Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

2023        09           05                                           2023/ДШМ/32

 

          Д.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Т.Б, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.М-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2335000000148 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-ийн М /РД: ............../.

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн .... сумын Батсайхан багийн Улаан энгэр гэх нэртэй газраас 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн үед тус сумын Жаргалант багийн иргэн Т.Б-ын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.М-т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.М-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Д.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Миний бие бага наснаасаа сургуульд суралцаагүй,  бичиг үсэг муу мэддэг, бүдүүлэг малчин хүн бөгөөд өндөр настай ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг.  Миний хар бяруу хулгайд алдагдсан бөгөөд би малаа харж яваад Улаан энгэр гэх газарт миний бяруу айлын үхэрт байхад олж аваад салгаж туух гэхэд ганцаар явахгүй болохоор нь нэг улаан бяруутай хамт тууж авч ирсэн. Улаан бярууг Б гэдэг хүн аваад явсан. Миний хар бяруу өвөл үхсэн, гэтэл хавар цагдаа ирж үхсэн бярууг үзээд зургийг нь аваад явсан. Би цагдаа дээр дуудагдаж ирээд буцаж очоод гэрээ нүүлгэх гэж байгаад машинтай осолд орсон. Миний бие муу, эмчилгээтэй байхад цагдаа ирж уулзаад, “ та 2 бяруу авснаа хүлээгээд сал” гэж хэлэхээр нь би “ нэг бяруу нь миний бяруу байсан” гэхэд тэгвэл та  ялтай шүү гэж хэлэхээр нь айгаад хэргээ хүлээсэн. Гэтэл шүүх хурал дээр Т.Б өөрийн биеэр ирж оролцоод “  хар бяруу миний бяруу биш” гэдгийг хэлсэн боловч шүүх намайг 2 бяруу хулгайлсан гэж ял өгсөнд гомдолтой байна. Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

5. Хохирогч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний 2 тооны үхэр алдагдсан. Миний алдсан хар зүсмийн үхрийг чоно идсэн байсан. Мөрдөн байцаагч ирэхдээ үс нь зулгарсан, шороо тоос болсон хар зүсмийн үхрийн сэг зэмийн зураг үзүүлээд “энэ таны үхэр мөн үү” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Мөрдөгч мөн гэж бичээд явсан. Би чоно идсэн малаа хүнээр төлүүлж авахгүй. Чоно идсэн малаа хүнийг хулгайлсан гэж яллуулмааргүй байна” гэв.

6. Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн хувьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Нэгдүгээрт, шүүх үйл баримтын талаар зөв дүгнэж чадаагүй. Малд үзлэг хийсэн тэмдэглэлээр имтэй эсэхийг харуулсан байна. Өвөл малын үс ноос ургаад имтэй эсэхийг мэдэх боломжгүй байдаг. Хэрэгт авагдсан зарим баримтуудыг мөрдөгч Б.М бүрдүүлсэн. Б.М өөрийгөө эрүүгийн мөрдөгч гэж тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бол мөрдөгч байхаар заасан. Үүнд эрүүгийн мөрдөгч гэсэн албан тушаалтан байхгүй. Эрүүгийн мөрдөгч яллагдагчаар татах санал гаргаж, улсын яллагч яллагдагчаар татах саналыг хүлээн авч яллагдагчаар мэдүүлэг авах үүргийг эрүүгийн мөрдөгч Б.М-д өгсөн. Харин Д.М-аас яллагдагчаар мөрдөгч С.Н мэдүүлэг авсан байна.  Хавтаст хэрэгт ажлын хэсэг томилсон тогтоол авагдсан боловч уг тогтоолд мөрдөгч С.Н-гийн нэр байхгүй байна. Тухайн хэргийг гараас гар дамжуулан хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-ыг хохирогч Т.Б-ын 2 тооны үхэр хулгайлсан гэм буруутайд тооцож, түүнээс хар бярууны үнэ болох 500,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн талаар уншиж танилцуулсан боловч шийтгэх тогтоол бичгээр гаргахдаа Д.М-аас 500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн буюу уншиж сонсгосон шийтгэх тогтоол болон бичгээр гарсан шийтгэх тогтоол зөрүүтэй гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн  2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр буцааж өгнө үү” гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн .... сумын Батсайхан багийн “Улаан энгэр” гэх нэртэй газраас 2022 оны 7 дугаар сарын 15-ны үед тус сумын Жаргалант багийн иргэн Т.Б-ын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон. Малд үзлэг хийсэн тэмдэглэлээр хар зүсмийн бярууны сэг зэмийг хохирогч Т.Б-т үзүүлэхэд өөрийнхөө бяруу мөн байна гэдгийг хэлсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.М-ын давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 2335000000148 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

 2. Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн “ Улаан энгэр” гэх нэртэй газраас 2022 оны 7 дугаар сарын 15-ны үед тус сумын Жаргалант багийн иргэн Т.Б-ын 2 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Т.Б-ын 2023 оны 4 сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны үед Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн нутаг “Улаан энгэр” гэх нэртэй газарт байсан манай үхэрнээс 2 тооны үхэр хулгайлагдсан байсан. Манай үхрүүд ижлээсээ тасарч, салж явдаггүй бөгөөд би эхнэр, хүүхдийнхээ хамт өөрийнхөө үхрүүдийг байнга харж, малладаг учраас тэр 2 үхрийг алга болсныг мэдээд хулгайч авсан юм байна гэж шууд мэдсэн. Тэгээд би үхрээ хэдэн өдөр хайсан боловч олоогүй. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 2-ны орчимд алдагдсан 2 үхрээ хайж явтал Цэцэрлэг багийн нутаг Дунд гол гэх нэртэй газар Цагаанннуур багийн иргэн Д.Б гэгчийн тууж явсан үхрүүд  дотор  манай хулгайд алдсан улаан зүсмийн, баруун чих нь он, зүүн чих нь араасаа давхар сүйх имтэй, 2 настай эм үхэр хамт явж байсан. Миний үхэрт хүзүүвч зүүсэн байсан.

Би Б-тай уулзаж “ Миний алдсан үхэр яагаад танай малд байгаа  юм бэ, би үхрээ зүсээр нь таньж байна, хамт алдагдсан үхэр нь хаана байна” гэж асуухад тэр “ нөгөө үхрийг нь М мэдэж байгаа, чи үхрээ буцаагаад ав” гэж хэлсэн. Би тэдний үхэрт байсан өөрийн үхрийн зургийг гар утсаараа дарж аваад, өөрийн үхрийг туугаад явсан. Би дахиж Баас нөгөө үхрийнхээ талаар асуугаагүй, М-ыг ч олж уулзаж чадаагүй. Манайх олон малтай, хүн бүл муутай учраас алдсан үхрийнхээ араас явж чадаагүй өнөөдрийг хүрсэн.  Д.Б бид нэг нутгийн, бас нэг сургуульд, нэг ангид хамт сурч байсан , нэг нэгнийгээ маш сайн таньж мэддэг учраас би тухайн үед цагдаад хандаагүй, хэл ам хийгээд яахав гэж бодоод өнгөрсөн. Алдсан нөгөө үхрээ  одоо болтол олж авч чадаагүй. Буруутай хүнээс нэг тооны үхрээ төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг / хх-ийн 18, 19 дэх тал/,

            - хохирогч Т.Б-ын 2023 оны 5 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ алдсан үхрүүдээ баруун чихэндээ он имтэй, зүүн чихэндээ давхар сүйх имтэй гэж андуурч хэлсэн байна. Тухайн үед буюу 2022 оны 7-р сард манайх үхэрнүүдээ имнээгүй байсан. Ийм болохоор манай үхэр хулгайд алдагдах үедээ ямар нэгэн имгүй байсан байна. Манайх сүүлд буюу 2022 оны намар 9-р сард үхэрнүүдээ имнэсэн юм. Би Д.Б гэх хүний үхрээс өөрийн үхрийг зүсээр нь таньж авсан юм “ гэх мэдүүлэг / хх-ийн 21-р тал/,

 - хохирогч Т.Б-ын 2023 оны 06 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн зургийг үзэхэд миний алдсан бярууны зүс, биеийн хэмжээ буюу бага цогцостой, богино буюу тэлээ эвэртэй бяруу гэдгээр нь яг таарч байна. Мөн зураг дээрх бярууг имнэсэн зүйл ажиглагдахгүй байна ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

- гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 07 дугаар сард манай мал Батсайхан багийн нутаг Улаан энгэр гэх нэртэй газарт байсан. Гэтэл 7 сарын дундуур / яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна/  манай үхрээс 2 тооны үхэр алга болсон.  Манай үхрүүд ижлээсээ тасарч, салж явдаггүй ба тухайн үед манай нөхөр, хүү 2 алга болсон үхрүүдээ хайгаад олоогүй.  

Дараа нь буюу 2022 оны 8 сарын эхээр манай нөхөр алга болсон 2 үхэрний нэг болох улаан зүстэй, эм үхрийг олж ирсэн. Манай нөхөр ирэхдээ  “Энэ үхрийг Д.Б өөрийнхөө үхэртэй нийлүүлээд, хүзүүвч зүүгээд ижилсүүлчихсэн байна. Нөгөө үхрийг нь өөр хүнд байгаа гэж хэллээ” гэж ярьж байсан.

 Д.Б нь манайхтай олон жил айл, саахалт байсан бөгөөд тухайн үед бид нар болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Д.Б нь манай үхрийг хэзээ, яаж авсан болохыг нь би мэдэхгүй. Нөгөө үхрийг нь олж авч чадаагүй байгаа.

 Тухайн үед алга болсон 2 үхэр нь имнээгүй байхдаа алга болсон байсан. Улаан зүсмийн үхрийг Батсайханы үхрээс ялгаж авчирсны дараа баруун чихийг нь он, зүүн чихийг нь араасаа давхар сүйх имээр имнэсэн юм. Нөгөө үхэр нь имгүй байсан”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал),

- гэрч Д.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт мал маллаж амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын дундуур /хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна/ манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Цагаан үзүүр гэх нэртэй газарт байхад манай үхэрт улаан зүстэй, хүзүүвчтэй бяруу нийлж ирсэн байсан. Би тухайн бярууны чихнийх нь имийг үзээгүй бөгөөд ямар ч байсан эм бяруу байсан. Гэтэл тэрнээс хэд хоногийн дараа Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн харъяат Доржийн Улаанаа гэдэг залуу манайд ирээд “Миний бяруу танай үхэртэй нийлчихсэн байна” гэж хэлээд манай үхэрт нийлж ирсэн улаан бярууг туугаад явсан. Гэтэл тэр бяруу дахиж манай үхэрт ирж нийлсэн байсан. Улмаар 2022 оны 08 дугаар сарын эхээр манайх нүүсэн ба нүүдлийн замд явж байхад Т.Б ирээд нөгөө бярууг "манай бяруу байна” гэж хэлээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

            - гэрч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би эхнэр Отгонгэрэлийн хамт Цагааннуур багт мал маллаж амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын 15-ны орчимд /хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна/ манай үхэр бэлчээрт гарчхаад орой буцаж ирэх үед манай үхэртэй хамт 1 тооны улаан зүстэй, эм бяруу ирсэн. Би тухайн бярууны чихнийх нь имийг анзаарч хараагүй. Ямар ч байсан хүзүүндээ ременэн хүзүүвчтэй байсан. Би тэр бярууг эхлээд хэний бяруу болохыг нь мэдээгүй. Тэр бяруу манай үхэртэй хамт ирсний маргааш өдөр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн харъяат Доржийн Улаанаа гэх залуу манайд ирээд “Миний бяруу танай үхэртэй нийлээд явчихсан байна. Би бяруугаа авч явлаа" гэж хэлээд урд өдөр нь манай үхэртэй хамт ирсэн 1 тооны улаан зүстэй, эм бярууг тууж аваад явсан.

           Тэрнээс хойш тэр бяруу нь өдрийн цагаар, бэлчээрээр манай үхэртэй нийлээд ирээд байсан. Ирэх болгонд нь Доржийн Улаанаа ирээд "Манай бяруу танай үхэртэй нийлж явчихаад болохгүй байна" гэж хэлээд тууж яваад байсан. Улаанаа тэр бярууг манай үхэрнээс 2-3 удаа салгаж, тууж явсан. Гэвч тэр бяруу нь буцаж манай үхэртэй нийлж ирээд байсан учраас Улаанаа надтай ирж уулзаад "Та урагшаа нүүхээрээ миний энэ бярууг үхэртэйгээ цуг туугаад аваад яв. Би говь орохоор нь очиж авна. Би өөрөө самар түүх ажилтай болохоор ойрд урагшаа явж чадахгүй" гэж хэлээд явсан. Тэр бяруу манай үхэрт хэд хоног байсан.  Манайх нүүж явахад буюу Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг Дунд гол гэх нэртэй газарт би малаа туугаад явж байтал Өндөрхангай сумын иргэн Т.Б надтай ирж уулзсан. Т.Б нь Доржийн Улаанаагийн "миний бяруу" гэж хэлээд, тууж яваад байсан бярууг харчихаад “Энэ миний алдсан бяруу байна. Би 2 бяруу алдсан. Нэг нь энэ бяруу мөн байна. Нөгөө нь хар зүстэй бяруу байгаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Доржийн Улаанаа наад бярууг чинь миний бяруу гээд тууж яваад байсан " гэж хэлэхэд Т.Б “Би өөрийнхөө малыг таньж байна" гэж хэлээд тэр бярууг туугаад аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

-  эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай 2023 оны 4 сарын 21-ний өдрийн : “ хохирогч Төртогтох овогтой Баас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн:  

1. Д.Бы үхэртэй нийлсэн байх үед нь авсан зураг гэх бичвэртэй 2 хувь , 1 хуудас зураг,

2. Иргэн Бын малын А дансны хуулбар 4 хуудас баримт бичгийг 2023 оны 4 сарын 21-ний өдрийн 13 цаг 45 минутад хүлээн авч  тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 9, 10 дахь тал/,

  - дээрхи гэрэл зураг болон малын А дансны баримтыг тус тус хэрэгт ач холбогдол бүхий гэж үзэж, хэргийн материалд тусгаж хавсаргахаар тогтоосон мөрдөгчийн тогтоол / хх-ийн 15 дахь тал/,

  - 2023 оны 4 сарын 21-ний өдрийн малд үзлэг хийсэн тухай : “ үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: үзлэг хийж буй мал нь хадны хөндийд баруун талаараа хэвтэж үхсэн үхрийн сэг зэм байна. Тус үхэр нь хар зүстэй байх ба арьсны зарим хэсэг нь илжирч муудсан, үс нь халцарсан байдалтай байв. Тус үхэр нь эвэртэй, чих нь ямар нэгэн имгүй байв...”  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  07-08 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

             3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

   4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.М-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн “Улаан энгэр” гэх нэртэй газраас 2022 оны 7 дугаар сарын 15-ны үеэр тус сумын Жаргалант багийн иргэн Т.Б-ын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.         

          5. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.       

6. Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дүгээртэй дүгнэлт (хавтаст хэргийн 50 дахь тал)-ээр нотлогдсон, хохирогч нэг тооны үхрээ зүсээр нь хүлээн авсан, мөн нэг үхрийн үнэ болох 500,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

          7. Шүүгдэгч Д.М-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан : “ Миний бие муу, эмчилгээтэй байхад цагдаа ирж уулзаад : “ та 2 бяруу авснаа хүлээгээд сал” гэж хэлэхээр нь би “ нэг бяруу нь миний бяруу байсан” гэхэд “тэгвэл та  ялтай шүү” гэж хэлэхээр нь айгаад хэргээ хүлээсэн. Гэтэл шүүх хурал дээр Т.Б өөрийн биеэр ирж оролцоод “  хар бяруу миний бяруу биш” гэдгийг хэлсэн боловч шүүх намайг 2 бяруу хулгайлсан гэж ял өгсөнд гомдолтой байна. Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү”  гэх агуулга бүхий гомдол,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн : “ ..шүүх үйл баримтын талаар зөв дүгнэж чадаагүй. Хэрэгт авагдсан зарим баримтуудыг эрүүгийн мөрдөгч бүрдүүлсэн нь хууль зөрчсөн, мөн мөрдөгч С.Нямдаваа Д.М-аас яллагдагчаар мэдүүлэг авсан байна.  Хавтаст хэрэгт ажлын хэсэг томилсон тогтоол авагдсан боловч уг тогтоолд мөрдөгч С.Н-гийн нэр байхгүй байна. Тухайн хэргийг гараас гар дамжуулан хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.М-ыг хохирогч Т.Б-ын 2 тооны үхэр хулгайлсан гэм буруутайд тооцож, түүнээс хар бярууны үнэ болох 500,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн талаар уншиж танилцуулсан боловч шийтгэх тогтоол бичгээр гаргахдаа Д.М-аас 500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн буюу уншиж сонсгосон шийтгэх тогтоол болон бичгээр гарсан шийтгэх тогтоол зөрүүтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхий саналыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

7.1. Шүүгдэгч Д.М нь 2022 оны 7 дугаар сард хохирогч Б-ын 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт тогтоогдсон үйл баримттай тохирсон, үндэслэл бүхий байна.

 7.2. Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт: “ хохирогчийн 1 тооны, улаан зүстэй, эм үхэр хулгайлсан, харин хар зүстэй 1 тооны үхрийг хулгайлаагүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгөх ” талаар тайлбар, санал гаргаж мэтгэлцсэн байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч болон хохирогчийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь үндэслэлтэй байна.   

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн байх ба 2 дахь мэдүүлэгтээ : “  өөрийн алдсан 2 үхэр нь чихэндээ имтэй байсан талаар эхний мэдүүлэгтээ андуурч мэдүүлсэн байна, тухайн 2 үхэр алга болох үед манайх үхрээ имнээгүй байсан,  дараа нь буюу намар 9 сард үхрээ имнэсэн” гэж мэдүүлсэн байх ба хохирогчийн 2 тооны үхэр нь хулгайлагдах үедээ ямар нэгэн имгүй байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, хохирогч Т.Б-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн гэрэл зурагийн үзүүлэлт /хохирогчийн алдсан нэг тооны улаан зүсмийн үхэр нь Д.Б-ы үхэртэй нийлсэн байх үед нь хохирогч гар утсаараа авсан гэх, хүзүүндээ оосортой, эвэртэй, чихэндээ имгүй улаан зүсмийн үхрийн зураг /,

- 2023 оны 4 сарын 21-ний өдрийн малд үзлэг хийсэн тухай : “ үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: үзлэг хийж буй мал нь хадны хөндийд баруун талаараа хэвтэж үхсэн үхрийн сэг зэм байна. Тус үхэр нь хар зүстэй байх ба арьсны зарим хэсэг нь илжирч муудсан, үс нь халцарсан байдалтай байв. Тус үхэр нь эвэртэй, чих нь ямар нэгэн имгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- гэрч Б.Б-гийн “..Тухайн үед алга болсон 2 үхэр нь имнээгүй байхдаа алга болсон байсан. Улаан зүсмийн үхрийг Батсайханы үхрээс ялгаж авчирсны дараа баруун чихийг нь он, зүүн чихийг нь араасаа давхар сүйх имээр имнэсэн юм. Нөгөө үхэр нь имгүй байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.  

Түүнчлэн хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд : “ Би Б-тай уулзаж “ Миний алдсан үхэр яагаад танай малд байгаа  юм бэ, би үхрээ зүсээр нь таньж байна, хамт алдагдсан үхэр нь хаана байна” гэж асуухад тэр “ нөгөө үхрийг нь М мэдэж байгаа, чи үхрээ буцаагаад ав” гэж хэлсэн. Би тэдний үхэрт байсан өөрийн үхрийн зургийг гар утсаараа дарж аваад, өөрийн үхрийг туугаад явсан” гэж мэдүүлж, өөрийн гар утсаар дарсан /улаан зүсмийн үхэр нь Б-ы олон тооны үхэртэй хамт нийлсэн байсан үеийн зураг/ гэх зургийг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт өөрөө гаргаж өгснийг мөрдөгчийн тогтоолоор хэрэгт нотлох баримтаар хавсаргасан,

 мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь шүүгдэгч Д.М-ын үхэрт хамт өвөлжиж байгаад үхсэн гэх хар зүстэй үхрийн сэг зэмд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдтэй танилцаад: “  Тухайн зургийг үзэхэд миний алдсан бярууны зүс, биеийн хэмжээ буюу бага цогцостой, богино буюу тэлээ эвэртэй бяруу гэдгээр нь яг таарч байна. Мөн зураг дээрх бярууг имнэсэн зүйл ажиглагдахгүй байна” гэж мэдүүлсэн байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаар хохирогч Т.Б-ын анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.  

7.3.  Хохирогч Т.Б-ын 2 тооны үхэр хулгайлагдсан талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааг эрх бүхий албан тушаалтны даалгаснаар Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Б.М 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн явуулж, нотлох баримт цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, түүнчлэн хэрэгт цугларсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагад нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1-т: “ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ” гэж заасан ба  Д.М-т холбогдох эрүүгийн хэрэгт прокурор 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг хуулиар тогтоосон харьяалалын дагуу тус Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

7.4. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.М-ыг хохирогч Т.Б-ын 2 тооны үхэр хулгайлсан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 1 тооны үхрийн үнэ болох 500,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулсан шийдвэр гаргасан байна.

Шүүгдэгч Д.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд оролцохдоо: “ завсарлага авсан хугацаанд Өндөрхангай суманд очиж, хохирогч Т.Б-т хохиролд 500.000 төгрөг өгөхөөр уулзсан боловч уг мөнгийг хохирогч хүлээн авахаас татгалзсан талаар мэдүүлсэн, мөн хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд оролцож, “ миний нэг тооны бяруу үхсэн байсан, тиймээс хохирлыг Маар төлүүлэх нь зохимжгүй байна” гэж мэдүүлж, хохирол нэхэмжлэхээс татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд “ шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэн байна. Энэ тохиолдолд шүүхийн уншиж сонсгосон шийдвэр бичгээр үйлдсэн шийдвэрээс зөрүүтэй гарсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.  

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

9.  Шүүгдэгч Д.М-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 43  хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.М-ын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав / хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                      ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

                            ШҮҮГЧ                                      Л.АЛТАН