Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02341

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02341

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02177 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д хариуцагч Б.Зд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Зтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3,870,000 төгрөгийг дансаар, 30000 төгрөгийг бэлнээр, нийт 6,900,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед мөнгөө зээлдүүлэхдээ нотариат орж, албан ёсны гэрээ хийгээгүй. Зээлдэгч Б.З нь 2019.05.03-нд 400,000 төгрөг, 2019.05.05-нд 200,000 төгрөг, 2019.05.12-нд 780,000 төгрөгийн хүүг харилцан тохиролцсоны дагуу төлсөн. Үүнээс хойш огт хүү төлөхгүй явсаар 2019.06.20-нд 800,000 төгрөгийн хүү гэж төлсөн. Үүнээс хойш огт төлөхгүй, худлаа ярьж явсаар 2019.08.21-нд уулзсан. Зээлдэгч Золзаяа нь хүү төлөх боломжгүй тул үндсэн зээл болох 6,900,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01 гэхэд яаралтай барагдуулъя гэж гуйсан тул 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хамт нотариат орж, хүүгүй зээлийн гэрээ хийсэн 2019 оны 8 дугаар сарын 22-нд 500,000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс хойш ямар ч мөнгө төлөхгүй, утсаа ч авахаа больсон. Ингээд ажил дээр нь очиж, шүүхэд өгөхөөр шийдсэнээ хэлэхэд 2019 оны 10 дугаар сарын 01 хүртэл хүлээчих, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүх мөнгөө төлнө гэсэн боловч 150,000 төгрөг төлсөн. Мөн зээлдэгч Б.З 2019 оны 10 дугаар сарын 01-нд мөнгөө төлж барагдуулахгүй бол өөрийн эзэмшлийн Aqua машинаа ямар нэг асуудалгүй өгч, хохирлыг барагдуулна гэсэн амлалт бичиж өгсөн. Зээлдэгч Б.З нь зээлээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд 2019 оны 8 дугаар сарын 11, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн мөнгийг нь үндсэн зээлээс хасч тооцъё гэж тохирсон боловч 2019 оны 10 дугаар сарын 01-нд 150,000 төгрөг л өгсөн тул миний бие нотариатын гэрээний дагуу үндсэн зээл болох 6,900,000 төгрөг болон алдангийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Дгээс 2019 оны 4 дүгээр сарын 03-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 3,870,000 төгрөг дансаар, 30000 төгрөг бэлнээр авсан. Нийт 6,900,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ хугацаанд миний ар гэрт гачигдал гарч, ах Батгэрэл 2019 оны 7 дугаар сард зуурдаар нас барж, дүү Өнөрсайхан нь автын осолд орж, Гэмтэл согогийн эмнэлэгт 4 сар гаран эмчлүүлэн гарч одоо миний асрамжинд манайд байгаа. Миний бага охин 2020 оны 01 дүгээр сард амьсгалын дутмагшил болж Эх нялхасын эмнэлэгт 3 сар хэвтэн эмчлүүлсэн. 2020 оны 5 дугаар сард миний том охин эвэрхий гэсэн оноштой Мөнгөн гүүр эмнэлэгт хагалгаанд орсон боловч давхар хавдар байна гэж ХӨСҮТ-д шилжиж, 2020 оны 7 дугаар сарын 20-нд гарсан. Одоо гэр, эмнэлэг хоёрын хооронд эмчилгээ хийлгэж байгаа. Би нийт 3,280,000 төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгийг 2020 оны 9 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 620,000 төгрөгөөр төлөх боломжтой байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийт төлсөн мөнгийг минь оролцуулан тооцож, төлөх нөхцөл бүрдүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Згаас 3 620 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 280 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 72 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нотариатаар батлуулсан гэрээний дагуу алданги болон зээлийн 6 900 000 төгрөгийг авахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбарлажээ.

Б.Д, Б.З нар нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай, 20 хувийн хүүтэй, 6 900 000 төгрөгийг зээлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 1, 4, 30 дугаар тал/ Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Түүнчлэн, талууд анх зээлийн гэрээг байгуулагдах үед хүүгийн талаар тохиролцохдоо бичгээр гэрээ хийгээгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлдэгч хүү авах эрхээ алдсан талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх-өөр заасан байгаагаас үзэхэд тэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцүүлэн алданги төлөх талаар талууд харилцан тохиролцсон байна. /хх-4/

Зээлийн гэрээний 3.1-д талууд гэрээний хугацааг 2 сар 11 хоног-ийн хугацаатай байхаар, зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх4/ Тодруулбал, талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт ... анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцсэн, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр 6 900 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгчийн зүгээс 3 280 000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Үүнээс үзэхэд хариуцагч 3 620 000 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 1 810 000 /3 620 000:2/ төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ. Зээлдэгч нь нийт 5 430 000 /3 620 000+1 810 000/ төгрөгийг төлөх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/02177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Згаас 5 430 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, үлдэх 1 470 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 72 870 гэснийг 101 830 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Б.НАРМАНДАХ