| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0018/Э |
| Дугаар | 5 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 5
2018 оны 01 сарын 02 өдөр 2018/ШЦТ/05 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0018/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн О-д холбогдох 1739001430094 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1974 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Б овогт Л-ийн О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн Өвөр номгон гэх газраас иргэн Б.Г, Н.М нарын 4 тооны үхэр, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө иргэн И.О-ын 4 тооны үхрийг тус тус хулгайлж бусдад 13.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Г-ийн: ... манай ээж И.О 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр утсаар танай 2 үнээ ирэхгүй 2 хоног боллоо, тугал нь бахираад болохгүй байна гэхээр нь 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэрийн хамт хөдөө гэрт очиж үнээнийхээ бэлчээр газар болон гол ус шавраар харсан боловч олдоогүй. Тэгтэл дараахан нь манай бэр эгч М.М-ийн хар зүсмийн эр үхэр байхгүй болоод олдохгүй байна гэсэн. ... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой Өвөрномгон гэх газраас манай ээж И.О-н нас гүйцсэн 4 тооны эр үхэр бэлчээрээс алга болсон. Тэгээд л Цагдаагийн байгууллагад хандсан. Манайх хулгайд алдсан 2 тооны үнээгээ орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэх болно. ... Н.Б танай ээжийн алдсан үхрийн зүстэй адилхан эр үхрүүдийг Биндэр сумын төвд ажилласан сураг гарлаа гэхээр нь цагдаад мэдэгдсэн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 24хуу/
Хохирогч И.О-ын: ... Биндэр сумын 2 дугаар баг Зүүн номгон гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны хооронд 4 тооны үхэрээ бэлчээрээс алдсан. Тэгээд манай үхэр Биндэр сумын 2 дугаар баг Өвөр номгон гэх газраас Б гэх айлынд манай 50 орчим үхэр байдаг юм. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө гаднаа авчираад хураагаад орхисон үхрээс нь миний ногоон эрээн зүсмийн эвэртэй эр үхэр, ухаа халзан зүсмийн эвэртэй эр үхэр, цав цагаан улаан зүсмийн далиу эвэртэй эр үхэр, нөгөө хэдээсээ биеэр арай жижиг эрээн нүүртэй улаан зүсмийн эвэртэй эр үхэр бүгд баруун чих нь онь, зүүн чих нь цуулбар, харин ногоон зүсмийн эр үхэр нь тугал байхад нь хүнээс авсан болохоор зүүн чих нь доохноосоо ухам имтэй. Эдгээр 4 тоооны үхрээ хулгайд алдаад олохгүй байна. ... Би өөр учирсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна ... гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28хуу/
Хохирогч Н.М-ын ... Би Батширээт сумын 2 дугаар баг Зүүн номгон гэх газар нутаглаж байгаа юм. Манайх гаднаа 6-7 айлын 300 орчим үхэр хариулдаг. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай хоёр тугал мөөрөөд байхаар нь хоёр тугал эхээ оло биз гэж бодоод гаргаж орхиод орой үхрээ хаших болоход хоёр эх нь ирээгүй байсан. Тэгэхээр нь маргаашнаас нь авахуулаад хайгаад олоогүй. Тэр хоёр тугалын эх үнээ нь хүрэн халзан зүсмийн үнээ, нөгөөх нь эрээн нүүртэй хүрэн зүсмийн үнээ юм. Энэ хоёр үнээ нь манай дүү Б.Гомбосүрэнгийн үхрүүд байсан юм ... гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32хуу/
Гэрч Д.Г-ын ... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн орчимд гэртээ эхнэр Одгэрэл хүүхдүүдийн хамт байж байхад Л-ийн О утсаар холбогдоод 2 тооны үхэр ажиллаж өгөөч гэхээр нь за ажилтай биш гэж хэлсэн. ... Төд удалгүй өөрийн төрсөн хүү болох М-ийн хамт мотоцикльтой хүрч намайг манай эхнэр О болон том хүү От, хүргэн Р Б бид нарыг Биндэр сумын 5 дугаар багт байрлах гэрийнхээ хашаанд аваачсан. Хашааны хаалгаар ороход хашааны зүүн хойд буланд малын саравч байсан ба түүн дотор үхэр харагдаж байсан. ... хашаанаас 2 эр үхэр гаргаж байгаад ажилласан. ... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Л.О нөгөө үлдсэн 2 үхрээ ажиллаж өгөөч гэхээр нь бид нар ажилтай байна өөр хүнээр ажиллуул гэж хэлсэн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40хуу/
Гэрч О.От-ын ... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой манай ээж рүү О эгч өөрийнхөө дугаараас яриад орой харуй бүрий болж байхад одоо 4 үхэр ирээд ажиллаад өгөөч гэхээр нь би ээж О, Б, Г нарын хамт О эгчийн хашаанд очиход тэр О-ийн хашааны зүүн хойд талын буланд малын битүү саравчинд 4 тооны эр үхэр, том биетэй нас гүйцсэн ногоон эрээн зүсмийн эвэртэй эр үхэр, улаан алаг зүсмийн нас гүйцсэн эвэртэй бүдүүн эр үхэр, цав цагаан улаан зүсмийн далиу эвэртэй эр үхэр, эрээн нүүртэй улаан зүсмийн жижгэвтэр биетэй эр үхэр нийт 4 тооны эр үхэр байсан. Имийг нь сайн анзаараагүй. ... Үхэр ажиллаж байхад Б хэлэхдээ энэ үхрүүд Б ахын үхэр юм шиг байх юм зарсан юм байхдаа гэж хэлж байсан. ... тэгээд Б хэлэхдэ 4 том эр үхрээ Б ах ингэж бөөнөөр нь зармааргүй л юм даа гэж хэлж байсан.
Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр О эгч манай гэрийнхэн рүү яриад мал ажиллаад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би Б, Г, О нарын хамт О эгчийн хашаанд очиход хашаанд нь сул ухаа халзан зүсмийн эвэртэй үнээ, ногоон эрээн зүсмийн эвэртэй үнээ, хязаалан насны хүрэн зүсмийн эвэртэй эр үхэр, мөн хязаалан насны шар зоотой хар зүсмийн нүүр лүүгээ тонгойсон хэлбэртэй эвэртэй эр үхэр гээд 4 тооны үхэр байсныг өглөө 8 цагт эхлээд 13 цагийн үед нядлаад дууссан. ... эдгээр 4 үхрийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед Унага хочит Т гэдэг цагаан өнгийн истана маркийн машинд О эгчийн байшингийн хойд талд байрлах амбаараас нь Г, М нарын хамт ачсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38хуу/
Гэрч Б.О-ийн ... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр над руу О өөрийнхөө утсаар залгаад 2 үхэр ажиллаад өгөөч гэхээр нь би өөрийн нөхөр Г, хүргэн Б, хүү О нарын хамт О-ийн гэрт очиход орой нар шингэх болж байхад О-ийн хашааны зүүн хойд талын буланд малын битүү саравчинд 4 тооны эр үхэр том биетэй нас бие гүйцсэн ногоон эрээн зүсмийн эвэртэй эр үхэр, улаан алаг зүсмийн нас гүйцсэн эвэртэй бүдүүн эр үхэр, цав цагаан улаан зүсмийн далиу эвэртэй эр үхэр, эрээн нүүртэй улаан зүсмийн жижгэвтэр биетэй эр үхэр нийт 4 тооны эр үхэр байсан. ... Тэгээд О, Б--ын хамт ногоон эрээн эр үхрийг нь унагаалгаад ажилласан. Улаан алаг үхрийг нь бас бөөнөөрөө унагаагаад Г бид хоёр ажилласан. ... 2017 оны 09 дүгэр сарын 21-ний өдөр О над руу утсаар залгаж яриад мал ажиллаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б, О, Г нарын хамт О-ийн хашаанд очиход хашаанд нь сул ухаа халзан зүсмийн эвэртэй үнээ, ногоон эрээн зүсмийн эвэртэй үнээ, хязаалан насны хүрэн зүсмийн эвэртэй эр үхэр, мөн хязаалан насны шар зоотой хар зүсмийн нүүр лүүгээ тонгойсон эвэртэй эр үхэр нийт 4 үхэр байсныг өглөө 08 цагт эхлээд өдөр 13 цагийн үед нядлаад ажиллаж дууссан гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55хуу/
Гэрч Г.Т-ын ... манай сумын О гэдэг эмэгтэй ирээд Улаанбаатар хот 4 үхрийн мах ачуулъя гэхээр нь О-ийн хамт хашаанд нь очиход О-ийн хүү М, өөр манай сумын Монжоо гэдэг залуу байсан. Тэгээд байшингынхаа ар талын залгаа амбаараас 2 том эр үхэр, 2 жижиг үхрийн мах нийт 4 үхрийн мах ачсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63хуу/
Шүүгдэгч Л.О-ийн: ... нилээн олон үхэртэй таарсан, наана нь тусдаа хэвтэж байсан 4 үхрийг авъя гээд л хөөсөн. Тэр дөрвөн үхэрний нэг нь эвэргүй мухар байсан. Эвэртэй 3 үхрийг нь эврээрэ холбоод эвэргүй 1 үхэрний хүзүүгээр нь нөгөө 3 үхэртэйгээ холбоод хөөсөн. Хоёр үхэр нь үнээ, хоёр нь эр үхэр байсан. ... Би Тулгаад 4 үхэр ажиллуулах гэсэн юм гээд хөлсөнд нь 80.000 төгрөг өгсөн. ... охины маань үхэр гээд Засаг даргаас гарал үүслийн бичиг авсан.
... дахиад дөрвөн үхэр хулгайлвал мөнгө маань бүрдэхийн байна гэж бодоод хулгай хийхээр 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр баруун хойшоо явсан. Нөгөө газраа очоод хоорондоо ойрхон хэвтэж байсан дөрвөн үхэр лүү очоод эврээр нь холбоод туусан. ... Авчирсан дөрвөн үхрээ хашаандаа саравчиндаа хашчихаад унтсан. ... Э, Э нараар үхрээ ажлуулсан. Дөрвөн үхэрнүүд соёолон насны эр үхрүүд байсан /хх-ийн 115-116хуу/
Батширээт сумын Барх багийн малын үнэлгээ, тогтоосон акт, мал мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн Өвөр номгон гэх газраас иргэн Б.Г, Н.М нарын 4 тооны үхэр, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө иргэн И.О-ын 4 тооны үхэр, нийт 8 тооны үхэр хулгайлж бусдад 13.000.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь дээрх хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Батширээт сумын Барх багийн малын үнэлгээ, тогтоосон акт, мал мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.О-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Л-н О-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА