Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00298

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00298

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  тоотод оршин суух, Б******* овогт А*******ын Х******* /РД:Т*******/-ын хүсэлттэй,

 

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: А.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.Х******* нь баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие А*******ын Х******* 1965 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. Дархан хотод 1979 онд шилжиж ирээд 1983 онд цэргийн албанд явж, 1986 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Атка гэж Оросын байгууллагад ажилласан. Тухайн байгууллагад ажилласнаас хойш хэд хэдэн газар ажиллаж байгаад 2005 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр, хугацаат цэргийн албан хаагчийн архивын лавлагаа зэрэгт Е*******гийн Х******* гэж эхийн нэрээр овгийг минь бичсэн. Харин иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд А*******ын Х******* гэж эцгээр овоглосноос бичиг баримтын зөрчил гарч, тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон.

Дээрх бичиг баримтын зөрчлөөс шалтгаалан миний эрх зөрчигдөж байгаа тул иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг үндэслэн Е*******гийн Х******* нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, №313152 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №113152 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч А.Х*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт болон хаягийн хуудаст өөрийн мэдээллийг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг, төрөл садангийн лавлагааг нотлох баримтаар гаргуулж, Е.О*******, Е.О******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч А.Х******* нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд эцэг Г.А*******аар овоглож бүртгэгдсэн, харин хөдөлмөрийн дэвтэр, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд эх Б.Е*******гөөр овоглож бүртгэгдсэнээс эрх зөрчигдсөн үндэслэлээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх-ийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор заасан бөгөөд мөн хуулийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

4. Хүсэлт гаргагч А.Х*******ын дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарч байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хүсэлт гаргагч А.Х******* нь Г*******гийн А*******, Бын Е******* нарын дундаас 1965 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрснийг 1965 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байх ба төрсний гэрчилгээнд эцэг Г.А*******аар овоглосон болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх7, 20/

5.2. Улмаар хүсэлт гаргагч А.Х*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн картад эцэг Г*******гийн А*******, эх Бын Е******* гэж бүртгэгдсэн байх бөгөөд түүний иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын байгууллагаас 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн 123412 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт мөн эцэг Г.А*******аар овоглосон байна. /хх5, 21/

5.3. Харин Дархан хотын Монгол ажилчдын захиргаанаас 1997 онд хүсэлт гаргагч А.Х*******т хөдөлмөрийн дэвтэр нээж олгоход болон түүний хугацаанд цэргийн алба хаасны архивын лавлагаанд эх Б.Е*******гээр овоглон хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа олгожээ. /хх4, 6, 36-37/

5.4. Гэрч Е.О******* ...А.Х******* нь миний төрсөн ах. Биднийг бага байхад төрсөн эцэг нь орхиод явсан гэж сонссон. Ээжтэй минь үлдээгээд явсан гэж байсан. Б.Е******* нь А.Х******* ахын төрсөн эх нь мөн... гэж, гэрч Е.О******* ...А.Х******* нь миний төрсөн ах. Бид эхээс наймуулаа. А.Х******* нь миний дээрээсээ гурав дахь ах. А.Х******* ах маань биднийг харж хандаж, өсгөж хүмүүжүүлсэн болохоор хамаагүй янз бүрийн зүйл асуух шаардлага байдаггүй. Ахыгаа маш их хүндэлдэг болохоор овгийн талаар асууж байсангүй... гэж мэдүүлжээ. /хх28-35/

5.5. Хүсэлт гаргагч А.Х*******т Дархан хотын Монгол ажилчдын захиргаанаас 1997 онд №313152 дугаартай хөдөлмөрийн дэвтэр олгохдоо түүний эх Б.Е*******гөөр овоглож олгосон нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд А*******ын Х******* гэж бичигдсэнтэй тохирохгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч Е.О*******, Е.О******* нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч А.Х******* нь дээрх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.

5.6. Мөн хүсэлт гаргагч А.Х*******ын хөдөлмөрийн дэвтэр дэх цэргийн жинхэнэ албанд татагдаж, халагдсан хугацаа нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2182 дугаартай лавлагаатай тохирч байна.

6. Иймд Дархан хотын Монгол ажилчдын захиргаанаас 1997 онд Е*******гийн Х******* нэрээр олгосон №313152 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр хүсэлт гаргагч А*******ын Х******* /РД:Т*******/ мөн болохыг тогтоох нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дархан хотын Монгол ажилчдын захиргаанаас Е*******гийн Х******* нэрээр нээсэн №313152 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б******* овогт А*******ын Х******* /РД:Т*******/-ыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Х*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ