Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1985 оны 09 сарын 01-ээс 1988 оны 07 сарын 01-н хүртэл Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуульд суралцаж төгссөн. Ингээд 1988 оны 07 сарын 20-оос 1991 оны 03 сарын 01-н хүртэл Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр, 1991 оны 03 сарын 15-аас 1994 оны 12 сарын 21-н хүртэл мөн нэгдлийн тарианы салбарт ногоочноор ажиллаж байсан юм. Гэтэл намайг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал шийдвэр архиваас гарахгүй байгаагаас шүүхэд хандаж байна. Иймд ******* намайг 1988 оны 07 сарын 20-оос 1994 оны 12 сарын 21-ийг дуустал “Туг” нэгдэлд ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.

Миний ээж ******* нь 1969 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн. 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган сумын Туг нэгдлийн гуанзанд бэлтгэгч ажилчнаар томилогдон ажиллаж байсан. 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэгдлийн даргын тушаалаар өөр байгууллагад шилжин тарианы салбарт ногоочноор ажиллаж байсан. 1992-1994 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба тухайн үед жирэмсэн байсан. Амаржсанаасаа хойш Булган сумаас шилжиж Дорнод аймагт ирж амьдарч байгаа. Иймээс *******г 1988 оны 07 дугаар сарын 20-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Туг ХХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар “Ажилд томилох тухай”, мөн нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар, нэхэмжлэгчийн цалингийн лавлагаа, 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 0885 дугаартай Итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******ийг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байх үеийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн болон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар “Ажилд томилох тухай”, мөн нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар, нэхэмжлэгчийн цалингийн лавлагаа, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч *******гийн ******* /*******/ нь 1988 оны 07 дугаар сарын 20-оос 1991 оны 03 дугаар сарын 01-ийг дуустал Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдлийн гуанзанд бэлтгэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 15-аас 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал мөн нэгдлийн тарианы салбарт ногоочноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Булган сумын “Туг” ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******г 1988 оны 07 дугаар сарын 20-оос 1991 оны 03 дугаар сарын 01-ийг дуустал Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдлийн гуанзанд бэлтгэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 15-аас 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал мөн нэгдлийн тарианы салбарт ногоочноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Булган сумын “Туг” ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ