| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0616/3 |
| Дугаар | 128//ШШ2024/0909 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 128//ШШ2024/0909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: ******* ******* ******* ХХК, төлөөлөгч Н.М-,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Н******* /РД:/,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /РД:/,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Б.Н- /ШТЭҮ-/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын зохицуулалтын газрын Улсын байцаагч М.А*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ц ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э-,
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын шалгалтын газрын Улсын байцаагч М.А*******ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.М-, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******, Э.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н-, хариуцагч М.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч гомдлын шаардлагадаа: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын зохицуулалтын газрын улсын байцаагч М.А*******ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
2.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Манай компанид холбогдуулан иргэн Э.Б******ын гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газарт Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн ... гэж зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, эрх бүхий этгээд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр № дугаартай шийтгэлийн хуудсаар 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Нэг. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны шинжийг агуулсан гэх зөрчлийн тухайд: Тус зөрчлийн хэрэгт манай компанийн харилцагчдад үзүүлсэн Пүүл хувьцааны опцион зуучлалын үйл ажиллагааг Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны шинжийг агуулсан гэж үзсэн болно. Манай компани нь Брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 207 дугаар тогтоолоор, мөн Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрлийг 202 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 476 дугаар тогтоол, Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших эрхийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны №476 тогтоолоор тус тус Санхүүгийн зохицуулах хорооноос авсан байдаг. Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд бид харилцагчдаа гадаад улсын хувьцааны опцион арилжаанд оролцоход зуучлалын үйлчилгээг үзүүлсэн болно. Бид харилцагчдын хүсэлтэд нийцүүлэх, опцион арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг тараан байршуулах зорилгоор Пүүл хувьцааны арилжааны зуучлал буюу багц хувьцааны опцион арилжааны зуучлалыг гүйцэтгэсэн болно. Пүүл опцион арилжаанд оролцох сонирхол бүхий этгээдүүд нэгдэн хэд хэдэн хувьцааны опционуудыг багц болгон хамтран эзэмших замаар арилжаанд оролцох боломж бүхий арилжаа юм. Иргэний хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаас-ыг дундаа хамтран эзэмшихийг хязгаарласан эсхүл хориглосон заалт байхгүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.32 зааснаар хөрөнгө оруулалтын сан гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар энэ хуулийн 4.1.18-д заасан үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгийн санг; 4.1.33 хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлсон байна.
Харин Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.7-д зааснаар "нэгж эрх" гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлах эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл иргэн хөрөнгө оруулалтын сангаас нэгж эрхийг худалдан авах замаар хөрөнгө оруулалтын санд хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд Хөрөнгө оруулалтын менежментийн компани тус хөрөнгийг удирдан сангийн нэрээр үнэт цаас бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар хөрөнгийг өсгөх зорилгоор үйл ажиллагааг явуулна. Харин нэгж эрх эзэмшигчид нэгж эрхийн ханшийн өсөлт болон тухайн жилд ногдох ноогдол ашгаас хувь хүртэх замаар өгөөж хүртдэг онцлогтой үйл ажиллагаа юм.
Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ. Пүүл хувьцааны опцион арилжааны зуучлал нь Брокерийн зуучлалын үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн опцион худалдах, худалдан авахад зуучлах, зуучлалын үйл ажиллагаа юм.
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа болон Пүүл хувьцааны опцион арилжааны зуучлалын ялгааг дараах байдлаар харуулбал:
|
| Пүүл хувьцааны опцион арилжаа | Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа |
| Харилцагчийн мөнгөн хөрөнгө | Харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийн номинал дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлдэг. | Харилцагчийн мөнгөн хөрөнгө нэгж эрх болох бөгөөд ХОС нь хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдах, худалдан авах. |
| Хөрөнгийн удирдлага | Харилцагчийн захиалгын дагуу түүний даалгавраар захиалгыг биелүүлдэг буюу харилцагч өөрөө хөрөнгөө удирддаг. | Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь гэрээний үндсэн дээр сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлдэг. |
| Эзэмшил, өмчлөлийн хэлбэр | Харилцагч сонгон худалдан авсан үнэт цаасыг, өөрийн нэрээр эзэмшдэг. | Үнэт цаасны эзэмших эрх нь ХОС-ийн нэр дээр хадгалагддаг. Харилцагч хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг эзэмшдэг, нэгж эрх нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох боловч хөрөнгө оруулалтын сангийн тодорхой хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй. |
| Өмчлөх эрхийг хэрэгжүүлэх хэлбэр | Харилцагч өөрийн хэсгийн эзэмшлийн опционыг буюу үнэт цаасыг захиран зарцуулах, зарах захиалга өгөх хэрэгтэй. | ХОС-ийн нэгж эрхийг захиран зарцуулах хэлбэрээр өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ. |
| Өгөөж хүртэх хэлбэр | Харилцагч өөрийн опционы ашгийг өөрөө бүрэн хүртэх бөгөөд манай компани ямар нэгэн хувь авахгүй. | ХОС-ийн нэгж эрхийн зах зээлийн үнийн өсөлтөөс болон ХОС-ийн тухайн жилд хуваарилах ногдол ашгаас хувь хүртэх эрхтэй. |
| Ашиг хүртэх хэлбэр | нь зөвхөн арилжааны зуучлалын шимтгэл, хураамж авна. | Хөрөнгө оруулалтын сан нь төрөл, бодлогын баримт бичигт тодорхойлсон байдлаар амжилтын хувь, менежментийн төлбөрийг харилцагчаас авна. |
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч М.А*******ын шийтгэлийн хуудаст дурдсан хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа гээд буй Пүүл хувьцааны опцион арилжааны зуучлалын үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтын дагуу задлан авч үзвэл:
"Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс..." гэх тухайд: Харилцагч өөрийн үнэт цаас (опцион) авах захиалгыг өөрийн нэрийн номинал дансыг цэнэглэн өөрийн хөрөнгөөр худалдан авах бөгөөд, түүний худалдан авсан үнэт цаас буюу опцион нь түүний дансанд түүний нэрээр бүртгэгдэн хадгалагддаг болно. Харин Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь санд төвлөрсөн менген херенгоор хөрөнгө оруулалтын менежментийн компанийн даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авах захиалга гүйцэтгэгдэнэ.
".. түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авах..." гэх тухайд: Харилцагч нь үнэт цаас буюу опционыг худалдан авах, худалдах захиалгыг өөрийн бүртгэлтэй утасны дугаараас ирүүлэн худалдан авах, худалдах захиалгыг өгч манай компани арилжааг гүйцэтгэдэг болно. Хөрөнгө оруулалтын сангаас ялгаатай шинж нь харилцагч өөрөө худалдан авах үнэт цаасаа бие даан сонгодог бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн хувьд ямар үнэт цаас авахыг хөрөнгө оруулалтын менежментийн компани сонгож, хөрөнгийг удирддаг. Өөрөөр хэлбэл Пүүл хувьцааны опцион арилжаа нь харилцагчаас мессежээр даалгавар авч байгаа бол Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь харилцагчаас даалгавар авахгүйгээр гүйцэтгэх нөхцөлтэй юм.
"...холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэх..." гэх тухайд: Манай компани нь харилцагчидтай "Хувьцааны опцион зуучлалын гэрээ" байгуулан ажилладаг бөгөөд Пүүл опцион арилжааны гол нөхцөлийг компанийн "*******" гэсэн нэртэй харилцагчдын Фэйсбүүк группэд манай компанийн шинжээч Б.А**** Option idea нэртэйгээр лайв хэлбэрээр танилцуулж, бүхий л нөхцөлийг тодорхой тайлбарласан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар "Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно", мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар "Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ" гэж заасны дагуу хийгдсэн гэрээ байна.
Үүнээс дүгнэн үзвэл манай компанийн үзүүлсэн Пүүл хувьцааны опцион зуучлалын үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын сангийн шинжийг агуулаагүй Үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа юм.
Гэтэл тухайн зөрчлийг гаргасан гэх нотлох баримт бүрдээгүй, бидний хийсэн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байхад шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулсан тухайд:
Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий этгээд нь дараах хуулийн зохицуулалтыг зөрчин, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино" гэж заасан байгаа нь хуулийн зорилтод заасан журмын дагуу зөрчлийн хэргийг хянан шалгах зарчимтай.
Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан М.А*******ын тэмдэглэлд "-тай хувьцааны опцион зуучлалын гэрээ байгуулсан харилцагчдын гэрээ"-нд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тухай дурджээ. Гэвч зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд манай компаниас нийт харилцагчдын "Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-г хүргүүлж байгаагүй бөгөөд үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй буюу ийм тэмдэглэл зөрчлийн хэрэгт авагдаагүй байдаг.
Дээрх үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасан "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" мөн хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д заасан Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана" гэсэн үндэслэлээр бэхжүүлээгүй нотлох баримтыг бэхжүүлсэн гэж дүгнэн "нотлох баримтаар үнэлсэн зөрчил гаргасан.
Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт зохицуулалтын газрын мэргэжилтэн Б. Э-, М.А******* нар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "Иргэн Э.Б*****с 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн гомдлыг шалгах явцад "******* богд капитал " ХХК нь хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэж, харилцагчдын хөрөнгийг захиран зарцуулсан байж болзошгүй" гэж тогтоолд дурдаж Зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан "Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасныг зөрчин, ажлын 60 гаруй хоногийн дараа Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Гурав. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд
Иргэн Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Пүүл опцион арилжаанд оролцсон талаарх гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүй". Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д зааснаар "Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно" гэсэн заалтыг зөрчин, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1-т заасан зөрчил байж болзошгүй дүгнэн, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна гэжээ.
2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* богд капитал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн дэмжиж байна. Хариуцагч талаас хэд хэдэн тайлбар гаргаж байна. Гэрээний талаар тайлбар өгөөгүй, ******* трайдерс гэсэн хаалттай групп ашиглаж санал авдаг байсан, оруулсан үнийн дүнгийн 50 хувьд хүрээгүй бол гарах эрхийг хязгаарласан, голомт банкны дансаараа арилжаа хийсэн хууль бус гэж тайлбарлаж байна. Тухайн тайлбар хийхдээ тайлбар болгон дээрээ удаа дараа арилжаанд оролцуулсан гэж байна. Арилжаа хийх нь ******* богд капитал ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа. Арилжаанд зуучлалын үйл ажиллагаа явуулах нь үндсэн үйл ажиллагаа. Арилжаанд хоёр этгээд оролцоно. Дунд нь арилжаанд зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хариуцагч хариу тайлбараараа дэлгэрэнгүй хэлж байна. Хариуцагчаас хэлж байгаа зөрчлүүд нь шийтгэлийн хуудсанд бичигдсэн Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлд заасан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих гэсэн зөрчилд хамаарахгүй гэдэг үндэслэлээр ярьж байна. Энэ хуулийн диспозицийг аваад үзэхэд зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн гэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг явуулахдаа сангийн нэгж эрх эзэмшигчээс зөвшөөрөл авахгүйгээр түүний хөрөнгийг удирддаг. Хөрөнгө оруулалтын менежментийн компани буюу ХОМК-р дамжуулж хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг удирддаг үйл ажиллагаа явуулдаг.
Манай үйл ажиллагаа аль арилжаанд оролцох, аль арилжаанд дахин оролцох, аль арилжаанаас гарах гэх мэт бүх шийдвэрийг утсаар өгсөн мессежний дагуу шийдвэрлэдэг гэдэг үйл баримтыг хариуцагч хариу тайлбараараа ярьж байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг бид зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэж байгаа бол арилжааг хийхдээ Э.Б , н.Б гэх хүмүүсээс огт асуухгүй хийх байсан. Мессежээр огт зөвшөөрлийг авахгүйгээр үйл ажиллагааг хийх байсан.
Арилжаа хийх бүрдээ энэ хүмүүсийн өөрсдийн захиалгын дагуу мөнгийг данс руугаа шилжүүлэг хийж байгаад арилжаанд оролцохгүй байсан. Ийм ялгаатай зүйлүүдийг нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй дурдаад харьцуулаад гаргаж өгсөн. Гурван үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэгдүгээрт Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны шинжийг агуулсан гэх зөрчил гаргаагүй гэдгээ саяны тайлбараар тайлбарлаж байна. Хоёрдугаарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчсөн байна.
Хариуцагчийн хоёр дахь төлөөлөгч тайлбар хэлж байна. 2024 оны 04 дүгээр сарын 16-нд зөрчлийн хэрэг нээчхээд дундуур нь явцын хяналт шалгалт хийгээд илрээд арга хэмжээ авсан. Энэ үйлдэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчил. Иргэн, хуулийн этгээдээс зөрчилтэй холбоотой зөрчлийн мэдээллийг хүлээж авсан бол эрх бүхий албан тушаалтан 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэх шийдвэрээ гаргах ёстой. Э.Б гэж хүний хэдэн сард гаргасан гомдлыг хүлээж аваад 2024 оны 04 дүгээр сарын 16-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа вэ гэдэг асуудлыг шүүх харгалзан үзэх ёстой гэж үзэж байна. Зөрчлийн хэргийн дугаар авах энэ бүх үйл ажиллагаа чинь өөрөө хуулиар нарийвчлан зохицуулагдсан ажиллагаа юм.
Зөрчлийн хэрэг нээчхээд зөрчил нотлогдохоор цааш явуулдаг ч юм уу дур зоргын асуудал байх ямар ч боломжгүй. н.Б дээр хэрэг үүсгэчихсэн байсан, Э.Б дээр хэрэг үүсгэчихсэн байсан, тэгээд бид нар явцын шалгалт хийсэн юм. Баримт гараад ирэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаг гэдэг ойлголт байхгүй. Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоол одоо нотлох баримт шинжлэн судлах явцад гарч ирнэ. Хийсэн бүх үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа боловч хувийн хэрэгт авагдсан баримтыг үзэх юм бол Э.Баттулгын хийсэн гүйлгээнээс өөр гүйлгээг нарийвчлан судалсан түүнтэй холбоотой тайлбар авсан үйл баримт байхгүй. Манай 206 харилцагч бүх одоо гүйлгээгээ хууль бус гэж өөрсдөө гомдол гаргаагүй байхад хүний өмнөөс үзээд байгаа юм бол харилцагч болгонтой холбоотой зөрчлийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй.
Зөвхөн Э.Баттулгын гүйлгээтэй холбоотой ажлуудыг хийсэн учраас бид нар хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзээд байгаа юм. Энэ нөхцөлд хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэдэг ойлголт яригдахгүй. Хамгийн сүүлд хийсэн гүйлгээтэй холбоотой зүйлийг шалгаад тэр гүйлгээтэй холбоотой харилцагчаас тайлбар мэдүүлгийг нь аваад эндээ хавсаргачихсан байсан бол тэр үйлдэл зөрчлийн хэргийн бас нэг үйлдэл гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын талаар ярьж болно. Э.Бтай холбоотой асуудлуудыг шалгасан учраас хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэдэг зүйл яригдахгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч М.А******* хариу тайлбартаа: " Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч М.А******* би хуульд заасан албан үүргээ хэрэгжүүлж, "******* богд капитал " ХХК-д холбогдуулан 2401000016 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дугаартай шийтгэлийн хуудсаар 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулсан.
Нэг. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны шинжийг агуулсан гэх зөрчлийн тухайд:
"******* богд капитал " ХХК (цаашид "" гэх) нь пүүл опцион арилжаатай холбоотой иргэдэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр арга хэмжээ зохион байгуулж, арилжаанд оролцох харилцагчидтай "Хувьцааны опцион зуулчлалын гэрээ"-г байгуулан фэйсбүүк дэх " " гэх хаалттай группэд оруулсан байдаг. нь тус байгуулсан гэрээний талаар харилцагчдад тайлбарлаж өгөөгүй бөгөөд "Top " группдээ гадаад улсын үнэт цаасны ханшийн мэдээлэл, пүүл опцион арилжааны талаарх үнийн дүнг мэдээлдэг байсан. нь 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаагийн пүүл опцион арилжаа тус тус явуулсан.
Пүүл опцион арилжаа нь хэд хэдэн гадаад улсад бүртгэлтэй үнэт цаасыг багцалж пүүл үүсгэн, харилцагчдад ашигтай байх талаар санал болгож захиалга аван арилжаанд оролцуулдаг ба арилжаанд оролцох захиалгыг бүртгэлтэй утасны дугаар, цахим хаяг, захиалгын хуудсаар авдаг ч арилжаанаас гарах захиалгыг тухайн пүүлд оролцсон харилцагчдын арилжаанд оруулсан үнийн дүнгийн 50 хувиас их гарах санал авсан тохиолдолд харилцагчийг арилжаанаас гаргадаг байна.
Дээрх үйлдэл нь харилцагчтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй буюу "Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-ний 5.1.3-т "Өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжих, захиран зарцуулах" гэх зуучлуулагчийн эрхийг зөрчиж, мөн гэрээний 3.1.1-т "Зуучлуулагч нь -аар зуучлуулан худалдан авах опционы захиалгыг нь энэхүү гэрээний хавсралт 1-д байх "Опцион авах захиалга"-ын хуудсыг бөглөж -ийн баталгаат и-мэйл хаягнаас илгээх, эсвэл өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулна." гэж заасны дагуу харилцагчдаас захиалгын хуудас бөглүүлж захиалгыг авдаггүй нь харилцагчийн эрхийг бүрэн хангаагүй, нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ" гэж брокерийн үйл ажиллагааг заасан байдаг. Гэвч нь Тор " гэх хаалттай группэд пүүл опцион арилжааны талаар хийсэн танилцуулгадаа "...пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан шийдвэр гаргах боломжгүй тул хүссэн үедээ гаpax боломжгүйг анхаарна уу", мөн зөрчлийн хэрэгт холбогдогчийн өгсөн мэдүүлгээр харилцагч арилжаанаас хүссэн үедээ гарах боломжгүй талаар мэдээлсэн нь харилцагчдын мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглаж, төөрөгдүүлэх замаар давхардсан тоогоор нийт 203 харилцагчид пүүл опцион арилжаанд оролцуулж, харилцагчдаас ирүүлсэн гарах захиалгыг "санал 50 хувь хүрээгүй" гэх шалтгаанаар арилжаанаас гаргаагүй нь харилцагчдын оруулсан хөрөнгөө алдах эрсдэлийг нэмэгдүүлж, 38 хувиас 100 хувийн алдагдалтай буюу 110,943 ам долларын алдагдал хүлээсэн байгаа нь дээрх хуульд заасан брокерийн үйл ажиллагаа, харилцагчтай байгуулсан гэрээг тус тус зөрчиж, харилцагчийн өгсөн гарах захиалгыг биелүүлэхгүй харилцагчийн хөрөнгийг компани захиран зарцуулах буюу Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусдад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн.
Дээрх үйлдэл нь харилцагчийн оруулсан мөнгийг нэгтгэн гадаад улсад бүртгэлтэй үнэт цаасыг багцлан худалдан авах, буцаан худалдах, захиран зарцуулж байгаа үйлдэл нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "хөрөнгө оруулалтын сан" гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг" гэж тодорхойлсон сангийн үйл ажиллагааг эрхэлсэн үйлдэл болохыг тогтоосон. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр иргэдийн хөрөнгийг хаалттай хүрээнд татан төвлөрүүлж, төвлөрүүлсэн хөрөнгийг компанийн номинал данс болох ******* банкны ам долларын дугаартай дансанд хүлээн авч, гадаад улсад бүртгэлтэй хувьцаа, болон санхүүгийн үүсмэл хэрэгслийг өөрсдөө багцлан худалдан авч тодорхой хугацааны дараа харилцагчийн хувьцаагаа зарах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй улмаас харилцагч нар нь их хэмжээний алдагдал хүлээж хохирол учруулсан байна.
Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан тухайд:
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаар тушаалаар "******* богд капитал " ХХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийсэн. Тус шалгалтын хүрээнд компаний харилцагчидтай байгуулсан бүх гэрээг шалгахад зөрчлийн хэрэгт холбогдох харилцагчдын "Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-нүүд байсан бөгөөд зөрчлийн хэргийн хохирогч иргэн Э.Баттулгын гэрээ болон -аас гаргаж өгсөн баримт мэдээллийг нотлох баримтаар хавсаргасан болно.
Хороонд "******* богд капитал " ХХК-ийн гадаадын улсын үнэт цаасны арилжаанд зуучлах тусгай зөвшөөрлийн хүрээнд тус -ийн харилцагчдаас удаа дараа гомдол ирүүлсэн бөгөөд иргэн Э.Бас ирүүлсэн гомдлын талаар шалгаж утсаар хариу тайлбарыг хүргүүлж, ажилласан.
Тодруулбал, гадаад улсын үнэт цаасны арилжаанд зуучлах тусгай зөвшөөрөлтэй компаниудаас харилцагчтай байгуулдаг гэрээний хуулбар, тайланг нэгтгэн авч хяналт хийхэд "******* богд капитал " ХХК нь харилцагчтай үнэт цаасны үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох опцион арилжаанд "Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-г байгуулдаг. Тус гэрээний 8.1 дэх Баталгаа хэсэгт "Харилцагчийн арилжааг нээх, хаах ханш нь -ийн сонгон үйлчлүүлж буй олон улсын санхүүгийн байгууллагын ханшаар тооцогдох бөгөөд уг байгууллагын зүгээс тавьж буй бусад бүх арилжааны нөхцөлийг харилцагч тухай бүрт хүлээн зөвшөөрөхөө үүгээр илэрхийлж байна." гэж заасан нь харилцагч дээрх гэрээнд заасан өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжих, захиран зарцуулах эрхийг тус компани нь зөрчсөн байж болзошгүй байсан тул Улсын ерий прокурорын газрын прокурорын зөвшөөрлөөр дээрх үйлдлийн талаар тус компаниас ирүүлсэн мэдээлэлд хяналт тавин, тулган шалгаж 2401000016 дугаартай зөрчлийн хэрэr нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Гурав. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
"******* богд капитал " ХХК-д холбогдох 2401000016 дугаартай зөрчлийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн бөгөөд хууль зөрчсөн үйл ажиллагаа болох пүүл опцион арилжааг эрхэлж байсан үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл байх тул хөөн хэлэлцэх хугацаанд тооцогдох боломжгүй байна.
Тодруулбал, тус нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 6 удаагийн хувьцааны пүүл опцион арилжааг харилцагчдад санал болгож, нийт давхардсан тоогоор 203 харилцагч, 118,711.2 доллараар оролцуулсан байдаг.
| Пүүл арилжаа | Оролцсон харилцагчдын тоо | Эхэлсэн хугацаа | Нийт дүн /USD/ | Алдагдал |
| Пүүл 1 | 58 | 2023.02.01 | 81,928.00 | 65% |
| Пүүл 2 | 41 | 2023.02.10 | 36,000.00 | 39% |
| Пүүл 3 | 68 | 2023.03.13 | 54,413.20 | 65% |
| Пүүл 4 | 17 | 2023.06.20 | 8,461.20 | 100% |
| Пүүл 5 | 10 | 2024.02.20 | 4,549.20 | 100% |
| Пүүл 6 | 9 | 2024.02.21 | 3,359.60 | 100% |
| Нийт | 203 |
| 188,711.20 |
|
Дээрх хүснэгтээс харахад -ийн арилжаа буюу пүүл опцион арилжаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэх хүртэл үргэлжилж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно" гэж заасны дагуу зөрчил нь үргэлжилсэн үйлдэл тул хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохгүй болно.
Иймд дээрх үйлдэл нь харилцагчтай байгуулсан гэрээ, холбогдох хууль, журмыг зөрчиж, харилцагчдын даалгаврыг биелүүлэхгүй байгаа нь харилцагчдын хөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулалтын сангийн шинжтэй буюу тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн байх тул "******* богд капитал " ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 50,000 нэгжтэй тэнцэх буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчин явуулсан гэх тухайд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нотлох баримтаар хүлээн авсангүй. ******* богд капитал ХХК-ийн харилцагч Э.Б, н.Б нараас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Энэ гомдлуудыг Санхүүгийн зохицуулах хороо Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хүлээж авсан. Шалгалтын явцад гадаад арилжаатай холбоотой нарийвчлан шалгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн.
******* богд капитал ХХК-ийн пүүл опцион арилжаа нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үйл баримт тогтоогдсон. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Э- болон М.А******* нараас 2024 оны 04 сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Анхнаасаа зөрчил гэж үзээгүй, зөрчил гэж үзсэн бол нэхэмжлэгчийн хэлж байгаачлан 5 хоногийн дотор шалгаад шийдвэрээ гаргах байсан. Гомдлыг шалгаж байхад зөрчил гэж үзсэн учир зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеэс зөрчил үйлдэгдсэн хугацааг тооцно гэж заасан байгаа. ******* богд капитал ХХК-н хувьд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн хувьцааны пүүл опцион арилжааг харилцагч нартаа санал болгож нийт давхардсан тоогоор 203 харилцагчид 188.000 доллароор арилжаанд оролцуулсан байдаг. Дээрх хүснэгтээс харахын бол ******* богд капитал ХХК-ийн пүүл опцион арилжаанд зөрчил шалгаж эхлэх хүртэл үргэлжилж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарласан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагч ******* ******* ******* ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын шалгалтын газрын Улсын байцаагч М.А*******д холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Улсын байцаагч М.А*******ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.
2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Анх 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Э.Бас Санхүүгийн зохицуулах хороонд хандан ******* богд капитал ХХК-ийн эрхлэн явуулсан пүүл опцион арилжаатай холбогдуулан гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны Бүртгэл хяналтын картын бүртгэлийн 39 дугаарт бүртгэгджээ.
3.1. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч М.А*******, Б.Э- нар нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Иргэн Э.Бас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн гомдлыг шалгах явцад ******* богд капитал ХХК нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан хориглосон үйл ажиллагаа эхэлсэн байж болзошгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байх магадлалтай байна. Дээрх үйлдлийн талаар тус компаниас ирүүлсэн мэдээлэлд хяналт тавин, тулган шалгаж цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, холбогдогч ******* богд капитал ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2401000016 дугаартай Зөрчлийн хэрэг нээжээ.
3.2. Мөн дээрх өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай Удирдах албан тушаалтны У/1-04 дугаартай тогтоолоор Зөрчлийн 2401000016 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, Улсын байцаагч Б.Э-, М.А******* нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулахаар шийдвэрлэж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн У/4-12 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай Удирдах албан тушаалтны тогтоолоор уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 14 хоногоор, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай Прокурорын тогтоолоор 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 15 хоногоор, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай 11 дугаар Прокурорын тогтоолоор 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 15 хоногоор тус тус хугацааг сунгажээ.
3.3. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр холбогдогч ******* богд капитал ХХК нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь холбогдогчийн мэдүүлэг, баримт, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн хэргийг шийдвэрлэж, дугаартай шийтгэлийн хуудсаар ******* богд капитал ХХК-нд 50,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
4. Гомдол гаргагчаас ... тусгай зөвшөөрлийн хүрээнд бид харилцагчдаа гадаад улсын хувьцааны опцион арилжаанд оролцоход зуучлалын үйлчилгээг үзүүлсэн болно. Бид харилцагчдын хүсэлтэд нийцүүлэх, опцион арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг тараан байршуулах зорилгоор Пүүл хувьцааны арилжааны зуучлал буюу багц хувьцааны опцион арилжааны зуучлалыг гүйцэтгэсэн болно. Пүүл опцион арилжаанд оролцох сонирхол бүхий этгээдүүд нэгдэн хэд хэдэн хувьцааны опционуудыг багц болгон хамтран эзэмших замаар арилжаанд оролцох боломж бүхий арилжаа юм. Иргэний хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаас-ыг дундаа хамтран эзэмшихийг хязгаарласан эсхүл хориглосон заалт байхгүй, ... харилцагчидтай "Хувьцааны опцион зуучлалын гэрээ" байгуулан ажилладаг бөгөөд Пүүл опцион арилжааны гол нөхцөлийг компанийн "******* *******" гэсэн нэртэй харилцагчдын Фэйсбүүк группэд манай компанийн шинжээч Б.А*** Oпцион идиа нэртэйгээр лайв хэлбэрээр танилцуулж, бүхий л нөхцөлийг тодорхой тайлбарласан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар "Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно", мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар "Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ" гэж заасны дагуу хийгдсэн гэрээ байна. Үүнээс дүгнэн үзвэл манай компанийн үзүүлсэн Пүүл хувьцааны опцион зуучлалын үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын сангийн шинжийг агуулаагүй Үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа юм. Гэтэл тухайн зөрчлийг гаргасан гэх нотлох баримт бүрдээгүй, бидний хийсэн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байхад шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм ... гэж маргаж байна.
5. Харин хариуцагчаас ... "******* богд капитал " ХХК пүүл опцион арилжаатай холбоотой иргэдэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр арга хэмжээ зохион байгуулж, арилжаанд оролцох харилцагчидтай "Хувьцааны опцион зуулчлалын гэрээ"-г байгуулан фэйсбүүк дэх "Тoп *******" гэх хаалттай группэд оруулсан байдаг. нь тус байгуулсан гэрээний талаар харилцагчдад тайлбарлаж өгөөгүй бөгөөд "Toп *******" группдээ гадаад улсын үнэт цаасны ханшийн мэдээлэл, пүүл опцион арилжааны талаарх үнийн дүнг мэдээлдэг байсан. нь 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаагийн пүүл опцион арилжаа тус тус явуулсан. Пүүл опцион арилжаа нь хэд хэдэн гадаад улсад бүртгэлтэй үнэт цаасыг багцалж пүүл үүсгэн, харилцагчдад ашигтай байх талаар санал болгож захиалга аван арилжаанд оролцуулдаг ба арилжаанд оролцох захиалгыг бүртгэлтэй утасны дугаар, цахим хаяг, захиалгын хуудсаар авдаг ч арилжаанаас гарах захиалгыг тухайн пүүлд оролцсон харилцагчдын арилжаанд оруулсан үнийн дүнгийн 50 хувиас их гарах санал авсан тохиолдолд харилцагчийг арилжаанаас гаргадаг байна, ... Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ" гэж брокерийн үйл ажиллагааг заасан байдаг. Гэвч нь ******* *******" гэх хаалттай группд пүүл опцион арилжааны талаар хийсэн танилцуулгадаа "...пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан шийдвэр гаргах боломжгүй тул хүссэн үедээ гаpax боломжгүйг анхаарна уу", мөн зөрчлийн хэрэгт холбогдогчийн өгсөн мэдүүлгээр харилцагч арилжаанаас хүссэн үедээ гарах боломжгүй талаар мэдээлсэн нь харилцагчдын мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглаж, төөрөгдүүлэх замаар давхардсан тоогоор нийт 203 харилцагчид пүүл опцион арилжаанд оролцуулж, харилцагчдаас ирүүлсэн гарах захиалгыг "санал 50 хувь хүрээгүй" гэх шалтгаанаар арилжаанаас гаргаагүй нь харилцагчдын оруулсан хөрөнгөө алдах эрсдэлийг нэмэгдүүлж, 38 хувиас 100 хувийн алдагдалтай буюу 110,943 ам долларын алдагдал хүлээсэн байгаа нь дээрх хуульд заасан брокерийн үйл ажиллагаа, харилцагчтай байгуулсан гэрээг тус тус зөрчиж, харилцагчийн өгсөн гарах захиалгыг биелүүлэхгүй харилцагчийн хөрөнгийг компани захиран зарцуулах буюу Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусдад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн хэмээн тайлбарлан маргаж байна.
6.Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1-д Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусдад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно гэж,
мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "хөрөнгө оруулалтын сан" гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг гэж тус тус зохицуулжээ.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгах явцад Удирдах албан тушаалтны тогтоолоор Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг даалгасны дагуу эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, улмаар эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор ******* богд капитал ХХК-нд холбогдуулан Зөрчлийн хэрэг нээж, эрх бүхий албан тушаалтанд санал гаргаж, Зөрчлийн хэргийн хугацааг тухай бүр сунгуулан хэрэг бүртгэлтийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулсан байх бөгөөд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1. Гомдол гаргагч ******* богд капитал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаар тогтоолоор Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан байх бөгөөд хавсралтад заасны дагуу Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Андеррайтер, Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах, Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших үйл ажиллагааг эрхлэх эрхтэй байна.
7.2. Хариуцагч Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ******* богд капитал ХХК-ийн дэд захирал Э.Мийг холбогдогчоор тогтоож, мэдүүлэг авсан байх ба иргэн Э.Баттулгын гаргасан гомдолд дурдагдсан Пүүл опцион арилжаатай холбоотой нөхцөл байдлыг асуумжаар тодруулахад ... эхлээд манайд бүртгэлтэй утасны дугаар, мэйлээр захиалга өгнө, захиалга өгсөн хүсэлтийн дагуу захиалгыг багцалж арилжааг хийдэг, ... дундаа авч байгаа опционыг зарах эсэх дээр харилцагч бүр хүссэн үедээ гарах боломжгүйг танилцуулга лайв дээрээ мэдээлсэн. Саналыг хураахдаа бүртгэлтэй дугаар, мэйл хаягаар саналыг хураадаг, Э.Б нь албан ёсоор баталгаат утас, мэйлээс хүсэлт өгөөгүй, ... манай дансанд харилцагч хэдэн төгрөг ч байсан байршуулж болно, харин тэр мөнгөөрөө захиалга өгсөн тухай бүрд нь бид нар захиалгыг хүлээж авч байршуулсан мөнгөнөөс захиалгыг биелүүлдэг, ... гэрээнд пүүлтэй холбоотой заалт оруулаагүй нь үнэн гэж,
7.3.Мөн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хохирогч Э.Баттулгын мэдүүлэгт ... Алдагдал 20, 30 хувь байхад хаах боломжтой байсан. Хүмүүсийн худалдаж авсан опцион эсрэг зүгт явж алдагдлын хэмжээ ихсэх үед цуг арилжаанд оролцсон хүмүүс опционоо зарж, арилжаанаас гарах талаар Top фейсбүүк группт оруулсан мэдээллийн доор опцион худалдаж авсан хүмүүс мэдэгдсэн ч тус компанийн зүгээс олонхын саналаар арилжааг хаана гэж мэдэгдсэн. Гэвч арилжааг хаах талаар хүсэлтээ гаргасан опцион худалдан авсан хүмүүст ******* богд капитал ХХК-ийн ажилтан М нь тухайн арилжаа хугацаа нь дуусах болоогүй, үлдсэн хугацаанд ашиг олох боломж байна гэж хэлсээр алдагдалд оруулсан, ... хүмүүсийн мөнгийг цуглуулаад сан үүсгэх хэлбэрээр пүүл опцион худалдаж авч байсан. Арилжаанаас гарах тохиолдолд компанийн зүгээс санал асуулга авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан ч харилцагчдаасаа санал асуулга авах ямар ч ажиллагаа хийгдээгүй, ... Top группт оруулж байсан техник шинжилгээнүүд нь ихэнх тохиолдолд таамагласнаас эсрэг явж, хүмүүсийг алдагдалд оруулдаг байсан, ... харин pool 1-д оролцоод, pool-3 дээр М нь алдагдлаа нөхөх боломжтой гэж хэлсний дагуу арилжаанд оролцсон. Pool-3 дээр оролцоод үлдсэн 1200 ам.долларын 30 гаруй хувийг алдсан, өөрсдийнхөө эрсдэлийг миний мөнгөөр хаасан гэж бодож байна гэж,
7.4. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* богд капитал ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Н*******, Э.М нарыг тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн холбогдогч Э.Мээс авсан мэдүүлэгт ... анх танилцуулга хийхдээ 2 боломж санал болгосон,. Пүүл опционд оролцох, эсвэл опционыг дангаар нь авах. Дангаараа авч байгаа тохиолдолд пүүл доторх опционыг харилцагч өөрөө дураараа сонгож болно, харин пүүл нь дундаа авч байгаа тул харилцагч гарах тохиолдолд тухайн харилцагчийн эзэмшиж буй опционыг худалдан авах харилцагчийг хайж өгнө. Опцион худалдан авах харилцагч олдоогүй тохиолдолд пүүлд орсон нийт харилцагчдаасаа санал хурааж, олонхын саналаар зарна гэсэн тохиолдолд пүүлд оролцсон нийт харилцагчдаасаа санал хурааж, олонхын саналаар зарна гэсэн тохиолдолд зарна. Олонхын санал буюу 50 хувь нь, ... дундын эзэмшил учраас маркет дээр шууд зарж чадахгүй учраас худалдан авах өөр харилцагчийг хайх эсвэл бусад харилцагчдаас санал авах гэсэн хувилбарууд байгаа, ... 2023 онд нийт 4 удаа хийгдсэн. Харилцагч гомдол гаргаснаас хойш 2024 он гараад 2 хийгдсэн, одоо энэ гомдол гарснаас хойш дахин хийгдээгүй байгаа, сүүлийн 2 арилжаа нь дуусаагүй байгаа, ... Харилцагчдын мөнгийг ямар дансанд байршуулдаг вэ гэх асуултад ******* банкны тоот ******* богд капитал данс гэж,
7.5. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрч Б.Т*******аас авсан мэдүүлэгт ... Бүртгэлтэй утасны дугаараас залгаж захиалга өгдөг. Пүүл опционы мэдээллийг зөвхөн групп дээр мэдээлдэг байсан. Гадаадын брокер дээрх опционы мэдээллийг харилцагчдаа танилцуулдаггүй. Опционыг зарах тухай санал өгөхөд Та пүүлд орсон учраас шууд гарч болохгүй, олонхын саналаар гарна гэх мэтээр гаргадаггүй, гарах талаар санал авдаггүй байсан. Пүүлээс гарах саналаа хаалттай группт комментоор оруулахад хариу өгдөггүй, 2023 онд оролцоход -аас санал болгосон бүх пүүл опцион нь алдагдалтай байсан, олон хүмүүсийн мөнгийг нэгтгээд 80 хувиас дээш санал авсан тохиолдолд хаана гээд байдаг мөртлөө хаах талаар мэдээллийг олон нийтэд тавьдаггүй, маш хаалттай байдаг гэж,
7.6. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн холбогдогч Э.Мийн мэдүүлэгт Танай компани брокерын зуучлалын хүрээнд пүүл опцион худалдан авч байгаа харилцагчаас хэдэн хувийн шимтгэл, хэдэн удаа авдаг вэ гэх асуултад 10 хувь гэж, журмын дагуу харилцагчдаас захиалгын хуудас бөглүүлээгүй вэ гэх асуултад журам дээр харилцагчаас захиалгын хуудсаар захиалга авна гэж тусгасан байсан боловч Гүйцэтгэх захирал аман байдлаар чиг үүрэг өгсөн гэж,
7.7. Мөн ******* богд ******* ХХК-ийн Арилжаа судалгааны хэлтсээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр боловсруулсан танилцуулга, мэдээлэлд ... Pool-д оролцох нэгж эрх 500$ ба хэдэн ч эрхээр оролцож болно, ... зарах үед оролцсон хүмүүсээс санал авч 50%-с дээш зарах санал өгөх үед зарна, хариу өгөөгүй тохиолдолд олонхын саналыг дэмжсэнд тооцно, ТБК (******* богд капитал)-ын санал 20%-аар тооцогдоно гэж тус тус дурджээ.
8. Гомдол гаргагч ******* богд капитал ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... ******* богд капитал ХХК нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэт цаас худалдан авахад харилцагчид зуучлах брокерын үйл ажиллагаа эрхэлсэн гэж тайлбарлах боловч, энэ нь тус компаниас пүүл опцион арилжаатай холбоотойгоор иргэдэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр арга хэмжээ зохион байгуулж, арилжаанд оролцох хүсэлтэй харилцагчидтай Хувьцааны опцион арилжааны гэрээ байгуулж, фейсбүүк дэх ******* трэйдер гэх хаалттай групп нээн гадаад улсад бүртгэлтэй үнэт цаасыг багцалж пүүл үүсгэн, харилцагчдад санал болгож, захиалга аван захиалгыг харилцагчдын бүртгэлтэй утасны дугаар, цахим хаяг, захиалгын хуудсаар авч, арилжаанаас гарах захиалгыг тухайн пүүлд оролцсон харилцагчдын арилжаанд оруулсан үнийн дүнгийн 50 хувиас их гарах санал авсан тохиолдолд харилцагчийг арилжаанаас гаргах байдлаар зохион байгуулж явуулсан нь хөрөнгийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулаагүй гэдгийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
9. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ" гэж заажээ.
9.1. ******* богд капитал ХХК-аас пүүл арилцаанд оролцогч харилцагчдад зориулан нээсэн ******* трэйдер хаалттай фейсбүүк группт байршуулсан мэдээлэлд пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан гаргах боломжгүй тул хүссэн үедээ гарах боломжгүй, саналын тоо 50 хувь хүрээгүй шалтгаанаар арилжаанаас гаргахгүй байхыг анхааруулж харилцагчдын хөрөнгийг алдах эрсдлийг нэмэгдүүлж, нийт 203 харилцагчийг уг арилжаанд оролцуулах замаар тэдэнд нийт үнийн дүнгээр 110,943 /нэг зуун арван мянга есөн зуун дөчин гурав/ ам.долларын алдагдалд оруулсан нь Үнэт цаасны тухай хуулийн дээрх заалт болон Хөрөнгийн сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөнө гэх агуулгатай тайлбарыг хүлээн авч, зөвтгөх боломжгүй байна.
8. Ийнхүү дээрх байдлаар Зөрчлийн хэрэгт холбогдогч, хохирогч, гэрч нараас авсан тайлбар, мэдүүлэг болон хэрэгт баримтаар авагдсан ******* богд капитал ХХК-аас арилжаанд оролцогч нарт зориулсан ******* трэйдер фейсбүүк дэх хаалттай группт байршуулж байсан мэдээлэл, харилцагчидтай харилцсан мессеж, чатууд, банкны дансны хуулга, ******* богд капитал ХХК-ийн Хувьцааны опцион пүүл арилжааны тайлан, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбаруудаас үзвэл гомдол гаргагч ******* богд капитал ХХК нь арилжаанд оролцогчдод зориулан ******* трэйдер гэх хаалттай фейсбүүк групп нээж, уг группээр дамжуулан харилцагчдаас хөрөнгө татаж, опцион пүүл арилжааг 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаа, нийт 6 удаа явуулсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөрөнгийн сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.
9. Түүнчлэн, гомдол гаргагчийн гомдлын үндэслэлд дурдсан Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны шинжийг агуулсан гэх зөрчил гаргаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулсан, Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэх үндэслэлүүд дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа Хөрөнгийн сангийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тус тус нийцсэн байна.
10. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааны тухайд Санхүүгийн зохицуулах хороонд иргэн Э.Б нь анх 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн гомдлыг ирүүлснийг шалгаж, улмаар Хөрөнгийн сангийн тухай хууль зөрчиж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 6 удаа пүүл опцион арилжаа эрхлэн явуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасны дагуу уг зөрчил үргэлжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсонд тооцохгүй, хуульд заасан хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр хуульд заасан хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдох шийдвэр гаргасан хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул ******* богд капитал ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* богд капитал ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын Улсын байцаагч М.А*******д холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын шалгалтын газрын Улсын байцаагч М.А*******ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР