Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0958

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Д*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.А*******

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*******.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А*******, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ:

1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Тус 2622902571 томилолтын дугаартай татварын шалгалтыг анх 2022 оны 9 дүгээр сарын 28-нд Б.Б, А.Б нар шалгаж эхэлсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн тухайн үеийн дарга Б.М өөрчлөлт оруулан Р.Ц*******, Г.Э******* нараар шалгуулж, акт үйлдсэн. Энэ талаар 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №HA-26230000015 тоот Нөхөн ногдуулалтын актын эхний хуудсанд "2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нар хийж гүйцэтгэв" гэжээ. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Р.Ц*******, Г.Э******* нар шалгалт хийгээгүй бөгөөд шалгалтын ажилд процедурын алдаа гарсан гэж үзэж байна.

Дээрх татварын шалгалтаар 2019 онд 437,104,488.37 төгрөгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй, импортын худалдан авалтын бараа материалыг санхүүгийн тайланд тайлагнаагүй /касс, харилцахад бараа материалын зардал гарсан гүйлгээгүй, мөнгөн гүйлгээний тайлангаар нотлогдоогүй ажил үйлчилгээ/ нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан нь зөрчил гэж үзэж 43,710,448.84 төгрөгийн нөхөн татвар, 13,113,134.65 төгрөгийн торгууль, 8,742,089.77 төгрөгийн алданги, нийт 65,565,673.26 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 416,2 сая төгрөгийн барилгын материалын худалдан авалтын төлбөрийг харилцагч байгууллага руу кассаар дамжуулан шилжүүлсэн бөгөөд тухайн үед шилжүүлсэн төлбөр болох 416,2 сая төгрөгийг 2018 оны санхүүгийн тайланд урьдчилж төлсөн тооцоо дансанд бүртгэлгүй шууд зардалд тусгасан байдаг. Тухайн үед НӨАТ болон гаалийн татвар нэмээгүй дүнгээр тусгасан бөгөөд 2019 онд тухайн бараа Монгол улсын гаалиар орж ирэхэд бид шилжүүлсэн төлбөрийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн байгууллагад 416,2 сая төгрөгийн бараанд ноогдох татвар болох гаалийн татварт 20,8 сая, НӨАТатварт 43.7 сая төгрөгийг тус тус төлсөн. Бид 2019 оны санхүүгийн тайланд шилжүүлсэн төлбөр болон гаалийн татварын 437,1 сая төгрөгийг өртөг шингээж тайлагнах ёстой байсан боловч 2018 онд шилжүүлсэн төлбөрөө тайландаа шууд зардал болгон тусгасан тул 2019 онд импортоор орж ирсэн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах барилгын материалын НӨАТатварыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт ногдуулан хасалт хийсэн. Гаалийн ерөнхий газраар дамжуулан төлсөн 43,7 сая төгрөгийн НӨАТатварын төлөлтөө тусгасан билээ. Монгол Улсдаа ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй билээ. Манай компани бүртгэл тайлан гаргахдаа алдаа гаргасан бөгөөд Татвараас зайлсхийх болон зугтаах, хойшлуулах зорилгоop ямар нэгэн баримт бичиг хуурамчаар огт үйлдээгүй болно

ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 241,363,636.37 төгрөгийн хий бичилттэй падааныг 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 24,135,363.64 төгрөгийн нөхөн татвар, 9,654,545.45 төгрөгийн торгууль, 4,827,272.73 төгрөгийн алданги, нийт 38,618,181.82 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Барилгын ажил гүйцэтгэхийн тулд 241,363,636.37 төгрөгийн барилгын материалыг худалдан авсан. Оны сүүлд тооцоо хийж, татварын баримт хүсэхэд () ХХК-ийн и-баримтыг цахимаар бичиж өгсөн. Зөвхөн бараа материал борлуулагч талаас и-баримтыг бичиж өгөх боломжтойг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Гэтэл актад: "хий бичилттэй падаан"-ыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнасан гэж буруутгасан байна. Манай компанийн зүгээс "хий бичилт"-ийг илрүүлэх, мэдэх боломжгүй. Хэрэв Татварын албанаас () ХХК-ийн зөрчлийг мэдэж байсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хүлээн авахгүй, эсхүл сануулж мэдэгдэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Татварын албанаас ХХК-ийг "хий бичилт хийснийг тогтоосон нь бодиттой бол бид 24,136,363.64 төгрөгийн нэмэгдсэн өртийн албан татварыг төлөхөөр байгаа боловч 9,654,545.45 төгрөгийн торгууль, 4,827,272.73 төгрөгийн алданги, нийт 14,481,818,18 төгрөгийг төлүүлэх нь манай компанид илтэд хохирол учруулж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т заасныг зөрчөөгүй тул актаар ногдуулсан 24,136,363.64 төгрөгийн нөхөн татвар, 9,654,545.45 төгрөгийн торгууль, 4,827.272.73 төгрөгийн алданги, нийт 38,618,181.82 төгрөгийн төлбөрийг хүчингүй болох үндэслэл байна.

Нөхөн ногдуулалтын актаар 2021 онд 103,008,636.37 төгрөгийн () ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд холбогдолгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж төсөвт төлөх татварыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 13 дугаар зүйлийн 13.1. 13.2, 13.1.2, 13.1.3-т заасныг зөрчсөн гэж 10,300,863.64 төгрөгийн нөхөн татвар, 4,120,345.45 төгрөгийн торгууль, 2,060,172.73 төгрөгийн алданги, нийт 16,481,381.82 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. 2021 онд 103,008,636.37 төгрөгийн бараа материалыг бодиттойгоор шууд зарцуулж, ХК-ийн ажлыг гүйцэтгэн 195,000,000,00 төгрөгийн орлого олсон нь санхүүгийн тайлан, орлогын албан татварын тайлангаар нотлогдож байгаа тул үйл ажиллагаанд шууд холбогдолгүй гэж үзэх үндэслэлгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 13 дугаар зүйлийн 13.1. 13.2. 13.1.2, 13.1.3-т заасныг зөрчөөгүй тул актаар ногдуулсан 4,120,345 45 төгрөгийн торгууль, 2,060.172.73 төгрөгийн алданги, нийт 16,481,381.82 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Актаар 2019 онд 996,655 20 төгрөгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж, төсөвт төлөх татварын бууруулсан гэж актаар дараах төлбөрийг ногдуулсан. Үүнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг зөрчсөн гэж 99,665.52 төгрөгийн нөхөн татвар, 29,899.66 төгрөгийн торгууль, 19,993.10 төгрөгийн алданги, нийт 149,498.28 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасныг зөрчсөн гэж 99,665.52 төгрөгийн нөхөн татвар, 29,899.66 төгрөгийн торгууль, 19,993.10 төгрөгийн алданги, нийт 149,498.28 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогоос и-баримтаар нотлогдож байгаа 99,665.52 төгрөгийн зардлыг хасаж, татвар ногдуулах орлогыг тодорхойлсон. Баримтаар нотлогдож байгаа зардал тул хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээтэй холбоотой и-баримт бүхий падааныг оруулалтгүй хасаж, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад гарсан 999,665.52 төгрөгийн худалдан авалтыг оруулж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнасан. "Хувийн хэрэгцээ" гэдгийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ, "Ажилчдын хэрэгцээ" гэдгийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд холбоогүй, гэрээгээр ажиллагчдад хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тус тус хамаарна гэж ойлгож Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасныг тус тус зөрчөөгүй тул 199,331.04 төгрөгийн нөхөн татвар, 59,799.32 төгрөгийн торгууль, 39,986.20 төгрөгийн алданги, нийт 298,996.56 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг хүчингүй болгох үндэслэлтэй" гэжээ.

2.2. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нар шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

******* ******* ХХК-ийн 2018.01.01-2022.01.31-ны өдрийг дуусталх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Г.Э*******, Р.Ц******* нар "Татварын хяналт шалгалт хийх удирдамж"-ын дагуу 2622902571 тоот олгогдсон томилолтыг үндэслэн иж бүрэн хяналт шалгалтыг хийж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26230000015 тоот нөхөн ногдуулалтын актаар 783,470,071.51 төгрөгийн зөрчилд 78,347,007.16 төгрөгийн нөхөн татвар, 26,947,824.87 төгрөгийн торгууль, 15,669,401.43 төгрөгийн алданги, нийт 120,964.233.46 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын хяналт шалгалт 2022 онд бүрэн хамрагдаж дуусаагүй тул 2023 онд шалгах байцаагчдыг удирдлагын шийдвэрийн дагуу өөрчлөн томилолтыг олгосон. Татварын хяналт шалгалтын томилолт өөрчлөгдсөн талаар 2023 оны 01сарын 16-ны өдөр захиралд, 2023 оны 01 сарын 25-ны өдөр нягтлан бодогч нарт танилцуулан 3 удаагийн харилцан ярилцлага хийж тодруулга авсан байна. Татварын хяналт шалгалтын баримт материалд баримт бичгийн хүсэлтийн дагуу 2023 оны 02 сарын 03-ны өдөр захирал Ч.Д******* нь өөрийн хувийн дансны мэдээлэл, он дамжсан ажил гүйцэтгэсэн гэрээ, ХХК, ХХК, ХХК-аас худалдан авсан бараа материалын баримт, тооцоо нийлсэн акт, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг ирүүлсэн нь /Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл №131310/ хяналт шалгалтыг бүрэн хийгдсэнийг нотлогдож байна. Татварын хяналт шалгалтын ажилд ирүүлсэн нотлох баримт, ярилцлагын тэмдэглэлүүд, цахим мессеж зэргээр татвар төлөгчийн ирүүлсэн мэдээ, мэдээллийг хяналт шалгалтын явцад ашигласан болно.

Татвар төлөгчийн гомдлын дагуу дараах тайлбарыг нотлох баримтын хамт хүргүүлж байна. Үүнд:

1. ******* ******* ХХК нь 2018 онд борлуулалтын орлого түүнтэй холбоотой гарсан зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж тайлагнасан байсан. 2018 онд бараа материалын үлдэгдэлгүй байсан нь санхүүгийн жилийн эцсийн тайлан балансаар нотлогдоно. Үүнийг Баянгол дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс 2018 оны 4 дүгээр улирлын жилийн эцсийн тайлан балансыг нотлох баримтын хүрээнд гаргуулахыг шүүхээс хүсье. Татварын хяналт шалгалтын хамрагдах хугацаанд 2018-2019 онд импортын худалдан авалтыг борлуулагч талд шилжүүлсэн баримтгүй байсан нь шүүхэд хүргүүлсэн хавтаст баримтаар нотлогдоно.

2019 онд ******* ******* ХХК-ийн жилийн эцсийн борлуулалтын орлого нийт 168,650.9 мянган төгрөг түүнтэй холбогдон гарсан зардал нийт 147,472.6 мянган төгрөгөөр тайлагнасан нь татварын татвар төлөгчийн өөрөө гаргаж илгээж баталгаажуулсан ААНОАТ тайлан, Дүүргийн төрийн сангийн хэлтэст илгээсэн санхүүгийн жилийн тайлангуудаар нотлогдоно. 2019 оны импортын 437,104,4 мянган төгрөгийн гаалийн худалдан авалт нь тайлант оны үйл ажиллагааны борлуулалтын орлого болон түүнд зарцуулсан зардлаас давсан нь НӨАТ-ийн татвар ногдох орлогыг илт бууруулсан нь зөрчил болж тооцсон. Тайлант хугацаанд болон он дамжин үлдсэн бараа материалын үлдэгдэлгүй нь санхүүгийн тайлангаар нотлогдоно./хавсралт ААНОАТ-ын 2019 оны 4-р улирлын тайлан/. Мөн 2019 оны 04-р улирлын жилийн эцсийн тайлан балансыг БГД-ийн төрийн сангийн хэлтсээс нотлох баримтын дагуу гаргуулан авахыг хүсье.

Татвар төлөгчийн татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй... 14.6.4 тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамраалгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг... гэсэн заалтыг зөрчсөн гэж 43,710,448.84 төгрөгийн нөхөн татвар, 13,113,134.65 төгрөгийн торгууль, 8,742,089.77 төгрөгийн алданги, нийт 65,565,673.26 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй байна.

2018-2019 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан балансыг БГД-ийн санхүү төрийн сангийн хэлтсээс нотлох баримт гаргуулан авахыг хүсэж байна.

Хяналт шалгалтын хугацаанд ярилцлагаар татвар төлөгч /захирал/ Ч.Д******* бараа материал хадгалах ажлын байргүй, гэсэн ярилцлагатай. нотлох баримттай.

1. () ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 241,363,636.37 төгрөгийн хий бичилттэй падааныг 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т заасныг зөрчсөн гэж 24,136,363.64 төгрөгийн нөхөн татвар, 9,654,545.45 төгрөгийн торгууль, 4,827,272.73 төгрөгийн алданги, нийт 38,618,181.82 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй.

Хяналт шалгалтын явцад нягтлан бодогч Б. Н нь тухайн хуулийн этгээдийг НӨАТ-ын худалдан авалтыг багасахын тулд би өөрөө захирлаас асууж байгаад хий бичилт үйлдсэн нь үнэн. 2021.03.31-ны өдрийн НӨАТ тайланд () ХХК-ний 4105581323 тоот падаанаар 279,834,900.00 төгрөгийн буцаалтаар тайлагнасан. Татвар төлөгч ярилцлагадаа /үлдсэн падаанаа залруулж амжаагүй/ хяналт шалгалт орох болсон/ гэсэн ярилцлагатай. /хавсралт-татвар төлөгчийн ярилцлага, 2021.03-р сарын НӨАТ тайлан " " ХХК-ийн буцаалтын тайлан/

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Татварын ерөнхий газарт 2023.05.01-ний өдрийн 8и-1/4595 албан тоотод "******* *******" ХХК нь () ХХК-ийн 241,363,636.37 төгрөгийн НӨАТ падаан хий бичилттэй падаанаар дотоодын худалдан авалтад тусгаж, татвар ногдох орлогоо бууруулсан байх тул захиргааны арга хэмжээ авах тухай бичгийг ирүүлсэн. Иймд Эрүүгийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Т.- ХХК нь хий бичилттэй эсэх талаар тодруулга нотлох баримтыг авахыг хүсье.

2. Нөхөн ногдуулалтын актаар 2021 онд 103,008,636.37 төгрөгийн " () ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд холбогдолгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж төсөвт төлөх татварыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, 132, 13.1.2, 13.1.3-т заасныг зөрчсөн гэж 10,300,863.64 төгрөгийн нөхөн татвар, 4,120,345.45 төгрөгийн торгууль, 2,060,172.73 төгрөгийн алданги, нийт 16,481,381.82 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас хий бичилтээр татвар ногдох орлогоо бууруулсан нь нотлогдсон () ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3 ширхэг нийт 241,363,636.37 төгрөгийн төлбөрийн баримттай зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт 103,008,636.37 төгрөгөөр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан, урьдчилж төлөгдсөн зардалд 138,355,000.00 төгрөгөөр санхүүгийн тайланд дансанд хойшлуулан үлдэгдлээр бүртгэгдсэн./ гэж 2021 оны татварын албанд ирүүлсэн ТТ-02 тайланд нийт борлуулалтын орлого 201,173,609.09 төгрөг гэж тайлагнасан Үүнд 2020 онд хийгдсэн ажлын баталгааны мөнгө 14,747,670.00 төгрөг, хийгдсэн ажлын мөнгө 206,543,300.00 төгрөг байсан / нь тухай борлуулалтын орлогоос давсан үнийн дүн бүхий бараа материал худалдан авсан нь нягтлан бодох бүртгэлийн болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;

13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; гэж заасан заалттай нийцэхгүй байна.

3. Хувийн хэрэглээний зардлыг холбогдолгүй гэж гомдол гаргасан байна. Тухайн хуулийн этгээдийн 996,655.20 төгрөгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж, төсөвт төлөх татварын бууруулсан гэж актаар дараах төлбөрийг ногдуулсан. Үүнд:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг зөрчсөн гэж 99,665.52 төгрөгийн нөхөн татвар, 29,899.66 төгрөгийн торгууль, 19,993.10 төгрөгийн алданги, нийт 149,498.28 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдолгүй гарсан хүнсний дэлгүүрээс авсан хүүхдийн тоглоом, хөлс дарагч, ундаа шүүс, бялуу, виски зэрэг хүнсний бүтээгдэхүүн байсныг татвар ногдох орлогоос хасагдах зардал биш болно гэсэн үндэслэлээр хасаж тооцсон.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14.6-д Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй. 14.6.2 хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг зөрчсөн гэж 99,665.52 төгрөгийн нөхөн татвар, 29,899.66 төгрөгийн торгууль, 19.993.10 төгрөгийн алданги, нийт 149,498.28 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээтэй холбоотой и-баримт бүхий падааныг оруулалтгүй хассан нь үйл ажиллагааны орлоготой холбоотой гарах и-баримт бүхий худалдан авалтын зардлууд шууд холбогдолгүй хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тул татварын хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон болно.

Иймд ******* ******* ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-аар ногдуулсан 120,964,233.46 төгрөгийн талбар ногдуулсан нь үндэслэлтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Г.Э*******, Р.Ц******* нар "Татварын хяналт шалгалт хийх удирдамж"-ын дагуу 2622902571 тоот томилолтыг үндэслэн иж бүрэн хяналт шалгалтыг хийж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26230000015 тоот нөхөн ногдуулалтын актаар 783,470,071.51 төгрөгийн зөрчилд 78,347,007.16 төгрөгийн нөхөн татвар, 26,947,824.87 төгрөгийн торгууль, 15,669,401.43 төгрөгийн алданги, нийт 120,964.233.46 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3. Улмаар, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актаар 783,470,071,51 төгрөгийн зөрчилд 78,347,007.16 төгрөгийн нөхөн татвар, 26,947,824.87 төгрөгийн торгууль, 15,669,401.43 төгрөгийн алданги, нийт 120,964,233,46 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа татварын шалгалтыг анх 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр татварын улсын байцаагч Б.Б, А.Б нар шалгаж эхэлсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн тухайн үеийн дарга Б.М өөрчлөлт оруулан Р.Ц*******, Г.Э******* нараар шалгуулж, акт үйлдсэн, ... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Р.Ц*******, Г.Э******* нар шалгалт хийгээгүй, шалгалтын ажилд процедурын алдаа гарсан, .... 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 416,2 сая төгрөгийн барилгын материалын худалдан авалтын төлбөрийг харилцагч байгууллагын кассаар шилжүүлсэн 416,2 сая төгрөгийг 2018 оны санхүүгийн тайланд урьдчилж төлсөн шууд зардалд тусгасан. Тухайн үед НӨАТ болон гаалийн татвар нэмээгүй дүнгээр тусгасан, 2019 онд гаалиар оруулсан 416,2 сая төгрөгийн бараанд гаалийн татварт 20,8 сая, НӨАТатварт 43.7 сая төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны санхүүгийн тайланд шилжүүлсэн төлбөр болон гаалийн татварын 437,1 сая төгрөгийг өртөг шингээж тайлагнах байсныг 2018 онд шилжүүлсэн төлбөрөө тайландаа шууд зардалд тусгасан тул 2019 онд импортоор орж ирсэн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах барилгын материалын НӨАТатварыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт ногдуулан хасалт хийсэн, бүртгэл тайлан гаргахдаа алдаа гаргасан, татвараас зайлсхийх зорилгоop баримт бичиг хуурамчаар үйлдээгүй, ... 241,363,636.37 төгрөгийн барилгын материалыг худалдан авахад ХХК-ийн и-баримтыг цахимаар бичиж өгснийг хий бичилт гэж мэдэх боломжгүй. Татварын албанаас хэрэв хий бичилтийг тогтоосон бол бид 24,136,363.64 төгрөгийн нэмэгдсэн өртийн албан татварыг төлөхөөр боловч торгууль, алданги, нийт 14,481,818,18 төгрөгийг төлүүлэх нь хохироож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т заасныг зөрчөөгүй тул актаар ногдуулсан нийт 38,618,181.82 төгрөгийн төлбөрийг хүчингүй болох үндэслэлтэй, ... актаар 2021 онд 103,008,636.37 төгрөгийн бараа материалыг шууд зарцуулж, ХК-ийн ажлыг гүйцэтгэн 195,000,000,00 төгрөгийн орлого олсон нь санхүүгийн, орлогын албан татварын тайлангаар нотлогдох бөгөөд үйл ажиллагаанд шууд холбогдолгүй гэх үндэслэлгүй тул нийт 16,481,381.82 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогоос и-баримтаар нотлогдож байгаа 99,665.52 төгрөгийн зардлыг хасаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээтэй холбоотой и-баримт бүхий падааныг оруулалгүй хасаж, компанийн үйл ажиллагааны 99,665.52 төгрөгийн худалдан авалтыг оруулж, тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасныг тус тус зөрчөөгүй тул, нийт 298,996.56 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг хүчингүй болгох үндэслэлтэй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2018 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 515,391,960 төгрөгийн борлуулалтын орлого, 514,024,033.79 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал, 1,367,926.21 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2019 онд 168,650,905.45 төгрөгийн борлуулалтын орлого, 163,430,243.28 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал, 5,220,662.17 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2020 онд 1,277,595,287.27 төгрөгийн борлуулалтын орлого, 1,239,874,308,98 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал, 1,165,605.99 төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэж тайлагнаж, төсөвт 4,716,596.97 төгрөг төлжээ.

5.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд 515,391,960 төгрөгийн борлуулалтын орлоготой, 61,966,596.08 төгрөгийн дотоодын худалдан авалттай, 2019 онд 168,650,905.44 төгрөгийн борлуулалтын орлоготой, 594,547,923.02 төгрөгийн дотоодын худалдан авалттай, 437,104,488.37 төгрөгийн импортын худалдан авалттай, худалдан авалтын буцаалтаар нийт 226,000,272.71 төгрөгийн буцаалттай, 2020 онд 1,277,595,288.28 төгрөгийн борлуулалтын орлоготой, 855,792,916.91 төгрөгийн дотоодын худалдан авалттай, 182,182,266.04 төгрөгийн импортын худалдан авалттай, нийт 226,909,363.62 төгрөгийн худалдан авалтын буцаалттай, 2021 онд 201,173,609.09 төгрөгийн борлуулалтын орлоготой, 556,873,480.04 төгрөгийн дотоодын худалдан авалттай, худалдан авалтын ХХК-ийн 254,395,363.64 төгрөгийн буцаалттай тайланг цахимаар илгээж баталгаажуулан төсөвт нийт 2,665,458.02 төгрөг төлж, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татварын тайлангаар 2020-2021 онд үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан гаргаж цахимаар илгээж баталгаажуулсан байна.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ... татварын шалгалтыг анх 2022 оны 09 дүгээр сарын 28-нд татварын улсын байцаагч Б.Б, А.Б нар шалгаж эхэлсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М өөрчлөлт оруулан татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нараар шалгуулж, акт үйлдсэн, ... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Р.Ц*******, Г.Э******* нар шалгалт хийгээгүй, шалгалтын ажилд процедурын алдаа гарсан гэх тухайд:

6.1. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2622902571 дугаартай Татварын хяналт шалгалт хийх томилолтоор Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Б.Б, А.Б нар нь ******* Эрчим ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааг хамарсан татварын /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-иж бүрэн/ хяналт шалгалтыг хийж эхэлжээ.

6.2. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Мын 2622902571 дугаартай Татварын хяналт шалгалт хийх томилолтын өөрчлөлтөөр томилогдсон татварын улсын байцаагчдыг өөрчилж Р.Ц*******, Г.Э******* нарыг томилж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* ******* ХХК-ийн захирлын Хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасныг улсын байцаагч нарын хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус сунгажээ.

6.3. Татварын хяналт шалгалтын томилолтод өөрчлөлт орсон талаар улсын байцаагч нараас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компанийн захиралд, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нягтлан бодогч нарт танилцуулж нийт 3 удаагийн ярилцлага авсан талаар хяналт шалгалтын баримтаар ирүүлсэн жагсаалтад дурджээ.

6.4. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, 41 дүгээр зүйлийн 41.12.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах эрх, үүрэгтэй байна.

6.5. Татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал Ч.Д******* болон нягтлан бодогч нар нь татварын хяналт шалгалтын хугацаа, хүрээний талаар мэдээллийг тухай бүр татварын улсын байцаагч нараас авч байсан болох нь шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангасан, тодруулбал 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр татвар төлөгчид хяналт шалгалт хийх томилолтын талаар мэдэгдсэнээс хойш удаа дараа ярилцлага хийж, холбогдох тайлбар, нотлох баримт шаардаж байсан нь хяналт шалгалтын баримтад тусгагдсан байх бөгөөд татвар төлөгчийг хяналт шалгалтад биечлэн, эсхүл төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан оролцох, тайлбар, баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул татвар төлөгчийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд процедурын алдаа гарсан гэх гомдол үндэслэлгүй байна.

6.6. Үүнтэй холбоотойгоор татварын хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нар удирдлагын шийдвэрээр өөрчлөгдсөнийг компанийн эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэн танилцуулахад нэхэмжлэгч талаас ямар нэгэн хүсэлт, гомдлыг гаргаж байсан талаар хяналт, шалгалтын баримт, актад тусгагдаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналт, шалгалтын ажиллагааны талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй гэдгийг тайлбарласан болно.

7. ... 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 416,2 сая төгрөгийн барилгын материалын худалдан авалтын төлбөрийг харилцагч байгууллага руу кассаар шилжүүлсэн 416,2 сая төгрөгийг 2018 оны санхүүгийн тайланд урьдчилж төлсөн шууд зардалд тусгасан. Тухайн үед НӨАТ болон гаалийн татвар нэмээгүй дүнгээр тусгасан, 2019 онд бараа гаалиар орж ирэхэд шилжүүлсэн төлбөрийн дагуу 416,2 сая төгрөгийн бараанд гаалийн татварт 20,8 сая, НӨАТатварт 43.7 сая төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны санхүүгийн тайланд шилжүүлсэн төлбөр болон гаалийн татварын 437,1 сая төгрөгийг өртөг шингээж тайлагнах байсан боловч 2018 онд шилжүүлсэн төлбөрөө тайландаа шууд зардалд тусгасан тул 2019 онд импортоор орж ирсэн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах барилгын материалын НӨАТатварыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт ногдуулан хасалт хийсэн, бүртгэл тайлан гаргахдаа алдаа гаргасан, татвараас зайлсхийх зорилгоop баримт бичиг хуурамчаар үйлдээгүй гэх тайлбарын тухайд:

7.1. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт-аар нэхэмжлэгч компанийн 2019 онд хил, гаалиар оруулж ирсэн бараа, материалыг тайлагнасан ажил, гүйлгээ, данс хөтлөлт байхгүй, тайлагнаагүй, 2018 оны санхүүгийн тайлан, балансад бараа, материалын эцсийн үлдэгдэл тайлагнаагүй. Татвар төлөгчийн ирүүлсэн анхан шатны баримт материалд хил гаалийн бараа материалыг дансанд орлого авсан, зарлагдсан, үлдэгдэл үлдсэн дансны бичилт байхгүй. Хяналт, шалгалтын хугацаанд хугацаанд ярилцлагаар татвар төлөгч өөрөө Ч.Д******* ажлын байргүй, агуулах, хадгалах байргүй гэж мэдүүлжээ.

7.2. Нэхэмжлэгч компани нь дээр дурдсанаар 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан тайлангаар 168,650,905.45 төгрөгийн борлуулалтын орлоготой, 163,430,243.28 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 5,220,662.17 төгрөгийн татвар ногдуулах орлоготой,

- 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 168,650,905.44 төгрөгийн борлуулалтын орлоготой, 594,547,923.02 төгрөгийн дотоодын худалдан авалттай, 437,104,488.37 төгрөгийн импортын худалдан авалттай тус тус тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд хадгалагдсан талаар хариуцагч нарын хийсэн хяналт, шалгалтын явцад тогтоогдож,

- 2019 оны 03 сараас мөн оны 08 сар хүртэлх хугацаанд 437,104,488.37 төгрөгийн импортын худалдан авалт хийснийг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаар тайлагнаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайлан, Гаалийн ерөнхий газрын ******* ******* ХХК-ийн 2018-2019 оны хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл, улсын байцаагчдын жагсаалт зэрэг баримтаар нотлогдсон байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.4-т Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэж тус тус заасныг зөрчсөн тул 437,104,488.37 төгрөгийн зөрчилд 43,710,448.84 төгрөгийн нөхөн татвар, 13,113,134.65 төгрөгийн торгууль, 8,742,089.77 төгрөгийн алданги, нийт 65,565,673.26 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

8. ... Нөхөн ногдуулалтын актаар 2021 онд 241,363,636.37 төгрөгийн барилгын материалыг худалдан авахад хувьсгал ХХК-ийн и-баримтыг цахимаар бичиж өгснийг хий бичилтийг илрүүлэх, мэдэх боломжгүй. Татварын албанаас хувьсгал ХХК-ийг хий бичилтийг тогтоосон бол бид 24,136,363.64 төгрөгийн нэмэгдсэн өртийн албан татварыг төлөхөөр боловч торгууль, алданги, нийт 14,481,818,18 төгрөгийг төлүүлэх нь манайд хохирол учруулж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т заасныг зөрчөөгүй тул актаар ногдуулсан нийт 38,618,181.82 төгрөг болон 2021 онд 103,008,636.37 төгрөгийн бараа материалыг шууд зарцуулж, ХК-ийн ажлыг гүйцэтгэн 195,000,000,00 төгрөгийн орлого олсон нь санхүүгийн, орлогын албан татварын тайлангаар нотлогдох тул үйл ажиллагаанд шууд холбогдолгүй гэх үндэслэлгүй тул нийт 16,481,381.82 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэх тайлбарын тухайд:

8.1. Хариуцагч улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийх явцад тус компани нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХХК-аас 4 удаагийн падаанаар нийт 241, 363, 636.37 төгрөгийн худалдан авалтыг 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5. Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж үзэх боломжгүй, гагцхүү худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох зохицуулалттай байна. Иймд актаар ногдуулсан 24,136,363.64 төгрөгийн нөхөн татвар, 9,654,545.45 төгрөгийн торгууль, 4,827,272.73 төгрөгийн алданги, нийт 38,618,181.82 төгрөгийн төлбөр болон,

8.2. 2021 онд ХХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй 103,008,636.37 төгрөгийн зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж татварыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйл Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал, 16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1. энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал, 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасны дагуу актаар ногдуулсан 4,120,345.45 төгрөгийн торгууль, 2,060,172.73 төгрөгийн алданги, 16,481,381.82 төгрөгийн төлбөрийг тус тус тогтоосон нь үндэслэлтэй байна.

9. ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогоос и-баримтаар нотлогдож байгаа 996,665.52 төгрөгийн зардлыг хасаж, татвар ногдуулах орлогыг тодорхойлсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээтэй холбоотой и-баримт бүхий падааныг оруулалгүй хасаж, компанийн үйл ажиллагааны 99,665.52 төгрөгийн худалдан авалтыг оруулж, тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасныг тус тус зөрчөөгүй тул, нийт 298,996.56 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг хүчингүй болгох үндэслэлтэй тайлбарын тухайд:

9.1. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн 996,655.20 төгрөгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй зардал буюу хүнсний дэлгүүрээс авсан хүүхдийн тоглоом, хөлс дарагч, ундаа, шүүс, бялуу, виски зэрэг хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын зардлыг хувийн хэрэглээний зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж, татварыг бууруулсан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дах тайлангийн мэдээлэл, хариуцагч нарын хяналт шалгалт хийсэн жагсаалтыг үндэслэн төлбөр ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ тухай хүлээн зөвшөөрсөн.

9.2. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. Дараах бараа, ажил үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.2. хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээ гэж заасныг тус тус зөрчсөн гэж 99,665.52 төгрөгийн нөхөн татвар, 29,899.66 төгрөгийн торгууль, 19,993.10 төгрөгийн алданги, нийт 149,498.28 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээтэй холбоотой баримт бүхий падааныг оруулалгүй хассан нь үйл ажиллагааны орлоготой холбоотой гарах и-баримт бүхий худалдан авалтын зардлууд шууд холбогдолгүй хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ болох нь тодорхой байх тул маргаан бүхий актаар төлбөр тооцсон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.

10. Хариуцагч улсын байцаагчдын зүгээс татварын алдаатай тайлангаа залруулах боломжийг нэхэмжлэгч компанид тухайн үед олгож цахим системээр коммент илгээж байсан нь хяналт шалгалтын баримт, шүүх хуралдаанд гаргасан компанийн нягтлан зарим алдаатай тайланг комментын дагуу залруулсан талаар дурдсанаас үзвэл нэхэмжлэгч талын ... алдаатай тайланг засах боломжгүй байсан, компанийн нягтлан захиралд тайлбарлаж ойлгуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгчийн маргаж буй хариуцагч улсын байцаагч нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 тоот нөхөн ногдуулалтын актаар оногдуулсан татварын зөрчлүүдийг төрийн сангийн тайлангийн мэдээлэл болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээлэл, хариуцагч улсын байцаагчдын ирүүлсэн жагсаалт зэргээр тус тус нотлогдсон болохыг маргаан таслах зөвлөлийн тогтоолд дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

12. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан татварын хяналт шалгалтаар татварын зөрчил илэрсэн тохиолдолд татварыг нөхөн ногдуулах бөгөөд 73 дугаар зүйлийн 73.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар алданги тооцохоор, 73.1.2-т татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж байхаар, 73.2.1-д татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлохоор, 74 дүгээр зүйлийн 74.1-д Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн болохыг, 82 дугаар зүйлийн 82.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгохоор, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус заажээ.

13. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2018-2021 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчдын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 дугаар нөхөн ногдуулалтын актаар татварын 783,470,071,51 төгрөгийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул түүнд ногдох нөхөн татвар, торгууль, алданги тооцож ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* Эрчим ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2, 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-12.1.35, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.6.2, 14.6.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ******* ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц*******, Г.Э******* нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-26230000015 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.НЯМДЭЛГЭР