Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00123

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,710,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2023 оны 12 сарын 21-ний өдөр 1060099608 тоот гэрээ байгуулан 12,100,000 төгрөгийг 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Хариуцагч нь тус зээлийн гэрээнд заасан үүргээ 2024 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 272 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,710,434 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* *******тай гэрээ байгуулан, тус *******наас хэрэглээний зориулалтаар зээл авч, бүрэн төлж барагдуулж чадаагүй байгаа минь үнэн. Иймд надаас нэхэмжилсэн 13,710,434 төгрөгийг ******* *******инд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөч байна. Одоогоор осол аваарын асуудалд холбогдон ажлаа хийх боломжгүй байгаа тул бөөнд нь барагдуулж чадахааргүй байна. Ажлаа хийх боломжтой болох хүртлээ өөрийн чадахаар төлөх болно. Ажилдаа ормогцоо аль болох хурдан дээрх төлбөрийг бүрэн барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,710,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.******* нь “******* *******” ХК-тай 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1060099608 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж 12,100,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,710,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,710,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,502 төгрөгийн 50 хувь болох 113,251 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 113,251 төгрөгийг, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 113,251 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ