Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01222

 

Т.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04979 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1492 дугаар магадлалтай,

Т.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

“Дехор” ХХК, Д.Оюунгэрэл нарт холбогдох

Эд хөрөнгийн доголдолд 12 319 000 төгрөг гаргуулах, орон сууцны талбайн хэмжээг 58.15 м.кв болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд өөрчлөл оруулахыг эрх бүхий байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунаа, хариуцагч Д.Оюунгэрэл, хариуцагч “Дехор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Оюун-Эрдэнэ 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дехор” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол дахь Ромео Жульетта хотхонд 46A байрны 94 тоотын 64.53 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг Д.Оюунгэрэлээс 1 м.кв-ыг 2 400 000 төгрөгөөр харилцан тохиролцож нийт 154 800 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл орон сууцны талбай 58.15 м.кв байсан нь хэмжилтээр тогтоогдсон. Худалдаж авсан болон бодитой байгаа талбайн хэмжээ 6.38 м.кв-ын зөрүүтэй бөгөөд уг зөрүү м.кв-ын үнэ 15 312 000 төгрөгийг барилгыг ашиглалтад оруулсан “Дехор” ХХК-аас нэхэмжлэхэд компанитай гэрээ хийсэн Д.Оюунгэрэлтэй хамааралтай тул нэхэмжлэх эрхгүй гэсэн хариу өгсний дараа Д.Оюунгэрэлээр дамжуулан “Дехор” ХХК-д хандсан. Манайх орон сууцны ашиглалтын конторт төлөх ёстой 900 гаруй мянган төгрөгийг “Дехор” ХХК төлж, 2 000 000 төгрөгийг Д.Оюунгэрэлээр дамжуулан 2014 оны намар авсан. Бидний хувьд худалдах-худалдан авах гэрээ хийсэн этгээд нь компани биш харин иргэн Д.Оюунгэрэл. Иймд хүлээн авсан мөнгийг хасаж тооцоход одоо үлдэгдэл 12 319 000 төгрөг байгаа тул Д.Оюунгэрэлээс гаргуулж, орон сууцны байрны талбайн хэмжээ 58.15 м.кв болсныг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрчлөх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Түмэнжаргал гэдэг хүнээс 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Ромео Жульетта хотхоны 46А-94 тоотын 2 өрөө орон сууцыг худалдан авахад орон сууцны өмчлөл улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсан “Дехор” ХХК-аас холбогдох баримт бичиг гаргуулан авч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Т.Оюун-Эрдэнэд 1 м.кв-ын үнийг 2 300 000 төгрөгөөр зарсан нь үнэн. Түүний эхнэр над руу залгаж байраа хэмжүүлэхэд 6 м.кв дутаж байгаа тухай хэлэхэд нь “Дехор” ХХК анх М.Түмэнжаргалтай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээний нийт үнийн дүн 109 871 900 төгрөгөөс 5%-ийг олгож байгаа” гээд Т.Оюун-Эрдэнийн эхнэр өргөдөл бичиж, гэрээ байгуулан 5 493 595 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. “Дехор” ХХК-аас миний данс руу 2 000 000 төгрөг явуулсныг нэхэмжлэгчийн эхнэрийнх нь дансанд 2 хувааж шилжүүлсэн. Тухайн үед “Дехор” ХХК нь 5 хувийн мөнгийг яг тэдний өдөр өгч дуусна гэсэн гэрээ хийгээгүй. Т.Оюун-Эрдэнийн эхнэр над руу залгах болгонд би “Дехор” ХХК-аас асууж өгдөг байсан. Би энэ барилгыг бариагүй, дутуу м.кв байр гэж мэдээгүй 64.53 м.кв-аар худалдаж авсан болохоор би ч өөрөө хохирогч. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дехор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр И.Түмэнжаргалтай TR/068 тоот “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр М.Түмэнжаргал хэд хэдэн орон сууцны байр захиалж, үнийг төлсөн. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлдээ “Дехор” XXК-ийг хамтран хариуцагчаар татсан ч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Д.Оюунгэрэлд холбогдуулан тавьж байгаа тул манай компани энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул хэрэг, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04979 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Оюунгэрэлээс 12 319 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг орон сууцны талбайн хэмжээ 58.15 м.кв болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг эрх бүхий байгууллагад даалгах шаардлагуудыг болон хариуцагч “Дехор” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212 060 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Д.Оюунгэрэлээс 212 054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1492 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04979 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар хариуцагч Д.Оюунгэрэлд болон “Дехор” ХХК-д тус тус холбогдох 12 319 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ С.Лхагвасүрэнгийн гудамж, 46/А дугаар байрны 94 тоот хаягт байрлах орон сууцны талбайн хэмжээ 58.15 м.кв болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Оюунгэрэлийн төлсөн 212 054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хариуцагч Д.Оюунгэрэлийг доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн атлаа орон сууцны метр квадратын хэмжээ дутуу байх нь далд доголдол биш тул орон сууцыг худалдаж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж” мөн “үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгүүлэх үедээ орон сууцны талбайн хэмжээ дутуу байсныг мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчтай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 46А-94 тоот 64.53 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авах үед улсын бүртгэлийн Ү-2204054216 дугаартай, гэрчилгээний дугаар 000273989, Д.Оюунгэрэл нэг хүний өмч, 64.53 м.кв улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэсэн болохоос биш талбайн хэмжээг 6.38 м.кв-аар дутуу гэдгийг мэдэх боломжгүй байсан. Харин байрны оршин суугчдын “м.кв талбай зөрүүтэй байна” гэсэн яриаг сонссоны дагуу хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ 64.53 м.кв биш, 58.15 м.кв болох нь тогтоогдож эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага аргах эрхтэй”, 254.2.-т “Энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болох ба, энэ тохиолдолд бууруулах үнийг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно” гэж заасан. Ийнхүү тухайн орон сууцыг худалдаж авах үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх худалдан авагч намайг авч байгаа байрныхаа талбайн хэмжээг мэдсэн байх ёстой гэж буруутган улмаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэж зааснаар шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 254 зүйлийн 254.4.-т зааснаар хариуцагчаас гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ дагуу орон сууцны дутуу талбайн үнийг м.кв-аар тооцож нэхэмжилсэн минь буруу биш.

Магадлалын хянавал хэсэгт “орон сууцны метр квадратын үнийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийн талаар тусгаагүй байх тул орон сууцны 1 м.кв талбайг 2 400 000 төгрөгөөр үнэлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь буруу. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1.-д “худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заасан. Д.Оюунгэрэлтэй байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-д тухайн орон сууцны м.кв талбайн үнийг шууд тусгаагүй ч хоорондоо 2 400 000 төгрөгөөр харилцан тохиролцсон, энэхүү м.кв-ын үнэ хэдэн төгрөг байсан талаар маргаагүй, гагцхүү 6.38 м.кв-аар дутуу талбайн хэмжээгээр хохирсон учраас гэрээний дагуу уг зөрүү мөнгийг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 1-д “...бусад хүчин зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан шаардлагад нийцсэн байна” гэж заасныг тус тус зөрчсөн. Миний хувьд хариуцагчтай байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу түүнээс 64.53 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдаж аваад байр нь 58.15 м.кв байсныг сүүлд мэдсэн учраас м.кв-ын зөрүүг түүнээс нэхэмжилж, Д.Оюунгэрэл нь М.Түмэнжаргалаас, М.Түмэнжаргал нь “Дехор” ХХК-аас тус тус хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “...орон сууцны талбайн хэмжээг 58.15 м.кв болох нь тогтоогдсон тул энэ хэмжээгээр орон сууцны талбайн хэмжээг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах нь ...улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцнэ” гэж тухайн орон сууцны талбайн хэмжээг 6.38 м.кв-аар дутуу байгааг хүлээн зөвшөөрсөн атлаа уг зөрүүтэй байгаа талбайн мөнгийг буруутай этгээдээс нь гаргуулахгүй, хэрэгсэхгүй болгон намайг хохироож байгааг ойлгохгүй байна. Зүй нь, дутуу байгаа м.кв-ын үнэ 12 319 000 төгрөгийг гаргуулсны үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой. Би Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т зааснаар “...зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах” эрхтэй байхад давж заалдах шатны шүүх “намайг хэдэн м.кв талбай бүхий орон сууц авч байгаагаа тухайн үедээ мэдэж байхгүй яасан юм, хохь чинь гэх маягаар” шийдвэрлэж, миний болон гэр бүлийн минь эрх ашгийг хөндөж байгаад гомдож байна. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Оюунгэрэл, “Дехор” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан орон сууцны дутуу 6.38 м.кв талбайн үнэ 12 319 000 төгрөгийг буцаан гаргуулах, орон сууцны талбайн хэмжээг 58.15 м.кв болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг эрх бүхий байгууллагад даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Оюунгэрэлтэй байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг шаардлагынхаа үндэслэл болгосон байх ба орон сууцны барилгыг барьж гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр “Дехор” ХХК-ийг хамтран хариуцагч гэж тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн байна.  Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заажээ.

Зохигчдын байгуулсан гэрээний тохиролцоог үзвэл гэрээний зүйл нь талбай бус орон сууц бөгөөд орон сууцны үнийг м.кв-аар тогтоогоогүй, сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжээ дутуу байсныг мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул орон сууцны дутуу талбайн зөрүү үнэ буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд худалдах-худалдан авах гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх боломжгүй байсныг нотлох үндэслэл, баримтыг гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д нийцээгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх орон сууцны талбайн хэмжээг 58.15 м.кв болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ. Гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 46/А дугаар байрны 94 тоот 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ гэрчилгээнд тусгагдсан 64.53 м.кв бус 58.15 м.кв болох нь тогтоогдсон тул сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байжээ. 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно.” гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаар үнийг бууруулах шаардлага нь доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээнээс хамаарахаар байна. Гэтэл дээрх тохиолдолд орон сууцны талбайн хэмжээ дутуу, боловч уг доголдлыг арилгах боломжгүй, доголдлыг арилгахад зардал гарахгүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгээр шаардах эрх үүсэхгүй болно.           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1492 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунаагийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 212 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                           

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР                       

ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА