Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

 

 

 

 

2023        09           05                                          2023/ДШМ/33

 

             А.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.М, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Д-д холбогдох, .......... дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар /Суварга/ багт мал маллаж амьдардаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 13 хоног баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овогт А-ын Д (РД:..............);

Холбогдсон хэргийн талаар:

    1. Шүүгдэгч А.Д нь 2022 оны 9 дүгээр сард Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Н-гийн 27 тооны адуунаас 3 адууг машин механизм ашиглан хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Тайж овогт Аюушжавын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “Машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Д-д хоёр жил нэг сар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д-д оногдуулсан хоёр жил нэг сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч А.Д нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүйг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.367.300 (нэг сая гурван зуун жаран долоон мянга гурван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн мотоциклийг А.Д-гийн эзэмшлээс хураан авч, улсын орлогод оруулж, уг мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч А.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Миний бие өөрийн 1 тооны азарган үрээг хайж явтал Тээгийн хагшаал гэх газарт 3 тооны гүүтэй нийлсэн байгааг олж үзсэн бөгөөд уг газар нь Н-ий адуу байсан гэх газраас 30 гаруй км зайтай, манай гэрээс 5 км газар юм. Эхний өдөр очиж үзээд мотоцикльтэй байсан тул буцаж явсан, маргааш нь морьтой очоод морио барьж авахаар хөөцөлдөөд барьж чадаагүй учир Т-гийн хашаанд оруулж морио барих гэж байхад нэг гүү нь хөлөө хугалсан тул авч яваад хүнсэндээ хэрэглэсэн. Намайг хашаанаас 2 морь аваад гарч явааг Т-гийн эхнэр Оюун харсан.

Гэтэл намайг 3 гүү хулгайлсан гэж ял шийтгэсэн нь буруу гэж үзэж байна. Т-гийн хашаанаас би өөрийн азарган үрээ болон хөл нь хугарсан гүү хоёрыг авч гарсан, харин үлдсэн 2 гүүг нь хашаанаас хөөж гаргаад хаясан. Уг гүүнүүдийг тэр хашаанд оруулаад хашиж хадгалж байсан зүйл байхгүй. Гэтэл шүүх намайг хашаанд хадгалж байсан гэж үзсэн. Уг хашаа нь зарим хэсгээрээ эвдэрч унасан байсан мал хашиж тогтоох боломжгүй,  уяж, аргамжиж, чөдөрлөөгүй тохиолдолд  мал гараад явах боломжтой байсан. Мөн Н нь адуугаа 3 хоног хайгаад 3 дахь өдөр цас орсон тул мотоциклын мөр олж үзсэн гэж мэдүүлсэн. Тэгэхээр би мотоциклтой явж хулгай хийсэн бол 3 хоног Өгөөмөрөөс Тээгийн хашаа хүртэл явахгүй. Эхний өдөр шууд аваад ирнэ. Гэтэл шүүх 27 тооны адуунаас 3 гүү салгаж мотоциклоор туусан гэж үзсэн нь буруу юм. Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дг 2022 оны 9 дүгээр сард Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Н-гийн 27 орчим ижилтэй адуунаас 3 адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан гэж дүгнэсэн. Энэ нь хохирогч Н-гийн мэдүүлгээр үгүйсгэгдэг. Учир нь 27 тооны адуунаас 3 гүүг салгаж туусан ул мөр олсон талаар хохирогч мэдүүлээгүй. Харин 3 гүүгээ алдаад хайж яваад 4 дэх хоногт ул мөр олсон талаар мэдүүлсэн.

Иймд шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Т-гийн хадлангийн хашаа ихэнх хэсгээрээ салж унасан, мал дуртай газраараа мал орж гарч, бэлчээрлэж байдаг тийм хашаа. Т-гийн хадлангийн хашаанаас А.Д 2 тооны адуу туугаад гарсан гэдгийг гэрч Оюун мэдүүлсэн. А.Д үнэхээр тэр 3 тооны адууг ашиглах хүсэлтэй байсан бол хашаанд үлдсэн 2 тооны адууг авч яваад хүнсэндээ хэрэглэх юм уу, зарж борлуулах боломжтой байсан. Гэтэл А.Д тэгээгүй, тухайн 2 тооны адууг уг хашаанд аргамжиж, чөдөрлөлгүй орхиод явсан.

 Анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-г 3 тооны адуу хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мотоцикл ашигласан гэж дүгнэж, шүүгдэгч А.Д-гийн 1.367.300 (нэг сая гурван зуун жаран долоон мянга гурван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийн 1 тооны гүү хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү” гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Д нь 2022 оны 9 дүгээр сард Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Н-гийн 27 орчим тооны ижилтэй адуунаас 3 адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон гэж үзэж байна. А.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Д-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял нь түүний гэм буруу,  учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон. 

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/ 139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Д-гийн давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох .......... дүгээр эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

  2. Шүүгдэгч А.Д нь 2022 оны 09 дүгээр сард Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг “ Хойд бөөрөг ” гэх газраас хохирогч Б.Н-гийн 27 орчим тооны адуунаас 3 адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогчид 2.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр адуугаа бүртгэж үзэхэд миний 3 тооны адуу байхгүй болохоор нь ойр орчимд хайхад олдоогүй,  маргаашнаас нь 3 дугаар багийн чиглэлд явж хайсан 3 өдөр эрэл хийсэн ба  сүүлийн өдөр нь бага зэргийн цас орохоор нь маргааш өглөө нь ул мөр хайхад 3 адууг мотоциклтэй хүн туугаад явсан бололтой ул мөр гарсан. Уг мөрийг дагасаар Т-гийн хашаанд очиход миний хулгайд алдсан хээр зүсмийн 3 настай гүү, хээр зүсмийн 2 настай гүү хамт байсан. Би Т-гийн гэрт ороод “миний хулгайд алдсан 2 тооны адуу танай хашаанд байна, 1 адуу хаашаа явсан, хэн авч ирж хашаанд оруулсан” талаар асуухад Т гэх хүн “ би мэдэхгүй ” гэхээр нь “ цагдаа дагуулж авч ирж шалгуулна ” гэж хэлээд гарч яваад сүлжээ орох газар очоод утсаар цагдаад мэдэгдэх гэж байтал  Д гэх залуу мотоцикльтэй ирээд надтай уулзаж, “цагдаад битгий хэл, чиний адуу гэдгийг мэдээгүй, нэг гүүг нь аймгаас машинтай залуучууд ирэхээр нь нядлаад өгөөд явуулсан” гэж хэлсэн. Тэгээд орой 23 цагийн орчимд 2 гүүг портер машинаар ачиж ирэхээр нь би “ хамтдаа цагдаагийн кобон орьё” гээд явах гэхэд миний хөлнөөс зуураад цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд “чи болсон явдлыг үнэн зөвөөр нь хэлээрэй” гэхэд Д “ 3 адууг хулгайлж аваад 2 хээр гүүг Т-гийн хашаанд уясан, 7 настай эрлийз  хээр гүүг өөрөө нядлаж авсан,  хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Маргааш нь эхнэртэйгээ ирээд, эхнэр нь надад “7-8 сая төгрөг өгнө, цагдаад битгий хэлээрэй, та хэдэн төгрөг авахаа хэлээрэй” гэхээр нь би “5 сая төгрөг өгвөл болж байна” гэж хэлсэн.

Дараа нь буюу 2-3 хоногийн дараа А.Д дахин уулзана гээд ирэхээр нь  би клонкийн дэргэд очиж уулзахад тэр гялгар уутанд хийсэн мөнгө миний өвөр лүү хийж өгсөн. Гэртээ хариад уг ууттай мөнгийг тоолоод үзэхэд 5 сая төгрөг байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  36,39 дүгээр тал/,

- гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх 2022 оны 09 дүгээр сард 3 тооны адуугаа хулгайд алдсан ба нөхөр маань хайж яваад, ирэхдээ “адуу хулгайлж авсан хүнийг оллоо, уг хүн нь 3 дугаар багийн иргэн Аюушжав овогтой Д байна, хулгайлж авсан адууны хохирлоо төлж барагдуулж өгнө гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Дараа нь эхнэртэйгээ хамт ирээд “цагдаад битгий хэлээч, урьд нь хэрэгт холбогдсон байгаа” гээд гуйгаад байхаар нь манай нөхөр Д тохиролцсон гэсэн. Тэгээд хохиролд 5 сая төгрөгийг манай нөхөр Б.Нд бэлнээр өгсөн байсан. 2 адууг нь зүсээр нь авч ирсэн, нэг адууг нь нядалсан гэж А.Д ярьж байсан юм” гэх мэдүүлэг/1-р хх-ийн  45 дугаар тал/,

        - гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ А.Д нь манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд бөгөөд 2022 оны сүүл үе байх, манайх Малчин сумын 1 дүгээр баг Өндөр бөөргийн утасны модны хажууд байхад А.Д мотоцикльтэй ирээд “ах та Зүүнговь сумын төв рүү 2 адуу ачаад оруулаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч, өөрийн портер маркийн 97-35 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж, Т гэх хүний хашаатай талбай дээр очиж, 2 тооны адууг ачаад Зүүнговь сумын төв орж явтал А.Д нь “ нэ хоёр адуу хулгайн адуу байгаа юм гэж хэлэхээр нь би уурлаад “чи хүнийг асуудалд орууллаа, энэ 2 адууг  чинь энд буулгалаа” гэхэд А.Д нь “танд хамаарал байхгүй, би хохирогчтой уулзаад тохирсон байгаа” гэж хэлэхээр сумын төв рүү орж, худгийн хажууд 2 адууг буулгахад адууны эзэн нь гэх Б.Н, мөн Б-ын залуу 2 хүлээж авсан. А.Д нь Зүүнговь суманд үлдэж, би гэр лүүгээ буцсан, анх 2 адууг ачихдаа хулгайн мал гэж мэдээгүй, сүүлд мэдсэн, 2 адууны им тамгыг ажиглаж хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  47-48 дугаар хуудас/,

- гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сард байх, Б.Н над руу утсаар ярьж, би хулгайд алдсан адуугаа оллоо, Т гэх айлын хашаанд 2 адуу нь байна, цагдаа дагуулаад хүрээд ирээч” гэхээр нь би “за” гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү алхаж байтал Б.Н дахин над руу утсаар залгаад “ганцаараа хүрээд ир” гэхээр нь би Тгийн хашаа руу явж  байхад өөдөөс Б.Н ганцаараа хүрч ирсэн ба тэр надад “манай 3 адууг 3 дугаар багийн А.Д хулгайлж аваад 1 адууг нь нядалсан байна, 2 адуу нь Тгийн хашаанд байна. А.Д нь надтай ирж уулзаад, 2 адууг араас ачиж авч ирэхээр боллоо” гэж хэлсэн. Орой нь А.Д даага, гүү хоёр машинд ачиж ирэхээр нь сумын төвийн урьд байдаг худгийн дэргэд буулгаж авсан. А.Д нь Амараа гэх малчин залуугийн хамт ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,

          - гэрч З.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манайд А.Д ирээд би таны малыг энэ өвөл маллаж өгье, та хөлсөнд нь 5 сая төгрөг өгчих гэхээр нь би өөрийн хадгаламжийн данснаас бэлнээр авч өгсөн. А.Д нь тухайн үед “хол нүүж байгаа болохоор банкны зээлээ төлмөөр байна” гэж хэлэхээр нь би өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар А.Д нь 2022 оны 9 дүгээр сард хохирогч Б.Н-гийн Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн “Хойд Бөөрөг” гэх газар бэлчээрт  байсан  адуунаас 3 тооны адууг өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын мотоциклиор  тууж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “...олон тооны малыг машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.            

   5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Д-г бусдын 3 тооны адуу  буюу олон тооны малыг  машин механизм ашиглан хулгайлсан талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 6. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.       

          7. Шүүгдэгч А.Д-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан:  “...Т-гийн хашаанаас би өөрийн азарган үрээ болон хөл нь хугарсан гүү хоёрыг авч гарсан, харин үлдсэн 2 гүүг нь хашаанаас хөөж гаргаад хаясан. Уг гүүнүүдийг тэр хашаанд оруулаад хашиж хадгалж байсан зүйл байхгүй. Гэтэл шүүх намайг хашаанд хадгалж байсан гэж үзсэн. Мөн намайг адуунаас 3 гүүг салгаж мотоциклоор туусан гэж үзсэн нь буруу юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол,

          мөн түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан : “ Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дг 2022 оны 9 дүгээр сард Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх нэртэй газар бэлчээрлэж байсан иргэн Б.Н-гийн 27 орчим ижилтэй адуунаас 3 адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь хохирогч Н-гийн мэдүүлгээр үгүйсгэгдэг. Учир нь, 27 тооны адуунаас 3 гүүг салгаж туусан ул мөр олсон талаар хохирогч мэдүүлээгүй.

Харин 3 гүүгээ алдаад хайж яваад 4 дэх хоногт ул мөр олсон талаар мэдүүлсэн. Иймд шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн мотоцикл ашигласан гэж дүгнэж, шүүгдэгч А.Д-гийн 1.367.300 (нэг сая гурван зуун жаран долоон мянга гурван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийн 1 тооны гүү хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү”  санал, дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

  7.1. Шүүгдэгч А.Д нь 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр хохирогч Б.Н-гийн Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багийн нутагт бэлчээрт байсан адуунаас 3 тооны адууг мотоциклиор салган тууж, Малчин сумын иргэн Т.Т гэх хүний хадлангийн хашаанд оруулсан, 1 тооны адууг нь нядалсан,  2 тооны адууг нь уг хашаанд байлгаж байсан,

хохирогч Б.Н малаа эрж явахдаа мотоциклиор 3 адуу туусан мөр олж, уг мөрийг мөрдөж, дагаж явсаар Малчин сумын иргэн Т.Т гэх хүний хадлангийн хашаанд ирэхэд, уг хашаанд хохирогчийн хулгайд алдсан хээр зүсмийн 3 настай гүү, хээр зүсмийн даага хамт байсан,

хохирогч тухайн асуудлын талаар цагдаад мэдэгдэхээр явах үед шүүгдэгч А.Д ирж, түүнтэй уулзаж, 3 тооны адууг хулгайлж авснаа хүлээж, энэ талаар цагдаад мэдэгдэхгүй байхыг Б.Н-гээс гуйж, улмаар Т.Т-гийн хашаанд байсан хохирогчийн 2 тооны адууг  машинаар ачиж, Увс аймгийн Зүүнговь сумын төвд байх хохирогч Б.Н-д хүргэж өгсөн, А.Д нь хохиролд тооцож Б.Н-д 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.   

  7.2. Шүүгдэгч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Н-гийн 3 тооны адууг хулгайлж аваагүй, өөрийн азарган үрээгээ алдчихаад хайгаад явж байтал  Тээгийн хагшаал гэх газарт миний хайж байсан үрээ нь 3 гүүний хамт байсан, тухайн 3 гүү миний үрээнээс салахгүй болохоор хамт тууж Т.Т-гийн хашаанд оруулсан, хээр гүү нь хашаа руу үсэрч байгаад хөлөө хугалахаар нь өөрийн үрээг барьж авчихаад хөл нь хугарсан гүүг бас хамт барьж гэрлүүгээ авч очоод уг гүүг нядалсан. Тухайн 3 тооны адууг хулгайлж авах санаа зорилго байгаагүй. Би 3 тооны адууг мотоциклиор биш мориор туусан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох буюу түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Дг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нь хохирогч Б.Н-гийн 3 тооны буюу Эрүүгийн хуульд зааснаар олон тооны адуу хулгайлсан, уг 3 тооны адууг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн мотоцикль ашигласан нь тус тус хэрэгт тогтоогдсон байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй  байна.

7.3. Шүүхээс шүүгдэгч А.Д-гийн  мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 1.367.300 (нэг сая гурван зуун жаран долоон мянга гурван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн мотоциклийг хурааж  улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.

          8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно

9. Шүүгдэгч А.Д-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, А.Д-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Д-гийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаан / хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН