| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0178/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 179
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Т.Отгонтөгс,
хохирогч Н.Гантөмөр,
гэрч Э.Билгүүн-Оргил,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буяндэлгэрийн Байгалмаад холбогдох 1708027350504 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кассчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Тарагт сум, 3 дугаар баг, Хүрэмт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн гадаа автомашины зогсоолд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Гантөмөртэй маргалдан цохиж, түлхэж унагааж эрүүл мэндэд нь баруун сарвууны 4-р хурууны дунд шивлүүр ясны хугарал, хамрын нуруу, хамрын баруун угалзны доор зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн гадаа автомашины зогсоолд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Гантөмөртэй маргалдан цохих, түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Н.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой…Хөрс худалдааны төвийн талбай дээр очиход салсан нөхөр Билгүүн-Оргил машиныхаа хажууд зогсож байхаар нь яваад очиход урьдаас ирээд “намайг охиноо аваад гараад ирэхгүй яасан юм бэ” гэж хэлэхээр нь би “охин унтаж байгаа” гэсэн...машины дотор жолоон дээр нь танихгүй эмэгтэй сууж байхаар нь би суухгүй гэж хэлсэн…мөн Билгүүн-Оргилд чи наад хүүхэнээ дагуулж ирж надтай уулзах ямар шаардлага байгаа юм вэ, чиний мэдрэл зүгээр юм уу, ямар учиртай юм бэ, чамтай ярих юм байхгүй гэсэн…Гэтэл машин дотор байсан эмэгтэй “Чи ажил дээр байж байхад над руу залгаж байнга дарамталаад байсан гэхээр би чиний утсыг мэдэхгүй гэж хариулсан. Билгүүн-Оргил суучих энэ асуудлыг одоо нэг тийш нь болгомоор байна гэж ярьсан. Би суугаагүй, гэтэл машин дотор сууж байсан эмэгтэй машинаас бууж ирээд намайг хэл амаар доромжилоод нүүр, ам руу цохиод үснээс зулгаагаад түлхэж газар унагасан. Тэр хоёр явах гэхээр нь машиных нь урд зогсоод би цагдаа дуудсан энэ асуудлаа шийдээд яв гэсэн чинь найз хүүхэн нь бууж ирээд миний нүүр толгой хэсэг рүү цохиод машинаас холдуулсан...миний хувцаснаас зууралдаад зодож дахин холдуулаад газар түлхэж унагааж Билгүүн-Оргилыг хурдал гэж хэлээд хоёулаа машиндаа суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-28-29/,
- гэрч Э.Билгүүн-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед би урьд найзалж байсан Гантөмөрийн утас руу залгаад уулзая гэсэн, уулзах шалтгаан нь “миний эхнэр Байгалмаатай утсаар намайг хүүхдээ орхиод явсан. Чамайг ч гэсэн тийм болгоно шүү гэсэн утгатай зүйл ярьсныг манай эхнэр Байгалмаа надад хэлж үл ойлголцол бий болсон...тэгээд уулзсан...Байгалмаа машинаас гарч ирээд Гантөмөрийг 2 удаа хүзүүний орчим алгадсан...2 гарын бугуйнаас нь бариад явж байгаа харагдсан...Байгалмаа ирээд явъя гэхэд Гантөмөр машины урд зогсоод явуулахгүй байсан...Байгалмаа Гантөмөрийг тэврээд машины урдаас холдуулах үед би машинаа хөдөлгөөд хагас эргээд цонхоор харахад Гантөмөр замын хажууд бөгсөөрөө суучихсан манай эхнэр Байгалмаа гүйж ирээд явъя гээд хөдлөхөд дахин гүйж ирээд урд зогсоод байхаар нь манай эхнэр Байгалмаа дахин буугаад түүнийг аваад цааш холдуулсан...маргааш нь манай эхнэр Байгалмаа бид 2 СХД-н нэгдсэн эмнэлэг дээр Гантөмөртэй тааралдахад гартаа сойлт хийж боосон байсан. Бид 2-т юу ч яриагүй...гэх мэдүүлэг /хх51-55/,
- гэрч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бид 2 жолооны хичээлдээ суугаад Н.Гантөмөрийн гэрээр орж хичээлийн дүрмийн номоо авсан, тэр үед дүүтэйгээ хамт байж байсан ямар нэгэн гэмтэл аваагүй байсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагийн үед над руу залгаад би гараа хугалуулчихлаа. Намайг эмэгтэй хүн зодлоо гэж байсан...гэх мэдүүлэг /хх-17-18/
- гэрч Б.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 28-ны үед байх 23 цагийн үед “Хөрс” худалдааны төвд билльярд тоглоод харих гээд гарахад төв замын хойд талд....30 орчим насны эмэгтэй ганцаараа уйлаад зогсож байхаар нь очоод юу болсон гэж асуухад намайг хүн зодоод явчихлаа гэсэн, намайг цагдаагийн хэлтэс хүргээд өгөөч гэхээр нь машинд суулгаад СХД-н цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Замдаа манай хуучин нөхөр маань шинэ эхнэртэйгээ ирээд зодчихоод явчихлаа гэсэн...Автобус унааны мөнгө байхгүй түр хүлээж байж болох уу гэхээр нь гэмтлийн эмнэлгийн гадна буулгаад явсан. Миний машин дотор сууж явахад нэг гарынх нь ядам хуруу гэмтсэн гэж байсан. Хуруу нь эвгүй болчихсон мултарсан юм уу хугарсан ч юм уу гэмээр байсан. Тухайн үед тэр эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-139-140/,
- шинжээчийн дүгнэлт:...Н.Гантөмөрийн биед баруун сарвууны 4-р хурууны дунд шивнүүр ясны хугарал, хамрын нуруу, хамрын баруун угалзны доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.../хх-62/,
- шинжээчийн дүгнэлт...Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2017.12.01-ний өдөр гаргасан 14828 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Гантөмөрийн биед баруун сарвууны 4-р хурууны дунд шивнүүр зөрөөтэй ташуу хугарсан байна. Хэрэв гэмтэл учирсан бол хатуу биетийг цохих үед үүсэж болно. Мөн хурууг цохих, мушгих үед үүсгэгдэнэ. Зууралдах, чангаах үед үүсгэгдэхгүй...гэх дүгнэлт /хх-156-157/
- шинжээчийн:...Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрэмний дотор талд зүүн суганы оёдол, саарал зах, бээлийний бэхэлгээний уяанууд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-68-70/
- Н.Гантөмөрийн эмнэлэгт үзүүлсэн өвчний түүхийн хуулбар /х-15, 16/,
- шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн...тухайн үед машинд суучих гэхэд Н.Гантөмөр нь Билгүүн-Оргил руу хандаж энэ янханыг яах гэж авчирсан юм...чамтай юугаа ярьдаг юм, чи бол биеэ үнэлэгч гэхээр нь уурлаад машинаас буусан...чи бол Билгүүн-Оргилын 2 дахь нь, гарсан хүүхэд чинь бас 2 дахь нь байна гэхээр нь уурлаад Гантөмөрийн зүүн хацар хэсэгт 2 удаа алгадсан...өөдөөс дайраад цохих гээд байхаар нь 2 гарнаас нь барьж аваад хойшоо түлхээд...машинаа асаалгасан. Тэгтэл миний гарыг савж тавиулаад машины урд очоод намайг дайраад яв гэж хэлээд орилж байхаар нь... Гантөмөрийг машины урдаас түлхэж холдуулаад явах үед миний гарнаас зуураад явуулахгүй байсан...цааш холдуулаад замын хашлага руу аваад явахад замын хашлага дээр суучихсан....гэх мэдүүлэг /хх-79-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь өөрөө өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан эсхүл шүүгдэгчээс өөр бусдад зодуулснаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж үзэх үндэслэл, нотолгоо байхгүй тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Н.Гантөмөр нийт 1.675.950 төгрөг нэхэмжилсэн, баримт гаргасан /х-119-128/ байх ба эм, тарианы нийт 1.038.450 төгрөгөөс эмчийн бичсэн жорыг /х-128/ харгалзан холбогдох барим /х-120/-ын 1, 4, 10, 12, 15, 16, 17 дугаарт бичигдсэн үнийн дүн, мөн 30 ширхэг шприц нийт 752.600 төгрөгийг /актовегин 10 мл-2ш-165.200 төгрөг, брайн-акт 2ш-91.600 төгрөг, маннитол 250 мл-10.800 төгрөг, нимотол 10мг/50мл-73.500 төгрөг, систем 30ш-13.500 төгрөг, церебролизин 10мл-252.000 төгрөг, цитофлавин 10мл-140.000 төгрөг/ хууль ёсны шаардлага хангасан баримтгүй, эмчийн жоргүй, хууль ёсны үндэслэл ба баримт хоорондын шалтгаант холбоогүй гэх үндэслэлээр хангахгүй, харин үлдэх 285.850 төгрөг мөн шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэргийн улмаас нүдний шил нь эвдэрсэн, мөн шинжилгээ хийлгэх, эд мөрийн баримтыг СиДи-д бичих, буулгах, хэвлэх, лавлагаа авах зэрэгт зарцуулсан буюу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах 1000 төгрөг +2500 төгрөг +117,000 төгрөг +8000 төгрөг +2000 төгрөг +1000 төгрөг+3700 төгрөг нийт 135.200 төгрөг /х-121-127/ нийт 421.100 төгрөгийг хангаж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээв.
Хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлөх хугацааг 1 сараар тогтоов.
Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
Шүүгдэгч нь ял шийтгэлгүй /хх-85/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Бусад асуудал
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, “олон үндэстний хоолны газарт” зөөгч ажилтай зэргийг харгалзан торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд шүүгдэгч Б.Бгаас нийт 421.100 төгрөгийг гаргуулж, Н.Гантөмөрт 1 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР