2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01397

 

2025          02          14                                    191/ШШ2025/01397                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ***********, ************ хаягт байрлах, “Г*********” ХК /РД: ********/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*********-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Г*********” ХК -аас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Б.Б********* нь тус банктай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр **/********* дугаартай Кредит картын гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатай, жилийн 42.00 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар тус авсан.  

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/Ш32024/22232 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээнд заасан оршин суух хаягт хариуцагч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих иргэн Б.Б*********-ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү.” гэжээ. 

2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Г*********” ХК, Б.Б*********ын хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №********** дугаартай “Кредит картын гэрээ”, Кредит картын тооцооллын хүснэгт, “Г*********” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2024/22232 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/02601 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.Б*********-ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Г*********” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б.Б*********-ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Г*********” ХК нь *******************, Г*********-ны төв байр, *******************, Ш\х-22 хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ********* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*********-ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,352,370.77 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, “Г*********” ХК, Б.Б*********ын хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №********* дугаартай “Кредит картын гэрээ”, Кредит картын тооцооллын хүснэгт, баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б.Б********* нь хүсэлт гаргагч “Г*********” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/02601 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.Б*********ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтуудад тодорхойлсон ************, ************** тоот хаягт Б.Б********* нь оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн магадлагаа  баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б.Б*********ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* овогт Б.Б********* /РД: ***********/ -ийг эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.Б*********-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “Г*********” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У********, Ц.Н********* утас: *******, ********/-д мэдэгдэхийг Сонгихохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА