Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* газрын хүсэлттэй,

*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь тус шүүхэд “*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

******* нь 2 сарын өмнө 3-4 хоног архи ууж байгаад цагдаагийн байгууллагад ирж байсан ба ирэхэд нь шинжилгээнд хамруулсан. Гэвч одоогийн байдлаар тэрээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гал тогооны хэсэгт мах бэлтгэгчээр ажилд орсон байна. Би тухайн хүний нөхцөл байдал ямар байгаа талаар ар гэрийнхэн болон ажлын газрын хүмүүстэй нь уулзсан. Тухайн хүн нь ажил хийж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал гаргаагүй байна. Мөн энэ хүн өөрөө оюутан бөгөөд сургалтын төлбөрөө өөрөө төлдөг. Дээр нь хүүхэд нь Дорнод их сургуулийн 3 дугаар курсийн оюутан учраас сургалтын төлбөрийг нь төлөх гээд ажил хийж байгаа нөхцөл байдал байгаа учраас энэ удаад албадан эмчилгээнд хамруулахгүй байдлыг харах саналтай байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариу тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй. Би байцаагчдаа цаашид архи дарс хэрэглэхгүй, ажлаа хийгээд явна гэдгээ хэлсэн байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, *******ийн эхо оношилгоо, цусны ерөнхий шинжилгээ, бусад шинжилгээ оношилгоо, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2016 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн ******* газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч *******ийн “...*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах санал”, Дорнод аймгийн ******* газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаярын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39/122 тоот Төлөөлөгч томилох тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь Дорнод аймаг, ******* сумын ... дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Гуравдагч этгээд ******* нь ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд 2021 оны 06 дугаар сараас эхлэн удаа дараа эрүүлжүүлэгдсэн байх бөгөөд Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэд “...архины хараат байдал байдлын эхний үе шат” хэмээн дүгнэсэн, түүний ажил эрхэлж байгаа байдал зэргээс харахад *******ийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд *******ийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ