Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар  2023/ДШМ/775

 

    2023          08            01                                            2023/ДШМ/775

 

Я.Г -д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

яллагдагч Я.Г -гийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/852 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Даваадоржийн бичсэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлээр яллагдагч Я.Г -д холбогдох эрүүгийн 2102003440120 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

Яллагдагч Я.Г - нь Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “...” ТӨХК-ийн “...” зоогийн газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, мөн “...” ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, Зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилсагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “...” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, ... газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “...” зочид буудалд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “...” цэцэрлэгт 12.605.805.37 төгрөгийн давуу байдал бий болгож, “...” ТӨХК-д 12.605.805.37 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Я.Г -гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...” цайны газрын дарга Я.Г - нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан, албадын даргын ангилалд хамаарах эсэхэд дахин хууль зүйн дүгнэлт хийх ... “... ” цайны газарт 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудад худалдан авсан болон үлдэгдэл махны тооцоог нарийвчлан гаргах, дээрх саруудад махнаас гарч байгаа хорогдол, хаягдлыг хэрхэн тооцсон болон хэдийн хэмжээний мах дутсан талаар дахин дүгнэлт гаргуулах, тухайн цайны газрын эд хариуцагчийг тодорхой болгох ... гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд уг цайны газраас хоол болон хоолны бэлдэц материал зэргийг захиалан худалдан авалт хийсэн талаарх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргах,  “... ” цайны газарт ажилдаг нэр бүхий 47 албан хаагч тус бүрээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурор Д.Даваадорж бичсэн эсэргүүцэлдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/852 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив.

 Үүнд, мөрдөн шалгах ажиллагаагаар “...” ТӨХК-ийн “...” цайны газарт учирсан хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаар “... ... ТӨХК-ийн ... зоог цайны газрын даргаар ажиллаж байсан Я.Г - нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 мах, 2021 оны 2 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. ... ... ТӨХК-ийн ... зоог цайны газар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,660 кг мах тоолуулсан байна. 2021 оны 1, 2, 3 дугаар сард 14,680 кг махны орлого авсан, 12,952 кг мах зарцуулж 2021 оны 03 дугаар сарын 31-нд 2,126 кг мах тоолуулсан байна. Тооллогын зөрүүгээр 2021 оны 01 дүгээр сард 494.670 кг (2769.520-2274.850 ) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4,678,636.84 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 777.945 (32182.230-2404.280) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7,927,168,53 төгрөг, нийт 1272.615 кг мах буюу 12,605,805,37 төгрөгийг дутагдуулсан байна ..." гэх дүгнэлт,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар, эрх зүйч, нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч Б.Энхчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар ажиллаж байсан Я.Г - нь 2021 оны 1 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 02 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Энэ нь “..." ТӨХК-ийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ” , 5.6-д “Компанийн эд хөрөнгийг өөрөө хувьдаа ашиглан шамшигдуулахгүйн зэрэгцээ бусдын дутагдал, зөрчлийг илрүүлэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ гэснийг тус тус зөрчсөн ...” гэх магадалгаа зэргээр яллагдагч Я.Г-гийн бусдад учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосон байхад шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр хохирлын тооцооллыг нарийвчлан тогтоох үндэслэл заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Яллагдагч Я.Г-гийн өөртөө буюу “...” цэцэрлэгт 12,605,805.37 төгрөгийн давуу байдлыг бий болгосон үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана ...” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой.

“...” Төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, Я.Г -гийн ажлын байрны тодорхойлолт /5хх 237-244/, “...” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай ” А/02 дугаартай тушаал /6хх 08-09/, “...” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн а/43 дугаартай Я.Г -г ... зоогийн газрын даргын албан тушаалд томилсон тушаалын хуулбар, Я.Г -ийн хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээс дүгнэхэд түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдсон.Гэтэл анхан шатны шүүх яллагдагчийг нийтийн албан тушаалтан мөн эсэхэд дахин дүгнэлт хийх талаар хэргийг прокурорт буцаах үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй болжээ. Иймд ... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/852 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг гэмт хэрэг нь Засгийн газрын бүх нийтийг цар тахалтай холбоотой хөл хорионд шилжүүлсэн нөхцөл байдлын хүрээнд болсон. Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн төрийн бүх шатны байгууллагууд нийт албан хаагчдыг ажлын цагийн өөрчлөлтөд оруулж 100 хувь бус тодорхой хуваарийн дагуу ажиллаж байсан болохыг бид бүгд мэднэ. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Уг тогтоолтой холбоотойгоор “...” ТӨХК-ийн 1.493 албан хаагч ээлжийн хуваарийн дагуу ажилласан. Үүнтэй холбоотойгоор 1.493 ажилтны 50 хувь нь “...” зоогийн газраар үйлчлүүлж байсан үйл баримт байдаг. Гэрч Л, Г, Э, А, Д, Г, Э, Б нар буюу “...” зоогийн газрын хоол бэлтгэгч, хоолны тогооч, нярав нараас тухайн цаг хугацаанд яллагдагч Я.Г -д олгогдсон махыг хэрхэн бэлтгэж байсан талаар маш тодорхой мэдүүлсэн. Иймд дээрх гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон “...” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирлын талаарх анхан шатны баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан. Үүнд, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс санхүүгийн тайлан гаргасан. Уг санхүүгийн тайланд үндэслэж оролцогчдын хүсэлтийн дагуу шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр тогтоогдсон 1 тонн 272.615 кг мах буюу 12.605.805 төгрөгийн үнэлгээтэй махыг “...” ТӨХК-ийн “...” зоогийн газраас гарсан гэж дүгнэсэн. Мөн дотоодын цэргийн М, М, Э нарын мэдүүлгээр “...” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд постоор саадгүй нэвтэрдэг байсан. Я.Г чиптэй байсан учраас харуул хамгаалалтын ажилтнууд түүний орох, гарах хөдөлгөөнд ямар нэгэн хяналт тавьж, түүний машинд шалгалт хийдэггүй нөхцөл байдал тогтоогдсон. Яллагдагч Я.Г -гийн өмгөөлөгч Т.Багахүүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаар хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд яллагдагч Я.Г - тухайн махыг бэлдэж, өөрийн автомашинаар харуул, хамгаалалтын ажилтан нарт шалгуулахгүйгээр гардаг байсан. Анхан шатны шүүхээс махны үнийг хууль зүйн үндэслэлтэй, зөв тогтоосон. Учир нь, тухайн махыг бэлтгэгч Л, Д нар нь “өдөрт 1.800 хүний хоолны махыг бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, өдөрт 100 кг мах гараар татдаг” гэж мэдүүлдэг. Гэрч Э, Ж, Б нар нь “гараар татаж бэлтгэсэн махыг Я.Г үүрэг чиглэл өгч, хувийн машинаараа тээвэрлэдэг байсан” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримт, анхан шатны санхүүгийн баримтад үндэслэж гарсан тул хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж байгаа иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор гаргасан хохирлын баримт хэргийн үйл баримттай нийцсэн. Миний бие ээлжийн амралттай байсан тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцоогүй. Мөрдөгч, прокурорт санхүүгийн тусгай мэдлэг байхгүй тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа. Мэргэжлийн байгууллагаар гаргасан дүгнэлтийг тайлбарлах эрх бидэнд байхгүй. Хэрэв уг дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бол тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар, мэдүүлэг авах бүрэн боломжтой байсан. Иймд шүүх шинжилгээний хүрээлэнгийн мөрдөгчийн гаргасан санхүүгийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүхээс “хоолны бэлдэцтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргаагүй” гэж хэргийг прокурорт буцаасан. Хоолны бэлдэцтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, баримтууд байдаг. Өөрөөр хэлбэл, хоолыг ямар хэмжээгээр хэрэглэх ёстой, орц, хэмжээ нь ямар байх ёстой талаар гэрч Жаргалсайхан, Төмөрхуяг нар тодорхой мэдүүлдэг. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр хоолны орц, хэмжээ хэрхэн явагдаж байсан болох нь тогтоогдоно. Мөн “...” зоогийн газар ажиллаж байгаа нэр бүхий 47 гэрчийн асуудал яригддаг. Уг 47 гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд 13 гэрч нь яллагдагч Я.Г -гийн удирдлагад ажиллаж байсан. Яллагдагч Я.Г - нь хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, Засгийн газраас бүх нийтийг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн нөхцөл байдалтай байхад телеграм /Telegram/ чат ашиглаж зар оруулдаг. Мөн өөрийн хамаарал бүхий цэцэрлэгт очиж хоол бэлтгүүлдэг байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Я.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд маш тодорхой, ойлгомжтой байдаг. Мөн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас төрийн өмчит нийтийн албан тушаалтан эсэх талаар маргадаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан гэх ойлголт нь харьцангуй тогтсон ойлголт юм. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн албан тушаалтныг тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтуудаар “...” зоогийн газрын захирлаар ажиллаж байсан хоолны захилгыг хийдэг, хоолны хяналтад хяналт тавих чиг үүрэгтэй алан тушаалтан нь удирдах бүрэлдэхүүнд багтдаг нөхцөл байдал тогтоогдсон” гэв.

Яллагдагч Я.Г -гийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэгт холбогдуулан гарсан эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаагаар хохирлын асуудал, махны хэмжээ тогтоогдсон гэж прокурорын зүгээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, тухайн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа нь хуульд нийцэж гараагүй. Тодруулбал, эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь ямар нотлох баримтаар Я.Г -г тухайн махыг дутаасан болохыг тогтоож чадаагүй. Энэ талаар асуудлыг өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн 47 ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах эсэх асуудал яригддаг. Прокурорын эсэргүүцэлд “цаашид бусад гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авах нь ач холбогдолгүй юм” гэж дурдсан байдаг. Гэтэл бид тухайн 47 гэрч нараас мэдүүлэг өгөөгүй албан хаагч нарыг хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөх эсэхийг мэдэхгүй. Гэтэл прокурор тухайн 47 гэрчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн нь хэт таамаглалд үндэслэсэн байна гэж үзэж байна. Прокурор 13 гэрч нараас мэдүүлэг авсан гэж тайлбарлаж байна. Гэтэл уг 13 гэрч нараас 11 гэрч нь “Я.Г -г мах зөөж байгааг хараагүй. Мэдэхгүй” гэж мэдүүлэг өгсөн. Харин 2 гэрчийн мэдүүлэгт махыг 2021 оны 3 дугаар сард зөөж байсан гэж мэдүүлдэг. Гэрч Г нь Я.Г -гийн автомашинд мах ачсан асуудлаар мэдүүлэг өгдөг. Энэ талаар бид маргадаггүй. Учир нь, тухайн махыг “...” Төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн бүртгэлт, тооцооны дагуу төлбөр төлж авсан байдаг. Гэтэл гэрч Г, А нар “төлбөрийн төлөөгүй байж махыг авсан” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, төлбөрөө төлөөд мах авсан байхад үүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд бид бусад бүх ажилтан, албан хаагч нараас гэрчийн мэдүүлэг авч өгнө үү гэж хүсэлт гаргасан. Мөн прокурор “...” Төрийн өмчит хувьцаат компанид нийт ажилчдын 50 хувийг ажиллуулж байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ талаар нотолсон баримт байхгүй. Иймд хэн, хэн ажилтан хэдэн сарын, хэдний өдөр ямар хоолны талоноор хоол авсан эсэхийг нарийвчлан гаргах ёстой. Тухайн үед цар тахал гарсан байсан тул зарим ажилчид нийтийн газар олноороо орохгүй гэж үзэж гэрээсээ хоол авчирдаг байсан. Өөрөөр хэлбэл, зарим ажилчид хоол иддэггүй байсан. Иймд тухайн ажилчдын хоолноос маш их хаягдал гардаг байсан. Уг хоолны хаягдлыг тухайн бүртгэл хариуцсан ажилтан бүртгэж чадаагүйн улмаас хаягдалд орсон мах бүртгэлд ороогүй. “...” Төрийн өмчит хувьцаат компаниас анхан шатны баримтуудыг хүлээж авсан гэдэг. Миний бие, үйлчлүүлэгч Я.Г -гийн хамт мөрдөн шалгах ажиллагааны шатанд 80 гаруй хуудас нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Уг нотлох баримтуудын зарим нотлох баримтууд нь тухайн “...” Төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн бүртгэл дээр эх хувиараа байгаа хуулбар баримтууд байдаг. ...” Төрийн өмчит хувьцаат компанийн “...” зоогийн газраас зарим дарга нар төлбөрөө төлж хоол захиалж авдаг байсан. Мөн тухайн компанийн зарим ажилтан, албан хаагч нар тухайн цар тахлын улмаас нийтийн хоолны газар ажиллахгүй байх хугацаанд буяны ажил, баяр ёслолын үйл ажиллагаа, цагаан сарын үйл ажиллагаанд зориулж тухайн зоогийн газраас хоол худалдан авдаг байсан. Энэ талаар хуулбар баримтууд байгаа учраас уг баримтуудыг эх хувиар гаргуулж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд удаа дараа хүсэлт гаргасан. Учир нь, тухайн баримтуудыг эх хувиар нь гаргасны үр дүнд махны үлдэгдэл гэх 1.200 кг махны тооцоо өөр болно. Энэ талаар прокурор үндэслэл бүхий тайлбар хэлдэггүй. Мөн дотоодын цэргийн 05 дугаар анги нь “...” Төрийн өмчит хувьцаат компанийн хамгаалалтыг хийдэг. Зарим гэрч нарын мэдүүлэгт “дотоодын цэргийн албан хаагч нарыг нэг өдрийн хоолоор Я.Г -гийн автомашиныг шалгахгүйгээр нэвтрүүлж, гаргадаг байсан” гэж ноцтой мэдүүлэг өгсөн байдаг. Улсын онцгой объектод хэн нэгэн албан тушаалтанд нэг өдрийн хоол өгөөд орж болдог эсэх асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай. Дотоодын цэргийн ангийн зарим албан хаагч нарын мэдүүлэгт “...” Төрийн өмчит хувьцаат компанийн авто зогсоол 2 янз байдаг. Нэг нь үүд хэсэгтээ нийтийн том зогсоол, нөгөө зогсоол нь бүр цаашаа гүн рүү орж зогсдог зогсоол байдаг” гэдэг. Нийтийн том зогсоол буюу үүд хэсгийн зогсоолоос автомашин гарч байгаа тохиолдолд заримдаа шалгахгүй гаргадаг байсан талаар мэдүүлдэг. Харин гүн рүү орж зогсдог авто зогсоолоос автомашин орж, гарах бүрд шалгадаг байсан. Өөрөөр хэлбэл, “...” зоогийн газар нь ...” Төрийн өмчит хувьцаат компанийн гүн рүү ордог байршилтай. Хэрэв Я.Г -гийн автомашин тухайн станцын гүн рүү ороод гарж байгаа тохиолдолд зайлшгүй шалгагддаг байсан. Өөрөөр хэлбэл, шалгахгүй гаргана гэсэн ойлголт байхгүй. Хэрэгт автомашинуудыг шалгасан бүртгэлийн баримт авагдсан. Мөн Э, Ж, Э, Б нарын гэрчийн мэдүүлэгт Я.Г - мах зөөсөн талаар баттай мэдүүлсэн мэдүүлэг байдаггүй. Гэмт хэргийн субъектийн талаар өмгөөлөгч миний бие прокурорын бүх шатанд гомдол гаргасан. Өмгөөлөгчид өгсөн хариу мэдэгдэх хуудсанд ямар үндэслэлээр Я.Г -г нийтийн албан тушаалтан гэж үзсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий хариулт өгөөгүй. Я.Г - нь нийтийн албан тушаалтан биш юм. Учир нь, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Компанийн дотоод журам, Компанийн тухай хууль зэргээс үзэхэд Я.Г - нь нийтийн албан тушаалтан биш байдаг. Төрийн өмчит компанийн удирдах болон эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлдог. Эрх бүхий албан тушаалтныг компани байгууллагынхаа дүрмээр тогтоох ёстой. Гэтэл “...” Төрийн өмчит хувьцаат компанийн дүрэмд “албадын 9 дарга нарыг эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, албадын дарга нараас доод тушаалтай цехийн дарга зэргийг нийтийн албан тушаалтанд тооцохгүй талаар компанийн дүрэм болон бүтэц, зураглалд маш тодорхой байдаг. Иймд Я.Г -г хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай компанийн захирлын тушаал гарсантай холбоотойгоор хуулиар олгогдоогүй байдлаар нийтийн албан тушаалтан гэж үзэж болохгүй. Бидний зүгээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхийг хүссэн. Мөн яллах дүгнэлтэд Я.Г -г амталсан мах, буузны мах, татсан мах, шницелийн татсан махнуудыг авч гардаг байсан гэж дүгнэдэг. Гэтэл тухайн цар тахлын үед тусгаарлагдсан иргэдэд Нийслэлийн онцгой комиссоос хоолны цэс гаргасан байдаг. Уг хоолны цэсэд ганцхан тефтель, ногоотой шөл байдаг. Өөрөөр хэлбэл, энэ олон төрлийн татсан махаар яаж ногоотой шөл хийж өгөх боломжгүй. Иймд прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Я.Г -гийн өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор “шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоосон Харин хэн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн хүнийг тогтооно” гэж тайлбарлаж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Я.Г - нь 12.605.805 төгрөгийн махыг дутаасан гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн уг 12.605.805 төгрөгийг “...” цэцэрлэгт өгсөн гэж прокурорын эсэргүүцэлд дурдсан байна. Гэтэл “...” цэцэрлэгийн санхүүгийн баримтууд нь холбогдох баримтуудаар энэ хэмжээний орлого ,махыг 2021 оны гэмт хэрэг цаг хугацаа буюу 1, 2 дугаар саруудад олсон зүйл байхгүй. Уг хэрэгт шүүх эмнэлгийн шинжээч нарын болон Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эдийн засгийн магадалгаа гарсан боловч анхан шатны баримтыг тулгаж чадаагүй. Мөн 9 гэрчийн мэдүүлгийг эх сурвалж болгосон байдаг. Гэтэл уг 9 гэрчийн нэг болох Т.А-ын мэдүүлгээр зөвхөн миний үйлчлүүлэгчийг ялладаг. Учир нь, гэрч Т.А нь Я.Г -гийн автомашинд мах ачиж байсан гэж өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг 3 гэрэл зургаар заадаг. Прокуророос гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сараас 3 сар хүртэлх хугацаанд үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл гэрч Т.А-ын гарган өгсөн Я.Г -гийн автомашинд мах ачиж байсан гэх гэрэл зургуудаас үзэхэд улиас мод нахиалчихсан буюу 8-9 дүгээр сарын гэрэл зургууд байдаг. Өөрөөр хэлбэл, гэрч Т.А-ын өгсөн мэдүүлэг, мэдүүлгийнхээ эх сурвалжийг баталсан гэх гэрэл зургууд нь 1.1 тонн гэх махтай зөрдөг ба гэмт хэрэг гарсан хугацаанд дарсан зураг биш байдаг. Гэрэл зургаас үзэхэд 2 ган тогоонд 10-20 кг мах л байдаг. Энэ талаар тогтоох ёстой байсан. Мөн ахлах тогооч, эд хариуцагч Орхоны мэдүүлгийг эх сурвалжаа болгосон байдаг. Гэтэл гэрч О нь яллагдагч Я.Г -гийн эсрэг нэг ч мэдүүлэг өгөөгүй. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2021 оны 01-3 дугаар сар хүртэлх хугацаа гэж үздэг. Энэ үед “Ковид-19” цар тахал хамгийн өндөр түвшинд байсан. Тухайн үед “...” Төрийн өмчит хувьцаат компанид нийт 700 гаруй ажилтан ажиллаж байсан. Гэтэл яллагдагч Я.Г - “би долоо хоногийн хоёр өдөр л ажилладаг байсан. Бусад өдрүүдэд гэрээсээ ажиллаж байсан. Учир нь, цар тахал дэгдэж байсан үе буюу хөл хорио тогтоосон байсан. Өглөө 700 хүний хоол бэлтгэдэг. Гэтэл 1, 2 дугаар тохиолдол болсон гээд тусгаарлалтаас шууд гаргадаг байсан учраас махны хаягдал маш их гардаг байсан. Гэтэл үүнийг нэг ч удаа бүртгэж, санхүүгийн шалгалт хийгээгүй атлаа 1.1 тонн махыг намайг авсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж мэдүүлдэг. Иймд энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Мөн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэх ажиллагааны 10 хуудас магадалгаа, баримт бүртгэгдсэн байдаг. Гэтэл хэргийн материалд уг баримтууд байдаггүй. Энэ баримтыг бид авах хүсэлтэй байгаа. Учир нь, Я.Г -гийн нөхөр нь Замын цагдаагийн хурандаа Э.Б тухайн “Ковид-19” цар тахлын үед онцгой комиссын гишүүн байсан тул үүнтэй холбогдуулж гүйцэтгэх хуудасны 10 баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байдаг. Хүнийг гэм буруутайд тогтоох гэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас: Я.Г -г Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “...” ТӨХК-ийн “...” зоогийн газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, мөн “...” ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, Зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардплагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилсагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “...” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдпын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “...” зочид буудалд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “...” цэцэрлэгт 12.605.805.37 төгрөгийн давуу байдал бий болгож, “...” ТӨХК-д 12.605.805.37 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...” цайны газрын дарга Я.Г - нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан, албадын даргын ангилалд хамаарах эсэхэд дахин хууль зүйн дүгнэлт хийх ... “...” цайны газарт 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудад худалдан авсан болон үлдэгдэл махны тооцоог нарийвчлан гаргах, дээрх саруудад махнаас гарч байгаа хорогдол, хаягдлыг хэрхэн тооцсон, хэдий хэмжээний мах дутсан талаар дахин дүгнэлт гаргуулах, тухайн цайны газрын эд хариуцагчийг тодорхой болгох ... гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд уг цайны газраас хоол болон хоолны бэлдэц материал зэргийг захиалан худалдан авалт хийсэн талаарх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргах,  “...” цайны газарт ажилдаг нэр бүхий 47 албан хаагч тус бүрээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой гэж үзэв.

            Иймээс Я.Г -д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/852 дугаар “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Я.Г -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН