| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00956/И |
| Дугаар | 309/ШШ2025/00180 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00180
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: *******ын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 113,455,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие фэйсбүүкээс байшингийн захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож, Халиунаатай гэж хүнтэй уулзахад “...мөнгөө 100 хувь өгвөл м2 нь 2,200,000 төгрөг” гэсэн учир ярилцаад 2023 оны 05 дугаар сарын 24-н гэхэд төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн. Гэрээнд зааснаар барилга 2023 оны 04 дүгээр улиралд ашиглалтаад орох байсан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орох байтугай барилгын хундаам цутгаснаас өөр ажил хийгдээгүй. Мэдээллийн хэрэгслээр албаны хүмүүс уг компанийг зөвшөөрөлгүй газрын ажил эхлүүлсэн учир зогсоолоо гэснийг сонсоод очиж уулзахад “...асуудалгүй баригдана, 2024 оны 1 дүгээр улиралд л хүлээлгэн өгнө” гээд гэрээний хугацааг сунгасан. Ингээд сунгасан хугацаанд хүлээлгэн өгөх бүү хэл ажил нь эхлээгүй учир мөнгөө авахаар хандахад 2024 оны 06 дугаар сарын 01-н гэхэд өгнө гэсэн боловч одоог хүртэл удаа дараа уулзаад өгөхгүй хойшлуулсаар байна. Иймд тус компаниас 99,814,000 төгрөг, алданги 4,491,630 төгрөг, хадгаламжийн хүү 9,180,000 төгрөг, нийт 113,455,660 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Миний бие гэрээний төлбөр болох 99,814,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба алданги, банкны хадгаламжийн хүү зэрэг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний 4.12, 7.1-д алданги, хариуцлага тооцохгүй байх талаар тодорхой заасан. Тус барилгын ажлыг эхэлж байх хугацаанд ковид-19 өвчнөөс шалтгаалсан маш олон удаагийн нийтийг хамарсан хөл хорио тогтоосноос гадна Монгол Улсын хил, гааль хаагдсанаас шалтгаалж орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон. Түүнчлэн тухайн барилга барих газар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд холимог орон сууцны зориулалтаар тусгагдсан байсан тул иргэн *******, ******* нараас худалдаа үйлчилгээний зориулалттай 864 мкв газрыг 2022 оны 08 дугаар сард шилжүүлэн авч, улмаар аймгийн Засаг даргад зориулалт өөрчлүүлэх хүсэлтээ өгсөн боловч аймгийн Засаг дарга асуудалд хойрго хандаж удаа дараа эс үйлдэхүй гаргаж байсан тул миний бие 2024 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар нэхэмжлэлийн шаардлага маань анхан болон давж заалдах шатны шүүх дээр хангагдаж, одоо хариуцагч талын гомдлоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна гэжээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү.
1. Нэхэмжлэгч ******* би нэхэмжлэлийн шаардлага 113,455,660 төгрөгөөс 9,150,030 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 104,305,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
2. Хариуцагч нь нэхэмжилж буй 104,305,630 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд 104,305,630 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 17-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 113,455,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 113,455,660 төгрөгөөс 9,150,030 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 104,305,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь нэхэмжилж буй 104,305,630 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 17-ны дотор бүрэн төлж барагдуулах”-аар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “******* ******* *******” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 104,305,630 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,228 төгрөгийн 50 хувь болох 362,614 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 362,614 төгрөгийг, хариуцагч “******* ******* *******” ХХК-аас 339,739 төгрөг /104,305,630 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 679,478 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ