| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0014/Э |
| Дугаар | 4 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 4
2017 оны 12 сарын 27 өдөр 2018/ШЦТ/04 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0014/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Д.Отгонтуяа
Хохирогч Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мерей
Шүүгдэгч П.О нарыг оролцуулан
Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П-ийн О-д холбогдох 1739001940077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Хар үзүүр гэх газар оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, С овогт П-ийн О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.О нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд эхнэр Э.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.О-ийн: ... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг өнгөрч байхад манай нөхөр П.О бид хоёр Хэрлэнбаян-Улаанд хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд О ээжийнхээ гэрт үлдсэн. ... нөхрийнхөө ээжийн гэрт очиход О хэлэхдээ Т намайг загнжа байна гээд манай нөхөр гараараа шууд миний толгой руу цохисон. Ямар учраас намайг цохисон талаар би ойлгоогүй. Тэгээд би яасан юм бэ гээд нөхөртөө хэлэхэд О намайг өшиглөөд түрийнээсээ хутга гаргаж ирээд чамайг хутгалж ална гээд над руу дайрсан. О-г над руу дайрахад М гээд хүргэн нь боль гэж хориод урдуур нь орсон боловч болиулж дийлээгүй. О хаанаас ямар мод авсан талаар мэдэхгүй байна. Миний харснаар хугархай банзаар хөл, нуруу биеийн далд байдаг бүхий л газарт цохисон. Нүүр гар гэх мэт биеийн ил харагдах хэсгээр цохиогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 6-8хуу/
Гэрч Д.Э-ийн: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн төвд гэртээ байж байхад манай охин О над руу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багаас утсаар яриад ээж намайг нөхөр О зодоод хутгалах гээд байна ирж аваач гэж хэлсэн. Тэгээд би охиноо аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаанд очоод хүргэн О таарсан түүнээс охин хаана байна амьд сэрүүнд нь авъя гэсэн чинь О согтуу байсан бөгөөд мэдэхгүй гэсэн. ... нөхрөөсөө нуугдаж байгаад автомашин хараад ороод ирсэн юм шиг байн лээ гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10хуу/
Гэрч И.М-ын: ... намайг гэртээ байж байхад манай эхнэр А-н дүү О өөрийн эхнэр О-ийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрт байж байгаад хоорнодоо маргалдаж хэрэлдээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15хуу/
Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2017.379 дугаартай дүгнэлт:
О-ийн биед бүх биеийн доргилт, баруун гарын сарвуу, зүүн гуянд, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 12хуу/
Шүүгдэгч П.О-ын мэдүүлсэн: ... Т гэх хүнтэй тааралдсан чинь эхнэр чинь хэрүүл хийгээд яваад байна, чи эхнэртээ хэлдэг юм уу үгүй юм уу гэж хэлсэн. Яг юуны талаар хэлснийг нь би мэдэхгүй байна. ... ээжийнд нэг ямаа авчирсан байсан. Тэрийг ажиллаж байгаад О бид хоёр Туяа юу яриад байгаа гээд маргалдаж эхлээд би эхнэрийн толгой руу гараараа нэг удаа цохьсон. ... би эхнэрийн зүүн гуя хэсэгт нь мөн баруун шилбэ хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би мал ажиллаж байсан болохоор гартаа хутгатай байсан. ... О-ийн ээж Эг надтай тааралдаад та хоёр муудаа юу Н утастаад байхаар нь ирлээ хүүхдээ авъя гэж ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч П.О нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд эхнэр Э.О-г зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох ьн дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт П-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь оногдуулсан торгох ялыг 01 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА