| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0030/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 21
2018 оны 01 сарын 25 өдөр 2018/ШЦТ/21 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0030/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г холбогдох 1739002690005 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсротой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй О.Г /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд майхан” гэх газраас иргэн Ш.О 57 хонийг завшиж 3.945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Хохирогч Ш.О: 2017 оны 11 сарын 26-ны өдөр хонь ямаагаа хариулаад ирэхэд 88 тооны бог мал тасраад үлдсэн байсан. Тэгээд ойр хавийн айлаас сураглаад явахад О.Гын хариулж байгаа малд манай 3 хонь, 1 ямаа байсан. Би О.Г болон эхнэртэй нь уулзахад тиймээ хэргэлчихсэн юм төлөөд өгье гэж хэлсэн. Тэгээд өөрийн гэсэн тэмдэгтэй болгоноо барьж өгөөд 57 хонь өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 6-10хуу/
Гэрч Н.Алтансүхийн: Ш.О нь 2017 оны 11 сарын сүүлээр хоньчин хүүхэд хонио таслаад алдчихлаа үзсэн үү гээд хайгаад манайд ирж байсан. Одоогоос 3-4 хоногийн өмнө манайхаар ирэхдээ хонио олсон О.Г дүү маань үгүй хийсэн байна, оронд нь мал авлаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15ху/
Гэрч Ж.Оюунцэцэгийн: ...Ш.О манайд ирээд манайх хонио алдсан чинь дүү хүү ажилласан байна. О.Г өөрөө уйлж гуйгаад байхаар нь цагдаад хэлсэнгүй гэж өөрөө хэлсэн. Нарийн юм яриагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 16хуу/
Гэрч О.Ганзоригийн: ... 2017 оны 11 сарын 20-ны өдрийн орчимд Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд майхан” гэх газрын ойролцоо Ш.Оын хоньтой өөрийн хонио нийлүүлсэн юм байна лээ. Тэгээд Ш.От мэдэгдэлгүйгээр ялгаж авахдаа 57 тооны хонийг өөрийн хоньтойгоо нийлүүлж туугаад аваад явсан юм байнлээ гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14хуу/
Гэрч М.Агвааннямцэрэнгийн: ... 2017 оны 11 сарын дундуур шиг санагдаж байна. Найз О.Г чи надаас мөнгө зээлье гэж асуугаад байсан. Хэдэн зааз хонио мөнгө болгох хэрэгтэй байна чи унаа олоод хүрээд ир хэдийг нь зараад чи мөнгө болгож ав гэхээр нь Должинсүрэнг гуйгаад унаатай нь 2 удаа аймаг руу зөөсөн. Уг хониноос 4 хонийг нь ажиллаж идсэн. 4 хонийг ченжэд зарсан, 3 хонь, 2 ямааг амбаартаа хийсэн байтал хүүхэд амбаарын хаалга онгойлгоод алга болгосон. Би аймгийн төвийн хүн, нас хүйсийг нь мэдэхгүй, заасныг нь барьж аваад ачсан. Должинсүрэнд намайг хүргээд өг бензин хийе гэж хэлээд авч явсан. Машинд нэг ачихад 13 хонь орж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24хуу/
Гэрч Э.Угтахбаярын: 2017 оны 11 сарын дундуур шиг санаж байна өдрийг нь санахгүй байна. Манай хонинд айлын хонь нийлсэн тухай О.Г надад хэлсэн. Аймаг руу аваачиж мөнгө болгоно гэхээр нь эзэнд нь хэлээч гэтэл би өөрөө мэдэж байна чи дуугай бай дандаа юманд оролцож байх юм гэхээр нь чимээгүй болоод орхичихсон. Тэгтэл найз Агвааныгаа дуудсан байсан. Агваан нь нэг эмэгтэйтэй жижиг цагаан тэрэгтэй ирсэн байсан. Би машины нэрийг мэдэхгүй. О.Г аймаг руу 2 удаа явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22хуу/
Гэрч Г.Должинсүрэнгийн: 2017 оны 11 сарын дундуур Агваан нь над руу залгаад 16 цагийн орчимд яриад Мөрөн сумын наана айл руу явах хэрэг байна хүргээд өгөөч гэж гуйсан. Аймгаас гараад Мөрөн сум хүрэхгүй замынхаа хойд талд уулын энгэрт урьд нь тааралдаж байсан О.Гын гэрт очсон. О.Г надад хандан ах нь хэдэн зааз малаа ажиллаж дансанд хийх гэсэн юм. Машин олдохгүй байна, ах нь бензинийг хангалттай хийж өгнө гэхээр нь өөрсдөө ач гээд гэрт ороод хүлээсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20хуу/
Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 12хуу/
Шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би он сар өдөр мэдэхгүй, нэг өдөр малаа маллаж байтал хэсэг хонь ямаа тасарсан байсан. Очоод үзтэл Ш.Оын мал байсан. Тэгээд би тасарсан малнаас дахин таслаад гэрийнхээ гадаа туугаад иртэл манай эхнэр Угтахаа эзэнд нь хэлээчээ гэж хэлсэн. Тэгэхээр нь чи дуугай бай би мэдэж байна гэж хэлээд найз Агваан руу утсаар яриад найз нь хэдэн зааз юм ажиллах гэсэн юм чи мөнгө асуугаад байсан унаа олж ирээд хэдэн зааз мал ажиллаад мөнгө болгож зээлвэл зээл гол нь яаралтай унаа хэрэг байна гэж хэлсэн. ... Долгорсүрэнгийн машинаар 2 удаа зөөсөн. Би Агваанг зараад мөнгө болгоод зээл гэж хэлсэн. Хэнд яаж зарсан болохыг мэдэхгүй гэх мэдүүлэг.
Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... өдөр малаа маллаж байтал хэсэг хонь ямаа тасарсан байсан. Очоод үзтэл Ш.Оын мал байсан. Тэгээд би тасарсан малнаас дахин таслаад гэрийнхээ гадаа туугаад очсон. ... Долгорсүрэнгийн машинаар 2 удаа аймгийн төв рүү зөөсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг болно.
О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд майхан” гэх газар ижил сүргээсээ тасарсан байсан иргэн Ш.Отгонбаатарын хониноос 57 хонийг тууж өөрийнхөө хонинд нийлүүлэн завшиж 3.945.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын алдуул мал завших гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд О.Гт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч О.Гыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА