож болох ах, аавынх нь гэрийн хаяг, ажлын газрын хаяг зэргийг зааж өгч хамтран ажилласан, эрэн сурвалжлуулах хүсэлт гарган шийдвэрлүүлсэн боловч Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж олох ажиллагаа үр дүнгүй, ах дүү нар нь хамаатан садан нь хамтран санаатайгаар тыг зугтаалгаад байна. гэсэн тайлбар хийж маргасан.
3. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас дүгнэхэд, шүүх Төрийн банк-/Гэгээнтэн тооцооны төв/-ын хариуцагч Б.Цасчихэрээс зээлийн гэрээний үүрэгт 5.715.038 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Төрийн банкны Гэгээнтэн бизнес төв болон Э.т, Б.Цасчихэр нарын хооронд 2020 оны 08 сарын 28-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу 4.500.000 төгрөгийг, 30 сарын хугацаатайгаар, сарын 1.60 хувь, жилийн 19.20 хувийн хүүтэйгээр эд хөрөнгө худалдан авах зорилгоор Э.т, Б.Цасчихэр нар нь зээлж авахаар гэрээг байгуулж, зээлийн гэрээнд үндсэн үүрэг гүйцэтгэгч Э.т, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Цасчихэр нар гарын үсэг зурсан, улмаар зээлийн 4.500.000 төгрөгийг Э.тын харилцах дансанд 2020 оны 08 сарын 28-ны өдөр шилжүүлсэн ба гэрээний 30 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар талууд харилцан тохиролцсон байна.
3.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн байна.
3.3. Нэхэмжлэгчийн хувьд барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийг биелүүлж, зээлдэгч нарт зээлийг олгосон тул уг гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй бөгөөд гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь Э.т нь оршин суух хаягтаа байхгүй, хаа байгаа тодорхойгүй, эрэн сурвалжлуулаад олдохгүй байгаа үндэслэлээр 2020 оны 08 сарын 28-ны өдөр Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч Б.Цасчихэрээс гаргуулахаар нэхэмжилснийг буруутган дүгнэх боломжгүй юм.
Учир нь: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж, мөн гэрээний 3.2.1-д зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-н дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэг хүлээсэн талуудын тохиролцоо нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээс гадна гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан, хариуцагч нь эрх зүйн чадамжтай, гэрээний нөхцөл, үүрэг, эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ойлгох ухамсар бүхий этгээд байна.
3.4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,
- мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус зааж хуульчилсан байна.
3.5. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэнд тооцож, нээгдүүлсэн хүүг тооцно гэсэн гэрээний нөхцөлийг талууд тодорхойлсон байна.
3.6. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болохоор Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 242.12 дэх хэсэгт зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч Б.Цасчихэрээс ...Төрийн банк /Гэгээнтэн тооцооны төв/ болон Э.т, Б.Цасчихэр нарын хооронд 2020 оны 08 сарын 28-ны өдөр Барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардан, үндсэн зээлийн үлдэгдэл 3.237.224,55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2.159.805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 318.008,52 төгрөг, нийт 5.715.038,17 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлага, түүний үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд, хариуцагч Б.Цасчихэрээс 5.715.038,17 төгрөг гаргуулж Төрийн банк /Гэгээнтэн тооцооны төв/-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106.390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус баримтлан хариуцагч Б.Цасчихэрээс 5.715.038 /таван сая долоон зуун арван таван мянга гучин найм/ төгрөг гаргуулж Төрийн банк /Гэгээнтэн тооцооны төв/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цасчихэрээс улсын тэмдэгтийн хураамжид 106.390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК- /Гэгээнтэн тооцооны төв/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД