Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

2023       09           12                                          2023/ДШМ/35

 

 

                                                    Ц.П, Р.Х, Б.У, Д.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжав /цахимаар/, шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогч Н.Б, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогцолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаар “Хэргийг прокурор буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.П, Р.Х, Д.Б, Б.У нарт холбогдох, ........... дугаартай, 6 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн,  35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Ц-ийн П, регистрийн дугаар: ...............

 Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн Нарийны гол гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-гийн Б, регистрийн дугаар: ............

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 17-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн Тэс сумын 11-р багт оршин суух хаягтай,  урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон. Мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Р-гийн Х, РД:............

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн,  33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг,Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн У, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б, Б.Э нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 35.900.000 төгрөг, хохирогч Т.Э-д 19.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас: Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ц-ийн П, Б овогт Д-гийн Б, Б овогт Р-гийн Х, Б овогт Б-ийн У нарт холбогдох эрүүгийн 1924000930030 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

- хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр хэрэглэж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ. 

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжав эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 1924000930030 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт заасан ердийн нөхцлийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах, үргэлжлүүлэн явуулах эсэхийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх ёстой байтал Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон атлаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаатай холбоотой асуудлаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Баасанжав тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 265 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай энэ шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

Анх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлан яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байсан. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх буюу шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр бол шүүх хуралдааныг 45 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан байх 45 хоногийн хугацаанд шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг прокуророос явуулсан боловч шинжээчийн дүгнэлт хугацаандаа багтаж гараагүй.

 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорыг шүүгчийн захирамжид заасан дахин шинжээч томилох асуудлыг хийж гүйцэтгээгүй байна гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлүүдээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа.

Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт буцаах энэ асуудал яригдах ёстой. Гэтэл гэм буруугийн шүүх хуралдааны товлон зарласан байсан. Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах боломжгүй гэж үзэж байгаа.

Ийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгчийн захирамжид зааснаар шинжээчийн дүгнэлт хугацаандаа багтаж гараагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзэж байна.

Увс аймгийн Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт хугацаандаа багтаж гараагүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус шүүхэд хүргүүлсэн боловч шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээгүй байсан.

Энэ шинжээч томилох тухай шүүгчийн захирамж 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан хэдий ч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Прокуророос дээрх захирамжийг хүлээж аваад 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шинжээч томилсон боловч 8 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт амжиж гараагүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон гэх үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах байтал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн.

Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байхаар хуульчилсан. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар хэр хэмжээг заавал тогтоосон байхыг шаарддаг.

Энэ хэргийн хувьд хохирол хор уршгийг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан гэж байгаа малуудын үнэлгээ тогтоосон баримтууд нь хуульд нийцэхгүй байх тул шүүх хэргийг прокурорт буцааж дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд бичсэнээр 34.16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан гэж байна. Шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасан байгаа тул шүүх нэг удаа л хойшлуулж болно.

Харин 2 дахь удаагаа хойшлуулна гэсэн ойлголт байхгүй. Прокурор хүсэлт гаргасан ч гэсэн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд прокурорын хүсэлтийг хүлээж аваад 2 дахь, 3 дахь удаагаа хойшлуулна гэх ойлголт байхгүй учраас дахин хойшлуулах боломжгүй. Тийм учраас одоо хэргийг шууд хэлэлцээд явъя гэх юм бол нотолбол зохих байдал нь нотлогдоогүй учраас шүүх шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бий болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна” гэв. 

7. Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 8 сарын 16-ны өдрийн 2 дугаартай прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй, шүүхээс тогтоосон хугацаанд тухайн үнэлгээ гараагүй. Шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг тогтоочихсон байхад прокурор 7 дугаар сарын 21-ний өдөр захирамжийг хүлээж аваад 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл яагаад шинжээч томилоогүй хугацаа алдсан нь тодорхойгүй байна.

Увс аймгийн Ерөнхий прокурорыг түр орлон гүйцэтгэгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай албан бичгээ ирүүлэхдээ шинжээчийн дүгнэлт яагаад гараагүй, ямар шалтгаанаар хойшилсон тухай баримтаа хамт ирүүлээгүй.

Орлогч прокурорын албан тоотыг үндэслэж, шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй. Хавтаст хэргийн 1-р хавтасны 199-р талд, 200-р талд гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан гэж үзэж Р.Х-гийн болон гэрч Төгсжаргалын мотоциклийг битүүмжилсэн боловч үнэлгээ хийгдээгүй, ийм нөхцөл байдалд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох, 1924000930030 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас: Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б, Б.Э нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан,

мөн шүүгдэгч Ц.П-ыг Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Бын 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны 04 сарын 07-ны өдөр хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 2023/ЕШЗ/265 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байх ба уг хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/165 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товложээ. 

 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 сарын 23-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох шаардлагатай гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүх хуралдааныг 45 хоногоор хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт даалгаж шийдвэрлэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 06 сарын 23-ны өдрийн 207 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 09 цагт явуулахаар тогтоож, шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар болон сум дундын Цагдаагийн хэлтэст тус тус даалгасан байна.  

5. Анхан шатны шүүх 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан нэмэлт ажиллагааг гүйцэтгэж ирүүлээгүй буюу мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлох үүргээ биелүүлж чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

5.1. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав, Б.Батгэрэл, Д.Дамдинсүрэн нараас: “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хойшлуулж өгөх” тухай саналуудыг гаргасан байх ба шүүх энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 45 хоногоор хойшлуулсан байна.

          Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд  хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн  талаарх нотлох баримтуудыг прокуророос шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд энэ талаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцоожоос шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2/1027 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

         5.2. Анхан шатны шүүх шийдвэртээ дээрх хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ: “тухайн хүсэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй, түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тусгайлан гаргаагүй, мөн дээрх хүсэлтийг дэмжиж байгаагаа бодитой илэрхийлээгүй,  түүнчлэн Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцоож нь хэргийн оролцогч биш учир түүний хүсэлтээр шүүх хуралдааныг ердийн журмаар хойшлуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.  

           Хэрэгт авагдсан, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Ц-5/516 дугаар “ Прокурор томилох тухай” албан бичиг / 5-р хх-ийн 218-р тал/ -т: “ Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас яллагдагч Ц.П нарт холбогдох, 1924000930030 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн тул уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор томилон, бэлтгэлийг ханган оролцуулна уу” гэж заасны дагуу Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Галбадрах 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/589 дүгээр “Шүүх хуралд оролцох прокурор томилох тухай” албан бичгээр тус прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулыг томилж, шүүгдэгч Ц.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд,

          мөн тус прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцоож  2023 оны 08 сарын 08-ны өдрийн 2/1026 дугаар албан бичгээр ахлах прокурор Х.Энхтуул ээлжийн амралттай гэх үндэслэлээр хяналтын прокурор З.Өлзийхүүг томилж, 2023 оны 08 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус оролцуулсан байна.

         Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор болон түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч прокурор  нь дээд шатны прокурорын даалгасны дагуу тус прокурорын газрын прокуроруудыг томилж, шүүх хуралдаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байх ба шүүх хуралдаанд оролцсон прокурор “шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан ажиллагааг гүйцэтгэж амжаагүй байгаа талаар тайлбарлаж, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дээд шатны прокуророос тус шүүхэд ирүүлсэн талаар тайлбар гаргасан байхад хэргийн оролцогч биш гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед, мөн хуулийн  33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарах шийдвэрүүдийг тус тус тусгайлан зохицуулсан байна.

            Гэтэл анхан шатны шүүх яллагдагч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг явуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа даалгасан хугацаанд ажиллагааг гүйцэтгэж ирүүлээгүй гэх шалтгаанаар буюу хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь дээрх хуулийн агуулга, үндэслэлд нийцээгүй гэж дүгнэв. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

           6. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 7. Шүүгдэгч Ц.П, Р.Х, Б.У, Д.Б нарт өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/265 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.П, Р.Х, Б.У, Д.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                   Д.ЖАМБАЛСҮРЭН

                 

ШҮҮГЧИД                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                    Л.АЛТАН