| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0017/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 22
2018 оны 01 сарын 26 өдөр 2018/ШЦТ/22 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0017/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Т.Баярмаа
Хохирогч Т.Одмаа, Л.Бат-Өлзий,
Ө.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бт холбогдох 1739001100090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат суманд 1981 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуульд мэдээлэл зүйн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг эмнэлгийн 38-106 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Л.Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Л.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хашаат гэх газар 44-33 СҮА улсын дугаартай Тоёота Клугер маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Энхбатын жолоодож явсан 27-38 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гарган Б.Энхбат, Б.Халтар, Г.Лутсүрэн нарын амь насыг хохироож, О.Барчидгүнсэл, Б.Амина нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Дарьбалжирын ... 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 04 цагт миний ах болох Дамдинбаатар намайг сэрээж Энхүүш аваарт орсон одоо Хэнтий аймгийн эмнэлэгт байгаа гэж хэлсэн. ... Хэнтий аймгийн эмнэлэгт ирэхэд манай нөхөр дөнгөж ухаан орсон байдалтай байсан. Бид нар Энхбатыг тус эмнэлэгт 4 хоног хэвтүүлээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу гэмлийн эмнэлэг рүү авч явсан. Манай нөхрийн бие ухаан санаа нь орж гаран эрүү нь хугарсан, элэг нь задарсан, нарийн бүдүүн гэдэс, сэмж нь няцарсан 4 мөч нь хугарсан, бие нь маш муу байсан. ... гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтэж эмчлүүлсэний дараа манай нөхөр гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нас барсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44хуу/
Хохирогч Б.Э: ...миний бие баруунаас зүүн зүг рүү автозамын баруун талын эгнээгээр зорчиж явахад зүүн гар талын эгнээнээс тус автомашин урсгал сөрж миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33хуу/
Хохирогч Т.О: ... миний бие гэр бүлийн хамт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Аминааг эмнэлэгт үзүүлэх зорилготой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Тоёота Клугэр маркийн автомашинтай гэр бүлээрээ орой 17 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. ... би машины арын багаажны хэсэгт ор засаад хэвтсэн, тэгээд унтсан байсан. Нэг мэдэхэд аваар болсон байсан ба манай охин Б.Аминаа болон, хадам ээж Халтар, манай нөхрийн нагац эгч Л мөн мөргөлдсөн машины жолооч нарын бие муу байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 51-52хуу/
Хохирогч О.Б: ... Би ослын үед зам руу харалгүй хажуу тийшээ хараад юм бодоод явж байсан юм. Тэгсэн гэнэт л тас гээд нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд юу болов гэж бодтол өөдөөс машины гэрэл тусаад ороод ирсэн. Тэгээд л миний сууж явсан машинтай эгц урдаасаа мөргөлдсөн. Ослын дараа машинаасаа бууж харахад адуу мөргөсөн гэдгийг нь хараад мэдсэн. Надад мэдрэгдсэн мэдрэмжээр бол жолооч тэр адууг шууд очоод л мөргөчихсөн юм шиг санагдсан. Учир нь тэр жолооч адууг хараад тооромс гишгэсэн бол арын суудалд сууж явсан надад мэдрэгдэх байсан. Жолооч тоормосоо гишгэх үед өөрийн эрхгүй ухас гээд явчихдаг шүү дээ. Тэгэхээр жолооч адууг зам дээр байхад нь харалгүй очоод шууд мөргөсөн үү эсвэл тэр адуу хажуу талаас гэнэт гарч ирсэн байх ... гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55хуу/
Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: ... 44-33 СҮА улсын дугаартай Тоёота Клугер маркийн автомашины жолооч Л.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт. /хх-ийн 76-77хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт. /хх-ийн 85-86хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт. /хх-ийн 90-91хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1883 дугаартай дүгнэлт. /94-96хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт: ... Б.А биед зүүн дунд чөмөг яс, баруун шилбэ ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 100хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт: О.Бн биед цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 105хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 6-8хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 9-11, 15-19, 21-22хуу/
Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... Адуу гэнэт гарч ирээд адуутай мөргөлдөөд л миний жолоодож явсан машин хажуу талын урсгал руу ороод өөдөөс ирсан машинтай мөргөлдсөн. Би гэм буруугаа ухамсарлаж байгаа, хүлээх хариуцлагаа ойлгосон болохоор ажил төрлөө хүлээлгэж өгөөд ирсэн. Хамгийн гол нь манай эхнэр 30 гаран сая төгрөгийн зээлтэй, өвчтэй охинтойгоо үлдэж байгаа учраас надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Л.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хашаат гэх газар 44-33 СҮА улсын дугаартай Тоёота Клугер маркийн автомашиныг жолоодон явахдаа зам дээр гарч ирсэн адууг мөргөсний улмаас эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Б.Э жолоодож явсан 27-38 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гарган Б.Э, Б.Халтар, Г.Л нарын амь насыг хохироож, О.Б, Б.А нарын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь түүний үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн мэдүүлж гэм хорыг ухамсарлан ойлгож гэмшсэн мэдүүлэг, хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 53, 54 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1883 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Бийн дээрх үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн, прокурор Т.Баярмаагаас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Л.Бт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л.Бийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохироож, 2 хүний биед хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчил цагдан хорьсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА