Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* *******ы нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ч.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1981 оны 02 дугаар сарын 18-аас Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоонд ачигчаар ажилд орж ажиллаж байгаад 1984 оны 07 дугаар сарын 25-нд цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас 1987 оны 08 дугаар сарын 20-ны тушаалаар халагдаж ирээд 1987 оны 10 дугаар сарын 01-ээс Хот тохижуулах газартаа эргээд хүний оронд түр ачигчаар ажилд орсон. Нөгөө хүн нь 1988 оны 10 дугаар сараас ажилдаа орсноор би ажилгүй болж байсан. Ингээд 1988 оны 10 дугаар сарын 06-аас эргээд ажилд орж, үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 1995 оны 12 дугаар сарын 16-аас ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл анх ажилд томилсон 1981 оны 02 дугаар сарын тушаал, цэрэгт явах, цэргээс ирэхэд тус тус ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тушаалууд архиваас гарахгүй байна. Иймд Ч.******* намайг 1981 оны 02 дугаар сарын 18-аас 1984 оны 07 дугаар сарын 25-н, 1987 оны 10 дугаар сарын 01-ээс 1995 оны 12 дугаар сарын 15-н хүртэл Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоонд ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Би хот тохижуулах газарт 1981 оноос 1984 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад 1984 онд цэрэгт явсан бөгөөд 3 жил цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1987 оны 10 дугаар сарын 01-ээс 1995 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Хот тохижуулах иргэдэд үйлчлэх товчоонд ачигчаар ажиллаж байсан. Тийм учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүсэлтээ бүрэн дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00100 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Ч.*******ы ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Барсайхан нь ажиллаж байх үеийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн болон Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00100 дугаар шийдвэр, ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ******* ******* /*******/ нь 1981 оны 02 дугаар сарын 18-аас 1984 оны 07 дугаар сарын 25-ыг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 01-ээс 1995 оны 12 дугаар сарын 16-ыг дуустал Дорнод аймгийн Хот тохижуулах иргэдэд үйлчлэх товчоо /газар/-нд ачигчаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ыг 1981 оны 02 дугаар сарын 18-аас 1984 оны 07 дугаар сарын 25-ыг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 01-ээс 1995 оны 12 дугаар сарын 16-ыг дуустал Дорнод аймгийн Хот тохижуулах иргэдэд үйлчлэх товчоо /газар/-нд ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ