| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2023/0200/Э |
| Дугаар | 0048 |
| Огноо | 2023-09-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 0048
А.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.А
Шүүгдэгч А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т
Нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлоор шүүдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт А-н А,
А.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим аймгийн сумын багийн дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн “Toyota Рrius alpha XW” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 17.4664 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн А-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Орхон аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7 дугаартай “Toyota prius alpha XW” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг А.Ат олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16.8563 грамм жинтэй ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Б.Т нар давж заалдах гомдолдоо:
... би өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, өөрийн болчимгүй үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би үнэн зөв мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, бусдад төлөх төлбөргүй билээ.
Миний бие хэдийгээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн боловч цаашид харж хандаж явах хоёр үр хүүхэдтэй хүн юм, нэгэнт үйлдэгдсэн гэмт хэргийг буцааж болохгүй, би хүүхдүүдээрээ шалтаглаж өөрийн хийсэн үйлдлийн хариуцлагаас мултрах гэсэндээ биш юм. Эхнэр минь надаас сална гэж яваад хүүхдүүд минь над дээр үлдсэн. Би шинэ орон сууц худалдаж аваад удаагүй байгаа, байрны зээлээ төлдөг, мөн би автомашин засварын газарт ажилладаг ашиг орлого боломжийн байдаг.
Миний холбогдсон хэрэгт зорчих эрх хязгаарлах болон хорих ял гэсэн сонголттой байдаг юм байна. Би амьдрал зохиогоод мөрөөрөө урдах ажлаа хийгээд л явж байсан юм. Гэтэл эхнэр салах өргөдлөө өгсөн гэдгийг мэдээд сэтгэл санаагаар унаад гэрт байсан архийг ганцаараа ууж хүнд зэргийн согтолттой болсон байхдаа өвс гэдэг зүйлийг хаанаас ч юм олж аваад хэрэглэсэн байсан. Энэ гэм буруугаа би хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Надад эцсийн боломж олгож надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хичээнгүйлэн хүсэж гуйж байна. Би энэ алдаагаа дахин давтахгүй эрхэм шүүгчид та бүхэн төрийн хайр энэрлийг эцсийн удаа надад итгэж үзүүлж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.А тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: ... Шүүгдэгчийн ар гэрийн ахуй амьдралын байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял болгож өөрчилж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр А.Ат холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим аймгийн сумын багийн дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн “Toyota Рrius alpha XW” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 17.4664 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Аын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгч А.Ат шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэнээс гадна шүүгдэгч нь ...эхнэр тусдаа амьдардаг, би хүүхдүүдийнхээ хамт амьдардаг ... гэх боловч эхнэр Б.Б-с гэрлэлтээ цуцлуулаагүй болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Б.Т нарын “... хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД Д.АЗЖАРГАЛ
С.УРАНЧИМЭГ