Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00311

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00311

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******гийн Б******* /РД:*******13/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ы Т******* /РД: Р*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,728,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анужин оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******т холбогдуулан 6,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Т******* нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т ХХК-ийн дэлгүүрт ажилд орсон юм. Б.Т******* нь 2023 оны 01 дүгээр сард надаас Цагаан сар дөхөж байна. Машинаа шинэчилье гэж гуйсны дагуу би Хас банк дахь өөрийн хадгаламжаа барьцаалж, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 18.4 хувийн хүүтэй зээлж, мөн өдрөө Б.Т*******т машинаа худалдаж буй Ү.Б*******ын Хаанбанкны 5073108980 тоот дансанд 11,020,000 төгрөг шилжүүлсэн. Б.Т******* нь сар бүр 573,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүтэй төлөхөөр тохирч төлж байсан.

Б.Т******* нь Ү.Б*******т 3,500,000 төгрөгийг мөн төлж байгаа гэж надад хэлж байсан.

Б.Т******* нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Б.Б******* намайг хариуцагчаар татаж, тухайн худалдаж авсан машины үнэ болох 13,814,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болж, Б.Б******* надаас 13,555,000 төгрөг гаргуулж Б.Т*******т олгохоор шийдвэрлэсэн.

Б.Б******* би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа аваагүй явж байгаад шүүх хуралдаанд л өмгөөлөгчтэй оролцсон ба шүүгчийн асуулт, өмгөөлөгчийн зөвлөгөө, нэхэмжлэгч Б.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын асуулт, хариулт зэргээс Б.Т*******аас тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргаж, зээлийн үлдэгдэл 3,228,000 төгрөг, Ү.Б*******т төлсөн гэх 3,500,000 төгрөг, нийт 6,728,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй юм байна гэж ойлгосон.

Тэр өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал буюу Б.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь анх машин худалдсан Ү.Б*******т миний төлсөн 11,020,000 төгрөгөөс тусдаа 3,500,000 төгрөг төлсөн гэж хэлсэн боловч үүнийгээ нотолж чадаагүй. Шүүх хуралдаан даргалагчаас 3,500,000 төгрөг төлсөн баримт байхгүй юм уу гэхэд ямар ч баримт байхгүй гэж хариулсан. Мөн банкны зээлийн үлдэгдэл 3,228,000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэй гэж хариулсан.

Иймд тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр Б.Б******* надаас нэхэмжилсэн машины урьдчилгаа 3,500,000 төгрөг, Хас банкны зээлийн үлдэгдэл 3,228,000 төгрөг, нийт 6,728,000 төгрөгийг Б.Т*******аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, энэ асуудал нь өмнөх шүүх хурал дээр яригдсан асуудал. Учир нь нэхэмжлэгч Б.Б******* нь өмнөх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хариуцагч Б.Т*******ийн машины урьдчилгаанд өгсөн 3,500,000 төгрөгийн талаар дурдсан байдаг. Ямар ч тохиолдолд иргэд хооронд хэлцэл хийхэд, урьдчилгаа төлбөр төлөхгүй бол тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөхгүй.

Хариуцагч Б.Т*******ийн хувьд нэхэмжлэгч Б.Б*******аар зээл авахуулсан үйл баримтад маргадаггүй бөгөөд зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.Б*******т буцаагаад төлсөн.

Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Б.Т******* нарын хооронд үүссэн ажлын байран дээрх таарамжгүй харилцаанаас болж Б.Б******* нь хариуцагч Б.Т*******ийн автомашиныг хурааж авсан. Уг автомашин нь одоо нэхэмжлэгч Б.Б*******ын эзэмшил, ашиглалтад байгаа.

Хоёрдугаарт, хариуцагч Б.Т*******аас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл нь тусдаа гэрээний харилцаа. Нэхэмжлэгч Б.Б******* гэдэг хүн өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд өөрөө зээл авсан. Б.Б******* нь хариуцагч Б.Т*******аар зээлийн төлбөрөө бүтэн төлүүлж, автомашиныг нь өгөх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Б******* нь тухайн автомашиныг хураагаад авчихсан. Хариуцагч Б.Т******* нь өөрийн шалтгаан нөхцөлөө тайлбарлаж, нялх хүүхэдтэй гэдгээ ч хэлж бүтэн 2 сарын хугацаанд нэхэмжлэгч Б.Б*******аас автомашинаа буцааж авах талаар гуйсан. Одоо нэхэмжлэгч Б.Б*******т тухайн маргаан бүхий автомашин байгаа тул нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 328,361 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тайлбар /хуулбар/, маргаан бүхий тээврийн хэрэгслийн фото зураг, тээврийн хэрэгслийн мэдээлэл, Б.Б*******ын Хас банкны хугацаагүй хадгаламжийн дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаартай захирамжийн хуулбар, мөн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Д.Мт олгосон итгэмжлэлийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Б.Б******* би хариуцагч Б.Т*******т машин авахад нь зориулж өөрийн нэр дээрх хадгаламжаа барьцаалж, 11,020,000 төгрөгийн зээл авч өгсөн. Б.Т******* нь уг зээлийн төлбөрийг сар бүр 573,000 төгрөгөөр төлж байсан боловч үлдэх 3,228,000 төгрөгийг төлөөгүй. Б.Т******* нь машин худалдан авахдаа урьдчилгаанд 3,500,000 төгрөгийг Ү.Б******* гэх хүнд өгсөн гэдэг боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нотлоогүй байхад анхан шатны шүүхээс Б.Б******* надаас 3,500,000 төгрөгийг гаргуулан Б.Т*******т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч Б.Т*******аас Хасбанкны зээлийн үлдэгдэл төлбөрт 3,228,000 төгрөг, автомашины урьдчилгаанд төлсөн гэх 3,500,000 төгрөг, нийт 6,728,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Б.Т******* нь нэхэмжлэгч Б.Б*******аар зээл авахуулж, автомашины төлбөр 11,000,000 төгрөгийг төлүүлсэн үйл баримтад маргадаггүй. Нэхэмжлэгч Б.Б******* нь уг автомашиныг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан учраас Б.Т******* нь автомашины үнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийн асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.Б*******ын зүгээс Б.Т*******ийг машин авахад зориулж хадгаламжаа барьцаалж зээл авсан гэж тайлбарласан. Уг автомашин одоо нэхэмжлэгч Б.Б*******ын эзэмшил, ашиглалтад байгаа тул зээлийн хүү, зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгч Б.Б******* өөрөө төлөх нь зүйн хэрэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хариуцагч Б.Т******* нь ДАА улсын дугаартай, Приус 30 маркийн автомашиныг худалдан авахад зориулж, нэхэмжлэгч Б.Б*******аас 11,000,000 төгрөгийг зээлэн авч, машины үнэд төлүүлсэн, уг зээлийн төлбөрт 10,314,000 төгрөгийг Б.Б*******т буцаан төлсөн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэр, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

3.2. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******ийн худалдан авсан ДАА улсын дугаартай, Приус 30 маркийн автомашиныг зээлийн төлбөр бүрэн төлөгдсөний дараа хариуцагч Б.Т*******ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр автомашиныг биет байдлаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

3.3. Улмаар, Б.Т******* нь Б.Б*******т холбогдуулан автомашины үнэ 13,555,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б*******аас 13,555,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******т олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******аас 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр машины урьдчилгаанд төлсөн гэх 3,500,000 төгрөгийг надаас гаргуулсан нь үндэслэлгүй тул Б.Т*******аас гаргуулна. гэж тодорхойлсон.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр Б.Б*******аас 13,555,000 төгрөг гаргуулан Б.Т*******т олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: ...хариуцагч Б.Б******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа Б.Т******* нь машинаа сайжруулах зорилгоор өөрийн Приус-11 машиныг 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, надад мөнгө байхгүй тул та надад банкнаас зээл аваад өг гэж гуйсны үндсэн дээр 11,020,000 төгрөгийг машинаа зарах хүн болох Үржинбат Б******* гэдэг хүний данс руу шилжүүлж өгсөн, ингээд миний шилжүүлж өгсөн мөнгө, өөрийнхөө урьдчилгааны 3,500,000 төгрөгтэй нийлүүлж, 14,500,000 төгрөгөөр зүс үл таних хүнээс 3 жил гаран унасан хуучин машин болох Приус-30 маркийн автомашиныг авч унасан... гэжээ. Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараас өөр тайлбарыг шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн тухайн Приус-30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэхээр байна. гэж дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүх хуралдаанд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй гэх тайлбар гаргасан.

 

Хэрэв нэхэмжлэгч Б.Б******* нь дээрх шүүхийн шийдвэрээр түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 3,500,000 төгрөгийг нотлох баримтад үндэслээгүй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрээр Б.Б*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн хөрөнгийг Б.Т*******аас нэхэмжлэх шаардах эрхийг үүсгэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б*******ын хариуцагч Б.Т*******аас гаргуулахаар нэхэмжилсэн 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******т холбогдуулан Хасбанкнаас авсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт 3,228,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч Б.Т*******т машин авахад нь зориулж, Хасбанк дахь өөрийн хадгаламжийг барьцаалан 11,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 18.4 хувийн хүүтэй зээл авч өгсөн. Б.Т******* нь уг зээлийн төлбөрөөс үлдэгдэл 3,228,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна. гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Б.Т******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр Б.Т******* нь Б.Б*******аас 11,000,000 төгрөгийг зээлэн авч, машины үнэд төлүүлсэн, уг зээлийн төлбөрт 10,314,000 төгрөгийг Б.Б*******т буцаан төлсөн үйл баримтыг тогтоожээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******т 11,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ хүү төлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Б.Т*******т нэхэмжлэгч Б.Б*******ын Хасбанкнаас авсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3,228,000 төгрөгийг төлөх үүрэг хууль болон гэрээний дагуу үүсээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******аас гаргуулахаар нэхэмжилсэн 3,228,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт буюу Хасбанктай байгуулсан хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн шүүхийн хуулбарлав тэмдэгтэй баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр, хариуцагч Б.Т*******аас 6,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т*******аас 6,728,000 төгрөг гаргуулах тухай Б.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,598 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ