Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0978

 

 

 

 

 

 

   2024         12            02                                   128/ШШ2024/0978

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Д.ийн нэхэмжлэлтэй, ******* даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд 1 санал, 1 хүсэлт байна. Саналын тухайд 2024 оны 11 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл албажиж хэрэгт ороогүй байна. Энэ тэмдэглэлийг тодруулах, танилцах хүсэлтэй байна. Хоёрдугаарт нь өмнөх шүүх хуралдаан дээр ярьж байсанчлан нэхэмжлэгч Монголд ирсэн, түүнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66-р зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 09 сарын 01-ний өөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж байна. Иймд энэхүү татгалзлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан, зохих журмын дагуу баталж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр илэрхийлж байна.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай “Монгол Улсын иргэн Д.ийн нэхэмжлэлтэй, ******* даргад холбогдох "******* даргын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Нэхэмжлэгч Д. нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус шүүхэд ******* даргад холбогдуулан гаргасан “******* даргын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн дугаар бүхий  "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь үүгээр татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу батлан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ер нь бол нөхөн төлбөр олгох гэрээний дагуу олгох ёстой байсан газруудыг олгосон. Газрын цахим мэдээллийн санд мэдээлэл компанийн нэрээр орсон байгаа учраас бид нэхэмжлэлээ татаж байгаа. Энэ талаар хувьцаа эзэмшигч болон нэхэмжлэгч Д.оос зөвшөөрөл авсны үндсэн дээр татгалзлыг нэхэмжлэгч талаас гаргасны хүлээн зөвшөөрч байна. Харин бид нарын авсан мэдээллээр, газар олгох ажиллагаа 6 сарын хугацаанд саатуулагдсан. Ялангуяа Хан-Уул дүүргийн газартай холбоотой маргаан байгаа., өмнө нь өөр этгээдэд олгогдож байсан гэдэг асуудлууд яригдсан. Хариуцагчийн зүгээс ийм асуудал байхгүй, анх удаа олгож байгаа газар гэж хэлсэн. Тэр нөхцөл байдлыг дахин тодруулаад шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслээд энэ хэсэг дээр ойлголцоод нэхэмжлэлээ татгалзаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр хариуцагчаас энэ талаар дахиж тодруулаад шүүх хурал дээр батлаад яриад өгвөл сайн байна. Нэхэмжлэгчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д. нь 2023 оны 09 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд хандаж “.... 1.******* даргын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн ******* дугаар бүхий "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгох. 2. 2023 оны 08 сарын 30-ны өдрийн ******* дугаар бүхий "*******,*******,*******" тухай захирамжийг хүчингүй болгох. 3. ******* албаны 2023 оны 08 сарын 31-ний өдрийн ******* Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан.

1.1.Шүүх нэхэмжлэгчийн “******* даргын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн ******* дугаар бүхий "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгох” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

2.Шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад нэхэмжлэгч Д. 2024 оны 12 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.“нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.“...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан.

4.Иймд нэхэмжлэгч Д.ийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Мөн нэхэмжлэгч Д.т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан “....1. ******* даргын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн ******* дугаар бүхий "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий, ******* индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод танилцуулж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.УРАНГУА