Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 380

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Б.М-т холбогдох 1829000000063 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял,

мөн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 хоногийн ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-ын М.

Б.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн *** гэх газарт иргэн Д.Ц-, Т.Д- нартай маргаж, Д.Ц-ыг 1 удаа буудаж алсан, Т.Д-ыг мөн цаг хугацаанд 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг хүнийг алахыг завдсан, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.М-ын нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.      

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

  1. дүгээр заалтын “3 дахь хэсэг” гэснийг “4 дэх хэсэг” гэж,

5 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 299 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж,

10, 11, 13 дугаар заалтыг бүхэлд нь өөрчилж,

6 дугаар заалтаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 зааснаар” гэснийг, 12 дугаар заалтаас “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар” гэснийг тус тус хасч,

“14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-т оногдуулсан ялыг илтэд хөнгөдсөн гэж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Насанжаргал хурлыг нээж танилцуулахдаа өмгөөлөгч миний давж заалдсан гомдлыг хэлэлцэх асуудалд оруулаагүй, мөн гомдлыг танилцуулахдаа орхигдуулсан учир арга буюу би давж заалдах гомдол гаргасан гэдгээ сануулан хэлэхэд миний гомдлыг хэргээс хайж, туслах энд бичээгүй байж болно гэж тайлбарласнаар, миний гомдолтой шүүгч огт танилцалгүйгээр шүүх хуралдаанд орж ирсэн гэж ойлгогдсон, нэгэнт өмгөөлөгчийн гомдолтой танилцаагүй учир хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэж ойлгогдсон болно.

2. Анхан шатны шүүх Б.М-т хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээ буюу 15 жилийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хүнийг санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар буюу тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээгээр тогтоолоо гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээсэн нь дээрх хууль бус дүгнэлтийг мөн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээ буюу 15 жилийн хорих ялын гуравны хоёр нь 10 жил байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд, хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг буюу “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт оногдуулах хорих ялыг 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорихоор тогтоосон байна.

3. Б.М- нь гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, санаа зорилгоо янз бүрээр хэлж хохирогч нарыг айлгах гэсэн, тэд нар буруутай, намайг нутаг орондоо гадуурхсан, эд зүйлийг минь эвдсэн гэх мэтээр тайлбарладаг боловч эдгээр байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд харин тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэрэгт огтоос гэмшээгүй, гэм буруугаа ухамсарлаагүй гэж үзэх үндэстэй юм. Б.М- нь өөрийнхөө мэдэлд туслах малчнаар ажиллуулж байсан Энхдалайг хохирогч Т.Д-ын хадам эцэг бөгөөд хохирогч Б.Цэрэндолгорын нагац ах болох Түмэн-Аюуш гэр рүү нь хүргэж өгсөнд өсөрхөн, уг гэмт хэргийг санаатайгаар, урьдаас төлөвлөж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Б.М- нь гэрч Энхтайваныд очихдоо манай малчныг явуулсан байна гэж ярьж байсан, хохирогч нартай уулзаж маргаан үүсгээд энэ талаар хэлж байсан, хэрэг болохын өмнө хохирогч нарын амьдарч байсан гэрт хутга мэстэй шөнө дунд очсон, маргааш өглөө нь тэднийг тосч уулзаад ална, буудна гэдгээ тодорхой хэлж, буугаа авч ирэхдээ сумлаад ирсэн, хохирогч Д.Ц-ыг буудаж алаад Т.Д-ыг шууд онилж буудсан, 2 удаа буудсаны дараа гэрч Батжаргалд түүнийг аваад ир гэж явуулсан байдаг, Батжаргал нь бууг булааж авч шидээгүй бол дахиад нэг сум үлдсэн байсан зэргээс Т.Д-ын амь насыг хохироох санаа зорилгоо бүрэн төгс хэрэгжүүлэх үндэслэлтэй байсан гэж үзэхээр байдаг юм.

4. Б.М- нь маш дээрэнгүй, харгис хэрцгий зан авиртай, өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан боловч засарч төлөвшөөгүй, өөрийнх нь ах дүү, хамаатан садан энэ орон нутагт эд хөрөнгөтэй, албан тушаалтай гэдгээр эрдэж бардсан, түүний эхнэр шүүхийн байгууллагад ажилладаг гэх үндэслэлээр хэрэг шийдвэрлэх харьяаллыг өөрчлөн тогтоосон байхад хяналтын прокурор буюу улсын яллагч А.Амгалан нь нэг дор ажилладаг, нэг суманд амьдардаг, танил талын харьцаагаар хандаж энэ хүний үйлдсэн хэрэг, ял шийтгэлийн талаарх дүгнэлтээ төрийн нэрийн өмнөөс, хохирсон хохирогч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс хийгээгүй, энэ нь шүүхийн тогтоолд ч дурдагдсан зэргээр батлагдаж байгаа бөгөөд хохирогч нар, түүний ар гэрийнхэн өөрсдөө насан туршдаа амьдарч, оршин сууж байсан, төрж өссөн нутаг орондоо тайван амгалан, нэр бүтэн амьдрах боломжгүй болж байгаа нь эдгээр хүмүүст учирсан хамгийн том эмгэнэл юм.

5. Хохирогч нарын нэг нь ямар ч буруугүй атлаа ид залуу, хийж бүтээх насандаа бусдын гарт амь насаа алдсан, энэ хүнийг оршуулсан зардлыг нөхөн төлснөөр бусдад учирсан хохирол гомдлыг барагдуулсан гэж үзэх үндэсгүй бөгөөд Т.Д-ын хувьд ажил хөдөлмөр хийж, цалин орлого олж амьдрал ахуйдаа хэрэглэхээр тухайн газар нутгийг зорьж очоод бусдад буудуулж хохирсон. Хэдийгээр биед нь хөнгөн хохирол учирсан боловч түүний нүдэн дээр хэдхэн хормын өмнө инээж ярилцаад хамт явж байсан үе тэнгийн залууг нь шууд буудаж алсан, өөрийг нь алахаар 2 удаа буудсан явдлыг мартаж чадахгүй, айдас түгшүүр, сэтгэл санааны цочролоос одоо ч гараагүй гэж ярьдаг нь үндэстэй юм.

6. Шүүхээс Б.М-т оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нийцээгүй, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас бэлтгэж, галт зэвсэг, буу сумыг хууль бусаар олж авч, гэртээ хадгалж байсан асуудлыг орхигдуулсан ба түүний үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал огт байхгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзээгүй илтэд хөнгөдсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалын ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу түүнд оногдуулсан ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаж, гомдолд дэлгэрэнгүйгээр хариу тайлбар бичиж, шүүхэд өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг зан байдал, урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзэж тохирох ялыг оногдуулж өгнө үү гэж гомдол гаргасан. Шүүгдэгчийг өс хонзонгийн сэдэлтэй гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заасан. Мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-дэх заалтад 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хүчингүй болгосон. Хохирогчийн өмгөөлөгч хүчингүй болсон зүйл заалтыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М- нь амь хохирогч Д.Ц-ыг 1 удаа буудаж алсан, Т.Д-ыг 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн *** гэх газарт хохирогч Д.Ц-, Т.Д- нартай маргалдаж, улмаар Д.Ц-ыг 1 удаа буудаж алсан, Т.Д-ыг мөн цаг хугацаанд 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хүнийг алсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, харин хүн алахыг завдсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Б.М- нь амь хохирогч Д.Ц-, хохирогч Т.Д- нартай хувийн таарамжгүй байдал үүсгэн маргалдсаны улмаас тэднийг буудаж ална гэж заналхийлэн, уг заналхийллээ хэрэгжүүлэх зорилгоор гэр рүүгээ мотоциклиор очиж буу авч ирэн, Д.Ц-ыг галт зэвсэг буюу ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буу ашиглан 1 удаа буудаж алсан, мөн тухайн цаг хугацаанд амь хохирогчтой хамт байсан Т.Д-ыг зугтаахад араас нь 2 удаа буудан, түүний баруун гарыг гэмтээж алахыг завдсан хэргийн үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгчид 1 хүнийг алсан, 1 хүнийг алахыг завдсан хэрэг тус бүрт нь хорих ял оногдуулж, улмаар ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 15 жил хорих ялаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй  байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцүүлэх үүднээс шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулан зөвтгөж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Алтанцэцэгийн гаргасан “...шүүхээс шүүгдэгч Б.М-т оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй ...тул түүнд оногдуулсан ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Т.Д-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- нарын өмгөөлөгч Д.Алтанцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН